Wednesday, January 03, 2018

Ижийтэй намар


Энэ намар
Ижий бид хоерын намар байсан
Сүүн заадаснаас хайр элбэрэл буцалж
Сүүдрийн доороос нар өндийхөд
Талын хөх зэрэглээ гадаа ирчихсэн
Таана мангирынхаа үнэрээр дайлахад
Суль хүртэл тасрахгүй байсаар өвлийн эхэн сартай золгож
Шувууд хүртэл буцахгүй байсаар харцанд өвөлжихөөр үлдэхэд
Улирлын амралтаараа ирсэн оюутан
Ээждээ хоргодсоор хичээлээсээ хоцроход
Уул уулын орой дээрээс хүүгээ харнаа гэж
Ээж нь хүүгээ үнсээд мордуулж байсан
Ийм л намар
Ижийтэй намар байсан

Хөх нүдэн тэнгэр цасан шамарганы үүлгүй
Хөхөмдөг нарны наагуур унах сүүдэргүй
Нутгийн уулсын тэргүүн цасгүй
Нуурын ус хөлдөхгүй харцалсан тохойд
Намар нутаг буцаагүй ангирын сүрэг
Намайг хань татах мэт
Ижил сүрэгтэйгээ хамт
Элэг бүтэн өвөлжихөөр үлдэхэд
Борогч ингэ доголон нулмистай
Ботгондоо хоргодон ирж буцан гүйсэн
Ижийтэйгээ үдсэн сүүлийн энэ намар
Намайг хүн болсоноос хойшхи
Намар намраас
Хамгийн сайхан намар байсан

Энэ намар
Ижий бид хоерын намар байсан
Үйл учиг хоер сүүлийн намраа эвлэж
Өвөл намар хоер анх удаа
Нэг улирал шиг хамт байхад
Аргамжааны морьд өвсөө идэж барахгүй цатгалан хонож
Айл айлын өрхний оосор салхинд дэрвэхгүй
Хөх аргалын утаа тэнгэрт солонгорч
Хөвч хангай дэндүү баянаа гайхуулахад
Аз жаргал хаалгаар ороод ирсэн
Амьдрал энэ диваажин шиг налайж
Намар намраас нэг л дулаахан
Намайг ижийтэй минь үлдээсэн
Миний үзсэн намруудаас
Миний мэдэх хамгийн сайхан намар байсан

Багабанди овогт Намхай Тайванжаргал
2012.02.11

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...