Tuesday, November 07, 2017

ДҮҮРЭН САРНЫ ДООР /өгүүллэг/



Зуны шөнийн тэнгэрт арван тавны дүгэрэг саран  дээрээс харц үл салгаж ширтэх нь  нэн  гэрэлтэй аж.
 
Үдшийн намуухан тэнгэр доор хоёр морьтой хүн дөрөө харшуулан галгиулна. Сарны цагаан туяа  хоёр морьтонг даган гэрэлтүүлж морьдын хөлөөс зүүгдэх мэт сүүдэр даган гүйх агаад  хааяахан морь тургилах нь  шөнийн  анирт  дэндүү чимээтэй. Гэнэт бутны ёроолоос туулай босон дэгдэхэд морьд бусгалаа.
-Хаая хэмээн мориныхоо амыг татан
 зогссон бүгээн морьтой залуу мориноосоо буугаад олмоо чангалах зуураа
-Дэнсмаа зүгээр үү нааш ир би олмы чинь чангалаадхъя гэв.
Бүсгүй залуугийн хажууд ирээд мориноосоо буухдаа
-Энэ муу хээр морь бид хоёр бие биенийхээ занг мэдэх хойно гэхдээ уначихсангүй шүү хэмээн инээгээд олмоо султгавал залуу очиж олмы нь чангалж өгөөд мордуулав.
Бүсгүй
- Даржаа чамайг цэрэгт явсанаас хойш Балбар гуайн том хүү
Идэр манайд ирээд салахаа байсан. Би нүүр өгөөгүй ч гадуур янз бүрийн яриа их гарсан чамайг сонсчихоод буруугаар ойлгох вий гэж айж байлаа гэхэд нь
Даржаа гэх залуу
-Би тийм ярианд яаж итгэх билээ .
Цэрэгт зөвхөн чинийхээ  тухай л бодож санадаг байлаа.Энэ гурван жилийн туулж барамгүй цаг хугацаа мэт санагдаж байсан ч ингээд чам дээрээ хүрээд ирлээ шүү.
Одоо би чинийхээ дэргэдээс холдохгүй ээ .Аав ээж хоёр чинь чамайг
яагаад Балбар гуайн бэр болгох гээд байгааг  би мэдэхгүй.Гэхдээ хайр сэтгэл бүхнээс хүчтэй шүү дээ . Би дөнгөж цэргээс ирсэн  “тулж түших ах дүүсгүй  өнчин тууж маллах малгүй өнчин ядуу ч гэсэн” нам засгийн буянаар мэргэжил мэдлэгтэй болоод ирлээ.Би жолооч механикч мэргэжилтэй болсон .Хоёулаа хэд хоноод л хот орчихно.Тэгээд би жолоочоороо ажиллана даа.Чамайгаа ч гэсэн  мэргэжилтэй болгоод үйлдвэрт ажилд оруулна.Хотод олон том үйлдвэрүүд баригдаж байгаа гэсэн. Би чамдаа зөндөө ярьсан шүү дээ. Чи минь миний мөрөөдлийг бараг цээжлээ байлгүй хэмээн инээвэл
Бүсгүй ч гэсэн инээж
-Тиймээ нээрээ би олон сонссон шүү хэмээгээд одоо нөгөө очих газар хол уу гэхэд
Залуу
-Аан одоо нэлээд явнаа лав хоёр гурван өртөө газар байгаа байх хүн харахаас өмнө жаахан газар дөхье хэмээн мориндоо ташуур өгөн ергүүлэв.
Арван тавны дүүрэн сар тэр хоёрыг энд явж байна гэх хэлэх нь халаг өдөр шиг гэрэлтүүлнэ.
Даржаа цэрэгт явахын өмнө нутгийн бүсгүй Дэнсмаад хайр сэтгэлээ илчилж ,цэргээс ирээд гэр бүл болохоор ярилцаад албандаа явжээ.Гурван жилийн хугацаанд захиагаар харилцаж байсан ч Дэнсмаагийн аав ээж нь охиноо зэргэлдээ сумын Балбар хэмээх нэр нүүрээрээ түрий барьсан ойворгон баяны хүүд охиноо эхнэр болгон өгөхөөр шийдсэн байна.Даанч охин Дэнсмаа Балбар баяны том хүүд нүүр өгсөнгүй .
Балбар болон Балбарын зальт шар авгай хоёр  гашуун юманд дуртай өвгөнийг нь ганц шил сархадаар унагаад эмгэнийг уран цэцэн үг, дээлийн торго өнгө мөнгөөр хуурчихаж.
-Танай охин нас залуу байна .Манайх танай охиныг чинь  ажил мэргэжилтэй болгоод ажилд  оруулж өгөөд сумын төвд суулгана.Та хоёр хүний мал маллаж ингэж зүдэрч байхаар хүргэнийнхээ хашаанд буугаад санаа амар хоол унд түлээ түлшээ бэлдүүлээд суухгүй юу хэмээн Балбар болон Балбарын тарган шар авгай хоёр  бараг амны уншлага болтол сэнхрүүлсээр байгаад гэрийнхээ гадаа аваачаад буулгасан нь яваандаа хоёр хүүхэд биендээ дасна биз хэмээн холын бодол тээж.
Гэвч Дэнсмаа Балбар баяны” эрхийн тэнэг “хүүд нь нүүр өгөхгүй байсан тул   нэг нартай өглөө  Балбар авгайтагаа хоёулаа тогос шиг гоёчихоод орж ирээд Аюур өвгөнд баранзад  хадган дээр мөнгөн ембүү  тавин охиныг чинь гуйж байна гэв.Өвгөн авахгүй гэж хэлж чадсангүй тулгамдаад  л эмгэнлүүгээ харвал толгой дохиж байна.Өвгөн хадаг ембүүг  нь авчихав.Балбар хүчээр худлаа инээж
-За Аюур гуай та бид хоёр ингээд худ болчихлоо.Намрын дунд сарын арван долоонд хөлтэйхэн найр хийнээ гэв.
Яаравчлан бэр гуйсны учир нь Даржааг цэргээс ирж явааг Балбар дуулаад яарсан хэрэг нь энэ аж.
Балбарыг гарсаны дараа Дэнсмаа дэмий л ээж аавдаа уйлахаас хэтэрсэнгүй.
-Би Даржаатай сууна .Энэ Идэртэй суухгүй гэв.Аав ээж нь аргадах гэж үйлээ үзэв.
Ээж нь

- Хөгшин аав ээжээ бодооч охин минь .Бид хоёр хичнээн жил хүний хөлсний мал маллаж амьдраа аж .Бие ч дийлэхээ байлаа. Чи тэр уналгын ганц морьгүй ууж идэх хоол ундгүй хүнээр яах гээд байгаа юм бэ Гайгүй газар орчихвол хүргэнийхээ буянд бид хоёр насны эцэст шөлний хониор тасрахгүй амьдраад байх байлгүй хэмээн усан нүдлэх нь охиноо нулмисаараа айлгах гэсэн эмгэний бяцхан заль бөлгөө.
Даржаа цэргээс ирээд л Дэнсмааг Балбарын том хүүтэй суух гэж байгааг дуулаад сэтгэл нь тогтсонгүй.Уулын орой дээрээс дуран тавьж Дэнсмааг дэмий л харуулдахдаа оргуулах төлөвлөгөөгөө боловсруулан хоног тоолон хүлээх аж.Балбар харин Даржаа цэргээс ирсэнийг дуулаад Дэнсмааг харгалзах ажилтай болсон бөгөөд Аюур гуайнхныг аргал түлшинд нь ч явуулахаа байж цагдах болов оо.
Нутгийн хүмүүс нь энэ Балбар хүүдээ эхнэр авч өгөх гээд байгаа юм уу.Эсвэл өөрөө бага хатан авах гээд байгаа юм уу.Эрхийн тэнэг хүү  нь юугаа ч мэдэхгүй явах юм.Балбар харин “зэлэн дээр үнээ ээрч байгаа бух шиг " хүний охин хүүхэд  гэрт нь  хашчихаад гаргахгүй юм гэж ярих боллоо.
Гарын доор зарагддаг хэдэн хүмүүсээ Балбар
-Даржаа харагдвал хөөж явуул хэмээн тушаажээ.

Яралзтал хатирах морьдын хөлнөөс сүүдэр зүүгдэн гүйх агаад шөнийн анирыг морьдын туурай сэрээж сүр сар хийн харгана бутнаас болжмор үргэж ниснэ.
Дэнсмаа
-Даржаа хэмээн дуудвал
-Яасан хэмээн Даржаа мориныхоо амыг татаад Дэнсмааруу харвал
-Одоо үүр цайлаа яах вэ хэмээн айсан түгшсэн шинжтэй асуухад Даржаа
-Балбарын гал хөл болсон хүмүүсээс бид хоёр бараг өдрийн газар байна.Одоо хоёулаа газрын бартаанд гарж мөрөө буруулъя хэмээн мориныхоо амыг эргүүлэн ойролцоох уулруу давхилаа.
Ууланд  гарч нэгэн дэвсэг газар олоод морьдоо идүүлээд амрахаар шийдэв.

Эмгэн өвгөн хоёр өглөө бостол охин нь байдаггүй. Аюур  эмгэнтэйгээ   сандран хоёулаа  Балбарынд орж  хэлвэл
Балбар нүд нь орой дээрээ гарч,нүцгэн биен дээрээ дээлээ нөмрөн гарч гүйгээд хот айлын хүмүүсийг
-Босооч хэмээн хашхирч бүгдийг нь  босгох нь хилэн нь бадарч дэлбэрэх нь халаг болж.
Тэрээр өвгөн эмгэн хоёрыг зандарч
-Та хоёр охиноо явууллаа .Цаг хожиж хэзээ хойно хэллээ.Муу зөнөцөн амьтад хэмээн агсарч  морьдоо авчруулан тав зургаан хүн дагуулан  гэрийнхээ гаднаас мордохдоо хүүгээ давхиулж нутгийн нэгэн сайн мөрчийг авчруулан  Даржаа Дэнсмаа хоёрын хойноос хөөхөөр одов.
Дэнсмаагийн ээж
-Ээ халаг охин минь даанч яав даа гэж дэмий л уйлахаас цаашгүй үлдлээ
Сайн мөрчийн хүчинд мөрийг нь амархан олж Балбар хүмүүстэйгээ мөрий нь даган давхилаа.Балбарын уур нь хүрч уушиг зүрх нь сагсайж
-Муу гуйрамчин Даржаа чамайг мөчий чинь хуга цохиноо хэмээн заналтай нь аргагүй шүүд зуун давхихдаа
-Түргэл түргэл хэмээн хамт яваа хүмүүсээ шавдуулах нь Даржааг барьж авч уур хорсолоо тайлахын хүслэн болж:.
Даржаа үд хэвийх үед алсаас хүмүүс ирж явааг хараад яаравчлан мориндоо мордож цааш дутаалаа.Бараа бараагаа харан үдэш болтол давхиад Балбар баян тэргүүтэй хүмүүс Дэнсмаа Даржаа хоёрыг гүйцсэнгүй .Бүрий тасраад алдлаа.Тэр шөнөө Балбар тэр хавьд нутаглаж байсан айлуулаас морьдоо сэлбээд өглөө эрт мордов.Харин Даржаа Дэнсмаа хоёр сар саруулхан шөнө шөнөжингөө явж үүр хаяарах үеэр нэгэн уулын ард жалганд жаахан амрав.Хүн малгүй хоёр шөнө нойр хоолгүй яваад ядарчээ.Нам унтчихаж гэнэт сэрээд Даржаа морьтонгууд ирж явааг харж болсон харайхад  Дэнсмаа Даржаад хандаж
- Чи хоёр морио аваад зугт чамайг цаадуул чинь алчихна шүү хэмээн уйлан гуйсан ч Даржаа явсангүй .
-Би чамтай л хамт явна хэмээв.Хоёул цаашаа мордон дутаасан ч морьдоо сэлгэсэн Балбарын хүмүүс яах ийхийн зуургүй нөмрөөд ирэв.Балбарын том хүү Идэр том тэнзэн ташуур далайж ирээд Даржаагийн толгой дундуур цохих гээд далайхаар нь Даржаа ташуураас барин авч хоёул зууралдан мориноосоо унан дээр доороо орон бөмбөрөв.Цэргээс дөнгөж ирсэн байнгын бэлтгэлтэй байсан Даржаа Идэрийн магнай дунд ганцхан цохиод муужруулаад эргэтэл Балбарын хүмүүс гүйлдэн Даржааг ноцож байх зуур Балбар Даржаагийн тархин дундуур “чоно борооноор” гэгчээр тэнзэн ташуураар цохиод унагачихав.
Хэдий хэр хугацаанд Даржаа  хэвтсэнийг бүү мэд.Нэг сэрсэн чинь тархи толгой нь хагарах нь  өндийн бослоо.Хавийн бие нэл хөндүүр Балбарын хүмүүс баахан өшигчиж нүдсэн бололтой.Сарны баримжааг харвал үүр цайх дөхөж буй байх шиг.
Юу болсоныг эс санах аж.Дэмий л
-Дэнсмаа хэмээн дуудвал чимээгүй
Тэрээр босож зогсох гэж үзвэл тогтож чадсангүй .Буцаад суучихлаа.Толгойг нь хагалаад нүүрээр нь дүүрэн цус болчихсон байв.
Ямар ч байсан гэгээ ортол тэсэх хэрэгтэй гэж бодлоо.
Үүр ч цайлаа .Өөрийнх нь муу эмээлий нь хажууд хэмхэлээд хаячихаж өөр юу ч үлдээсэнгүй .Дэмий л мөлхөөд явж байтал өвсөн дотор гарт хатуу тааралдвал  Дэнсмаагийн шүрэн товруутай мөнгөн даруулга нь хэвтэж байлаа.Тэрээр Дэнсмаа дэргэд нь байгаа юм шиг баярлав.
Нар гарлаа.Босоод ганц нэг алхах гэж үзлээ.Хөл нугарч уначихаад болохгүй байв.Тэрээр алхах гэж үзээд хүчирсэнгүй мөлхлөө.Дэмий л нүүрээ шударна цус гоожоод л нүүрлуу урсаад ороод ирнэ.Тэр эцэст нь үхэлтэй эвлэрэхээс аргагүй байдалд хүрэв.Тэнхээ тамирч үгүй боллоо.Дээшээ харан хэвтэж байхдаа тэр ганцхан Дэнсмааг л бодож байв.Тэр минь зүгээр байгаа даа гэж.
Дүгэрэг саран дээрээс мэлтийнэ.Өдөржин мөлхөж  тамираа барсан Даржаа ямар ч итгэлгүй болжээ. Хүн малгүй зэлүүд энэ газар хэн ч түүнийг олж үзэхгүй.

Балбар Дэнсмааг гэртээ авчраад гэрийн хорионд оруулав.Бүүр өөрийнх нь гэрт ч оруулахаа байв.Дэнсмаагийн аав ээж хоёр одоо л нэг Балбарын мөн чанарыг мэдээд амаа барьж халаглахаас цаашгүй.Өвгөн эмгэн хоёрт Балбартай явсан нэг хүн Даржааг эзгүй зэлүүд газар үхлүүт зодуулаад үлдсэнийг ярьсан тул өвгөн Аюур
-Насны эцэст би юу хийчихвээ гэж өдөржин бодол болж байгаад явахаар шийдэн нутгийн нэг хүнтэй хамт Балбараас нуугдан шөнөөр Даржааг авахаар сар өндийлгөөд л  мордлоо . Шөнөжин  яваад маргааш үд өнгөрөөд очтол аль хэдийн Даржаа аль хэдийн амьсгал хураасан байв.Мөлхөж явсан мөрийг хараад тэр хоёр гайхлаа.Цусан зам татуулан тэрээр нэлээд хол газар мөлхжээ.
Аюур өвгөн толгойгоо барин халаглав.
-Ээ өгөр толгой хайран хүүхэд алчихаж яав даа хэмээн гаслав.Нутгийн зүг хараад гартаа Дэнсмаагийн үсний даруулгыг атгасан чигээр өнгөрсөн байлаа.
Тэр хоёр Даржааг нь тэнд нь монгол ёсоор оршуулаад буцав.
Балбар харин юу ч болоогүй мэт .Хурим найрын зар тараагаад явах бөгөөд өнчин өрөөсөн Даржаагийн хойноос хэн амийг нь нэхээ аж хэмээн үл тоох аж .
Харин ч хүмүүс Даржааг ярихаар нь
-Даржаа манай бэрийг хүчээр хулгайлан зугтсан одоо хаа явааг нь мэдэхгүй хэмээн булзааруулдаг байв.Өвгөн Аюур буцаж ирсэнийхээ өглөө Балбарыг орноос нь босоогүй байхад нь ороод
-За чиний амьд гээд байсан хүн чинь өнгөрчихөж  би ийм алуурчинтай охиноо суулгахгүй гээд мөнгөн ембүүтэй хадгийг нь орон дээр нь шидчихээд  үүдийг нь шидээд гарч ирэв.
Нутаг орон даяараа Даржааг  өнгөрсөнийг дуулаад нутгийн түмэн Балбарыг үзэхээ байлаа.Хэн нэгэн сумд хэл хүргэж нэг өглөө гурван морьтой хүн ирээд Балбарыг хүүтэй нь бариад явчихав.Гарын доор зарагддаг айлууд нь тарж нүүгээд Балбарын эхнэр хоёр хүүхэдтэйгээ хар буудал дээрээ үлдлээ.
Тэр өвөл Балбарын эхнэр хүүхэд хэдэн малаа алдахы нь алдаад үхүүлэхийг үхүүлээд нэлээд хүндхэн өвлийг давсан дуулдав.Харин Балбар нь мөрдөнгийн хэцүү хатууг давж чадалгүй  нас барсан ба хүү нь хэдэн жилийн дараа ирсэн ч нэг үзэгдээд ахиж энэ нутагт үзэгдсэнгүй алга болчихов.
Ааваасаа гуйж байж Дэнсмаа Даржаагийнхаа газрыг заалгаж жил бүрэн очдог боллоо.Тэрээр хайртай хүнтэйгээ хорвоог туулж болохгүйгээс хойш хэмээн ганц биеэрээ амьдралыг туулахаар шийдэж өөрийгөө зольсон  ч зүрх сэтгэлдээ харин Даржаатайгаа үргэлж хамт байдаг нь нэгэн насных нь утга учир нь болсон аж.


Н.Тайванжаргал







No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...