Wednesday, January 03, 2018

Би ижийгээ санахад

Image may contain: 2 people, people standing
Би ижийгээ санахад
Тээгэн дээр тогтсон тэргэл саран
Тэрэгний мөрөн дээр хэвгийж
Тэнгэрээс шивэрсэн намрын бороо
Тэндээ тогтож миний дээр асгардаггүй ээ

Би ижийгээ санахад
Зүрхэн дундуур зүссэн хагацал
Зүүдэнд ирэхдээ нойтон болж
Зүгээр л дэргэд минь байсан ижийгээ би
Зүг зүгийн тэнгэрийн хаана нь одсоныг мэдээгүй ээ би

Би ижийгээ санахдаа
Будантай нуурын тохойноос эрт нисчихсэн шувуу
Буцаж эргээд буухдаа нуураа олоогүй төөрчихсөн шиг
Булагтай царман тохойн арал дундах гэрийнхээ гадаа би
Бусдаас би ижийгээ нэхэж уйлчихсан зогсож байсан

Би ижийгээ санахдаа
Энэ жамт орчлонгийн буруу эргэсэн хүрдэн дунд
Эмтэрчихсэн сэтгэлээ эвлүүлэх гэж ядсан
Энгэрийнхээ нойтон нулмисаас ичих нь битгий хэл
Эцгийн гэрийнхээ хоймор ижийгээ нэхэж хүүхэд шиг цурхиртлаа уйлсан би

Багабанди овогт Намхай Тайванжаргал
2015.12.12

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...