Friday, November 10, 2017

ЭЭЖДЭЭ ИР /өгүүллэг/



Болдынх жинхэнэ хайраар дүүрэн айл гэж манж үгтэй найз нөхөд нь цаасан малгай өмсгөх нь Туяагийн чихэнд чимэгтэй   сонсогдох тул энэ үгэнд тэрээр  их дуртай. Найзууддаа байдгаа барьдаг  хөнгөн занг нь ашиглаад сурчихсан найз нөхөд нь манай Туяа хоол сайн хийдэг сайн ухаалаг сайхан  эзэгтэй гээд хөөргөх тул тэрээр үе үе найз нөхөдөө гэртээ уриад хөөрхөн “парти” үдэшлэг зохиочихно.
Харин нөхөр Болд эхнэрийнхээ хов ярьсан хормой ухсан найз нөхөдөөс залхаж тээршаах нь учиртай.Нэгэн төрийн байгууллагад багахан албан тушаал хашдаг тэрээр орой ирээд баахан тоон дотор толгойгоо гашилгаж суух ажилтай.Авгай хүүхний ярианд үл оролцоно.Тэр найз нөхөдөө ондоо өнцөгөөс харах учир нөхөрлөлийн үнэ цэнийг дэндүү сайн мэднэ.Хар багын хэдэн найзтайгаа хааяахан суух ч хэтрэлгүй хэмжээнд нь тааруулан татчихаад олон таван үггүй гэртээ ирээд унтчихна.
Харин эхнэр Туяа нь нэгэн хувийн эмнэлэгт бага эмчийн ажил хийдэг. Цэцэрлэгийн насны хоёр хүүхэдтэй энгийн нэг л гэр бүл .
Явуургүй үг явдалтай найз нөхөд ямагт хар үг зөөж хамгийн олиггүй занг гаргадаг нь үнэний хувьтай аж.Болдын ажилладаг  байгууллагын нь  ой болоод нэгэн томоохон зочид буудалд ойгоо нүсэр тэмдэглэжээ.Ууж идэх гэж шүлэнгэтсэн хүмүүсийн хөлд чирэгдэж, Болд энэ орой нэлээн татчихав .Гэхдээ согтуу хүн сохор ухаантай” гэгчээр өөрийгөө мэдэж хянаж байлаа.Буудлаас гараад салхинд цохиулаад хагас ухаантай амьтан хаана яваагаа мэдэхээ байж .Ажлынх нь хүмүүс нэгэн буудал очоод шөнөжин найрлаж, өглөө босоод л бөөн хэрэг мандаачихаж. Буудалд  ажлынхаа газрын хүүхнүүдтэй  идэж ууж согтуурхаж байгааг нь   хэн нэгэн зургий нь дараад эхнэрт нь илгээчихэж.Хөөрхий Болд үнэнийг хэлэхэд хэн нэгнийг нь оролдож татсан юм үгүй аж.Олон эмэгтэйчүүд ажилладаг газарт хэл ам атаа жөтөө их байдгаас хойш Болдод атаархдаг хорсдог хэн нэгнийх нь хийсэн ажил нь ойлгомжтой.Өглөө сэрээд хажуудаа хэвтэж буй хүүхнүүдээс  цочсон Болд босон харайж хувцас хунараа хам хум өмсөөд гэрлүүгээ яарав.Хэзээний утсанд нөхөр нь  хүүхнүүдтэй шоудаж байгаа зураг ирчихсэнийг үзсэн Туяа гал усруу орчихмоор халуу шатан байхад Болд орж ирж таарав.Босгоо давангуут л Туяа шатаж гарлаа.Болд өөрийгөө өмгөөлж ганц үг дуугарсангүй ухаанаа алдчихсан байсан тул юугаа ч мэдэхгүй байлаа.Уг нь Туяа нөхөртөө энэ тал дээр хатуу итгэдэг байсан ч зураг хөрөгтэйгээ ирчихсэн тул Болдод зайлах ямар арга чарга байсангүй .Турхирч өгдөөдөг найзууд нь Туяад сайн зөвлөгөө өгчээ.Тэрээр  Болдын толгойг эргэтэл бууж байгаад дуугарахгүй суугаад байхаар нь
 -Чамаас саллаа хэмээн хаалга саваад гарч одлоо .Болд эхнэрийнхээ түргэн ууртайг мэднэ.Уур нь амархан гардагийг ч мэдэх учир удахгүй ороод ирнэ гэж хүлээлээ. Орой боллоо ирсэнгүй мөн шөнө боллоо байдаггүй .Нойргүй хоносон Болд өглөө хүү охин хоёроо хувцаслаад цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд ажилдаа явлаа.Өдөржин утасруу нь залгалаа байдаггүй .Хаягаа шалгалаа мэйл байдаггүй .Болд бүүр айчихав.Орой харин гэртээ иртэл хамаг гэрийн юмыг онгичоод Туяа өөрийнхөө хувцас хунарыг аваад явчихсан нь нэгэнт салахаар шийдсэн нь илт .Болд сая л ойлголоо.Би хань ижлээ гомдоосноос ийм байдалд хүрлээ гэж өөрийгөө л зэмлэхээс цаашгүй
Найз нөхөд, ах дүүгээс хааяахан сурах ч үл хэлэх агаад өөрийг нь харин араатан мэт хардаж хялалзах нь Болдод тун хэцүү.Туяа гэрээсээ яваад зургаан сар болсон ч сураг чимээгүй ах дүүс нь үл хэлэх аж.Хүүхдүүд нь өглөө оройгүй ээжийгээ нэхдэг байсан нь багасч нэгэнт цөхөрсөн нь илт .Хоёр хүүхдээ ингэж амьдын зовлонд унагамааргүй юм хэзээ нэгэн цагт Туяаг ороод ирнэ гэж хаалга цохих тоолонд горьддог байсан Болд одоо өөрөө ч гэсэн нэгэнт цөхөрчээ Болд хоёр хүүхдээ цэцэрлэгт нь зөөгөөд ажилдаа яван амьдралынхаа ачаанд түүртэж явсаар нэг л мэдэхэд жил болчихож.Нэг өглөө эрт ажилдаа явах хоёр хүүхдээ босготол хүү нь жигтэйхэн халуурчихсан байв.Дэмий л даргадаа утсаар хэлж чөлөө гуйвал үдээс өмнөх чөлөө өгье гэв. Хажуу талынхаа  эмгэн өвгөн хоёрд учир байдлаа хэлж охинооо  үлдээчихээд хүүгээ аван эмнэлэг явлаа.Хүн ихтэй дараалал нь урт өрхийн эмнэлгийн хонгилд хүүгээ тэврэн сандалгүй наашаа цаашаа холхих Болдыг анзаарч байгаа хүн алга.Үдээс өмнө үзүүлж чадсангүй цайндаа ч явж чадсангүй сахиж суусаар байгаад үдээс хойш арайхийж үзүүлвэл эмч
-Хатгаа хүндэрсэн байна .Дүүргийн эмнэлэгт  оч гэв.Ажлаа яахав хүүгээ яахав Болд шөнө бараг унтсангүй. Уйлагнан хөрвөөх хүүдээ хүйтэн юм уулгаж дэмий л толгой дээр нь нойтон алчуур тавьж үүр цайлгав.Дүүргийн эмнэлэгрүү өглөө эрт хүүгээ тэврээд гарав.Хүнд суртал хүний олон энэ дүүргийн эмнэлгийн шийдэж чадахгүй зовлон мөн аж.Тэр өдөртөө мөн л хүүгээ үзүүлж чадсангүй танил нүүр таван цаасгүй бол хүүгээ үзүүлэх аргагүй гэдгийг ухаарсан Болд маргааш өглөө нь нэгэн танилаараа нэг таньдаг эмчрүү нь яриулж байж арайхийж хүүгээ эмчид үзүүлсэн ч олигтой юм хэлсэнгүй улсын зэрэглэлтэй эмнэлэгт үзүүл гээд өөрөөсөө шилгээчихэв.
Даргадаа үнэн учир байдлаа хэлж байж арван долоо хоногийн цалинтай чөлөө аваад эмнэлгээр явсан ч хүүгийн өвчин  улам хүндэрсээр.Дээшээ тэнгэр хол доошоо газар хол болов.Хүүгээ тэвэрч явсаар гар дээрээ өнгөрөхийг үзээд  Болд сэтгэл санаагаар унажээ. Угийн дуу цөөтэй хүн улам дотогшоо болж хамт олноосоо  тасарч байгааг анзаарч ,тулж түших найз нөхөд ховорхон аж.Багын хэдэн найзтайгаа хааяахан уулзах ч эр улс юм хойно нарийн учир ойлгохгүй таван төгрөг өгөхөөс хэтрэхгүй.Өгдөг зөвлөгөө миний найз залуу халуун дээрээ эхнэр ав гэж шавдуулах.Нэгэнт эмэгтэй хүнд итгэл алдарсан Болдод юун эхнэр авах .Газар дээр үлдсэн ганц охиноо хүний дайтай өсгөх бодол л шаналгана. Ажил таслах нь байтугай минут ч хоцорч үзээгүй хүн хааяахан ажил тасалдаг болов.Ажлын газраас хөдөө томилолтоор яв гэж дарга нь тушаажээ.Хэзээ ч тэр даргынхаа өөдөөс дуугардаггүй хүн  харин энэ удаа даргын тушаалыг зөрчин
-Би явж чадахгүй хэмээн хаалгы тас саваад гарсан сураг дуулдав.Ажлынхан нь Болд дарга хоёрынхоо талд хоёр хуваагдан мэтгэлзэх нь

-Даргын зөв ш дээ гэх зарим нь байхад
-Болдын зөв ш дээ.Хань ижил хаяад явчихсан .Хүүхэд өнгөрөөд удаагүй .Жаахан охин хүүхэдтэй хүнийг хөдөө олон хоног яаж томилолтоор явуулдаг юм гэж хэлэх нэгэн ч байна
Албан газрыхан нь бүгд л ээлжийн томилолтоор явчихсан тул энэ удаад Болд явахаас аргагүй боллоо.Охиноо өөрийн холын хамаатныдаа захиж үлдээгээд явахаар болов Охин нь үлдэхгүй гэж дагаж уйлахад нь тэрээр жаахан халамцуу ч байсан тэр охиноо тэвэрч үнсээд
-Аав нь удахгүй ирнээ .Миний охин хичээл номоо сайн үзэж байгаарай гэхэд охин нь
-Ааваа та удаж болохгүй шүү .Ээж ингэж яваад эргэж ирээгүй шүү дээ гэхэд Болдын нүдэнд нулмис цийлэгнээд ирсэн ч охиндоо харуулсангүй сэмхэн арчаад гарлаа.
Болд хөдөө явсаныхаа маргааш нь  л  машины осолд оржээ.  Машин дотор байсан хүмүүсээс гурав нь хүнд гэмтэж Болд ойролцоох сумын эмнэлэгт ухаангүй хоёр хоноод бурхан болжээ.Ах дүү тулж түших хүн цөөн тул албан байгууллагаас ажлын хэсэг гаргаж ажил явдлыг нь цэгцлэв.Өнчин хоцорсон охиныг нь улсын асрамжийн газарт  өгчээ.

 Туяа гэрээсээ гараад таван жил болжээ.Увайгүй ухамсаргүй найз нөхдийн үгэнд орж дарвиж явахдаа өөрөөсөө өчнөөн дүү залуутай танилцан нэг гэрт ороод Францруу гараад таван жил амьдрахдаа шинэхэн ханилсан нөхрийнхөө тарыг таньж “уулын буга хараад унасан бухаа тавив “гэдгийн үлгэр болжээ.Хартай хөрөнгөтэй нөхөр нь амьд үзмэр шиг харж цагдан хорих болсонд тэрээр торонд орсон болжмор шиг л болчихжээ.Туяа одоо л ойлгожээ.Сайхан ханиа буруутгах шалтгаан өөрөө сэдэж түүнээр нь шалтаглан гарч ирсэнээ тэр дэндүү хожимдож ойлгожээ.Нөхөр нь нэгэн гадаад хүүхэнтэй нөхцөж Туяаг ад үзэх болсон тул “тураг ядрахаар уулаа” гэгчээр тэр монголруугаа буцахаас өөр аргагүй болов.Тэр онгоцноос буугаад л сэтгэл нь догдолж хүү охин хоёр минь яаж байгаа бол Болд намайг яах бол гэсэн бодолд ээрэгдээд нэн хэцүүхэн байсан ч өөрийн төрсөн дүүгийндээ буугаад л маргааш өглөө нь эртхэн босоод амьдарч байсан байрандаа ирж гэрийнхээ хаалгыг тогшин зогсож байхдаа тэрээр догдолж бас эмээж байлаа. Хаалга нээж өгсөн хижээл насны цээж нүцгэн бадриун эр -Хэнтэй уулзах вэ гэж дүнгэнүүлэн дуугарахад Туяа -Энэ Болдынх биш үү гэхэд 
-Манайх энэ байрыг худалдаж авсан гэхэд Туяа мухардалд орлоо. Орцны үүдэнд хаачихаа мэдэхгүй сууж байтал Гэнэт хажуу талаас нь
 -Чи Туяа мөн үү гэж нэг эрэгтэй хүн асуухад нь харвал Болдын багын найз Ядамхүү гэж ойролцоох байранд амьдардаг эр байлаа. 
-Мөн мөн гээд манай гурав хаашаа...гэтэл 
-Ээ Туяа минь чи дуулаагүй юм уу .Чамайг явсанаас хойш энэ гурав минь их зүдэрсэн дээ.Чи сэтгэл чангатай байгаарай .Хүү чинь өнгөрөөд удалгүй Болд зуурдаар өөд болчихсон.Охин чинь асрамжийн газарт өсөж байгаа.Нэгэнт ийм юм болсонд одоо би чамайг буруутгаад яахав дээ .Гэхдээ муу найз минь хоёр хүүхдийнхээ төлөө амттай юм амандаа хийлгүй аятайхан ч хувцас өмсөж чадалгүй байсаар бурхан болсон доо гэчихээд дуугүйхэн босоод явчихав. Туяагийн нүднээс харууслын нулмис бөөн бөөнөөр цувран урсахад тэрээр болдогсон бол өөрийгөө хорлочихмоор тийм л шаналан өөрт ирчихсэнийг ойлгосон нь дэндүү хожуухан ухаарал байлаа. Үхсэнээс үлдсэн юм гэж охинтойгоо уулзаж эхийгээ санаж эцгийгээ үгүйлсэн дүүгээ хайсан сэтгэлийг нь дэвтээхийг хүсэх нь гэмээ цайруулах боломж гэж бодлоо. Асрамжийн газрын хашааны гадаа саадан дунд асрамжийн хүүхдүүд дунд гүйж явах охиноо хараад ийм хөөрхөн охиноо орхиж явсандаа өөрийгөө буруутгахаас хэтрэхгүй. Асрамжийн газрын даргатай нь уулзан учир байдлаа хэлж охинтойгоо уулзсан боловч охин нь харин ярихыг хүссэнгүй харин эсрэгээрээ -Та дүүг минь өнгөрөхөд хаана байсан юм. Та аавыг минь өнгөрөхөд мөн хаана байсан юм .Аавыг минь бид хоёрын төлөө нойр хоолгүй ажиллаж байхад та хаана байсан юм .Миний сэтгэлд ээж гэж хүн байхгүй. Хар нялхаас минь хаяад явсан хүн миний ээж байх ёсгүй .Би ээжгүй өнчин хүн .Миний ээж эрт бурхан болсон гэхэд Туяад хэлэх үг олсонгүй .Нүднээс нь нулмис асгарч -Миний охин оо ээждээ ирээч гэхэд хаалга саван гүйгээд явчихлаа.Туяа амьдралын мөн чанарыг одоо л ойлгож байх шиг Охинтой ойртох арга зам хайсан Туяа асрамжийн газрын хүндэтгэлийн самбарт тавигдсан Болдын Анхцэцэг нэр овогтойгоо дурайх охиныхоо зургийг хараад яг аав шигээ миний охин чинь тоондоо сайн юм байна гээд бодож зогсож байтал нэг жаахан охин нэгэн цаас авчирч өгсөнийг уншвал Ээжээ гэж би таныг дуудаж чадахгүй .Таны хаяж явсан таван настай охин одоо арван нэг хүрч байна.Та ахин энд бүү ирээрэй таныг харахыг хүсэхгүй байна гэсэн том хүн шиг хэрсүүхэн бичсэн зурвасыг уншаад Туяа нулмисаа залгин асрамжийн газрын үүдэнд үдэш орой болтол нэлээд сууж байгаад буцлаа. Урд урдны аманцар бусдыг уриалан дуудаж толгойд явдаг Туяа шал ондоо болжээ.Тэрээр ихэд бодлогширсон дотогшоо хүн болчихсоныг найз нөхөд ах дүүс нь гайхах болов. Ганц хорвоод амьд явах утга учир нь охин нь л болоод байгаа учир охинтойгоо ойртох арга эвийг олохыг хичээж байрных найз нөхөдөөс нь охиныхоо тухай сонсох болов .Хамт амьдардаг нэг хүүхдээс нь ангийнхаа нэг хүүхдийн төрсөн өдөрт очих гэж байгааг дуулаад тэр байрных нь үүдэн дээр машинтайгаа ирэн хүлээв. Охин нь үе тэнгийн хоёр охинтой ирж явааг нь хараад Туяа машинаасаа буун өмнөөс тосвол Тэрээр
 -Та энд юу хийж байгаа юм гэж хэг ёг хийхэд нь Туяа нулмис бөмбөрүүлэн 
-Миний охин ээжийгээ уучлаач .Ээждээ ирээч хэмээн гуйхад охин нь хар цагаан дуугүй буцаад гүйчихэв. Асрамжийн газрын ажилтан шиг л өглөө ирээд орой буцдаг болсон Туяа үхтэл үр харам гэгчээр охиноо хаа л явсан газар нууцхан дагаж явдаг боллоо.Охиндоо өөрийнхөө алдаа гэмшил бүхнийг багтаасан зурвасыг өдөр бүр бичдэг болсон ба түүнийгээ охинтойгоо хамт амьдардаг охиноор өгүүлдэг болов. Сүүлд тэр охиноос дуулах нь охин нь зурвасыг уншчихаад дэрэн доогуураа хийж хураадаг гэж дуулаад Туяа охиныхоо сэтгэл нь эргэж магадгүй гэж горьдов . Анхцэцэг охины сургуулиас нь эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тохиолдуулан ээждээ зориулан захиа бичих уралдааныг зарлажээ.Ангийнх нь бүх хүүхдүүд захиагаа өгчихөөд байхад Анхцэцэг хамгийн сүүлд уралдааны дүн хэлэх өглөө нь захиагаа авчирч өгөв.Ангийнх нь багш бүх ээжүүдийг нь урьж байгаад нэг нэгээр нь ээжүүдэд уншиж өгчээ. Хамгийн сүүлд Анхцэцэг охины захиаг нээгээд уншив. 
                                            Сайн байна уу ээжээ 
Ээжээ та намайг багад минь хаяад явсан ч би таныг уучлахаар шийдсэн  .Аав дүү бид гурав таныг ирэх болов уу гэж ямар их хүлээсэн .Та ганц ч удаа захиа бичээгүй.Утсаар ч яриагүй.Дүү минь л хамгийн их бэтгэрсэн. Ямар хөөрхөн сэргэлэн хүүхэд байлаа.Таныг явсанаас хойш байнгын өвчин зовлон ороосон уйланхай бие муутай болсон дүү минь.Хаалга цохих тоолонд гүйж очдог байсан дүү минь өвчтэй хэвтэж байхдаа ч хаалга тогших чимээ болгоныг хүлээдэг байсан Таныг хамгийн их хүлээсэн хүмүүс бол яг үнэндээ аав дүү хоёр минь юм шүү . Гэхдээ та ирээгүй.Ааваасаа дүүгээсээ хагацахад мөн л та байгаагүй.Ээждээ хөтлүүлэн сургуулийн хаалгаар орж ирсэн хүүхдүүдийг хараад атаархасандаа таныг үзэн ядаж аавыгаа үгүйлдэг байсан.Би бага байхдаа заримдаа муу хүүхдийг ээж нь хаядаг гэж итгэдэг байсан.Би сайн хүүхэд болох гэж маш их хичээсэн .Сайн хүүхэд байвал ээж минь ирнэ гэж итгэдэг байсан.Би ангидаа сурлагаараа тэргүүлэхэд та ирээгүй .Аав минь л хөөрхий жигтэйхэн баярлачихсан инээгээд зогсож байсан.Таныг хаяж явсанаас хойш аавыгаа би тэгж их баярлахыг нь хараагүй.Дараа нь би сургуулийн тооны аварга болоход мөн л та байгаагүй.Харин аав дүү хоёр минь надаас дутуугүй баярлаж ,аав минь дүү бид хоёрыг үнэтэй ресторонд оруулж дуртай хоол амттанг минь авч өгөөд миний охин аав шигээ тооны хүн болох нь аав нь охиндоо мэргэжлээ өвлүүлнээ гэж баярлаж байсан юм. Үргэлжийн элдвийг асууж шалгаадаг дүү минь нэг л өдөр аав бид хоёроос явахад мөн л та байгаагүй.Би аавдаа мэдэгдэхгүй гэж хөнжилөө нөмрөөд зөндөө уйлдаг байсныг минь ч та мэдэхгүй .Миний охин сайн сураарай гээд явсан аав минь буцаж ирээгүй удсаныг ч та мэдэхгүй.Хэзээ хойно аавгүй болсоноо мэдэж зөндөө уйлсаныг минь ч та мэдэхгүй.Та бид гурвыг яаж амьдарч байсныг минь мэдэхгүй .Аав минь цалингаа буухаар хоёр дүү бид хоёрт бүх мөнгөөрөө хувцас хунар, амттан авч өгчихөөд өөрөө автобусны мөнгөгүй байнга явган алхаж байсныг нь ч та мэдэхгүй.Та намайг төрүүлсэн нь үнэн боловч миний талаар юу ч мэдэхгүй .Миний мөрөөдөл зорилгыг минь ч мэдэхгүй.Намайг энэ асрамжийн газар ямархуу байгааг ч та төсөөлөхгүй.Таны мэддэг таван настай охин чинь өнөөдөр аль хэдийн арван нэгэн нас хүрсэн .Аавыг минь та яаж зовж байсныг ч мэдэхгүй Хааяа халамцуухан орж ирээд чимээгүйхэн нулмис унагаж байхыг дүүгээ өнгөрсөнөөс хойш зөндөө харсан. Ээжээ миний тухай дүүгийн минь тухай аавын минь тухай илүү ихийг мэддэг болсон гэж ойлгож байна.Бидний туулсан энэ зургаан жилийг та ойлгосон байхаа гэж бодож байна.Ээжээ гэж би таныг дуудмааргүй үзэн ядаж байсан ч таныг би уучлахаар шийдсэн .Таныг би дүүгийнхээ газар болон аавынхаа шарил дээр дагуулж очихоор шийдсэн.Таныг хэрвээ биднээс яваагүй бол бид ямар аз жаргалтай амьдарч байхыг харуулахын тулд ийм шийдвэрт хүрсэн. Надтай хамт амьдарч байгаа асрамжийн хүүхдүүд чи ээжтэй юм байна ш дээ ээж чинь гадаадад олон жил болсон гоё эгч байна лээ бид лав ийм ээжтэй бол ээж дээрээ очно гэж ярьдаг юм. Би тань дээрээ очихоор шийдсэн.Би ээжээ гэж зургаан жил дуудаагүй.Ээжээ охин чинь таньдаа очиж явнаа хэмээн уншиж дуусахад танхим нам гүм оргиод нүдээрээ дүүрэн нулмистай хүмүүс сэтгэлийнхээ гүндээ  эмтэрч байх нь илт аж. Туяа араас босож 
-Миний охин ээждээ ир гэж нүднээсээ нулмис унаган байж дуудахад охин нь босож очин энгэрт тэврүүлэхэд танхим дүүрэн алга ташилт нүргэлж байлаа. 


Н.Тайванжаргал

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...