Нүүр нүдгүй цасан шамарга намрын дунд сарын эхний нэг өглөөгүүр гөвшиж байснаа гэнэт зогсож бараан саарал үүлс нь хулжиж сиймхий чөлөөгөөр нь илч муутайхан нар цухуйлаа.Дөнгөж саяхан орсон “нас багатай” шинэ цас нь нарны бараа үзмэгц л хайлан урсаж сүүдэр бараадсан хэсэг нь ор төдий үлдэх нь цагаа олоогүй орсон хур гэмээр .Энэ тэнгэрийн ааштайг яана хаврын тэнгэр шиг ” хэмээн бодсон өвгөн Галдан гэрийнхээ баруун хаяанд сууж хэдэн тугал бяруугаа дурандаж сууснаа босож “эхтэйгээ нийлэх нь ” хэмээн ганцаараа ярьсаар гэрээ түшүүлэн тавьсан ахархан шилбүүрээ аван бөгтөр хээр мориндоо мордож тугал бярууныхаа хойноос бөг бөг хийн шогшуулахдаа хээр мориныхоо далбас далбас хийх хоёр чихий нь харан бодлоо чилээж явтал.Хээр морь нь үлээнд бүдрэн сөхөрчихөө аядлаа.Өвгөн
-Ээ хөөрхий энэ бид хоёрын байж байгааг тугал бярууны бэлчээрийн газраас
цааш явж чадахаа байж хэмээн ганцаараа ярьсаар тугал бяруундаа очин Тарлан
толгодын өвөрлүү хэдэн тугал бяруугаа туучихаад толгойн орой дээр гараад дуран тавьж хэсэгхэн суухдаа түмэн зүйлийн
бодол зангидаж суулаа.Тарлангийн энгэр хэмээх даахиа үргээсэн хүүхдийн толгой
шиг энэ хэдэн жаахан толгойд намрын намарт Галдангийнх тойрч буусаар байгаад бүүр өтгөшүүлж орхиж.Нутгийн
зарим нэг шооч хүмүүс Галдан өвгөнийг Тарлан толгодын” савдаг” гэж ёжлох нь ч
бий .
Анх айл болж гал голомтоо бадраагаад л энэ толгойн зүүн хөтөл дээр намаржиж
билээ.Энд л хэдэн хүүхдүүд минь төрж өсөхдөө элс шороо, чулуугаар нь тоглож хүн
болсон доо .За байз ...юу билээ аан дөчөөд жил энэ толгодыг тойрч намаржиж
аргагүй дээ. Ээлтэй хангай даа харуул
сайтай ,амт сайтай нөмөр ээвэртэй энэ толгодын хүчинд л намрын намарт хэдэн мал минь тарга тэвээрэг сайн авдаг юм чинь .
Бор шороо нь бараг өтөг болохоос аргагүй юм гэж бодолхийлэн гал буурсан нүдээ
дээлийн ханцуйгаараа арчин тээр доороос гурван машин хойно хойноос цувран ирж
явахыг харлаа.Ганц нүднийхээ 6,30 –н гуулин хажтай дурангаа өвөрөөсөө гарган дурандвал шил толь
гялалзсан гурван хар машин ирээд өвгөний анх айл болсон буудал дээр ирээд
зогсчихов.Баахан хүмүүс буугаад тойроод зогсож байснаа нэг их том цаас бололтой
юм гарган хараад байх нь нэг л сэжигтэй.
Өвгөний адил хээр морь өвс зулгаахаа байж тэдгээр машиныг сонирхон харах аж
.
-За байз юу байдаг билээ.Хүүхдүүд хэл үггүй ирнэ гэж баймгүй юм гээд
ганцаараа ярьсаар өвгөн хээр мориндоо мордон машины наанаас бөг бөг хийн
шогшуулан очив.
Өвгөнийг очиход хүн гэж тоосонгүй .Яриаг нь сонсоход гадаад хүмүүс бас яваа
бололтой .
Өвгөн морин дээрээсээ харж зогссоноо
-За хүүхээд та нар чинь юун хүмүүс билээ гэхэд
Нүдний шилтэй нэг залуу
-Өвөө манай компани энэ газрыг авсан .Хэд хоногоос олборлолт хийнэ .Зарим
техник минь хойноос ирж байгаа.Танай сумын удирдлагууд чинь таньд хэлээгүй юм
уу гээд нэлээд сүрхий нухацтай харсанаа
-Та Галдан гэж хүн байх нь .Манайх
танай намаржааны газрын төлбөрт чинь тавин сая төгрөг өгнө гээд сумтай чинь
яриад дансруу чинь хийчихсэн таньд хэлээгүй юм уу гэв
Галдан өвгөний бүүр уур хүрчихэв.
-эцэг чинь.... хэмээн өвгөн хэгжүүрхээд
- Энэ газрыг сум мэддэггүй юм .Би мэддэг юм .Би ухуулахгүй та нар явж үз
гэхэд
Нөгөө нүдний шилтэй залуу цаашаа харж
-Захирлаа хэмээн дуудвал хар нүдний шил зүүсэн эрээн хувцастай бүдүүн хар хүн
ирээд
-За юу болов хэмээн уцаарлангуй дуугарав.
Нүдний шилт
-Энэ өвгөн энэ газрыг би мэднэ ухуулахгүй гээд байна гэвэл
Захирал гэх тэр нөхөр
-За өвгөн минь та юу гэж хэлсэн бид ухна бүх зөвшөөрлөө авчихсан .Таныг
нүүлгэх сумын даргын захирамж чинь ч гарчихсан шүү та харин манай компаний
газар дээр зогсож байгаагаа мэдэх үү гэв.
Өвгөн өдий насалтлаа хүнд ингэж тавлуулж доромжлуулж үзсэнгүй. Амьдралын
нугачаанд жараад жил амьдрахдаа юу эсийг үзэв.Иймэрхүү биенээсээ том үгтэй
банди нар байтугай эх орныхоо хил дээр гурван жил алба хаахдаа хил зөрчигч барьж “онц хилчин” болж явлаа гэж омгорхох
сэтгэл төрж таван барим яргай ташуураа чанга атган мориноосоо буувал машинтай
хүмүүс хаалгаа тас тас хийтэл хаагаад өмхий үнэртэй утаа цагаан тоос хоёроор
өвгөн хээр морь хоёрыг булчихаад давхиад явчихав.Өвгөний хилэн жаахан зөөлөрч
ойр тойрноо ажвал энд тэнд жижиг эрээн мод хатгаад тоо тавьчихсан байсныг
харлаа.Эд нар өмнө нь ирж би яагаад мэдээгүй билээ гэж бодоод газарт шаасан
нөгөө эрээн моднуудыг сугалахыг нь сугалж хаяад сугалж чадахгүйг нь чулуугаар
цохиж бутлаад бөөгнүүлж байгаад шүдэнз
зуран шатааж хаячихаад шатаж дуусахы харж суухдаа сая нэг л тайвширав.
Өвгөн гэртээ ирээд эмгэндээ хэлвэл
Эмгэн нь
-Өнөө айхтар техниктэй хүмүүс нь ирээд ухчихна даа одоо яана хэмээн
халаглав.Маргааш өдөр нь сумын засаг дарга нь байгаль орчны байцаагч, цагдаа
зэрэг хэдэн хүнтэй сүртэй нь аргагүй давхиж ирээд үүд голлон Уаз-469 машинаа
ёнхийтол тоормослон цагаан тоос босгочихоод
орж ирцгээв.
Өвгөн ч ёоз муутай угтлаа.Сумын засаг дарга их л ихэмсэгээр мэнд ус ч
байхгүй
-За Галдан гуай таньтай ярих юм байна.Танай энэ намаржааны хайгуулын
лизензийг чинь аль арваад жилийн өмнө “Эрдэс ундарга гоулд “гээд энэ компани авчихсан юм байна лээ .Хоёр
гурван удаагийн хайгуулаар танай энэ намаржаанаас алтны нэлээд
томхон үндсэн орд мөн дагалдах өөр төрлийн эрдэс илэрсэн юм байна.Энэ
жилээс Хятадын нэгэн компанитай хамтран
олборлолт хийх гээд бүх зөвшөөрлөө авчихсан юм байна.ашигт малтмалаа олборлох
бүс нутагт танайх орж байгаа тул танайхыг эндээс нүүлгэ гэсэн .Миний захирамж ч
гарсан байгаа та даруйхан нүү .Захирамж нь энэ гээд өвгөнд өгөөд Таньд болон
манай сумд тус бүр нь тавь тавин сая төгрөг өгсөн. Танай мөнгийг бид аваад
ирсэн.Сумд өгсөн мөнгөөр бид сум орныхоо нүүр царайг сайжруулах гээд ажлаа
эхэлчихсэн байгаа.Ер нь уул уурхай сум
оронд минь ажлын байр бий болгоно.Хөгжил дэвшилд минь ч тустай байгаль орчинд
халгүй техинлиогоор олборлолт явуулана гэж байгаа .Та сонсоо байлгүй хариуцлагатай уул уурхай гэж яриад байгаа шүү
дээ гэхэд.
Өвгөн засаг даргад хандаж
-Чи энэ газрыг хэдээр зарсан гэнээ чи .Би чамайг энэ газрыг зар гэж
сонгосон уу.Муу идээч уугаач минь .Чи намайг тавин сая төгрөгөөр өөрийгөө булах
газар ол гэж байгаа юм уу .Чи наад хүний өмхий дайвар үгээ сонгуулийн өмнө
хэлээд саналаа гуйхгүй яасан .Цуурхайнхаа хэрээр цуурах нь. Тэгнэ байхаа чи намайг
амьд байгаа цагт хэн ч энэ газарлуу
хүрзний ир ч шааж чадахгүй шүү гээд босон харайж
-Май ингээд намайг хөө гээд засаг даргын захирамжийг нь ураад нүүрлүү нь
шидээд надад өгөх гэж байгаа тавин сая төгрөгөөрөө эхнэртээ ээмэг бөгж энэ
дагалдагч бууны нохой нартаа архиа авч өг би тийм бохир мөнгө авахгүй.Монголоо алдсан амьтад минь үүд
голлуулж тавьсан энэ төмрийн сэгэн дээрээ зайдлаад зайл.Хэрвээ ахиад манай
босгоор давбал хурдан бууны сумаар ярина шүү хэмээн ангийн бууруугаа харан
цухалдан үгээ нэг нэгээр нь шахуу зөөн байж хэлвэл
Цагдаа нь
-Аваад явах уу энийг хэмээн өвгөнлүү заавал дарга нь толгой сэгсрээд гарав.
Хэд хоногийн дараа өвгөн шөнө унтаж байтал газар нүргэлэх шиг чимээ
гарахад өдийд тэнгэр дуугарна гэж баймгүй дээ хэмээн бодоод дээлээ нөмрөн
гарвал баахан гэрэл тээр доороос ирж яваа харагдлаа.Өвгөн жаахан хүлээж гадаа
зогссоноо намрын жихүүн салхинд даарсан тул гэртээ оров.Өглөө харуй бүрий
болгоод бостол нөгөө том техник машинууд чинь өвгөний анх айл болж төрсөн
газрын дөрөлж дээр ирчихсэн цагаан тоос манаргаж байлаа.Өвгөн яаран аргамжаатай
морио авчран эмээллэж мордон наанаас
шогшуулж очвол аль хэдийн газын хөрсийг ковшоор түрээд хуулчихсан
байлаа.Өвгөн дэмий л вагончикны үүдээр нь тойрон очвол хэсэг хүмүүс өглөөнийхөө
цайг уугаад сууж байлаа.Өвгөн шууд мориноосоо буугаад вагончикруу шагайж
-Дарга чинь хэн бэ гэвэл тэндээс нэг нь
-Тэр хэмээн ширээний ард сууж байгаа
саарал хувцастай хүнийг заалаа.
Өвгөн түүн дээр
-За хүүхээ хэн чамайг газар орныг минь ух гэсэн юм гээд нэлээд ширүүхэн
дуугартал өөдөөс нь
Чихэнд чийртэй хэлээр баахан юм шулагнаад хаячихав.
Өвгөнөөр эд нар тавлаж байгааг өвгөн ойлгов.
Өвгөн Галдан шийджээ.Гэртээ яаран ирж ангийнхаа бууг аван гарлаа.Эмгэн нь
-Хүүе хөгшин өө буугаар юу хийхнэв хэмээн хойноос нь үглээд үлдэв.
Тэрээр буцаж очвол техникүүдээ асаагаад ахиад ухах гэж буй бололтой хүмүүс
нь хөдөлгөөнд орсоныг хараад өвгөний уур нь хүрч мориноосоо бууж ухсан нүхний
ирмэг дээр очоод газар ухдаг
ковшных нь замыг хааж зогсов.
Ковшны хятад жолооч өвгөний өөдөөс тулж очвол
Өвгөн
-Буудлаа шүү зогс хэмээсэн хэд дахин анхааруулсан ч ковшны хятад жолооч үл тоож ярзайтал инээн улам
хаазлан өвгөний урдаас чиглэн ирэхэд нь буу тасхийж ,ковшных нүүрнийх нь шил нь
хага үсрэн жолооч нь рулиэ дэрлэн
уналаа. Харин ковш нь асаалттай чигээрээ өвгөнийг хаман авч ухсан нүхрүү
годройтон унав.Хээр морь нь цаашаа ухасхийж цулбуураа чирэн гэрийн гадаа гүйж
ирэхэд нь эмгэн нь
-Ээ бурхан минь хэмээн уулга алдан суун тусан сөхөрлөө.
Бор тарлан толгод нөгөө л янзаараа дүнхийнэ.Энгэрт нь хүйтэн мэс хүргэсэн харийхан болон тэдний гар хөл
бологсодоос амиа өгч байж хамгаалсан
өвгөний ачаар бор тарлан толгод бүтэн
төрхөөрөө үлдсэн бөгөөд өвгөнийг тарлан толгодын зүүн энгэрт
нутаглуулжээ.Хэдийгээр эмгэн нь хүүхдүүдээ бараадан хотод суурьшсан ч магадгүй
тарлан толгодоо өвгөний сүнс жинхэнэ утгаараа “савдаг” болон үүрд хамгаалах
биз.Ухаангүй хүний үйлдэл уршиг тарьдаг
ч уул хангай түүний хариуг хэзээ нэгэн цагт заавал өгдөг гэдгийг
ухаарсан хүмүүс ахин бор тарлан
толгодоор үл оролдож зүрхэлсэн бөлгөө.
Н.Тайванжаргал
No comments:
Post a Comment