Уначих вий гэсэн эхийн сэтгэл нь
Үрийнхээ гишгисэн газрыг зөөллөдөг байх
Удчих вий гэсэн эхийн сэтгэл нь
Үрээ холоос яаруулдаг байх
Унтчих вий гэсэн эхийн сэтгэл нь
Үрээ сэргэг байлгадаг байх
Уурлачих вий гэсэн эхийн сэтгэл нь
Үрээ уяхан болгодог байх
Алдчих вий гэсэн эхийн сэтгэл нь
Үрээ хянамгай байлгадаг байх
Ангачих вий гэсэн эхийн сэтгэл нь
Үрээ цайндаа дуртай болгодог байх
Айчих вий гэсэн эхийн сэтгэл нь
Үрээ зоригтой болгодог байх
Алс явчих вий гэсэн эхийн сэтгэл нь
Үрээ ойр байлгадаг байх
Сайн яваасай гэсэн эхийн сэтгэл нь
Үрээ өөдрөг явуулдаг байх
Санаж байнаа гэсэн эхийн сэтгэл нь
Үрийнхээ зүүдэнд ирдэг байх
Сарын газраас ч эхийн сэтгэл нь
Үрээ дэргэдээ байлгадаг байх
Санчиг нулмистай эхийн сэтгэл нь
Үрээ өрөвчхөн болгодог байх
Н.Тайванжаргал
No comments:
Post a Comment