Wednesday, January 03, 2018

Монгол гэдэг юм


Нар саран тахилгатай соёмбон дээр улаан гал бадамлаж байгааг
Намайг төрөхөд нар мандаж байсан их уулсын барааг
Найман зууны өмнөх түүхий минь дэлхий бахдаж байгааг
Найман сарын бороо миний дээрээс орохыг
Дөнгөж орсон цасан дээр чонын мөр дурайж байгааг
Дөрөөн дээр нь сүү дусааж хүүгээ цэрэгт мордуулсан эхийг
Дөмөн тогоонд цагаан сүү дэвэрч байгааг
Дөрөө харшуулсан хосууд уяан дээр бууж байгааг
Монгол гэдэг юм
Ян сарьдагийн оройд нь хүрэн бүргэд өндөглөсөн их уулсыг
Янзага эхээс нь төөрүүлдэггүй нүд алдам уудам талыг
Яргуй нүдэлсэн хээр талын мухар толгодын барааг
Яргай ташуур мөнгөн бүүргэнд өлгөөтэй байгааг
Цаст өндөр уулсын бараанаас толгод өндийж байгааг
Цанхаалж зүтгэсэн хангалын хүзүүнд эр суран бугуйл чивчрэхийг
Цагаан зээр цахилж цасан дээр мөрөө үлдээж давхихыг
Царс нарсан ой цагийн аясанд навчсаа гөвөхийг
Монгол гэдэг юм
Үүлэн хээгээр гоёсон охь манхан тэнгэрийг
Үржил шимт хөрсний дэлбээ нүдэн цэцэгсийг
Үрээ морьдоор өтгөрсөн өтгөн азарга адууг
Үүр шөнөөр адуундаа мордох адуучин эрсийг
Лусын савдагтай тунамал цэнхэр нуурыг
Луугийн домогтой нарийн шаргал элсэн манханыг
Луун суудалтай хайрхан уулсын сүрийг
Лундаа хийморио уул овоондоо гарч сэргээхийг
Монгол гэдэг юм
Зэрэглээн гүйдлээс далай давалгаалж байгааг
Зэндмэн улаан наран хоймор голлож байгааг
Зээр бэлчсэн тал өтгөн өвсөөр дүүрэн байгааг
Зэлэнд уяатай унага өдөр өдрөөр өсөхийг
Нутгаа гэж өнхөрч ирдэг бүлээн чулууг
Нуур болноо гэж ундардаг нүдэн булгийг
Нугын цэцэгсийн тойром өнгөт зүсийг
Нулмисан сувд шиг цагаан борооны ширхэг дуслыг
Монгол гэдэг юм
Алтан наранд өргөсөн цацлын цагаан сүүний дээжийг
Адууны бэлчээр унага тоглож байгааг
Айлсаж буусан хот айлын бараа алсаас харагдахыг
Араг үүрсэн айлын эхнэр аргал түүж байгааг
Сэрүүн хангайн үзүүрээс зүүгдэж ассан хээр талыг
Сэвшээ салхины үзүүрээс агь үнэртэхийг
Сэлэнгэ орхон туулын бэлчир их газрыг
Сэргэлэн горхины хоржигнох чимээг
Монгол гэдэг юм
Минж булга шиг сорлог нүдэн тайгыг
Мэлтийх үүлгүй гүн цэнхэр өнгөт тэнгэрийг
Мэнэнгийн их тал наран доор нойрсож байгааг
Миний мэдэх л энэ л сайхан нутгийг
Суль тасрахын өмнөх цэцэг навчсын сайхныг
Сул асгарсан нуранги цагаан манханыг
Шуранхайн татлагаас адуу янцгаахыг
Шувуудын түрүүч хаврын нууранд ирж буухыг
Монгол гэдэг юм
Хонин тогооны амсар даван мэлтэлзэх цагаан сүүг
Холын бараанаас хурын үүл наашилж байгааг
Хорол тоонотын доор амьдрал үргэлжлэхийг
Хос мориор гангарсан хосууд сумын наадам чимэхийг
Бэлчиж байгаа хонин дундуур гардаггүй монгол ёсыг
Бэлийн чулууг бууринаас нь хөдлөгдөггүй ухааныг
Бэл энгэрээр бэлчсэн буянт мал сүргийг
Бэлчээрийн цэнхэр талын уудам барааг
Монгол гэдэг юм
Ургаж байгаа наран доогуур адуу усанд цувж байгааг
Усны мандал дээр нар тусаад гялбаж байгааг
Уяан дээр суусан шаазгай сайн мэдээ дуулгаж байгааг
Уул хайрханы овоонд хадаг намирч байгааг
Даага унасан хүүхдүүд талд уралдаж байгааг
Даалимбан тэрлэгээ урагдтал барилдаж байгааг
Дархан хил минь дандаа энх тайван байгааг
Даяар эх орон минь өнө мөнх оршиж байгааг
Монгол гэдэг юм
Зөөлөн борооны дараа өнгөө зассан цэцэгсийг
Зөрөг замын хажуугаар хос тогоруу цам харайж байгааг
Зүсэр борооны дараа өнгийн солонго татахыг
Зүс зүсний сайхан морьдыг зөвхөн наадмаар үзэхийг
Замын хоёр талаар цэцэгсийн сайхан ургасныг
Захуй зармангийн говь зах хязгааргүй үргэлжлэхийг
Загас ихтэй нуур захгүй их үргэлжлэхийг
Заяа төөрөг минь заавал энэ эх орноо сонгосныг
Монгол гэдэг юм
Н.Тайванжаргал
Image may contain: sky, cloud, mountain, nature and outdoor

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...