Wednesday, January 03, 2018

Ээжтэй хүн зовлон ярьдаггүй юм


Ээжтэй хүн зовлон ярьдаггүй юм
Эрлэг булаачихаж магадгүй гэж цээрлэдэг юм
Хэн миний төлөө өвдөхийг би мэднэ
Тэр хүн бол миний ээж
Хээнцэр ганган явсан залуу насаа
Хэдэн хүүхэддээ хувааж өгчихөөд
Өтлөхийн өмнөх зогсоол дээрээс
Өвдлөө гэж өөрөөсөө бусдад хэлээгүй
Хариу нэхээгүй тусандаа сэтгэл хангалуун суудаг
Хамгийн ачлалт хүн ээждээ өвдөж байна гэж
Зовлон нэмэхгүй ээ би

Хэн миний төлөө шаналахыг би мэднэ
Тэр хүн бол миний ээж
Тэрлэгэн дотроо жижигэрч
Тэнхээ тамирандаа ядарсан ч
Үрээ өмөөрөх сэтгэл нь дүүрэн байгаа
Хүү чинь сураггүй юу гэх
Хүйтэн үгэнд хариултгүй суугаа ч
Хүү минь ирнээ гэсэн
Даваанаас өндөр итгэл дээгүүр нь
Далавчтай шувуу ч давахгүй ээ
Учралын цагаан замаар хүү нь мөдхөн очно
Уулзахын баяр дээр минь нар тусаж
Хорвоо ээж хүү хоёртой хамт баярланаа

Хэн миний төлөө залбирахыг би мэднэ
Хэдэн жил залбирч байгааг ч мэднэ
Тэр хүн бол миний ээж
Тэнгэрийн наранд миний төлөө хэдэн жил дээжээ өргөж байгааг ч мэднэ
Тэрлэгнийх нь энгэрээс сүүний үнэр салаагүй болохоор
Хүүгээ жижигхэн гэж бодно
Чаддаг бол өглөө бүхэн хийморийн сан тавьж өгөхсөн гэж бодно
Чадалтайхан бол хүүтэйгээ хамт байх юм сан гэж яарна

Хэн миний төлөө зовохыг би мэднэ
Тэр хүн бол миний ээж
Хүү чинь алджээ гэж
Хүний амнаас биш
Салхины үзүүрээс сонсчихоод
Сандарч яваа хүн бол миний ээж
Өөдөө өгсдөг амьдралын хүрдийг
Өгсүүр гэдгийг мэднэ
Өөрөөсөө илүү үрдээ санаа зовдог болохоор
 Өтлөхийн түрүүндээ үрчлээ нэмдэг байх ээж минь
Зовох хэрэггүй ээжээ
Зовлон гэж үгийг үгийн сангаас хасчихсан
Үүрдийн нарыг сэтгэлд чинь залнаа
Үртэй хүний жаргалаар хорвоо таныг дайлнаа

Хэн миний төлөө баярлахыг би мэднэ
Тэр хүн бол миний ээж
Дэлгэцтэй ааруулы нь дөхүүлж өгөөд
Дэргэд нь өтөлж байвал ээж минь баярлана
Үртэй хүний жаргал гэж
Өөртөө ярьж баярлана
Хүүхэд шиг урам бурам хоёроор баярлана
Хүүтэйгээ хамт байгаадаа баясана
Нарны доор
Надтай хамт байгаадаа баярлана
Насаа буцааж ээж хүү хоёр
Хүүхэд шиг хамт баярланаа

Багабанди овогт Намхай Тайванжаргал
2014.06.12

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...