Wednesday, January 03, 2018

Баяр баясгалан


Настай ижийдээ хүү нь очих нь нулмистай баяр баясгалан
Нар хөөртөл үнэгчлэх үр нь ээж аавын амин баяр баясгалан
Нас насны мянга мянган морьд уралдах нь төрийн хийморьтой баяр баясгалан
Наадмын түрүүнд морь нь ирэх нь уяач хүний дээшээ огшсон баяр баясгалан


Тав даваад есөн хөлт тугаа тойрч байгаа нь шинэ начны эртэй баяр баясгалан
Тамганы найран дээр зочин таарчихаад ерөөл хэлж байгаа нь билэгдлийн баяр баясгалан
Таарсан хүнээсээ эрлийнхээ сургийг сонсох нь хосгүй баяр баясгалан
Таван хошуу малынхаа буянд талархах нь малчин хүний баяр баясгалан


Миний хүү эр хүн болж дээ гэж хүүдээ урам өгөх нь үртэй хүний баяр баясгалан
Мэнэнгийн талд уул харагдах нь зүг чигийн баяр баясгалан
Мэнд мэдсэнд баярлах үл таних хөгшний сэтгэлийн их баяр баясгалан
Мэдсэнээ бусдад түгээх нь номч хүний оюуны баяр баясгалан

Эхнэрийнхээ харцанд ээнэгших нь ханьтай хүний хайрын баяр баясгалан
Эх нутгаа гэж гүйж ирэх нь унаган хүлгийн нутаг амьтай баяр баясгалан
Ингэн тэмээ ботгондоо буйлсаар ирэх нь эх үрийн баяр баясгалан
Илүүгээрээ бусдад туслахыг хүсэх нь өглөгч хүний өгөөмөр баяр баясгалан

Багабанди овогт Намхайн Тайванжаргал

2002 он.09.12

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...