Friday, November 10, 2017

ХОТ АЙЛ /өгүүллэг/

                                               






Тасын нуруу хэмээх хад асга бүхий  ханан хавцал цочмог өндөр хянган оргилуудтай  дүнхийсэн том улаан уулс аль хэдийн цасанд дарагдаж унтжээ.Бөмбийсөн цагаан цасан дээр хааяахан туулай ,чонын мөр үзэгдэхээс өөр мөр үгүй бөгөөд уулсын энгэрийн өвөлжөөнүүдийн  өтгийн хөл  ов тов цоохортон  харагдах нь холоос нэн содон.Ойрноос л ганц нэг  адуу мал  үзэгдэх нь айлууд өвөлжөөндөө нүүж ирэх нь дөхөж буй шинж агаад малын чийрээр гарсан мөрөн дээрхи цас нь  хайлмагтан зөөлөрсөн байх аж.Тасын нурууны баруун үзүүрлүү сунаж тогтсон морин дэл шиг цувраа  улаан уулсыг “Өвөр нарангийн” үзүүр гэх агаад үзүүрийн зүүн бөөрөн дээр холбоо хоёр өвөлжөө байх нь  “Ихэр сан “гэж нэрлэх бөлгөө.Өтгийн хөлийн чулуугаа овоолон гортиг татсан байдал нь  аргалаа эгнээ эгнээгээр нь нуруулдаж хатаасан мөн хөрзөнгөө намар эрт ховхолж өрсөн зэрэг нь их л ажилтай хүмүүсийн өвөлжөө гэж хэлээд өгөх аж.
Өвлийн эхэн сарын  илч муутай нар үд голлох гэж өндийж байх үеэр таван тэмээ ачаа ачсан нүүдэл Бараатын талын цагаан цасан дунд тодрон ойртсоор л “Ихэр сангийн” өвөлжөөний хөлрүү орж ирэхэд өмнөөс пүнхийсэн их уулсын нөмрийн бүлээн агаар угтаж авлаа.Ачааны түрүүнд гүйх дөрвөн нүдтэй том улаан халтар  нохой хэлээ унжуулан аахилсаар түрүүлэн гүйж ирэх нь нүүр ам нь тэр чигтээ цантсан тэрээр шинэхэн цасан дээр хөрвөөгөөд өтгийн хөлөөр хаяглаж гүйх нь өвөлжөөндөө ирсэндээ баяртай байгаа нь илт.Хашааны шон дээр суусан алаг шаазгай сайн нүүж ирэв үү гэлтэй зогсоо зайгүй шагширах нь сонин.
Зуузай тамгатай бөөн сүүл өтгөн дэлтэй  хээр морь унаж намхан бүүрэгтэй эмээл дээрээ хазгайхан сууж бодол хөглөн ачаа хөтөлж яваа  янхигар том биетэй өвгөний алдар нэр ньТангад гэнэм.Харин нутаг ус голынхны авгайлдаг нэр нь Тангаа гэх.Нас сүүдэр нэлээн дээр гарч яваа ч тэр бие тэнхлүүн ухаан саруул аж.Өтгөн зогдортой хол бөхтэй цагаан тэмээ унасан улаан хүрэн минчүү гадартай нэхий дээл өмсөж  эрээн цоохор алчуур бүчилсэн жаахан биетэй бор эмгэн бол Тангад өвгөний эмгэн Норжин аж.Мөн л айл саахалт ах дүүсийн дууддаг нэр Ноожоо хэмээхүй.
Үйлэнд уран үгэнд цэцнээрээ нутаг голдоо гайхагдаж явсан тэрээр охидууд голдуу арван хүүхэд төрүүлсэн.Хүүхдүүд нь бүгд тусад гарч айлын эхнэр болж хот газар  суурьшжээ.
Бараг хөндлөн явах нь халаг аманцар нимгэн хүүрэгтсэн  халиун морь унасан гуч шүргэж болов уу хүрэн бор царайтай дүрэлзсэн алаг нүдтэй жирэвгэр сахал нь цантсан залууг Дамдин гэх бөгөөд Тангад өвгөний гал голомтыг нь сахих ганц нуган үр нь ажгуу.Тэрээр аав ээж хоёроо өвөлжөөнд нь буулгаж гэрий нь барьж өгчихөөд ачлагныхаа тэмээг аваад буцах ажилтай.Бие давхар  эхнэр жаахан охин хоёртоо  яаравч хоёр хөгшин хүнийг яаж гэр орныг нь барилгүй орхиж боломгүй аж. 
Гэрээ барих бууцныхаа цасыг  малтуураар Дамдин дор нь  татаж  арилгаад гэрийн буйрынхаа ханжныхаа чулууг эвтэйхэн өрөөд гурвуул Тангад өвгөний монгол модон жижигхэн гэрийг нь нар ташихын үест нь түргэхэн барьчихав.Эмгэн гэр доторхио янзалж харин Дамдин аавтайгаа  овоолсон хуурай өтгөнөөс авчирч хаяагаа маналаа.Гэрийн тооноор аргалын хөх утаа цэнхэртэн олгойдож тогоон дээр шинэ цай буцлав.Эмгэн өвгөндөө болон хүүдээ цай хийж өгчихөөд гаднаас адууны мах оруулж ирэн гал дээрээ үйх зуураа
-Аргал хөрцөн минь харин сайхан хатаж бороо хур энэ жил уг нь их л ороод байх шиг байсан хэмээхэд
Өвгөн Тангад
-Манай энэ өвөлжөө энгэр наран ээвэр сайтай болохоор аргал хөрзөн сайхан хатдаг юм.Өвс тоос ч сайн ургаж Нэн ялангуяа амт сайн ургаж .Цагаалж л жаахан ноднингийнхоос арай дутуу юм уу даа гээд Дамдинлуу харсанаа
-За миний хүү энэ хоолноос идчихээд эртхэн буц .Нүүдэл суудалдаа очиж бэлд.Хэдэн бодоо яах вэ.Наашаа аядуулчихвал ч өөрсдөө хүрээд ирнэ дээ уг нь л даанч замд нь хангайн амьтан тугал бяруу идчихэж магадгүй дээ.Адуу ч өөрсдөө бэлчээрээрээ л хүрээд ирэх байх гэхэд
Хүү Дамдин нь
Маргаашнаас бод малаа  би Дэнзэн гуайн малтай явуулахаас гэхэд өвгөн Тангад
-Харин ээ  тэгж ч болно.Танайх харин хэзээ нүүж ирэх  гэж байна хэмээн  Дамдинлуу харлаа.
-Би  харин яахаа ч мэдэхгүй байна.Янжин өнөө маргаашгүй төрөх нь тулаад байдаг .Нүүдэл дунд өвдөх болов уу гээд л гэхэд.
Тангад өвгөн
-Танайх хэд хоногтоо суурин байсан дээр байхаа Дэнзэнгийнх ч маргаашнаас нүүж ирнэ гэж байна лээ.Харин  Хандынх хэд хоногоос л сурагтай .Жанцан нь нөгөө хэдэн адууныхаа эрэлд яваагүй ирээгүй гэсэн.Жанцангаа ирэхээр л нүүж ирнэ биз гээд .Энэ айлууд нүүж ирээд бүлтэй болохоороо нэг мөсөн танай хоёр гэрийг авъя гэвэл
Дамдин
- Эсвэл нөгөөдрөөс хадам аавынхыг нүүлгэж ирдэг юм уу гэвэл
Тангад
-Тэгж хоёр ажил болоод яахав нэг мөсөн л танай хоёр нүүж ирсэн дээр байхаа гэв.
Дамдин оройдоо ачлагныхаа хэдэн тэмээгээ хөтлөн буцав.
Ихэр сангийн өвөлжөө гэх энгэр наран ээвэртэй энэ газарт нэг мэдэхэд л гурван  гэр чандманьлан буужээ.
Тангад өвгөний хүүхэн дүү Хандынх  хүүгийнтэйгээ Тангадын дээр ирж айл буугаад байгаа энэ аж.
Ханд гэж   тавь  л гарч яваа  насны өндөр  нуруутай махлаг бор авгай аж.Залуудаа сайхан хүүхэн явсан гэж нутаг усныхан ярих агаад нөхөр нь нэлээд хэдэн жилийн өмнө учир битүүлгээр өнгөрчихөж. “Сайхан хүүхэн жаргадаггүй” гэдгийн үлгэрээр зовж яваа юм гэж зарим нь өрөвдөх ч зарим нь нөхрийнхөө толгойг залгисан гэж гоочлох нь ч бий.Хань ижил чинь болъё гэж эргүүлж тойруулсан эрчүүд байсан ч тэрээр хоёр хүүдээ хойд эцгийн гар харуулалгүй өдий зэрэгтэй хүн болгосон .Бүсгүй хүний үс нь урт ухаан богино гэдэг ч тэр хоёр хүүтэйгээ хэнээс ч дутуугүй таван малтай товхийсон айлын дайтай айл байж ирсэн бөгөөд том хүү Жанцан саяхан айл болсон бөгөөд аль хэдийн үр хүүхэдтэй болж Хандыг  эмээ болгочихож. Бага хүү Батхүү гэж нөхөр нь одоо зургаадугаар анги сумын төвд байранд суух ч байнгын Хандын чихийг халууцуулах дүрсгүй нь дэндсэн нөхөр байдаг бөгөөд хааяахан байрнаас явган нүцгэн оргож Ханд авгайг даралтыг хэлбэлзүүлдэг Тангадын хэлсэнээр “чөтгөрийн хүү” бий.Хар хялхаараа эцгээсээ өнчин өрөөсөн хоцорсон гээд отгон хүүгээ Ханд буруугаар эрхлүүлчихсэн нь энэ аж. Харин том хүү Жанцан бол буурь суурьтай хүнтэй эвтэй олны ярьдагаар бол “хэвтэж байгаа хонь ч үргээхгүй” хүн аж .Дутуугаа нөхөх гэж байгаа мэт ам хэл нь гүйцэгддэггүй ч ажил төрөл сайтай нэгэн бүсгүйг Жанцан  зэргэлдээ сумаас эхнэр болгон буулгаадахаж.Бүсгүйн нэрийг  Дэнсмаа гэх .Муу хэлэх нэг нь Ханд бэртэйгээ таарахгүй ээ.Гал ус хоёр шиг хадам бэр хоёр таарчихлаа гэж яривч Дэнсмаа Хандынд бэр болж орж ирээд гурван жил болоход хэрэлдэх нь байтугай хэн хэнлүүгээ хялайж харж үзсэнгүй.Харин бэрдээ Ханд амь аж Дэнсмааг хүү төрүүлэхэд өвгөний минь сүнсийг авчирлаа гээд байдгаа барин гүйж яваа Хандыг хараад муу хэлсэн зарим нь үгээ буцаасан тал бий.
.
Ханд Жанцангийн хоёрыг нүүж ирсэний орой багахан хурал Тангад өвгөнийд боллоо.Хэлэлцэх гол асуудал нь Дамдин болон хадам аавынхыг нь даруйхан бүл сайтай явж нүүлгэж ирэх ,хэн хэн явах тухай байв.Хурлаар л Жанцан Тангад Норжин гурав явахаар болж мөн ойрхон саахалт  өвөлждөг Дэнзэн гэж айлаас хүн бүлний туслалцаа авахаар тогтов. Орой нь Тангад Дэнзэнгийнхээр буувал .Тангаа ирлээ хэмээн Дэнзэнгийн хот айлынхан хөл алдан угтлаа.
Өвгөн Тангад цай ууж сууснаа гэр доторхийг нь  хараад сайн төвхнөж амжаагүй л байгаа айлууд юм гэж  бодох зуураа хүн бүлний хэрэгцээ байна гэвэл яадаг бол өөрсдөө ажил ихтэй л байгаа айлууд юм даа гэж бодож байтал Дэнзэн гэх шаримгар шар царайтай жар   шүргэж  яваа насны жавхалзсан хөдөлгөөнтэй хүн
-За Тангаа ямар ажлаар явна .Дамдингийнх хэзээ нүүж ирэх гэж байна гэхэд Тангад
-Хоёр хоногоос нүүлгэж ирдэг юм уу гээд хүн бүлний хэрэг байдаг гэтэл Дэнзэн
-Аан бололгүй яахав .Манайхан сайн төвхнөж амжаагүй л байна.Гэхдээ яахав бид суурин суух улс болно .Манай хүргэн Очирсүхийг  аваад яв.Айл хүний амь нэг саахалт хүний санаа нэг гэдэг гээ биздээ гээд зальжин байдлаар инээгээд эхнэртээ хандаж
-Тангаад хоол хийж өг гэвэл Тангад
-Хоол болноо .Маргааш эрт явна .Өглөө эрт Очирсүхийг манайхруу явуулаарай хэмээн Дэнзэнгийн уяан дээрээс мордоход од түгэж байлаа.
Өглөө эрт хөдөлсөн тэд Дамдингйинд очиж хоноод цагаан гэгээ гарах үед л хоёр гэрий нь ачаалаад арваад тэмээтэй хөдлөв.Бие давхар бэрээ эмгэн Норжин  “Ноожоогийн цагаан”нэртэй номхон цагаан тэмээн дээрээ мордуулаад ачааны хажуугаар хөтлөн явахдаа   бэрийнхээ царайг ажиж эмэгтэй хүнийхээ совингоор мөдхөн төрөх нь гэдгийг анзаарсан тэрээр санаа зовниж буй нь илт . Тангад хүү Дамдиндаа хандаж
-Чи эхнэр охин , ээж гурваа аваад түрүүлээд яв өдөржин ачаа дагаад Янжин ядарчихна .Оройтвол яана охин чинь ч даарна хэмээхэд аавынхаа үгэнд орж Дамдин ээж эхнэр хоёроо аван түрүүлэн явлаа.
Өвлийн богинохон өдөр хоромхон зуур өнгөрч нар шингэхийн алдад нүүдэл өвөлжөөндөө ирж Дамдингийнхыг харуй бүрийтэй уралдан барьж дуусаад л бүрий нөмөрчихөв.Маргааш өглөө нь Дамдингийн хадам Сандагийн гэрийг нь барилаа. Сандаг гэж хайрцагтай дүнсэн тамхитай ноцолдсон хижээлдүү насны намхан тагдгар бор хүн байх агаад залуудаа ноцолдож явсан сумын цолтой гэж ярих дэгс яриатай аманцар хүн байх нь нэг бодлын зугаатай ч гэмээр ч нөгөө бодлын түүртэй ч гэмээр хүн байх.
Харин эхнэр нь Цэвэл гэх дотогшоо дуу шуу муутай налмайсан авгай байх бөгөөд  худ нартайгаа нэг л дотно байж чадахгүй ганцаардмал гарч орох нь хүнд харагддаггүй хүн ажгуу. Сандагийнх уг нь ондоо газар өвөлждөг  ч энэ жил охин нь төрөх учир охиноо төрүүлэх гээд  хүргэнийтэйгээ өвөлжиж байгаа учир энэ буй.
Өвөлжөөндөө буусан айлууд төвхөнөөд идэш уушаа гаргаж эхлээд байсан үе байв.Нэг оройхон Дамдингийн авгай Янжин өвдөж дуншиж хот айлынхан тэвдэж эхэллээ.Жанцанг сумын төврүү  сумын  төврүү түргэнд давхиулав.”Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр” гэгчээр Норжин эмгэн худ авгай Цэвэл Ханд гурав Дамдингийнд орж хаалгы нь түгжээд түргэн ирэхээс нь өмнө эх барьж авахаар шийдэн бэлтгэл хийж эхлэв.Олон төрсөнөөрөө арай туршлагатай гэвэл Норжин эмгэн бөгөөд  авхаалж сэргэлэн анагаах ухааны анхан шатны мэдлэгтэй гэвэл Ханд байлаа.Мөн тэр залуудаа бага эмчийн курст суралцаж байсан нэгэн бөлгөө.Харин худ авгай Цэвэл өмнө хоёр гурван хүүхэд эх бариад үзчихсэн туршлагатай эх баригч хүн гэнэ.
Гэрийн гадаа холхих эрчүүд юу эсийг бодох аж.Эх хүүхэд эсэн мэнд төрөөсэй гэж бүгд бодовч Өвгөн Тангад  ачаа нуган үр төрвөл  гэж л амиа ч өгөхөөс буцахгүй догдолж байхад харин худ Сандаг хуруу хиртэй дүнсэн тамхи сонинд ороогоод түймэр тавьчихвуу гэмээр утаа май болсон хүн сууж босон  холхих нь харахад түүртэй .Энэ хүнд охин л эсэн мэнд амаржвал зээ нь охин байна уу эр байна уу огт хамаагүй аж.Дамдингийн том охин Жаргал гэж дөнгөж гурав хүрч яваа жаахан охин элдвийг шулагнан гүйж яваа нь юу болж байгааг эс мэдэх ганц хүн нь энэ байлаа.
Дамдин тогтож ядан түргэн ирж байна уу  гэж зам харуулдаж ,чимээ чагнахаас цаашгүй.Шөнө боллоо .Бэр нь өвдсөөр Тангадынд хот айлынхан хүүхэд шуухадгүй цуларав.Дэнзэн ч эхнэртэйгээ ирлээ.Энэ сайн тэр сайн гэж янз бүрийн юм барьж гүйвч тус болж байгаа нь эс мэдэгдэх аж.Мичид голлохын үед төрчихлөө хэмээн шуугилдцгаав.Хүүтэй болж гэхэд Тангад хүсэн хүлээж байсан мэдээгээ сонсож бөөн баяр болов .Тэр одоо ачдаа ихийг сургах ихийг үлдээх том өртэй болж байгаагаа ухаарах нь илтхэн.Төрөөд удаагүй байтал түргэн ч ирээд бэрийг нь хүүтэй нь сумын төврүү аваад явав.
Дамдингийн гэрийг дулаалаад хот айлынхан шинэ хүнээ угтах гэж багахан баяр наадам хийчих дөхөж хөөрцөглөх нь төрөөд арав ч хоноогүй энэ хүү  хот айлын хамгийн хүндтэй хүн гэсэн албан бус цолыг нь Тангад өвгөнөөс бараг булаагаад авчихав. Түргэний машин хүү бэр хоёры нь авчирч өгчихөөд буцахад хот айлынхан шинэ хүнээ өхөөрдөж янз бүрийн улаанаа хөөрхөнөө зэрэг нэр өгч өхөөрдөнө .Нэн түрүүнд нэрний асуудал босож ирэхэд Өвгөн Тангад
-Би ачдаа нэр өгнө гэж зүтгэсэн ч Норжин эмгэнд аашлуулж номхороод олонхийн саналыг дагахаар болж  давуу эрхээ алдаад будаанд хийж нэр сугалахаар болов.Уг нь Дамдингийн том охины нэрийг Тангад өгөхөөр зүтгэсэн ч эмгэндээ эрхээ алдсан удаа бий. Тангадын зоог барьдаг том модон тагшийг буудайгаар дүүргэж ,хот айлынхан бүгд л нэрээ хийж Дамдин шигшиж эхлэв. Бүгд л догдлоостой хамгийн эхэнд дээр нь гарч ирсэн нэрийг задлан уншвал Цагаан гэсэн нэр байв. Хэнийх вэ шуугилдвал худ Сандагийн нэр байлаа.Тангадад энэ бүхэн нь таалагдсангүй .Ахиад сугалуулах сонирхол байвч хүчин мөхөсдөж хоцров.Ачдаа нэр өгч чадаагүй гомдолтой байсан ч Тангад тэр жаахан амьтныг харахаараа гомдолоо мартдаг байлаа.Хүн өтлөхөөрөө хүүхэд шиг болдог гэдэг нь үнэн аж.
-Хүүхэд айлгах нь хүүхэд хөлслөх нь гэж  эмгэндээ  загнуулаад л   Тангад    хүүгийндээ хар үүрээр ороод суучихна.Ачаа өхөөрдөн хүүгийнхээ бараг л албан бус гэр бүлийн гишүүн нь болчихсон Тангад гэрээ мартсан гэсэр болов.Тангад өвгөний нуруун дээрээс Дамдины охин Жаргал буухгүй .Хөгшин хөвөө хоёр өдөржин хот айлуудын босгыг элээж өвлийн богино өдрийг элээж өнгөрөөнө. Хөгшин нь хатуу юманд дуртай хөвөө нь амттанд дуртай энэ хоёр хааяахан айлчин гийчингээр далимдуулаад айлын идээний чихэр , аяга тагш юмнаас хоёулаа хөөрхөн гэх чинь ходоодоо баярлуулчихна.
Өвлийн илч муутай наран доорхи өдрүүд ээлжилсээр нэг л мэдэхэд цагаан сар дөхчихөж .Хайрмал ,бууз баншаа хийх ажил   эхэлсэн бөгөөд энэ хот айл хүний олноор төвөггүйхэн л хийчихлээ.
Битүүний  харанхуй үдэш Тангад гэр дээрээ Лхам бурханы морины хоол гэж өвс, цас тотгондоо тавиад орж ирэхдээ
Нэг л их мартсан юм сануулж буй мэт .
-Эмгэн ээ энэ айлуудын хүүхдүүдийн хувийг бүрэн өгсөн биз гэхэд
Эмгэн
-Миний ажлыг шалгах яахав.Цаад хүмүүс чинь битүүрэх гээд манайхыг хүлээгээд байгаа юм биш үү гэхэд
-За одоо битүүрнэ дээ хэмээгээд идээ шүүснийхээ бүтээлгийг авчихаад авдараа ухаж нэг шил хатуу юм гарган тавих нь чихэр харсан хүүхэд мэт.
Тангадын жижигхэн гэрийн тооноор аргалын утаа олгойдож лааны бүдэгхэн гэрэл тэнгэрт ойж харагдах агаад дүн өвлийн урт шөнийг таллатал хот айлынхан битүүрээд тарлаа.
Цагаан сарын өглөө нар битүү Тангад хөнгөн хөлтэй хээр морио уначихсан хот айлын эрчүүдээ дагуулаад овоондоо мөргөхөөр мордов.
Хандын бага хүү Батхүү буурал хондлойтой цавьдар мориныхоо ангайтал тавьж байгаад ухас ухас хийлгэж уралдахын түүс болох нь хүүхэд насны л зан гэмээр.Харин Жанцан Дамдин хоёр ижилхэн хүрэн морь уначихсан дөрөө харшуулж явах ба Дамдингийн хадам аавСандаг Тангад гуайтай дөрөө харшуулж мөнөөх л бүдүүн ороосон тамхиа баагиулан утаа май болсоор хөл алаг хар мориныхоо нуруун дээр хазгай сууж ам хуурайгүй хуучлах нь Тангад өвгөнийг жаахан залхааж буй бололтой.
Овоондоо залбирахдаа өвгөн Тангад
-       Ээ баян хангай минь таньдаа баярлалаа.Таныхаа халуун энгэрт гал голомтыг минь залгах ач минь төрлөө .Дэлхий хангай ивээлээ хайрлаж мал сүрэг минь онд мэнд сайн орлоо.Оройн дээд хайрхан минь таньдаа талархалаа хэмээн босож хурган малгайгаа өмсөж овоогоо тойроод дөрвөн зүг найман зовхисыг тольдоод сэтгэл хангалуунаар
-       Энэ жил ч сайхан жил гарах нь ээ хэмээв.
Овооноос тэднийг бууж байтал Бараатын цагаан тал дээр шөнийн ангаасаа бууж байгаа бололтой хоёр чонотой таарав.
-Чоно чоно хэмээн Хандын бага хүү Батхүү цавьдар мориндоо ташуур өгөн ухасхийхэд нь Тангад өвгөн загнаж зогсооход
Тэрээр урам муутайхан мориныхоо амыг эргүүлэхдээ
-Тангаа өвөө яагаад хөөж болдоггүй юм гэвэл Тангад
-Энэ нутагт буугаад өнчин ишигний гарцгүй онд мэнд сайн орлоо.Ирэх жил ч сайхан жил болох бололтой.Шинийн нэгний өглөө хийморьтой амьтан таарлаа гэж билэгшээгээд манайхан удахгүй нүүнэ нүүхийн хооронд уул хангайн савдагийг уурлуулж юу хийнэ хэмээв.
Малын хээл хүндрээд газрын намд гарч буух болсон тул нүүх бэлтгэлээ дор бүрнээ хийж эхлэв.Хамгийн түрүүнд  хол нүүдэл хийх учир Дамдингийн хадам аав Сандагийнх нүүхээр боллоо.Сандагийнх нүүхийн урд орой өвгөн Тангадынд багахан хурал ч гэмээр юм уу эсвэл үдэлт гэмээр ч юм уу багахан хэмжээний уулзалт болов.
Тангад өвгөн эмгэнийхээ нүдийг хариулж байгаад хэдэн хундага хатуу  татчихаад буурал сахлаа шувтран эрдүү сөөнгөдүүхэн хоолойгоор
Газар холын нүүдэлдээ
Галбын хүрнээ ачаалъя уу
Гангын үнэртэй талаа туулаад
Ганцхан чамдаа очъё уу

Сайн суугаа чамдаа очиход
Сарын газар ч ойрхон доо
Салхины үнэр нь ойртсон
Сайхан нутагтаа мөдхөн очих нь дээ

Алс холын нүүдэлдээ
Атан тэмээгээ ачаалъя уу
Агийн үнэртэй талаа туулаад
Амраг чамдаа очъё уу

Дассан чамдаа очиход
Даваа гүвээ ч яахав
Дандаа санагдах нутагтаа
Давхиад буухад ойрхон байна аа хэмээн уянгалуулан дуулах нь
нэлээд сэтгэл нь хөдөлсөн шинжтэй.Сандаг тэндээс бусдын дууны дээр гарах гэж орилох шахам л
-Тангаа ч сайн дуучин юм аа.За би хэдэн  үг хэлье ээ .Худ нартайгаа энэ сайхан хайрханы дулаан энгэрт дулаахан сайхан дутах юмгүй элбэг хангалуун сайхан өвөлжлөө.Та нартаа баярлалаа.Та нар минь айл саахалт буухад минь хаяанд нөмөртэй   алт шиг  сайхан улс шүү хэмээгээд жижигхэн мөнгөн аягатай сархадыг ганцхан хөнтөрч орхиод ярвайснаа
-За би ч дуу хууранд муу хүн шүү .Харин манай эхнэр дуучин удамтай хүн шүү хэмээхэд Цэвэл
-Ээ яанаа хэмээгээд Сандагруу харахад Сандаг Жанцанд хандаж
-Цэвэл эгчдээ аяны дугараа барь гэв.Жанцан ч жижигхэн мөнгөн аягатай сархадыг Цэвэлд өгвөл
Тэрээр хоолойгоо засаж жаахан сууснаа хаанаас ийм хоолой гардаг байнаа гэмээр .Ширмэн тогоо янхийтэл цангинасан хоолойгоор

Алс  нутгийн охин доо
Айлын бэр болоод ирсэн дээ
Аргамаг саарлаа унаад гарсан даа
Амрагийн сэтгэлээ дагаад ирсэн дээ

Зээр нь чавхадсан нутгаа санадаг даа
Зэрэглээ нь үелзсэн говио зүүдэлдэг дээ

    Нуган үртэй айлын эрх охин доо
Нутаг алгасаад бэр болоод ирсэн дээ
Нуруу алаг морио унаад гарсан даа
Нууцхан сэтгэлээ дагаад ирсэн дээ

Тормон жонжоотой нутгаа санадаг даа
Тойром  цэнхэр говио зүүдэлдэг дээ хэмээн нэг сэтгэлийнхээ гүнээс энэ дуугаараа юм хэлээд байна уу гэлтэй нулмис мэлтэлзүүлэн дуулахад бүгд л нэг сонин болчихов.Дуугүй хүн нэг тэсрэхээрээ сэтгэлийн гүнд байгаа бүхнийг гаргадаг бололтой .Харин Цэвэл энэ дуугаараа хот айлынханд өөрийнхөө тухай хэлээд өгөх нь энэ аж.
-За өндөрлөе хэмээн хот айлынхан Тангадынхаас гарч ирэхэд аль хэдийн сар тонгойж байв.Тангадынд үлдсэн Ханд
-  Цэвлийг хөөрхий бүүр өрөвдчлөө .Бүүр говийн хүн гэнэ лээ .Нутагтаа очилгүй хориод жил болсон юм байна.Маргааш хөөрхий жаахан сэтгэлий нь сэргээж өгөөд явуулъя .Манайханд ам сайтай байна лээ .Хүргэнийнхээ буянд сайхан айлуудтай сайхан өвөлжлөө.Ахиад цуг өвөлжихсөн манай энэ дургүйцэх байхаа гээд Сандагийг хэлж байна лээ.Дандаа ганц гэрээр өвөлждөг юм гэсэн хөөрхий Сандаг нь адуу мал тоглоом наадам гээд хэд хоногоор алга болчихдог юм байх .Хөөрхий Цэвэл л хэдэн хүүхэдтэйгээ таван малаа нааш цааш болгодог юм байна лээ гэж Ханд Цэвлийн талаар  бараг тайлан тавьчихав.
Маргааш үүрээр л Сандагийнхыг ачаалж эхлээд л нар мандахын алдад л ачаа хөдлөв.Авгай хүүхнүүд болсон юм хойно бүгд л Цэвлийг тойрон хүрээлж
 -За манайхнаар ирж байгаарай. Биеэ бодоорой .Хойтон ирж өвөлжөөрэй хэмээн үдэж мордуулав.
Сандагийнх нүүснээс хойш хоёр хоноод л Хандын Жанцангийн хоёрын хаваржаалуугаа нүүлээ.
Өвгөн Тангадад  хаяаных айлууд нь нүүчихсэн эл хуль оргиод  нүүхийн хүслэн болно.Даанч Дамдин хадам аав Сандагийнхыг нүүлгэж яваад ирээгүй тул өвгөн  яарахаас цаашгүй аж.
Гурван сарын эхээр хаврын өнгө аяс хэдийн иржээ.Тарлан цас нь уулын арлуу шургаж салхины үзүүр нь бүлээдсэн хаврын өглөөгүүр   нар нэлээд буусан хойно арваад тэмээ ачаалсан нүүдэл Ихэр сангийн өвөлжөөний хөлөөс гарч Бараатын цагаан талыг өгсөж одох нь Тангад өвгөний Дамдингийн хоёр хаваржаалуугаа нүүж буй нь энэ аж.Тасын нуруу хойноос нь дүнхийж бэлийн салхиа гаргаж өгөөд ир гэж явуулсан мэт.  Нүүдлийн араас дагасан хаврын бүлээн салхи нь  сууж хоцрохдоо нь  өвсөн толгой налуулан даллаж үлдлээ.

Багабанди овогт Намхай Тайванжаргал

2017.09.23






                                                              



No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...