Wednesday, January 03, 2018

Энэ газар


Энэ газар
Үнэний эрэлд туучсан цаг хугацаа сөхөрч суугаад залбирсан газар
Үдийн нар хөлөө амрааж үүрд саатсан газар
Энэ газар
Үнэн худал хоёр маргалдсан ч үнэний талд эвлэрсэн газар
Үүд хоймор хоёр бие биерүүгээ тэмүүлсэн ч
үүрд уулзаагүй газар
Там диваажин хоёрын хоорондох энэ жижигхэн газар
Тасарсан амь тэнэсэн сүнс хоёр нэгдэж байсан газар
Тавилан төөрөг хоёр минь намайг эрж гүйхдээ
Та нарын дундаас намайг олсон газар

Энэ газар
Сүү дэвэрсэн ч сүүдрийн доороос нар манддаг газар
Сүүтийх манан бараагүй ч сүүний үнэр нь содон байдаг газар

Энэ газар
Савдаг лус хоёр нь ч сархад тамхи хоёроос татгалзсан газар
Шаналан зовлон хоёроос түдгэлзэж сайхан ирээдүйрүү тэмүүлсэн газар
Амьдрал диваажин хоёрын хоорондох энэ дагшин газар
Амь сүнс хоёр минь бие биенээ эрж олсон газар
Аз жаргал зовлон хоёр миний төлөө эвлэрч
Амьдралд намайг илгээсэн газар

Энэ газар
Ээжтэйгээ хамт насаа элээж чадаагүй энэ миний хагацлаа тайлсан газар
Эндээс би яваад олон жил болсон ч эргэж ирээд байгаа газар

Энэ газар
Эцгийн минь нэрээр намайг овоглосон чихэнд ойрхон нэртэй газар
Энд би төрсөн ч эцэст нь төгсөхдөө эндээ шингэх миний газар
Өмөөрөх хайрлахын хооронд орших энэ ариун газар
Өчнөөн жил хол явахад минь үг хаяж туньсан газар
Үснийхээ соронд өнгө нэмж өтлөхийн цагт
Үхэлд намайг өгч явуулахгүй үлдээж чадах газар
Н.Тайванжаргал
Image may contain: mountain, sky, cloud, outdoor, nature and water

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...