Wednesday, January 03, 2018

Ээждээ хэлж амжаагүй үгс


Цэцгийн үнэртэй биеий нь эмтэлж би төрчихөөд
Цэл залуу насы нь булааж би өсчихөөд
Мөнх амьтай гэж хичнээн их дууллаа даа
Мөнхийн усыг олноо гэж хичнээн их хуурлаа даа

Хүүдээ ээж минь гомдсон байх даа
Хүний орчлонгоос явтлаа сэмэрсэн байх даа

Амьдралын сайхныг нь уйлахаараа айлгаж булаачихаад
Амь амьсгалы нь өвдөхөөрөө айлгаж зовоочихоод
Шүүдрийн усаар цай чанаж өгнө гэж хичнээн их хуурлаа даа
Шүтэж амьдрах атал би хичнээн ихээр зовоолоо доо

Наддаа ээж минь гомдсон байх даа
Насаараа сэмэрч гуньсан байх даа

Бороонд нороход нар шиг эврээдэг хайры нь булаачихаад
Бодолдоо даарахад гал шиг дулаацуулдаг элбэрлий нь үгүйсгэчихээд
Зуу наслуулнаа гэж би ээжийгээ хичнээн их горьдоолоо
Зургаан сард яваад очноо гэж би ээжийгээ хичнээн их хүлээлгэв дээ

Үрдээ ээж минь гомдсон байх даа
Үргэлж сэмэрсээр цөхөрсөн байх даа

Өвдөхөд ойр байдаг сэтгэлий нь гомдоочихоод
Өмрөхөд сэтгэлий нь засдаг сургаалы нь мартчихаад
Ачий нь тань хариулнаа гэж хичнээн ихээр горьдоолоо
Амьд яваагаа дуулгахгүй ээжийнхээ сэтгэлийг хичнээн ихээр зовоолоо доо

Нулмисаа нууж удаан явсан байх даа
Нууцхан шаналсаар өтөлсөн байх даа

Сүү шим хоеры нь сорж өсчихөөд
Сүүдэрт дааруулж наранд гандаачихаад

Үүрдийн амьдрал бэлэглэнээ гэж би ээжийгээ хичнээн ихээр хуурлаа даа
Үргэлж таныгаа хайрланаа гэж хэлчихээд
итгэлийг нь хичнээн их алдлаа даа
Хайлсаар яваад сэмэрсэн байх даа
Хайртай үрдээ гомдож явахгүй зовсон байх даа ээж минь

Багабанди овогт Намхай Тайванжаргал
2013.08.18

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...