Thursday, November 30, 2017

ТЭРЭГНИЙ МОРЬ /өгүүллэг/




Тэр нэгэн бараан шөнөөс хойш миний амьдрал орвонгоор эргэсэн дээ.

Ямар азаар тэнгэрийн амьтан гэж биднийг дээдэлдэг энэ сайхан нутагт төрөв өө гэж цэцэг дэвссэн уудам талынхаа хээрийн хөх салхийг хага зүсэн давхидаг байлаа даа.

Гэтэл энэ бүхэн зүүд юм шиг хаашаа алга болчихов оо. 
Харин одоо. 
Ямар үйлийн үрээр ийм тавилантай учирав гэж өөрөө  өөртөө л харамсана. Тал хээрийн минь дэндүү сайхан үнэртэй агь таанын үнэр минь үнэртэхгүй, хээрийн сэвэлзүүр зөөлөн салхиа сөрөн давхидаг эрх чөлөө минь байхгүй.
Гагцхүү адайр ааштай эзэн, хог новшны эхүүн үнэр, хотын их чимээ шуугиан энэ бүхэнтэй хүчээр шахуу л эвлэрчээ.
Өглөө болжээ.
Хамгийн хямд үнэтэй гурилан хэвэг болон жил өнжсөн ялзарсан өвсөөр ходоодыг нь хуурсан эзэн нь гэрээсээ ханиалгасаар гарч ирлээ.
Өглөө бүхэн л хийдэг ажилдаа гарах цаг болжээ. Эзэн нь тэргээ хөллөж бэлэн болов. 
-Хандаа, хэмээн эхнэрээ ууртайхан дуудаад хашааны хаалга онгойлго гэв.
Эхнэр нь хэдэн банзаар тогтоосон хашааныхаа хаалгыг онгойлгов .
Эзэн өнөөдөр их л ууртай байгаа бололтой. Учир нь өчигдрийн олсон хэдээрээ уучихаад өнөөдөр шар тайлах юмгүй цухалдаж байгаа нь энэ байлаа.
Хаанаас ямар хог новш ачих юм бол доо.
Эзэн утсаар ярьж байгаад жолоогоо баруун тийшээ эргүүлэв. Энэ хэдэн гудамжийг бүгдийг нь сайн мэднэ. Худгийн хажуугаар өнгөрөөд урд талын гудамж руу ороод наанаасаа хоёр дахь хашааны үүдэн дээр зогсов.
-За энд чинь далий Ганаа гэж хазгар хүн байдаг. Юу ачих юм бол гэж бодохын зуур хашааны хаалга онгойлговол эзэн нуруун дундуур нь ташуурын оронд хэрэглэдэг хатуу реминээр ороолговол цочсондоо ухасхийлээ.

Хашаанд блокны хэлтэрхий болон хог новш овоолсон байлаа.
Эзэн нь далий Ганаатай худлаа ярьж суух зуур хоёр залуу тэрэгний тэвшин дээр морины хомоол болон үнс нурам болсон хогийг дор нь аччихав

Эзэн нь далий" Ганаатай их л хөгжилтэй нь аргагүй ярилцаж мар мар инээлдэнэ. Хүмүүс ярих нь энэ далий Ганаа их хэцүү хүн. Хүний аминаас бусдыг нь амьд дээр нь зүгээр салгаад авчихдаг хүн гэж ярих юм байна лээ. Эзний минь юманд дуртайг далимдуулан ганц шил юмаар баахан хог зөөлгөчихөж мэднэ дээ. Ядаж тэнд хураалттай байгаа ногоон өвснөөс хэдэн боодлыг авчихаасай даа. Энэ сайхан ногоон өвснөөс нэг идэж үзэхсэн. 

Далий Ганаа ч энэ хавьдаа л том уяач даа. Түүний тэжээж байгаа хэдэн морьд намайг их л сонирхон харах юм. Аргагүй дээ над шиг ийм туранхай мал ойрд хараагүй байлгүй.
За тэр эзний минь далий Ганаа гэртээ дагуулан орлоо. Миний бодсон ч онож байх шиг байна даа .

Ямар их удаж байна вэ.
Арай гэж эзэн минь гарч ирлээ. За яг л миний хэлсэнээр болж мань хүнээс сархад гэж айхтар идээ сэнхийн үнэртэж байна. Өнөөдөр орлогогүй харина эсвэл гадуур айлд хонож намайг мөн тэрэгнээсээ ч салгалгүй хоосон хонуулах нь дээ.
Ямар хол гэж санана тэр хогийн жалга нь. 
Хар усанд толгойгоо мэдүүлсэн энэ эзэн мөн хэцүү хүн шүү. Зүтгээд байхад л шавдуулаад тархи толгойгүй ороолгоод байх юм.
Эзэнтэй минь адилхан олон морин тэрэгтэй хүмүүс байдаг ч морь тэрэг хоёроо сайхан арчилж тордон амьдралаа аваад явж байгаа хүн ч байна .
Манай эзэн шиг ажил амьдралаа алдсан нэгэн ч байх юм. Ар гэртээ санаа зовно гэж байхгүй, муу эхнэр нь цувдай, толгой, шийр зэрэг л зарж амьдралаа авч явах юм даа.
Би ч эндээс эсэн мэнд сална гэж байхгүй байхаа. Эзнийхээ хашаанд турж үхэх эсвэл энэ жалгуудын нэгэнд өеөдөж үхэхээр тэргээ салгаж аваад л хаяна биз. Золбин ноход миний зовлого дээр зодолдоод л дуусах байх даа. Миний чадах юм эцсийн удаа ижил сүргээ эх нутгаа бодож нутгийн зүг толгойгоо харуулан үхвэл болох нь тэр дээ. Ер нь би энэ өвлийг давахгүй байхаа нас ч явлаа. Надад ямар ч тэнхээ тамир болон тарга тэвээрэг алга.
Энэ замын өгсүүрийг яана. Өгсөөд л өгсөөд л байх юм. Өнөөдрийн энэ ачаа ийм хүнд байна уу эсвэл миний тэнхээ тамир ингэж муудаа юу. Арга ч үгүй байх даа. Миний идэж байгаа өвс л гэхэд хэдэн жил өнжсөн ялзарсан өвс хашааны булангаас хааяахан зулгаадаг нохой, гахайны баастай өмхий шарилж юм чинь.
Саяхан орсон шинэ цас бас хажууд нь тун их нэрмээс болж байна даа. Тэрэгний дугуй гулгаад байх юм.
Энэ л мөргөцгийг давчихвал боллоо доо. Жаахан зогсоод амраадахвал яадаг бол.

-Чүү хэмээх эзний дуу ууртай дуу сонсогдон хүнд ремин ташуур хондлой дээр минь буулаа. Хэдийн хөдлөхийг оролдовч урд хоёр хөл минь өөрийн мэдэлгүй сөхөрч хүнд ачаатай тэрэг арагшаа чаргуулдан одоо нэгэнт хүчрэхээ байжээ.

-Муу адсага чүү хэмээн эзэн хайр найргүй ороолговч би тэргээ биш тэрэг намайг газрын уруу зөөлөн цасан дээр дүнгэнтэл чирэн одлоо. 
Энд тэнд хог новш үсрэн их дуу чимээ гаран уруудсаар мөргөцөг дээгүүр даван машин зам дээр унав.
Машины чагнаалын дуу эцсийн удаа чихэнд чийртэй сонсогдож лүг хийн биеийг нь ямар нэгэн хүчтэй юм мөргөж агшин зуур бүх юм болоод өнгөрөв. 
Нулмис бүрхсэн нүдний минь өмнө төрж өссөн нутаг минь зурсхийж нутгийн зүг толгойгоо харуулан үхэх эцсийн мөрөөдөл минь талаар болж халуун амьтай минь хамт тасран одох нь тэр.

Багабанди овогт Намхай Тайванжаргал
2005.03.15

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...