Thursday, November 09, 2017

Хөдөөгийн болзоо


Сарнаас зүүгдсэн одод бүдэгхэн гэрлээрээ даллахад
Нойр хулжаасан бодол үл амраана
Санчиган дээр нь зөөлөн үнэрлэчихээд тэвэрнэ гэж
Дурлалын сэтгэл мөрөөднө

Толин сарны доор тормолзох харц тогтож чадахгүй
Харц тулгарахаас халширна
Тогтохоо байсан хүслэнт сэтгэл тооноор үдшийн бүрий цухуйхад
Уяан дээрээсээ мордоно

Эр бор харцагыг эмээл дээрээ аялдаг эр хүн
Хайрын дууг хааяахан аялдаг болно
Эхнэрийн төрхөө олж байгаа эмзэг нэгэн охин бие
Хайрын харцанд  хайрагдсан мэт халширна

Нөмгөн шөнийн бараан төрх нүдний хараа шалгаж
Харцаа гүйлгэж хайр дагана
Нүдэнд дулаахан төрхөнд нь эр бие ээнэгшиж харцаараа олзлоход
Ичингүйрсэн харц эрийн сэтгэлийг улам дуудна

Гуулин хажтай агар хувингаар ус зөөн алхах бүсгүйн гунхсан хар гэзгэнд нь
Шүрэн товруутай сувдан даруулга нь нар даллана
Гуниггүй тунгалаг харцанд нь уягдаж эр бие
Тойрон тойрон торомгор харцыг нь дагана

Эр суран бугуйл эвхсэн бахим гаранд нь эмнэг номхордог
Дээлээ сугалдаргалсан эрд бяр амтагдана
Энхрий аалиа нуусан хөдөөгийн хөөрхөн бүсгүй
Даруухан инээмсэглэлээрээ даллана

Дөрөө харших чимээ шөнийн анирыг эвдэхэд
Сарны саруултайд хосууд болзоно
Дөмөн алхаатай морьд алхаа удаашруулж алхахад
Амьсгал нь ойртож агдуу хүсэл яарна
Н.Тайванжаргал
Image may contain: 1 person, smiling, riding a horse, outdoor and nature

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...