Monday, November 20, 2017

СҮҮ


Image may contain: one or more people




Өнгө цагаан бэлэгдэл
Өвөр хундагын цагаан уураг
Мэлмэрч урссан цагаан амь
Миний л мэдэх амин сүү

Дусал нь аминдэм
Дуусаагүй мөнхийн ундарга
Тэтгэж ундаалахдаа
Тээглэж саатуулаагүй

Тэвэрт нь асаж
Энгэрт эрхлэхэд
Тэнхээ тамир суулгаж
Тэжээж өсгөсөн амин сүү

Сүү шиг цагааныг би мэдэхгүй
Түүн шиг аминдэмийг би амсаагүй
Сүү шиг гэгээнийг би санахгүй
Үүн шиг бэлэгдлийг би мартахгүй

Нүглийн саарал орчлонд
Цагаан сүү л буян байдаг
Нүцгэн энэ хорвоод ирэхэд
Цагаан сүү л эхэлж угтдаг

Сүүн залбиралд
Амьтай бүхэн төлждөг
Шүлт шимэнд нь
Хатуу бүхэн зөөлөрдөг

Урслаа гэвч
Аминд очиж цутгадаг
Уулаа гэвч
Үрийн заяаг амилуулдаг

Сүү шиг буяныг би мэдэхгүй ч
Цагаан өнгө нь амь байдгийг мэднэ
Сүү шиг сайхныг би мэдэхгүй ч
Дусал нь ч амьтай гэдгийг нь мэднэ
Сүүнд л мөргөж би хүн болсон
Үүнд л би амилсан

Н.Тайванжаргал

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...