Thursday, November 09, 2017

Эх орондоо


Та миний
Тавиланг зурахдаа тал хээрийн нутагт төрнө гэж зурсан эх орон
Та миний
Тангарганы үг шиг ташуураа далайсан эр зоригийн эх орон
Та миний
Тамгатай хүлэг шиг тал дунд мөрөө үлдээсэн хийморьтой эх орон
Та намайг
Өвгөдийн сүнсээрээ амилахад минь өмнөөс минь тосож авсан эх орон
Та намайг
Өрхөө татаж үүдээ нээхэд минь үрийн заяаг минь дуудсан эх орон
Та намайг
Өглөө наранд өөрийгөө даатгахад минь өвөртөө багтаасан эх орон
Та миний
Тулж тэнцсэн чулууг минь тулганы чулуу гэж нэрлэсэн эх орон
Та миний
Туургат монгол гэрий минь хоймор
тухалж заларсан эх орон
Та миний
Туууж ирсэн хүлгийн нуруун дээр минь туг шиг намирсан эх орон
Та намайг
Сарны бүдэгхэн туяан доороо саатуулсан эх орон
Та намайг
Сайхан нойрсоорой гэж саруулхан шөнийн оддоороо хучсан эх орон
Та намайг
Салхины зөөлхөн илбээгээрээ санаа тавьж асарсан эх орон
Та миний
Тээж төрүүлсэн ээж шиг минь тэвэрч өсгөсөн эх орон
Та миний
Тэмцэж зүтгэсэн амьдралд минь тээг болоогүй тэнгэр шиг эх орон
Та миний
Тэвчээрийн хязгаар дээрээс минь тэмц гэж хурцалсан эх орон
Та намайг
Үүд хойморын газраас мөлхөж өндийхөд үүдээ нээж угтсан эх орон
Та намайг
Үүрдийн амьдралаас өөрийгөө чөлөөлөхөд үдэж өгөх эх орон
Та намайг
Үнэний мөр дээр үдлэхэд минь үргэлж дэмнэсэн эх орон
Та миний
Бүтэн биеийг минь бүхнээс илүү хайрласан эх орон
Та миний
Бүдэрч унасан чулуун дээр минь бүлээн сүү дусааж аргадсан эх орон
Та миний
Бүүвэйн дууны аянд бүрэн хөглөгдсөн эх орон
Та намайг
Жамт амьдралаас минь жаахан хазайхад түших эх орон
Та намайг
Жаргалдаа ташуурхад минь зааж чиглүүлэх эх орон
Та намайг
Заяа тавилангаа сурахад минь заавал олж өгөх эх орон
Та миний
Эцгийн минь нэрээр намайг овоглосон Монгол нэртэй эх орон
Та миний
Ээжийн минь хайраар намайг хайрласан хайртай эх орон
Та миний
Энэ бие сэтгэлийг минь хөглөсөн эгшиг дууны эх орон
Н.Тайванжаргал
2017
Image may contain: sky, cloud, mountain, nature and outdoor

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...