Wednesday, January 03, 2018

Мөрөөдлийнхөө зүгт


Өнөөдрөөс холдож чадахгүй цаг хугацаанаас өрсөж
Өнө ирээдүйрүү ниссэн мөрөөдлийнхөө зүгт
 Бодлын чөлөөгөөрөө борлог морио оосорлож
Бороо орсон зуны нойтон замаар одоход
Цаг хугацаа надаас зүүгдэж
Цасан доороос цэцэг ургаж хавар боллоо гэх шиг
Хүйтэн салхины үзүүрээсээ бүлээн үгээр аргадахад
Хүний мөрөөдөлд хязгаар байдаггүй юм аа гэж
Би мөрөөдлийнхөө зүгт одсон

Тавилангийн цагаан тоос миний унасан морины хөлөөс зүүгдэж
Талын уудам дундуур мөрөөдлийн зам зурайхад
Нарны эртэд цэцгийн сайхан нь өндөлзөж
Намайг сайн яваарай гэх шиг салхин хэмнэлд дохилзоход
Би мөрөөдлийнхөө зүгт одсон

Үүлэн хээний торгон сүүдэр доороос үдийн нар зугтаах шиг
Үйлийн цагаан тавилан намайг дагуулж хол одоход
Унтаж байгаад сэрсэн хүн шиг орчлон надад сонин санагдаж
Улам ихээр би мөрөөдлийн зүгт яарахад
Би илүүг хүссэн
Биеэсээ тасарч одсон
Мөрөөдлийн зүгт сэтгэл аль хэдийн одсон ч
Би энд байгаа биетэйгээ бус
Тэнд байгаа
Тэмүүлж байгаа сэтгэлтэйгээ аль хэдийн
Мөрөөдлийн зүгт одсон

Багабанди овогт Намхай Тайванжаргал
2017.09.12

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...