Дэгдэмхий цагаан тоос хүн малын хөлийг даган боссон ч салхины хөлөөр хаа нэгтээ уусан одох агаад нарны улбар туяа цэцэг навчийг таалан мишээх нь нэн таашаалтай. Наадмын гоёлоо өмсөж тарган морьд унасан наадамчин олон ташуураа гозолзуулан наадмын дэвжээг тойрон зугаалах нь өнгө алаг цэцэг мэт өнгөтэй бөгөөд царай зүс нэн баясгалантай ажгуу .Талбайн зүүн урд байрлах өнгө нь гандмал түмэн насан хээтэй хөх асрын хормой салхины үзүүрт дэрвэн дэгэх бөгөөд орж гарах хүмүүсийг нь ажвал бөхийн асар нь илт харагдана.Хүдэр боргил эрсийн дуу асарт нүргэлж асар нураачих нь уу гэлтэй сонсогдох нь наадамчин олны чихэнд нэн содон бөлгөө.
Бөхийн асарын баруун хойхно буланд
гандмал хүрэн тэрлэгээ тайлан зуны наранд борлосон хүдэр бор цээжээ
түхийлгэн нэг сайн суниачихаад далбаагаа өмсөн элэг бүснийхээ уяаг уяж буй бөх
бол Бадарч гэх бөлгөө.Тэрээр “арал тохойн” усаар нутагтай Ёст бэйлийн хошууны
нэрэн доороос босдог залуу бөх буюу.Омголон халуун насныхаа ид хав дээрээ
байгаа тэрээр цолонд хүрэхээр мэрийж буй агаад сүүлийн хоёр жил Галсан аварга
хэмээх зэргэлдээх Сүжигт гүний хошууны
бөхөд хоёр жил дараалан тахим буулгасан нь түүнийг өөрийгөө дайчлах хүслийг нь
улам хурцалсан ажээ.
Хар багын бөх болох хүсэлд донтож дээлтэйгээ ноцолдож бор зүрхээрээ бөхийн энэ зэрэгт хүрсэн ч Бадарч хадаг барьсан
багш үгүй билээ. Бөхийн цагаан замд нэгэнт орсон тэрээр ах захаа
дээдлэх,том цолтоноо хүндлэх монгол
бөхийн жудагт харин сайн суралцахын зэрэгцээ нутгийн олон ах нарын алт шиг
үгийг алдаж асгалгүй арчиж тордон том цолтой бөх болохоор зориг шулуудсан нэгэн аж.Бадарч бие халаалтаа хийж
байтал Дэрэм заан гаднаас орж ирэн хөхүүртэй айрагнаас хуланд
хийж залгилаад л
-За Бадарч минь...
Галсан аварга ахиад л чамайг амалж гэхэд Бадарч
-Аан тэгээ юу гэхээс өөр юм хэлсэнгүй.Дотроо ууртай
байгааг нь анзаарсан.Дэрэм заан далбаагаа тайлах зуураа
Аюур арсланд шивэгнэх шахам нам дуугаар
-Нөгөө хэнхэг аварга чинь ахиад Бадарчийг амалчихаж гэв.
Галсан аваргатай яаж барилдахаа бодолхийлж суухдаа Бадарчийн уур хүрэв.
Надаас өөр хүн амалж болдоггүй юм байх эсвэл би тийм даваа амархан өгчих бөх юм
уу гэж цухалдан гутлынхаа ногтыг чангалж байснаа тас татчихав.
Минчийтлээ уурлан цухалдаж байгаа
Бадарчийг харж суусан Аюур арслан
-За дүү минь юунд уурлахав.Амалж
амлуулж барилддагаас хойш яая гэхэв.....Харин чи аваргын баруун гарын сэнжигний
барьцыг хорьж барилдаарай.
Цаадах чинь ганцхан ухасхийгээд баруун гарынхаа сэнжигнийхээ
барьцанд хүрчихнэ шүү .Нам өр хэтэрхий гэдгэр байвал харваж тахимдаад хаячихна
шүү гэж ахмад арслан өөрийн хүү шигээ л зөвлөв.Энэ хүнийг Бадарч хүндэлж явдаг
учраас алт шиг үгий нь сонсох дуртай.Өмсдөг мэхээрээ нэг үе шуугиулж явсан Аюур
арсланг “даалимбан тэрлэгтэй амны банди
битгий хэл дархан аваргыг ч өмсөх мэхээрээ хаяж явсан хүн гэж” бөхчүүд болон
нутгийн түмэн ярихыг Бадарч олон сонсож байсан бөлгөө.
Галсан аварга гэж гуч гаран насны тэвхийсэн биетэй өндөр хар хүн цолоо дуудуулан засуулаа тойрон дэвэх нь их л
эр бярыг харуулах шинжтэй.
Үзэгчид
-Аварга өнгөтэй байна
-Аварга энэ жил ахиад түрүүлэх нь гэх яриа
Галсан аваргын чихэнд сонсогдоход тэрээр өөртөө улам итгэлтэй болж
замдаа таарсан бүхнийг нураагаад шалавхан барилдаад түрүүлмээр санагдаж адгана.Галсан
аварга Бадарчийг гурван жил дараалан
тавын даваанд амлаад байгаа нь энэ бөгөөд аваргын харцнаас харахад Бадарчийг
өрсөлдөгч гэж үзэхгүй байгаа нь харваас илт.
Бадарчийг засаж байсан засуул Дамдин
-За дүү жаахан бодолтой барилдана шүү
.Аварга энэ жил бэлтгэл сайтай байгаа юм байна лээ шүү гэв.
Галсан аварга талбайн урд захад очоод
хайрцаглан зогсож Бадарчийг
хүлээв.Нээрээ бэлтгэл сайн хйисэн бололтой бие нь наранд борлож хүрлийсэн хар юм
болж.Тэрээр баруун гараараа сэнжигээс
авах гээд ухасхийхэд нь Бадарч орж ирсэн
хөлөн дээр нь хавирвал аварга зөрүүлээд хавирсан хөлий нь хальт шүүрч түрээд
тогтов.Талбай голлоод ахин өрлөө.Аваргын
баруун гарынхаа сэнжигний барьцыг Бадарч хорьж дийлсэнгүй. Галсан аварга
хорьсон ч авна хориогүй байсан ч
барьцандаа хүрэх аж.Тэрээр ухасхийн Бадарчийн баруун сэнжигээс атгаж авангуутаа
урдуураа гүйлгэж татан хонгодоод цацаад шидчихэв.Бадарч элэг бүсээ тайлан
тахимаа өгөхдөө аваргад
-Халхын дэвжээн дээр таны амлах бөх
цөөдөөгүй л байлтай.Начин цолны төлөө зүтгэж буй намайг та хэдэн жил тавын
даваанд амласнаа эс мартаа байлгүй гэвэл
Галсан аварга
-Амлах эрх нь надад байгаа цагт яая
гэхэв гээд туг тойрохоор гүйв.
Дэрэм заан Аюур арслан хоёр Бадарчийг
асарт орж ирэхээр нь
-Чи яагаад баруун сэнжигээ өгчихөв
.Бариулж болохгүй гэж хэлсээр байтал гэж зэмлэв.Харин Бадарчийн хувьд нь өрхийг нь бүтээгээд хаалгы хаагаад гал
түлчихсэн гэр шиг л дотор нь уурандаа
давчдаж байх нь илт . Тэрээр ахиад л хойтон жилийг хүлээх хэрэг гарав буй .Бөхчүүд
Галсан аваргаас
-Та яагаад Бадарчийг амалдаг юм
.Хөөрхий цолонд хүрэх гээд гурван жил зүтгэлээ гэхэд
Галсан аварга их л тохуурхангуй
-Би Бадарчийг намайг хаядаг болтол нь
амална даа гэв
Бадарч хэзээ хойно нутгийн нэг ахмад
бөх Аюур арслангаас Галсан аварга яагаад
өөрийг нь амлаад байгаагийн учрыг мэджээ.Энэ нь хошуу ноёдын зөрчилтэй
холбоотой аж .Байнгын морь бөх хоёроороо өрсөлдөж ирсэн хошууны ноёдын
атаархасан ,адгасан хонзогнолоос улбаатай
аж.Нэгэн үе Бадарчийн хошууныхан морь бөх хоёроороо Галсан аваргын
хошуунаас илүү байсан тул үүнээс үүдэлтэй атаа жөтөө хэл ам өнөөг хүртэл
сунжирч Бадарч хэлмэгджээ.Харин Галсан аваргын хошууныхан олон аварга арслантай
болсон учир Бадарчийн хошууны бөхчүүдийг сүүлийн хэдэн жил цолонд үл хүргэсэн
гэнэ.
Гэхдээ Бадарч аваргаас нэр нүүрээ барж
гуйхыг хүссэнгүй.
Хавар хэдийн иржээ.Дэлхий дэлэгнэж
цэцэг навч алаглан мал малчин хоёрын жаргалтай сайхан айсуй.Өнгөрсөн долоон
хошуу наадмын яриа намдаагүй байтал аль хэдийн энэ жилийн долоон хошуу даншиг
наадам хаяанд ирчихэж .Бадарч бэлтгэлдээ Аюур арслангаар ахлуулсан нутгийн хэдэн бөхтэйгээ гарлаа.Хамгийн гол нь
Бадарч Галсан аваргыг өвдөг шороодуулахын тулд маш сайн бэлтгэл хийсэн бөгөөд
бэлтгэл нь нэн сайхан жигдэрсэн гэж Аюур арслангийн амнаасаа унагасан алт шиг
үг нь ч ортой .
хххх хххх хххх хххх
Хүй мандалын хөндийг хүн мал хоёроор дүүргэж таанын үнэр
нь тараг айрагны үнэртэй хоршсон долоон хошуу даншиг наадам эхэллээ.Залуу бөх Бадарч
даваа бүртээ учраагаа төвөггүйхэн давсаар
босго өндөртэй мөнөөх л тавын
даваандаа тулаад ирэв.Галсан аварга амлах бөхчүүдийн нэр сонсож байснаа
Бадарчийн нэр сонсогдонгуут
-Бадарчийг авъя гэхэд
Тэнд байсан хүмүүс аваргад юу ч хэлж
чадсангүй.Уг нь энэ жил даншигийн начин цол авах хүмүүсийн нэгд яах аргагүй
Бадарч яригдаж байсан юм.
Харин Бадарч өөрийг нь аварга амлана
гэдгийг мэдэж байсан учир тайван байв. Өөрөө ч мэдэхгүй аварга намайг амлаасай
хэмээн бодож байснаа санах нь нэн сонин аж.Учир гэвээс Бадарчийн сэтгэлд уулыг
нурааж усыг хашиж тогтоомоор бяр амтагдаж байсныг нуух юун.
Бадарчийг Аюур арслан бэлтгэл сайн хийлгэсэн
гэж дуулсан тул Галсан аварга тогтоож ирийг нь дарж барилдахаар бодолтой гарч
ирсэн нь илт.Харин Бадарч аваргад зориулсан барилдааны арга мэхийг бэлдсэн
байсан тул шууд өрөнгүүтээ хөлд нь хий дохиод буцаж гарангуутаа элэг бүснээс
барьж аван хий суун дунгуйлдаад татвал аварга нэг гараараа газар тулан босоод
ирэхээр нь Бадарч давхар хамаад дайрчихав.Хүнлүү орчихсон тул Бадарчийг давсан
гэж тооцсонгүй.Аварга эмээж эхлэв.Өмнөх үеийн Бадарч биш болжээ.Харин Бадарчийг
болох юм байна гэсэн өөрийгөө мэдэрсэн сэтгэл нь хурцлаад өгсөн бөгөөд хурд
мэхэндээ даацтай байгаа нь үзэгчдийн
таашаалыг нэн бахархалтай хүртэх аж.Талбай голлоод ахин өрлөө .Бадарч
сэнжигнийхээ барьцыг халах гээд арагшаа хяртал аварга нааж хавираад залгуулан
голлож түрэн хөөхөд нь Бадарч тосгуулаад хавиртал аварга цэцийн ширээнд тулан
тогтоов. Барьцтайгаа буцах зуураа аварга
бяцхан заль хэрэглэж үндсэн мэх болох давуулж гуядах мэхийнхээ барьцанд
хүрэнгүүтээ давуулаад гуядлаа.Бадарч аваргын энэ мэхийг мэдэх учир дотуур нь
сүлжиж хутган зүтгэж хоёулаа ойрхон уналаа.
Үзэгч олон Бадарчийн талд нэгджээ.
-Бадарч давсан гэж шуугилдвал хөлийн
цэц хайнцсан гэж үзэв.
Галсан аварга буруу ам авсанаа одоо л
ойлгов.Ахиад л өрж эхлэв.Бадарч эмнэг адуу шиг тачигнуулж байхад аварга харин нэлээд цуцжээ.Бадарч аваргын
хөлийн гишгигдэлийг нь харж байгаад барьцгүй тас хийтэл хавиртал аварга
хажуулдаж ирээд гар нь барьцтай байсан тулдаа л тогтоход нь голлоод түртэл
үзэгчид тулчихав.
Сэтгэл зүйн дайралтанд Бадарч бараг
ялжээ.”Ингээд амал гэсэн шиг “ Бадарч хүссэн барьцаа авч хүссэн мэхээ чөлөөтэй
хийж байхад харин Галсан аварга “хэрэггүй амалж яаж хаях вэ гэсэн шиг “цаг
нөхцөөж барьцаар баглахыг бодох нь хэн ч харваас нэн илт.
Аварга Бадарчийн адуу шиг хөлийг
нь гүйцэхээ больж ирлээ.Хав барьцанд
хүрэнгүүт Галсан аварга энэ боломжийг ашиглах ёстой гэж үзсэн бололтой шахаж
татаад Бадарчийн цээжин биеийг дээш нь гаргаад цээжрүү нь толгойгоороо
мөргөн хөөнгүүт нь Бадарч тосгуулж нааж
хавираад мушгитал аварга ч нисэлттэй пид хийн уналаа.Харин Бадарч хойноос хөл
алдан дөрвөн хөллөөд бослоо.Яах аргагүй Бадарч давлаа.Цэц шийдвэрээ гаргаж
чадсангүй ноёдын асарлуу гүйлээ.Галсан аварга давсан гэсэн шийдвэр гарсан байв.
Үзэгчид наадамчид
-Бадарч давсан Бадарч давсан
хэмээн янз бүрийн хоолойгоор түрхрэн
хашгиралдах нь Бадарчийг цолонд хүрээсэй гэж өөрөөс нь дутуугүй үзэгч
түмэн хүсэж буйн илрэл буй.
Аварга Галсан гараа өргөөд Бадарчийг тахимаа
ирж өгөхийг хүлээн зогссон ч Бадарч харин
тахимаа өгөхийг хүссэнгүй засуулаас малгайгаа аваад олны дундуур орлоо.
Наадамчид үзэгчидийн хайрладаг байсан Галсан аварга энэ өдөр харин аваргын нэр
хүндээ улан доороо гишгичихэв.
Ноёдын асарт Бадарчийг ноёд хэлэлцэх нь
-Ёс журамгүй амьтаныг цаашид бүү
барилдуул
- Наадамд барилдах эрхий нь хасаж агт
морь нэг атан тэмээ нэгээр торго гэж хэлэлцэж тогтоод
наадамчин олонд зарлажээ.
-Ёст
бэйсийн хошууны залуу бөх Бадарч нь үзэгч түмэн болон ихэс дээдсийг үл хүндэлсэн
ёсгүй авир гаргаж монгол бөхийн жудаггүй үйлдэл үзүүлж аварга Галсанд өвдөг
шороодчихоод тахим буулгаагүй тул цаашид барилдах эрхийг нь хассан бөлгөө.Мөн
агт морь нэг атан тэмээ нэгээр торгох
болсоныг зарлан түгээмүй гэжээ.
Харин энэ үед Бадарч хээр морио усан
хулгана болтол давхисаар нутгийнхаа овоон дээр гарч ирлээ.Овоондоо сөхөрч
суугаад залбирахдаа
-.Ноцолдож болдоггүй наадам гэж байдаг
юм байна.Ноёны бөхийг унагаж болдоггүй наадам
гэж бас байдаг юм байна.Хайрхан
их уулс савдаг минь өршөө. Миний бөхийн замнал энд хүрээд дууслаа. Нутгийн минь
эрчүүдийн буян заяаг түшиж олон сайхан бөх төрүүлэхэд ивээлээ хайрлаарай гэж
залбираад овооноос буув.Тэрээр гэрлүүгээ
харих замдаа хүргэн ахынхаараа орж зодог
шуудагнаасаа адис авчихаад хүргэн ахынхаа том хүүд өгөөд
- Аавынхаа дутууг хүү нь гүйцээдэг
юм.Ахынхаа аваагүй цолыг миний дүү авч ахыгаа баярлуулаарай гэж духан дээр нь
үнсчихээд хүргэн ахынхаасаа мордохдоо
сэтгэл нь хөнгөрөөд нэг л сайхан болчихсон байлаа.
Хэд хоногийн дараа наадмын сонин дуулахад
Галсан аварга долоогийн даваанд харьж яваа Бадарчийн нутгийн арслан Аюурыг нь амлаж аваад алдарт “босоо өмсөө” мэхэнд нь орж дүйртлээ шидүүлсэн гэж дуулаад манай
нутгийн нь зүг монгол бөхийн хийморийн салхи эргэж байгаа юм байна дээ хэмээн
Бадарч баярлаж байлаа.
Н.Тайванжаргал
No comments:
Post a Comment