Wednesday, January 03, 2018

Монгол ухааны үргэлжлэл




Сүүн дээрээ хар ус дусаадаггүй
Сүхний ир дээшээ харуулж хаядаггүй
Сүүжний хоосон яс гэртээ хонуулдаггүй
Сүүдэр доор ааруул хатаадаггүй

Настанд золгохдоо гар хоосон очдоггүй
Намрын хайлган цагаар малаа ширүүн туудаггүй
Намагт булгийн эхэн дээр гэрээ барьдаггүй
Нагацынхаа дэргэд дал мөлждөггүй

Аргагүй сайхан
Ардын ухаан минь


Идээний сав хоосон буцаадаггүй
Ирээдүйгээ муугаар ёрлодоггүй
Элгэн таргийг эзнээс нь түрүүлж хөнддөггүй
Ээрүүлийн утсаа нар буруу эрчилдэггүй

Хөлстэй морь ижилд нь тавьдаггүй
Хүнд юм өгөхдөө шидэж өгдөггүй
Хөөрөг зөрүүлэхдээ толгойг нь дардаггүй
Хүүхдийн найран дээр хүйтэн хошуутай мал амалдаггүй

Морьтон заяат
Монгол ухаан минь

Дээлийнхээ захыг доош нь харуулдаггүй
Дэлэнтэй малынхаа буян хишгийг голдоггүй
Дээж өргөхдөө толгой нүцгэн байдаггүй
Дээдсийнхээ сургаалыг мартдаггүй

Савар барьж малаа туудаггүй
Салхины дээр үнсээ асгадаггүй
Сархад сөгнөхдөө ч муу үг хэлцдэггүй
Сайн яваа нэгнээ муулдаггүй

Аргагүй сайхан
Ардын ухаан минь

Цагаан сарын идээгээ тэгш тоогоор өрдөггүй
Цас орж байхад алгаа тосдоггүй
Цагаан идээн дээрээ мах тавьдаггүй
Цагийн зүүгээр амьдралаа хэмждэггүй

Айлд ороод зүүн талаар нь өгсөдөггүй
Аягатай цайг буруу гараараа авдаггүй
Ааваасаа түрүүлж дуугардаггүй
Аяганыхаа ероолыг хусдаггүй

Морьтон заяат
Монгол ухаан минь

Уурган дээгүүр харайдаггүй
Ууж идсэн аягаа хөмөрдөггүй
Усанд цагаан идээ дусаадаггүй
Ургаа чулууг хөдлөгдөггүй

Хайчны ир ангайлгаж хаядаггүй
Хадган дээр торго тавьдаггүй
Халбагаа тогоон дотор нь орхидоггүй
Хаалга алдалж зогсодоггүй

Аргагүй сайхан
Ардын ухаан минь

Зулын гэрэлд ном уншдаггүй
Зуухандаа хог хийдэггүй
Зуданд ам гардаггүй
Зуны цагт мал муулдаггүй

Эхнэр нөхөр хоер золгодоггүй
Эмэгтэй хүн овоон дээр гардаггүй
Энгэрээ задгай тавьдаггүй
Эвэргүй хонь ууцанд тавьдаггүй

Морьтон заяат
Монгол ухаан минь



Хормойгоо шууж айлд ордоггүй
Хоёр баганы хоорондуур гардаггүй
Хоносон гийчнээ хоосон хонуулдаггүй
Хол замд гарахдаа хоног товлодоггүй

Босгон дээрээ зогсодоггүй
Богино хавирга мөлждөггүй
Болсон хоолноос өнгөрдөггүй
Бор дарсанд шунадаггүй

Аргагүй сайхан
Ардын ухаан минь

Багабанди овогт Намхай Тайванжаргал

2014.08.15

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...