Tuesday, November 21, 2017

Тэнгэрийн цэцэг























Хан уулын хэцэд 
Ховор цөөн заяандаа
 Хос хосоороо
 Хорвоог чимэн 

Мөч тоолон өндийж 
Мөнхийн нарнаар тэтгэгдэн
 Дэлбээ нээн цэцэглэдэг
 Дэндүү ховор заяатай

 Савдаг лусын амин цэцэг 
Санчиг буурал хайрханы нүдэн цэцэг 
Тэнд энд хамаагүй ургадаггүй 
Тэр болгон хүнд харагдадгүй 

Тэнгэрлэг нэгэн билэгдэл
 Тэнгэрийн цэцэг вансэмбрүү 
Очирваань хайрханы 
Оргил манхан хярд 

Оройн бүрийд нь
 Од мичидтэй ханьсаж 
Өглөө нартайд нь 
Үүлэн тэнгэрийг түшиж дэлбээлдэг 

Үзсэн нэг нь
 Үзэсгэлэн гоог нь биширдэг 
Дуулсан нэг нь 
Дурлаж сонирхдог 

Дуулгат их хайрхан
 Дуутай тэнгэр хоёрын 
Дунд нь ургадаг тэнгэрийн цэцэг 
Газарт биш тэнгэрт
 Ганцаараа биш хосоороо ургадаг

 Дээд заяатай эрхэмсэг 
Дээр ургадаг тэнгэрийн цэцэг 
Наран тусгалд ойрхон 
Нартын амьдралаас холхон 

Өндөр хайрханы орой руу 
Өгсөж зүтгэж ургадаг
 Өглөө нарыг нь
 Өнгийн цэцгүүдээс түрүүлж хардаг 

Дээд тэнгэрийн дээж цэцэг 
Дээвэр уулын дэлбээ цэцэг
Цэцэг цэцэгсийн дээд цэцэг 
Цэнхэр тэнгэрийн амин цэцэг 

Хаана ч хамаагүй ургадаггүй 
Хань ижлээрээ хоёулаа 
Хөл доор биш 
Хүрч боломгүй оргилд 

Хүн амьтанд үзэгдэлгүй 
Хөх тэнгэрт ургадаг 
Хаан уулын тэнгэрлэг цэцэг
 Ханийн заяатай хайрын цэцэг
 Сэрүүн хангайн энгэрт асаж ургадаг
 Сэвэлзэх салхины тоосонд хүртээлгүй ариун цэцэг

 Энэ гээд хөндөх заяагүй 
Эрхэмсэг цэцэг 
Тэр гээд заах тавилангүй 
Тэнгэрийн цэцэг Вансэмбрүү 

Н.Тайванжаргал :

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...