Төрөхүй
Бүрэлдсэн бие эхийн хэвлийд арван сар төлжихүйд
Бүлээн амиа цуглуулж амьдралд бэлдэхүй
Бүтэн бие амьдралд яаран догдлохуйд
Бүрий шөнөөр хорвоод мэндлэхүй
Өсөхүй
Мөчлөгт хорвоог дөрөөлөн өндийж зүтгэхүй
Мөөмөндөө хүрчээд сэтгэл дүүрэн цадахуй
Мөн чанарыг мэдэрч хорвоог ухаархуй
Мөрөөдлийнхөө зүг тэмүүлж орчлонг танихуй
Амьдархуй
Арга билэг шиг айл болж амьдархуй
Алдаа онооноос амсаж амьдралд хөл тавихуй
Аз жаргалын гараас хөтөлж алс одохуй
Амьдралын замаар амь биеэ үүрч зүтгэхүй
Хайрлахуй
Саатаж зогссон болзооны шөнөө эс тоолохуйд
Санаж үгүйлэхийн шаналангаа үл дурсахуй
Сайхны өмнө сатаарч хэдийн зогсохуйд
Шаналал өөртөө бэлэглэж түүнийг хайрлахуй
Бодохуй
Лавширсан бодлын үзүүрээс гараа ороон барихуйд
Ламбугай шиг гүн бясалгаж үл чадахуй
Лай ланчиг үргээсэн аврал нөмрөхүйд
Лааны гэрэлд ч түр саатаж өөрийгөө мэдрэхүй
Шаналахуй
Чимээлсэн хагацлын үзүүрээс ижийгээ алдчихаад эмтэрхүй
Чиний дүр төрхөнд дурлачихаад зүрх сэтгэл зөрчилдөхүй
Чи миний аавыг өгөөч гэж хорвоогоос хичнээн удаа гуйхуй
Чийгшсэн зовхинд нулмис хургаж үл хатахуй
Гомдоохуй
Сүүдэр шиг үгээр зэмлэж үргээхүй
Сүнс шиг муу санаалж итгэлий нь эвдэхүй
Сүмийн ганжир доор алдаагаа ухаархуйдаа
Сүүгээр аргадаж уучлал эрэн нүглээ наминчлахуй
Баярлахүй
Итгэлээ эс няцсан анддаа талархаж сэтгэл гийхүй
Ирнээ гэж хүлээж буй ханьдаа догдлон яарахуй
Ирээдүй надад гэрэл гэгээтэй харагдахуйд
Ирмүүн хүсэл зорилго сэтгэл халин дэврэхүй
Хүсэхүй
Ганцаардлаас зайлж ганцхан чамдаа очихыг хүсэхүй
Ганцхан шөнө бус насаараа хайрлахыг бодохуй
Галбиргүй ертөнцийн галбир гэж чамайг амтлахуй
Газар дээр унасан нар юм гэж чамаараа гоёхуй
Жаргахуй
Эвлүүлж босгосон амьдрал элэг бүтэн байвал жаргахуй
Эхлэлээсээ төгсгөл хүртэл эс зовлон тохиолдвол баярлахуй
Эмтэрсэн бүхэн эвлэж энгэр газар нар унавал сэтгэл хөөрөхүй
Эрийн жаргалыг амтлуулсан эхнэрдээ эгнэгт талархахуй
Омогшихуй
Ертөнцийн хязгаарыг гатлана гэж өөртөө эрдэхүй
Ерөөсөө монгол хүн босоо заяатай гэж тэнгэр тэмүүлэхүй
Есөн зүйлийн бодьгалыг эс анзаарч омогшихуй
Ердөө өчүүхэн сэтгэлдээ орчлонг багтааж омог бардам явахуй
Төгсөхүй
Үгүй хаязгаарт очиж эс мухардахуйд
Үнэн худлыг эс ялгаж буцахуй
Үгний минь үнэ цэнэ унаж эс тоохуйд
Үхэл аваад явахад эс цааргалхуй
Багабанди овогт НамхайТайванжаргал
2015.09.18
No comments:
Post a Comment