Wednesday, January 03, 2018

Ай сайхан нутгийн минь


Ай сайхан нутгийн минь
Газрын чоно нь улихаараа тэнгэрээсээ хийморио дууддаг юм
Гадаа уяан дээр морьд нь эргэцэхээрээ эзнээ дуудаж үүрсдэг юм
Ай сайхан нутгийн минь
Гадсаа тойрч ботго нь буйлахаараа сүүтэй нулмис унагадаг юм
Ганганах шувууд нь нисэхээрээ нутгаа нар зөв эргээд буцдаг юм
Ай сайхан нутгийн минь
Тэнгэрийн шувууд нисэхээрээ үүлэн чөлөөн дунд хальдаг юм
Тэрлэг хөөрөгдсөн салхи нь сэвэлзэхээрээ
агь гангын үнэрээрээ дайлдаг юм
Ай сайхан нутгийн минь
Тэрэгний мөрийг авч үлдэхээрээ тал нь цэцэг навчаараа хучиж нуудаг юм
Тэргэл саран нь мандахаараа шөнөжин сууж үүрэглэдэг юм
Ай сайхан нутгийн минь
Тунамал цэнхэр нуур нь давалгаалахаа нойтон агаарт нь тэнгэр сэрүүцдэг юм
Тунадас цагаан бороо орохоороо олон өдрөөр шивэрч цэцэг баярлуулдаг юм
Ай сайхан нутгийн минь
Туурайт хүлэг янцгаахаар уул нь цаашаа дамжуулж цуурайтдаг юм
Тулганы улаан гал дүрэлзэхээр нь галын дөл өөдөө гэж бэлэгшээдэг юм
Ай сайхан нутгийн минь
Эр хонгорын аялгуу сонсогдохоор нь уул нь дагаж түрдэг юм
Эмээлтэй морь уяан дээр шилгээхээр шувууд нь цочиж нисдэг юм
Ай сайхан нутгийн минь
Энгэр газар нь нар тусахаар бүлээн илчинд нь бүтэн өдөржин баярладаг юм
Энгүй өргөн талд нь зэрэглээ гүйхээрээ
зээрийн барааг алдалгүй дагадаг юм
Ай сайхан нутгийн минь
Уудам тал туурайн тоостой байхаараа хийморь дуудаж холоос далладаг юм
Унаган хүлэг нь гүйж ирэхээрээ уяан дээрээ ирээд хөрвөөдөг юм
Ай сайхан нутгийн минь
Усны ариун үнэр нь үнэртэхээрээ цангаа тайлах шиг сэрүүсдэг юм
Уянгат уртын дуу сонсогдохоороо сэтгэл хөглөж яруусдаг юм
Ай сайхан нутгийн минь
Алтан нар нь мандахаараа баруун хоймроор нар зөв өгсдөг юм
Аяганд цагаан сүү мэлтэлзэхээрээ сэтгэл дүүрэн тунардаг юм
Ай сайхан нутгийн минь
Адуу усан цувахаараа тоос дагуулж бараа алдардаг юм
Аргалд явсан ижий нь ирэхээр жаахан үр нь угтаж гүйдэг юм
Ай сайхан нутгийн минь
Үүлэн сүүдэр нь морины хөлд гишгигдэхээрээ наран зүг хөлбөрч эргэдэг юм
Үүдээр холын бараа харагдахаараа дэргэд юм шиг тодордог юм
Ай сайхан нутгийн минь
Үзэмж сайхан байгаль тодрохоороо мэлмий булааж баясгадаг юм
Үйлс нь дээшээ байхаараа ард түмэн нь жаргалтай байдаг юм
Ай сайхан нутаг минь
Н.Тайванжаргал
2017.04.28
Image may contain: mountain, sky, cloud, outdoor, nature and water

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...