Социализм ид цэцэглэж байхад би хорвоод мэндэлж эгэл боргил амьдрал дунд л хүн болсон доо
Ах эгч нарынхаа багадсан хувцас өмсөж аав ээжийнхээ аргадаж зэмлэхийг сонсож ,олуулаа бужигнаж сайхан дурсамжаар дүүрэн аз жаргалтай өссөн би
Арван хүүхэдтэй айлын отгон хүү учир ах эгч нар сургуульд явчихсан ээж аав хоёр минь нэгдлийн олон мал маллаж байсан учир ер нь ухаан суугаад л малын цаагуур гүйсэн дээ.
Дөрөв тавтайгаасаа эхлэн хурга ишиг хариулаж эхэлсэн байх.
Өдөржин хотондоо хурга ишиг хөөж уйдаагаа гаргана.
Малтайгаа байгальтайгаа ойр өснө гэдэг чинь зүг чиг ,зүс өнгө гээд л танин мэдэхүйн хичээл орж байна л гэсэн үг бөгөөд хорвоотой хамаагүй эрт танилцаж байгалийн зан чанарын эсрэг хариу авах арга хэмжээгээ эрт сурсан даа.
Аав ээж маландаа явчихсан хойгуур өглөө босоод бие засахдаа хонио хаашаа бэлчсэнийг харна .Тэнгэр харж өмсөх хувцсаа тохируулна.
Эл хульхан хөдөөгийн амьдрал хааяахан сумаас болон багаас ганц нэг хүмүүс ажил байдал шалгаж ирнэ.
Ирэхдээ баахан л сонин авчирч өгнө.Тэр үеийн үнэн сонин долоо хоногт хэдэн удаа гардаг байсан юм бүү мэд .
Тэвхийсэн зузаан сонин авчирч өгнө.
Би тэр сонины зургийг нь л үзнэ.
Сонирхолтой нь би Ленин Сүхбаатар Цэдэнбал гээд энэ хэдэн хүмүүсийн зургийг сонин дээрээ харсаар бүүр таньдаг болчихсон байлаа.
Сонинг нь ялгана.
Энэ Сүхбаатартай сонин энэ Ленинтэй сонин гээд ялгаж өгнө дөө .
Ингэж л бичиг үсэг зураг хөрөгтэй танилцаж эхэлсэн байх.Радио их сонсоно үлгэрийн цагаа сонсож байж л санаа амарна.
Нэгдлийн үед өдөрт хонийг хоёр удаа саадаг байлаа .Ид халуун шатах үеэр хонио тууж ирээд л саана.Би хонь холбоход нь хашиж өгнө.Мөн хурга ишгээ тогтооно.Хонь ноослох үеэр ээрж хашиж өгнө.Өглөөд хотны ноос түүнэ.Жаахан чөлөө гарвал голруу гүйнэ.Хүнгийн голдоо шавайгаа ханатал шумбаж өгнө дөө.Усанд орсоор хөл хагарна.
Хөл хагарна гэдэг нь усанд их ороод байхаар хөлийн булчин өвдөж хагараад цус гарахыг хэлж байгаа юм .Муу ижий минь л хөөрхий хонины сүүлний тосоор тослоод нар дагуулаад суулгана.Хүүхэд болсон хойно усанд орж байгаа хүүхдүүд хараад гүйгээд л очно. Хагарсан хөл маш их хорсож өвдөнө.
Зун манай дээр төвөөс сааль саах гээд айлууд гарч ирнэ .Даанч надад хурга ишигний ээлжгүй өдөржин гол дээр тоглох тэр хүүхдүүдийг хараад их л атаархдаг байлаа.
Социализмын нэг ололттой тал нь ажилгүй хүн гэж байхгүй байлаа. Хүүхдийг багаас нь ажилд сургадаг байлаа. Манай нэг ах нэгдлийн адуучин байсан учраас зунд манайд хөдөлмөр зуслан гээд
7,8 ангийн хүүхдүүд гарч ирдэг байсан .Эрэгтэйчүүд нь эмнэг сургаад эмэгтэйчүүд сааль саагаад л орой болохоор тэр ах эгч нар хөгжим тоглоод л дуулаад надад маш зугаатай санагддаг байлаа. Тэр олон залуучууд гэхэд багшийнхаа үгэнд маш сайн орно.Хөвгүүд нь хоёр гурваараа майханд амьдарна.Харин охидууд нь нэг том гэрт байрлана.Тойруулаад гортиг татаад улаан туг хатгачихна тэрнээсээ гарахгүй их дэгтэй байлаа.
Зуны оройны энэхэн чөлөө надад маш зугаатай байдаг байлаа.Эгч ах нарыг дагаж бөмбөг хөөгөөд л тоглоод л нэг л том ажил байсан нь орой саалин дээр үнээ саах цагаар бухнууд ирнэ .Хоорондоо мөргөлдөөд л хажуугаар нь эр үхэрнүүд бух болоод сааль сааж байгаа улсуудыг дайрчих гээд л том ажил болдог байлаа.Би нэг шилбүүр бариад л бухнууд болон эр үхэрнүүдийг хөөж холдуулах ажилтай бас хажуугаар нь хооронд нь ойртуулж мөргөлдүүлэх сонирхолтой .Даанч миний хүссэнээр болохгүй ээ
Морио усалж чөдөрлөөд л зуны оройны ажил дуусна даа. Таргаа дунд гарын шаазангаар хоёр сайхан ууж өгөөд л унтана даа.
Өглөө нар цухуйх үеэр л ижий минь дуудна .Би тэр үед ижийгээ шөнө унтахыг ер нь л мэддэггүй байлаа. Ижийгээ унтахаас өмнө унтчихна.Ижий намайг босохоос өмнө босчихдог байсан юм билээ .
Ээж минь нухаш хийж өгнө. Нухаш гэдэг нь шинэ зөөхийн дээр ааруул элсэн чихэр хийгээд зуурсан зүйлийг хэлнэ.
Ямар сайхан амттай гэж санана.
Аав минь сур нухуулна.Эмээл хазаараа эвхэж морь малаа сургахыг заана. Аавынхаа харцнаас л урам зэмлэл хоёрыг нь ойлгодог байлаа.
Хүүхэд байхдаа аав шиг минь бүгдийг чаддаг хүн байхгүй гэж боддог байлаа.
Улсын баяр тэр үед өргөн дэлгэр болдог байж.
Би тэгэхэд сургуульд ороогүй зургаа долоотой л байсан шиг санагддаг юм .
Манайх Мойвын дэнж гэдэг газар зусаж байсан юм .Сумаас ачааны Зил 130 машин гарч хүмүүсийг наадамд авч явдаг байлаа.
Хуучнаар бригадын төв одоогоор бол багийн төвийн хүмүүсийг наадамд авч явсан машин ирэхээр нь би наадамд явахаар боллоо. Эгчийгээ дагаад ачааны машин дээр суугаад хөдөллөө. Би машины хашлага налаад зогсоогоороо явж байсан юм.Хурдтай явсан машин тойруу дээр огцом дарахаар нь би хашлага даваад уначихлаа.
Элсэн газар байсан тул босоод иртэл толгой эргээд л эгч минь гүйж ирээд л уйлаад жолооч ах тэвдээд л
-Миний дүү зүгээр үү гээд хөл гарыг минь барьж үзээд л тэр өдрийн миний наадам үзэх ч гэж дээ баахан хүн айлгаад л дууссан даа
Хожим тэр жолооч ах их айснаа ахад минь ярьсан байдаг юм.
Тэр ах өдөржин намайг яаж байгаа бол гээд далдуур намайг дагаж харсан гэдэг юм.
Миний анхны наадам ийм түүхтэй дурсамжтай болсон юм даг
Н.Тайванжаргал
No comments:
Post a Comment