Зуны
эхэн сарын бүлээн наран дээрээс тааламжтайхан ээх агаад урд жилийн
өвсний шаргал өнгийг дарсан шинэ ногоо хаа сайгүй сэрвийж газар ногоон
өнгөөр аль хэдийн гоёжээ.Тэртээх холын зэрэглээн дунд гурван бараан дүрс
дайвалзан салж нийлэн ойртох аж .Дөтлөн ирэх нь цувж яваа
гурван адуу байлаа .Өмнө нь яваа урт дэлтэй хээр морь бол Дамдин
хэмээх хүний унаган адуу бөгөөд сүүлийн таван жил нуруундаа талын салхинаас өөр
юу ч хүргээгүй байгаа билээ. Дунд нь яваа мөн л урт дэлтэй халтар морь бол хээр
морины дүү юм. Харин хойно нь яваа жижигхэн биетэй цавьдар морь бол
Хишигт гэж хүний унаган адуу бөгөөд эмнэг хангалаараа яваа аж Одоогоос
хэдэн жилийн өмнө эзэн Дамдин холоос угшил сайтай үрээ авч
азарга тавьсан бөгөөд шинэ азарга нь морь хасдаг байсан тул
морьдоо тал тийш хөөснөөс хойш хээр морь, халтар морь хоёр адуутай
нийлэхээ байж хоёулахнаа явсаар ороо болжээ.Харин Хишигт цавьдар морио шүдлэн
үрээ байхад сургах гэж ижлээс нь авч үлдсэн ч шөнө нь цулбуураа тастан алга
болсон байна..Нэг хэсэг ганцаараа явж байгаад энэ хоёр морьтой нийлсэн байна.
Хүний бараа хармагц эдгээр морьд давхиад явчихдаг тул ойртох аргагүй бөгөөд
олон удаа барих гэж оролдсон ч ямагт эдгээр морьд дутааж амждаг байлаа.
Уулын
хажуугийн хэдэн үхэр чулуун дунд хориод морьтой хүн тэдгээр гурван адууг
дурандан ярилцах аж. Энэ гурван морь сүүлийн хэдэн жил ороолж гүйгээд
баригдахгүй байгаа бөгөөд өнөөдөр эдгээр хүмүүс өдөр товлон уулзан энд хүлээж
байгаад усанд ороод гармагц уургач морьдоор өртөөлөн хөөж барихаар
тохиролцоод байгаа нь энэ бөлгөө. Шинэхэн дэлий нь зассан бор морио түшин дуран
тавих хүнийг Дамдин гэх аж .Тэрээр бусаддаа хандан
-За
хадруу гаргаж болохгүй шүү газрынхаа цээжийг Сүрэн Энхээ хоёр ав Та хоёр хэдэн
хүн аваад тэр цохионы ард одоо оч .Хээр морийг л хамгийн түрүүн барьж авахыг
бодно шүү наад хоёр нь хээр морийг бариад авбал гайгүй биз гэвэл. Хээр алаг
морь нь газар цавчлан эргэцэхэд босон харайж хантайрыг нь аван олмоо султгах
идэр насны эрийг Хишигт гэх аж .Тэрээр их л чанга дуугаар
-Дамдин
ах хоёр морио яадаг санж дураараа бол би л цавьдар морио ямар ч байсан
ханан хавцалд шахаж байж барьж авна хэмээхэд
-Тэгж
болохгүй харин уулнаас буулгах хэрэгтэй хавцалд шахвал нисэж үхэж мэднэ гэж
хоёр морины эзэн Дамдиныг хэлвэл .Арай нас ахимагдуу хүрэн
дээлтэй хүн дуугүй харж сууснаа бүснээсээ мөнгөн хэрэглэлтэй тамхины
хэрэглэлээ авч гаансандаа тамхи нэрж хэт цохин тамхиа асааж хацраа төмбөлзүүлэн
хэд сорсноо
-Дамдингийн хэлдэг зөв уулруу
гаргаж болохгүй Нэгэнт уулруу гаргахгүй бол энэ олон
уургын морьд байхад хаа холдох вэ гэв.Уурганыхаа хуйвыг чангалан боож
зогсох идэр насны залуу
-Энэ
гурван морь ч Дамдин ах Хишигт хоёроос илүү санаа гаргана шүү Бид ч
олон удаа хөөцөлдсөн дөө Хишигтээ чи уурга морь уул гуравт найдаж болохгүй шүү
хэмээн хөхрөв.
-Би
ч цавьдар морио мэднэ Дамдин ахын хоёр мориноос салгачихвал тэр хаа холдоо аж
Сүрэн чи харин уурганыхаа хуйвыг битгий хөвөрхий уячихаарай хэмээн Хишигт
хэлэв.
Гурван
морь усаа уугаад нуурын эрэг дээр шилгээж халтар морь цавьдар морь хоёр тоглон
ноцолдож хэсэг азнаад аажуухан хойшоо гарлаа.
-За
одоо хөдөлцгөөе хэмээн Дамдин уургаа түшин мордлоо .Олон морьтой хүний бараа
харсан гурван морь ухасхийн уулын хажуугийн нуранги чулууруу ормогц цаана нь
хүлээж байсан морьтой хүмүүс амдан гарч ирвэл хээр морь толгойлон улаан галзуу
гурвуулаа нуранги чулуун асган дундуур хадруу дайран гарлаа.
Араас
нь морьтонгууд уван цуван хөөсөн ч чулуун дунд морины хөлөө гэмтээж магадгүй
тул орхилоо. Гурван морь газрын бартаа барин хад асган дундуур уул өөд зүтгэн
авирлаа.
Үхэр
чулуун дундуур сүлжин авирах бөгөөд урд нь дагуулан гүйх хээр морь түрүүлж
гүйснээ эргэж харан зогсох аж.
Тэрээр
уулан дээрээс доор нь хүлээж буй морьтой хүмүүс хүмүүсийг харж зогсохдоо
уулнаас буувал л баригдана гэдгээ сайн мэдэж байлаа.
Харин
доор уулын бэлд хүмүүс цугларч яаж барих талаар ахин төлөвлөгөө боловсруулж
байв.
Цавьдар
морины эзэн Хишигт гэж тогтворгүй царайтай эр
-Нэгэнт
хадруу гарчихснаас хойш уул өөд улам тууж урд хавцалд шахъя .Хаашаа ч
гарах аргагүй гэхэд
-Болохгүй
хавцалаас унаж үхнэ хэмээн Дамдин хориглосон ч Хишигт
-Та
хоёр морио хаднаас буулгаж барь би цавьдар морио хавцалд шахаж барина хэмээн
мордоход бусад нь л зөвшөөрч морьтонгууд хоёр хэсэг болж
уулын баруун зүүн талаас нь шахахаар болов.
Хээр
морь хүмүүсийн хашхирах гууглах чимээ улам ойртож байгааг мэдсэн бусдыгаа
дагуулан уул өөд улам өгссөөр адуу байтугай хүн ч явах аргагүй хад асганд
тулав. Хүмүүсийн хашхиралдах дуу улам ойртсоор байлаа. Хээр морь түрүүлэн
давхиж байц хадны энгэрээр тойртол эгц урдаас нь гарч ирсэн Хишигт тэргүүтэй
хүмүүстэй халз тулгарчихав Буцан эргэн давхих гэтэл хойноос нь дагаж явсан
нөгөө хоёртойгоо тулгарч нарийхан гудман хавцалаар чихцэлдэн зүтгэхэд Хишигт
цавьдар морио уургалан барьж авахад чарлан цамнаж үлдлээ. Хээр морь халтар
морь хоёр буцан давхисаар жижигхэн дэвсэг дээр гарч ирвэл баруун талаас нь
Дамдин тэргүүтэй хүмүүс гарч ирлээ. Занганд орсон гэдгээ мэдсэн хээр морь
урагшаа тонгойн харахад нь хорь гаруй метр өндөр хавцалын ёроол тээр доор
харагдахад буцан эргэвэл хойно нь монгол гэрийн ханын өндрийн хэмжээтэй
хана хад хөндөлсжээ. Энэ үед уурганы хугархай чирсэн цавьдар морь давхисаар
гарч ирэн хоёр морины дундуур чихцэлдэн зүтгэж орж ирэхэд жижигхэн
дэвсэг хад эрмэгээсээ бутран унаж гурван морьтой хамт чулуу дуугарган тоос
манаран хориод метрын өндрөөс их чимээ гарган доош уналаа.
-Ээ
халаг хэмээн дуун алдан Дамдин мориноосоо буун харайж хадан хясааны ирмэг дээр
гүйн гарч харвал гурван морь тээр доор давхаралдан унасан харагдав.Бүгд яаран
уулын арлуу бууж доод үзүүрээр нь тойрон гарч ирвэл нүд хальтирмаар юм болсон
байлаа.Тэр хавь нь нэл цус болсон байх аж.Хишигтийн цавьдар морь хүзүүгээ дороо
хийн унасан байх агаад хээр морины ихэнх бие нь чулуунд дарагдаж цээжин
бие толгой нь ил байх бөгөөд аль хэдийн энэ хоёр морь амь тавьсан байх аж
.Харин халтар морины бөгсөн бие нь хамхарсан бололтой цээжээрээ тийчлэн
зүтгэвч босож чадахгүй байлаа.Аврал эрэх мэт дүүрэн нулмистай нүдээр хүмүүсийг
харж битүүхэн үүрсэмээр аядах аж
Ямар
ч хүн үүнийг харсан сэтгэл өвдөхгүй байж чадахгүй байлаа.Дамдин өөрийн эрхгүй
нүдэнд нь нулмис цийлэгнэн халаглаж
-Хайран
морьд хайран морьд хэмээн үглэж байв.
Харин
Хишигт хар цагаан дуугүй гэм хийсэн хүн шиг гэлбэлзэн зогссоноо бүснээсээ
хутгаа гарган цавьдар мориныхоо дэл сүүлнээс огтлон авч өвөртлөв.
-
Хөөрхийг ингэж зовоож байхаар амий нь тасалчих юм биш үү гэж нэг нь дуугарахад
Дамдин
тэр хүнлүү нэлээд ширүүн харсанаа
-Үгүй
хэмээн шийдмэгээр хэлэв .
Дамдин
халтар мориндоо ус зөөж услан өвс ногоо зулгаан өгч шархан дээр нь шавсан шувуу
шаазгайг нь үргээн бэртэл гэмтэлд сайн гэсэн бүхнээр эмчлэхийг оролдсон
боловч гурав хоноод л амь тавилаа. Хэдий эзнээсээ зугтаж ороолдог ч үхлийн
эрмэг дээр ирчээд Дамдиныг авраач хэмээн гуйж байгаа юм шиг аягаараа
дүүрэн нулмистай нүдийг өнөө хэр нь мартаж чадахгүй байлаа
Уулын
орой дээр бүлээн салхи сэвэлзэн сэрүүхэн байлаа.Дамдин хоёр мориныхоо толгойг
уулын орой дээр залчаад сууж байгаа нь энэ бөгөөд тээр доор морьд унаж осолдсон
газар нь тэрүүхэндээ бараантан харагдах аж . Адгуус мал ч гэсэн өөрийн
унаган морьд учраас яг тухайн үед болсон үйл явдал байнга сэтгэлийн
гүнд оршиж мартахааргүй дурсамжийг Дамдинд үлдээсэн байлаа.
Н.Тайванжаргал :
No comments:
Post a Comment