Tuesday, November 07, 2017

УНИАРЫН АМГАЛАН /өгүүллэг/

                                              




Үхэр харгана  цөөхөн хоног цэцэглэдэг  шар цэцгээрээ гоён үзэсгэлэнгээ гайхуулах мэт тонголзох  агаад халуун нарнаас зугтаж голын сэрүүн эрэг очихын хүслэн болсон гэлтэй  л   хонин сүрэг  харганы сүүдэр даган гүйж  бөөгнөрөн  хорох  аж.
Гэрэл бүсгүй өнгө нь гандмал ч цэвэрхэн хийцтэй хөх торгон дээлээ тайлж эмээлийнхээ араар ганзагаараа дарчихаад морио хөтлөн хониныхоо араас алгуурхан алхахдаа хөх пансан алчуураараа нүүрэн дээрээ буух ялааг үргээж сэтгэлийн гүнд байнга бодогдох Галтыг санан дурсаж алхана.
Тэртээд цайвалзах уулсын бараанаас нааш тоос босох тоолонд Галтыг давхиад ирэх юм шиг санаж холыг ширтэхдээ хөнгөхөн гуниг тээж санааширна.Нэг бодлын  хотод найз охинтой болоо биз гэж бодох ч  нөгөө бодлоо няцааж үгүй ээ тийм байх ёсгүй Галт надад л хайртай гэж бодох нь сэтгэлээ хуурах нэгэн тайвширал гэмээр .
Галт есдүгээр ангидаа аймгаас шилжин ирсэн. Хичээл эхлээд удаагүй байхад ангийн багш нь нэг өглөө өндөр нуруутай алаг нүдтэй нэг хүү дагуулан орж ирсэнээ.Тэрээр
 За манай ангид аймгаас шилжиж ирж байгаа сурагч Галт гэдэг юм.Та нар сайхан хүлээж аваарай гээд Галтыг Гэрлийн ширээний ард багш нь авчирч суулгав.Галтын ээж нь энэ сумын хүн бөгөөд сургуульд хичээлийн эрхлэгчээр  харин аав нь мал эмнэлгийн эмчээр ирсэн гэнэ. Өндөр нуруутай нөхөрсөг нийтэч хичээл сурлага спортод сайн гээд энэ бүхэн нь удалгүй Галтыг ангийнхаа од болгочихов.Нууцхан санааширан ширтэх охидын харцыг ойлгодог эсэх нь бүү мэд .Гэрэл Галтыг харж явахаас цаашгүй хааяахан уулзах шаардлага гарахаар ичиж улайгаад нээлттэй байж чадахгүй зугтахын түүс болдог ч хол байхаараа уулзахын хүслэн болж сэтгэл нь яаруулдаг ийм л дурлалын өвчтэй болчихсон нь нэн хэцүүхэн.

Хэзээ хойно нь мэдэх нь Гэрлийн аав Галтын ээж хоёр нэг голд тоглож өссөн хүүхдүүд гэх агаад аймгаас ирсэн даруйдаа Гэрлийнд ирээд нэг өдөр хорхог хийж шуугилдахад энэ үед л Галт Гэрэл хоёр бие биенээ харж явсан нууцхан дурлалын торгон мэдрэмж энэ хоёрыг энэхэн хором улам ойртуулж өгчээ.Гэрэл бүрэг ичимхий зангаасаа болоод Галттай нэг ч үг сольж чадаагүй ч нэвт ширтэх халуун харцанд ичингүйрч орох газраа олж ядсанаа санахад нэн дурсамжтай аж.
Галтын аав хөдөөгүүр айлуудаар малын тарилга туулга гээд явахдаа Гэрлийнд байнга ирнэ.Галтыг аавтайгаа ирээсэй гэх хүсэвч үл ирнэ.
Хүссэн юм хүзүүгээр татна гэх болж  намрын мал угаалгын ажлаар Галтын аав нь  ирэхдээ хүүгээ дагуулан Гэрлийнд ирсэн нь нэг л нууцхан.Мал угаалгын ажлаа дуусгаад  оройхон явах гэтэл машин нь асдаггүй машинаа ухаж ухаж тос тортог болсон гараа алчууранд арччихаад
-Муу ямбий хэмээн кобудаа тас хийтэл шидэж хаачихаад Гэрлийнд орж ирсэн Галтын аав
-Хоноод явахаас хэмээн гадуур хувцасаа тайлах нь  тухлахаар шийдсэн нь илт.Галтын аавд Гэрлийн аав нэг шил юм гарган хууч хөөрөх нь бараг л худ ураг болчихсон гэлтэй.Галтын аав
-Танайх Гэрлээгээ сургуульд явуулна биздээ гэхэд Гэрлийн аав
-Аан тэгэлгүй яахав хэмээн охиноо харж
-Миний охин ч аавдаа эр хүн шиг л нэмэр болж таван малын цаагуур явах юм даа.Айлын том хүүхэд мэргэжил мэдлэгтэй байлгүй бол болохгүй .Охиноо сургууль соёлд явуулах санаатай хэмээчихээд
-Танай Галт ямар сургуулд орох гэж байна гэхэд
Галтын аав
-Би өөрийнхөө мэргэжлийг өвлүүлдэг юм уу л гэж бодоод байгаа юм .Хөдөө аж ахуйд оруулах санаатай хэмээх нь лааны бүдэгхэн гэрэлд царай улаа бутарч харагдах нь хэн хэн нь нэлээд халсан нь илтхэн.

  Гэрэл ээждээ үнээгээ ивэлгэж өгчихөөд  сүүгээ оруулж иртэл аав нь
-Миний охин морио чөдөрлөөд хонио хураа гэв
Аль түрүүнээс хойш цэмцийн суух хүүгээ хараад Галтын аав
-Галтаа миний хүү Гэрлээдээ тусла гэв
Энэ үг Гэрлээгийн чихэнд ямар их  чимэгтэй сонсогдсон нь гайхалтай.
Уяан дээрээс морио авч байтал Галт гэрээс гараад ирэв.
Аль өглөөнөөс хойш тулгамдаад харилцаж чадахгүй байсан энэ хоёр сая л нэг нүүр хагарч буй энэ аж
Галт Гэрэлрүү харан инээмсэглэж
-Сайн уу сайхан амарч байна уу гээд
Сайн хэмээн Гэрэлт харц дальдчин ичингүйрэн тонгойход нь гараас нь морины цулбуур чөдрий нь Галт авахдаа
-Хөдөө гоё юмаа гээд. Би аймагт байхдаа хөдөө өвөөгийндөө байнга очдог байлаа.Даанч энд ирсэнээс хойш хөдөө явсангүй.Өнөө өглөө аавыг хөдөө явна гэхээр гуйж байж ирлээ .Гэтэл тэр айл нь танайх байж хэмээн инээгээд Нээрээ манай ээж танай аав хоёр нэг голын хүүхдүүд гэсэн ээж байнга ярьдаг юм гэв.Галтыг ийм яриа гэж бодож байгаагүй Гэрэл их аз жаргалтай байлаа.Ийм орой ийм үдэш олон байгаасай гэж хүсэж байв.Гэрэл Галтыг хот суурин газар өссөн малнаас хол өсссөн гэж бодож байсан нь эндүүрчээ.Тэрээр бүүр хурдны морь унаж байсан моринд их хорхойтой өвөөгөө дагаж багаасаа мал дээр өссөн гэдгийг өөрөөс нь дуулаад гайхав.Ямар ч байсан Галт найз охингүй гэдгийг ярианых сэдвээс ойлгож битүүхэн ч гэсэн Гэрэл баярлав.
Хэн хэндээ сэтгэлээ илчилж чадалгүй явсаар хаврын шалгалт шүүлэг тулчихлаа.
Галт  хөдөө аж ахуйн их сургуулийн малын эмчийн ангийг авч аавынхаа мэргэжлийг өвөлөхөөр болов.Харин Гэрэл ЗХУ-н Эрхүү хотод хөнгөн хүнсний үйлдвэрийн техникум авсан ч аав нь хөлөө хугалаад хэдэн сар маландаа явж чадахгүй болсон тул Гэрэл сургуульдаа явж чадсангүй .Явахдаа уулзах болов уу л гэж ... Гэрэл Галтыг зөндөө хүлээсэн.Хэзээ хойно л хот явчихсаныг дуулаад битүүхэн гомдов.Шууданч сонин хүргэж ирэх тоолонд л  Галтаас захиа ирээ болов уу гэж горьдож  хүлээдэг ч даанч эс ирнэ.
Униар хөшиглөсөн уудам талд зэрэглээн гүйдлээс тодорч харагдаж цагаан зээр хааяахан үзэгдэх малаас өөр нүдээ баясгах юмгүй дасал нутгийн энэ буйдхан газар өдрийн уртыг хонь хариулж өнгөрөөхдөө Гэрэлт ганцхан Галтын тухай бодож мөрөөдөлдөө умбана.
Хэзээ нэгэн цагт Галтыг давхиад ирнээ гэж ухаа талын төвөөс ирдэг замруу хичнээн их ширтлээ дээ.
Энэ өглөө мөн л замруу ширтэж Галтын тухай бодлоор сэтгэлээ хөглөж яваад замаар тоос босож буйг харлаа.
Ухаа талын төв замаар цагаан тоос босон наашаа чиглэн айсуй .Гэрлийн сэтгэл гэгэлзэж яаран дурандвал яах аргагүй мотоцикльтой хүн мөн .Яг хэн болохыг танихад арай хол аж.
Түрүүчээсээ оюутнууд ирж байгаа сураг дуулдсан.Арай Галт аавынхаа мотоциклийг унаад ирж байгаа юм  болов уу гэж горьдохдоо..Байн байн хараа тавин дурандаж сэтгэл догдлон адгаж байх нь яаруухан.
Талын их  анирын чимээг эвдэж хөх утаа суунаглуулж, цагаан тоос дагуулан уухилсаар Гэрлийн хажууд  мотоцикль ирж зогсов. Ардаа резинтэй битүү хар шилээ аван “планет-4” хэмээх цэнхэр  мотоциклиосоо бууж данхраадаад Галт инээмсэглэн Гэрэлрүү харж
-Сайн уу гэв Гэрэл тулгамдаж тэрүүхэндээ өөртөө л үл дуулдам шахуу
-Сайн гэчихээд ....цаашаа юу ч хэлж чадсангүй
Галт
-Би өчигдөр ирээд л аав харин хөдөөгүүр хэдэн айлаар тариа туулга тараана гэж байна.Тэгэхээр нь би тараагаад өгье гээд аваад гараад ирлээ.Чамаар сонин сайхан юу байна гэв.
-Ямар их  санаваа гэж Галтын цээжинд асаж уйлмаар сангдавч хөдөөгий бүрэг ичимхий охин яаж ингэж чадах билээ.Гэрэл ичингүйрч яриа эвлэхгүй  тулгамдаад л ......Галт
-Аав намайг Чи хаашдаа малын эмч болж байгаа юм чинь  одоо хөдөөгүүр явж бай гэсэн .
Гэрэлээ чи ирэх жил сургуульдаа явна биз дээ гэвэл Гэрэл
-......Тэгнээ гэв.
Хэд хоногийн дараа Галт ахиад л ирэв.Тэрээр энэ удаа Гэрэлтэй өдөржин хонины хажууд сууж байгаад оройхон явахдаа
Галтыг нэг юм хэлэх гээд байгааг анзаарсан Гэрэл битүүхэн хүлээх нь нэн хэцүүхэн.
Галт
Гэрлийн нүүрлүү харан халуун гары нь өвдтөл базаж байгаад
-Гэрэлээ....... би чамд хайртай гэвэл Гэрэл бүүр улайчихав.Гэхдээ Гэрлийн сэтгэлд дүүрэн нар мандаж байлаа.Энэ үгийг сонсох гэж тэр хоёр жил хүлээсэн.
Хоёр талын  аав ээж нь ч мэддэг болов.Аль аль нь ч дуртай байлаа.
Намрын өнгө хэдийн иржээ.Гэрэл ногооны униар нь сууж зэрэглээ далласан энэ сайхан амгалан нутгаа орхин явахад хэдхэн хоног үлджээ. Нутагтаа аав ээждээ дүү нартаа сэтгэл хоргодовч хайртай хүнтэйгээ явж байгаа болохоор нэгэн бодлын сайхан ч гэмээр. 
Зил -130 машин дөрөлж дээр гараад зогслоо.Гэрэл нутагтаа сэтгэл хоргоджээ.Хөх уулсын бараа нь дүнхийж талын уудмыг туулж ирсэн салхи нь сайн яваарай гэж илбэх шиг л нэг л дотно амгалан гэхэд дэндүү амгалан энэ нутгаа Гэрэл санахаа мэдэж байлаа.Ногооны цэнхэр униараа санана.Түмэн зүйлийн хэлбэрт уран зэрэглээгээ санана.Ай сайхан нутаг минь гэж санаа алдтал Галт
-Гэрэлээ гэж дуудав.
-Анх удаа нутгаасаа гарч байгаа хүн ингэдэг гэсэн .Би бол аав ээжээ дагаад олон газар явсан болохоор мэддэггүй юм гээд өөрөө машин дээр түрүүлж гараад
- Алив гараа хэмээн Гэрлээг татан гаргаад суудлы нь засаж өгөөд суулгав.Уулс цууриаттал хаазалсаар машин дөрөлж уруудахад Гэрэл далд орон ортол нутгаа харсаар аав ээж дүүгээ бодсоор талынхаа хөх зэрэглээнд уусан бараа алдрах нь хүн байгаль хоёрын нандин харилцааны мяндсан сэжим  нь үл тасрах бөх гэдгийг л харуулж буйн илрэл гэлтэй .
Н.Тайванжаргал


No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...