Жавар есийн дундуур эмээл дээрээ дэрвэж явсанаа
Жаргаж явнаа гэж бусдад яриагүй ч
Жаран насанд хүрчихээд ч уургаа тулаад мордсон аавынхаа
Жаргалтай харцнаас нь
Аав адуу хоёр амьдралд хамт байсныг
Аргагүй хүү нь мэдсэн
Наран ургах зүгийн бараанаас хичнээн жил адуугаа тууж ирсэнээ
Насаараа нэгдэл нийгмийн адуу хариулснаа бусдад яриагүй ч
Насан өндөр болчихоод ч адуу гэж тэмүүлдэг
Настай аавынхаа
Адуунд хайртай сэтгэлийг нь
Арван хүүхэд нь авч үлдсэнийг
Аав минь та мэдсэн байх даа
Дэрсхэн өссөн хэдэн хүүхдээ дэлтэй адууны тоосон дунд өсгөснөө
Дээлээ гандтал дээд тэнгэрийн наран доор хичнээн жил адуундаа явсанаа
Бусдад яриагүй ч аав минь
Будан татсан нуураас адуугаа усалж зогсохдоо
Адуучин хүний жаргал болсон
Адуу эвшээхийг хараад баярлаж байсан байх даа аав минь
Уяан дээрээ хичнээн жил морины сүүл боож зогссноо
Улсын наадамд унаган хүлгээрээ хичнээн жил уралдснаа
Хэнд ч яриагүй аав минь
Өөрийнх нь нэрийг өндөрт өргөсөн халтар азарганыхаа
Үр төлөөр
Өчнөөн жил айраг түрүү хүртсэнээ
Миний аз жаргал энэ гэж
Мэдээж дотроо баярлаж байсан байх даа аав минь
Н.Тайванжаргал
No comments:
Post a Comment