Wednesday, January 03, 2018

Морьд давхих хэлхээ


Морьд давхина
Чадлы нь шалгах гэж уудам тал цэлийж
Хурдыг нь үзэх монгол наадам хүлээнэ
Түмний сэтгэлийн оргил дээгүүр
Нар тусах адил морьд давхин өнгөрөх
Тэр цаг хугацаа мөдхөн

Явдал сайтай морины сүүдэр доор нь
Хийморийн цэцэг ургаж гэж
Нар туссан өглөөгүүр
Уяан дээр суусан алаг шаазгай
Сайн мэдээ дуулгах нь
Нэн таатай сайхан

Зуны намуухан энэ орой
Аяган саран тэнгэрт байх үед
Холгүй ойрхон адуу тургилж
Ертөнцийн намууныг эвдэх нь
Нэг л сайхан чимээ

Солонгоор морио оосорлосон
Хөтөлгөө морьтон
Газрын хязгаарлуу холдохдоо
Нарыг уургалан дагуулж
Талд уусан одох нь
Тээр холын морьтоны бараа

Газрын чимээ сонсоход
Зүрхэн дээр морин төвөргөөн нүргэлнэ
Тоосон дундаас уулс өндийж
Адууны бэлчээрийн тал дунд
Ирээдүйд уралдах замаараа
Унага сүүлээ өргөн тоглоно

Багабанди овогт Намхай Тайванжаргал
2011.07.14

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...