Tuesday, November 28, 2017

ГАЗРЫН ЧИМЭЭ/өгүүллэг/

           
       
Өглөөний сэрүүн агаарыг бүлээсгэхийг яарах мэт том улаан нар дүнхийн мандаж илч гэрлээ харамгүй түгээх бөгөөд өвсөн дээр буусан шүүдэр наранд алтан ганжир адил гялтагнана.Хааяахан усны шувуудын ганганалдах чимээ  өглөөний анирын чимээ цууриаг улам тод чимээлэх аж.
Толгой дээр нь бөмбөр дэлдэх мэт нүргэлэн газар чичрэх мэт болоход өглөө эрт адуундаа яваад гэртээ ирээд түр зүүрмэглэсэн Балган огло харайн босон гарвал маш олон адуу туусан дөрвөн морьтой хүн тэдний хажуугаар өнгөрч байв.Балган юун хүмүүс юм бол гэж  бодон мориндоо хойноос нь давхиж очвол гол дээр адуугаа тогтоон адуучид мориноосоо бууж байлаа. Балган
-         За сайн байцгаана уу хэмээн мэндлэхэд бүгд л
-         -Сайн сайн байна уу сайхан зусаж байна уу гэлээ
-Сайхан аа гээдБалган адууг нь харж зогсонгоо их холоос туугдаж яваа юм гэж бодоод
-Хэт нутаг хаана вэ хаа хүрч явна хэмээн асуухад
Өтгөн дэлтэй цагаан морь хөтөлсөн бусдаасаа арай ахимагжуу байрын хүрэн бор хүн нүүрэн дээр буух ялааг малгайгаа аван үргээнгээ
-Нутаг холоос явнаа Агьт вангийн хошуунаас манжийн хаанд өргөлд өргөх адууг хил хүргэж өгөхөөр явна хэмээлээ .
Балган аяншиж ядарсан царайг хараад
-Та бүхэн манайд очиж цай уухгүй юу гэв
-Аан тэгье гээд Балгантай ярьсан ахимаг хүн
За Лувсан бид хоёр энэ айлд очиж цай уучихаад ирье та хоёр дараа нь очиж цай уу гээд мордов.
Эр улс юм хойно  танилцав.Балганыд ирсэн тэр дунд хэрийн насны  хүнийг Дамиран гэдэг гэнэ.Нэг хүүтэйгээ нутгийнхаа хоёр хүнтэй яваа 
нутгаасаа гараад хориод хонож байгаа гэнэ.
Зуншлагатай газар бараадаж энэ нутгаар дайрч яваа бөгөөд нутаг ус сайн мэдэх хүн хайж байсан бөгөөд  Балганаас зам зуншлага асуугаад ихэд олзуурхаж байлаа.Балганы сониуч зан хөдөлж
-Энэ адуунуудыг манж хятад нар яадаг бол гэхэд 
-Мөхөс бид яаж мэдэх билээ толгойн тоог нь бүрэн хүлээлгэж өгөх л үүрэгтэй улс
-Хайран сайхан адуунууд хэмээхэд
-Харин тиймээ  хил дөхөх тусам харамсах юм бид ч дуртайдаа бус албан хүчээр л нэр заагдаж яваа улс даа гэв.
Балган адууг нь туулцаж явахдаа  захдуу гүйх хөл алаг хээр морийг ихэд шохоорхож байв. Өөрт яг ижил ийм хээр алаг морь байдаг тул ижилсүүлвэл гэж бодоод  нэлээд ажиглаж явав. Ажиглахад нийлж байгаа болов уу эсвэл нийлээд нэг их удаагүй байх гэж  бодож байлаа
-Энэ хээр алаг морийг зарахгүй биз гэхэд
Дамиран
-За дүү минь ёстой болохгүй шүү наад морийг чинь манай ноён Агьт ван удамтай угшилтай гэж нутгийн нэг хүнээс өндөр үнээр аваад манжийн хааны сүргийн даамал гэж нөхөрт бэлгэнд өгч байгаа юм гэсэн .
Бид наад морийг чинь хоёр удаа буцааж гүйлгээд арайхийж олж авсан юм .Өөр адуутай холбож байгаад өнөө өглөөхөн тавиад байгаа юм . Бидний толгойны үнэтэй адуу байгаа юм даа гэв .
Буцаж ирэхдээ адуучид Балганыхаар ирэхээр болж сайн яваарай гээд салцгаав.
Адуучид ирсэний маргааш дөрвөн морьтой хүн Балганы дээд гол дээр үдийн алдад ирж буув.Нутгийн нэг хүний ярих нь манж амбаны сүргийн даамал гэнэ.Хоёр манж хятад нь мэдэгдэхгүй нөхөр хоёр монгол хүн явна гэнэ гэж сонсов.Адуу тууж яваа хүмүүсээ асууж байна гэнэ. Айлаар орж байна уу Адуу мал зарсан уу хольж сольсон уу гэж байна гэв.Балганд жаахан айх сэтгэл төрөв.Хөөрхий замын улсыг гэртээ авчраад хэн нэгэн хошуу хүргэвэл яана.Хүнд гай болчихсон юм биш байгаа гэж бодож байлаа.
Арваад хоногийн дараа өглөө үүрээр шахуу Балганы гадаа морьтой хүмүүс давхин ирж нохой боргоход  Балган яаран босож гарвал
Дамирангийн хүү  нэг хүнтэй мориноосоо бууж байлаа.
Сайн байна уу гэхэд нь л Балган ямар нэг юм болж дээ гэж бодов
Сайн сайн байна уу гэтэл
Дамирангийн хүү
-За ах минь туслаарай тусламж хэрэгтэй байна гэв.
-Юу болсон гэтэл
-         Бид нар хилд дөхөж хоноод маргааш адуугаа хүлээлгэж өгнө гээд шөнө адуугаа манаж байтал шөнө арваад морьтой хүн буу шийдэм тавьж толгой дээгүүр буудаж байгаад хээр алаг морьтой арваад адуу тасдаад хөөгөөд явчихсан.Бид яаж чадаагүй өглөө нар гарахаар нь мөрий нь хөөтөл говийн угалз босоод мөр хөөх аргагүй болсон.Тэр өдөр адуугаа хүлээлгэж өг гэж манжууд шахаад хүлээлгэж өгтөл арван хоёр адуу дутчихсан .Бид яахав өөрсдийнхөө уналаганы морьдыг өгөөд цаана нь долоо найман адуу хээр алаг морьтой дутчихсан .Манж амбаны сүргийн даамал хээр алаг морио азарга адуугаар үнэлнэ гэсэн.Бидэнд арав хоногийн хугацаа өгсөн.Аавы нэг ахтай минь барьцаанд аваад үлдчихсэн.Арав хоног дотор бид нутаг яваад  нутгийнхаа олноос адуу гуйгаад аваад ирж яасан ч амжихгүй .Ирж очихын бараг сарын газар байна. Бидэнд өгсөн  арав хоног нь яваад найман л хоног үлдээд байна.Хэрэв адуу олж ирэхгүй бол аав ах хоёрд чинь есөн эрүү тулгаад даваад гарвал хятадын гүнрүү айлд зарцаар цөлнө гэж айлгасан гэж нулмис цийлэгнүүлэн байж ярив.Дөнгөж арван долоо найм хүрч яваа энэ хүүд Балган туслахгүй байж яахин чадах билээ.Балган тэр хоёрыг дагуулаад мордов.
Адуун дээрээ ирвэл Дамирангийн хүү хээр алаг морийг харчихаад
-         Хүүе ээ ахаа энэ хээр алаг морь чинь манж амбаны сүргийн даамлын хээр алаг морьтой ямар адилхан юм бэ гэв
Балганд хэдий хармын сэтгэл байсан ч арван нэгэн адууг хээр алаг морьтойгоо өгөөд явуулав.

Дамиран харанхуй оромжинд гав гинжтэй суухдаа хүүдээ санаа зовж байлаа .Бага юм даа хөөрхий дөнгөж арван долоотой шүү дээ.Цуг яваа хүнд нь хандаж Дамиран хэлэхдээ та хоёр нутаг яваад ирж яасан ч амжихгүй .Бид нарын ирэх замд танилцсан Балган гэж хүн дээр л оч энэ хүн л биднийг аварч магад хэрвээ хоног хугацаа амжихгүй бол шалавхан шиг нутаг буцахыг бод бид хоёрт санаа зовох явдалгүй .Хүүг минь харж хандаж яваарай гээд үлдсэнээ санав.
Өөрийгөө зүхэх ч үе гарна.Дамиран уг нь ноёны торгон сүргийн адуучин байж.Адууны эрэлд явсан хол нутгийн нэгэн адуучинд морь муутай явахаар нь хоёр морь бариад өгчихөж .Тэр нь гай болж ноёны чихэнд оччихож .Ноён хоёр морио дөрвөн адуугаар төлүүлээд зогсохгүй манжийн хааны өргөлийн  адуу хүргэх ажлыг хүчээр тулгажээ.Өмнө явсан хүмүүс дандаа л адуу мал дутааж амь нас нь эрсдэх тохиолдол ч гарч байсан тул явах хүмүүс олддоггүй байлаа.
Дамиранд өмнө ноёнтой тэрсэлдсэн ,алба гувчуур төлөөгүй гэх шалтгаантай хоёр хүн цуг туухаар болсон бөгөөд  харин хүү нь өөрөө явна гэж шийдсэн тул авч явахаар болжээ. Нутагтаа үлдсэн эхнэр гурван хүүхэддээ санаа зовж байлаа.Ноёны хаяанд гэрийнхээ гадаа бөртийгөөд үлдсэндээ хөөрхий  Нэг баярлууштай нь хүүхдүүд өссөн. Том охин нь одоо арван ес хүрчээ   Бага хүү нь арван тав  отгон охин минь л хөөрхий аавыгаа санаж байгаа даа хөөрхий энэ жил дөнгөж зургаа хүрч яваа юм .Гэзэг нь салхинд хийсээд морин дээр давхиж яваа дүрс нь харагдахад нууцхан гүнээ санаа алдав.Гадаа хүмүүс шуугилдаад л явчихав .Морин төвөргөөн сонсогдож адуу янцгаах сонсогдов.Удалгүй оромжны хаалга онгойж хуяг орж ирээд гав гинжий нь тайлаад гар хэмээн аваад гарвал нүд нь наранд дасахгүй гялбаад хэцүү байлаа. Удалгүй дасаж харахад хүү нь нөгөө  хүнтэйгээ инээмсэглээд зогсож байлаа.Тиймээ миний хүү эр хүн болж чаджээ хэмээн баярлаж зогсов.Арваад адуу туугаад ирж Дамиран нөгөө алаг морийг хараад адилхан ч биш гэдгийг нь мэдэж байлаа.Манж хятадууд харин сүргийн даамлын алаг морь мөн гэж байгаа бололтой шуугилдаад сүйд болж байна. Баахан шулагнаж байгааг нь Дамиранлуу заагаад юм хэлээд байгааг нь хэлмэрч монгол орчуулах нь
-Одоо та нар өргүй болсон гэхдээ монголруугаа явган яв уналганы чинь морьдыг чинь өгөхгүй гэж байна гэв. Бууны замаг дуугарган хятадаар баахан хашхирч байгаад хүүг нь нөгөө хүнтэй мориноос буулгаж холдуулав.Хэлмэрч монголын хэлэх нь
-Эргэж харалгүй алх эргэж харвал буудаж ална яв гэж байна хэмээн орчуулав.
Алхаж байхдаа Дамиран баярласангүй харин биднийг энэ уудам цөлд хатаж үхэг гэж тавлаж байна гэж хорсож байлаа.Үдшийн бүрий боллоо хэдий монгол нутагтаа ороод ирсэндээ баярлах ч хатаж үхэх зовлон ирнэ гэдгийг мэдэж байлаа.Ойр тойронд айл байхгүй .Хэдэн өртөө газар явсанаа ч үл мэднэ шөнөжингөө л алхав.Сэрүүн дээр алхсан дээр гэж бодоод алхаад л байв.Үүрийн гэгээ цайх үед араас нь морин төвөргөөн сонсогдов.Дамиран бодлоо.
Аан муу өмхий хужаа нар араас нь хөнөөхөөр ирлээ. Эцсээ хүртэл үзэх юм шүү хэмээн тулж явсан заг модныхоо хугархайг чанга атган зогслоо.
Гэтэл энэ чинь юу вэ нөгөө хүүгийнх өчигдрийн тууж авчирсан адууг нь нөгөө хэлмэрч хийж байсан залуу туучихсан давхиж ирлээ.
-За энэ морьдноос барьж аваад шалавхан яв.Урьд шөнө хятадууд ярих нь та нарыг холдоогүй дээр нь устга аягүй бол цөл гатлаад амьд хүрчихэж магадгүй гэж сонсоод би энэ адуунуудыг хөөгөөд ирлээ. Одоо хойноос хятадууд нутгийн хүнээр мөр хөөлгөөд ирж байгаа гэв.Тойрч байгаад ногтоор бугуйл хийж байгаад нэг нэг морь барьж  авав.Хөдлөөд удаагүй байтал хойноос арваад морьтон гараад ирэв.Буу дуу тасхийхтэй зэрэгцэн ухасхийн давхив.Сум улин хажуугаар өнгөрч сул адуунууд ч хажуугаар нь давхин өнгөрөв.Хэлмэрч залуугийн морь суманд
оногдоод унавал Дамирангийн хүү давхин очиж сундалдан давхив.Хэдий хэр давхисныг бүү мэд хүү
-         Ааваа гэж хүү нь дуудвал хөөрхий хэлмэрч залуу суманд оногдчихож нуруу нь тэр улаан цус болсон байлаа.Буулгаад тэвэрч авбал өвөр дээр нь нулмис дүүрэн нүдээр харж байгаад   өнгөрөв.Залууг монгол ёсоор оршуулчихаад цаашаа яаравчлав.Үдийн алдад нөгөө хятад манжууд хойноос нь гүйцээд ирэв. Буун дуу тас тас хийж сум улин өнгөрнө.Нөгөө нэг адуучин нь суманд оногдож шархадсан ч гүрийгээд л давхиад байв. 
Сул адууг ч гэсэн хайр найргүй буудах аж.Учир нь унаагаа сэлгэнэ гэсэн бололтой.Арайхийж их говиос гарч ирлээ .Эндээс айл залгах  тул хятад манжууд буцсан бололтой.Балганых ч эндээс ойрхон аж.Дөрвөн хүн таван адуутай л иржээ.Сул адуунууд зарим нь буудуулж үхсэн ч зарим нь замдаа хулжжээ.
Балган алсаас харагдах бараан дүрсийг таньж ядна .Зэрэглээнд үелзээд заримдаа бөөн бараан юм болчихно.Тэгэсхийгээд л тараад хэдэн хэсэг болчихно.Дөхөж ирэхэд нь арайхийн таньж урдаас тосон давхиж очлоо.
Балган яаралтай давхиж нутгийн нэг оточ авчирч шархадсан хүнийг үзүүллээ. Аз болж сум хөндий цээжээр нь нэвт цохин гарчээ.
Хүн малгүй ядарчээ.Аргагүй шүү дээ үхэл амьдралын зааг дээрээс дөрвөн хүний амь аварсан Балган болон Балганы морьдод  хичнээн талархаад ханашгүй .Хөөрхий тэр хэлмэрч залууг дурсан ярьж сэтгэлдээ эмтэрлээ.Шархтай адуучингаа үлдээн явахаар болов.Балганы адууг авчирч өгөхдөө шархтангаа авахаар болжээ.Балганы сэтгэл хөдөлж
-Эр хүний замын хүзүү урт миний дүүд шандас сайтай морь хэрэгтэй гээд хөл алаг хээр морио Дамирангийн хүүд бэлэглэв.
Нутагтаа очсон хойноо Дамиран үнэнийг олж мэдэв. Өөрт нь өширхсөн ноён хойноос нь хүмүүс явуулж хээр алаг морьтой арваад адууг дээрэмдүүлжээ.Харин муу санаа биеэ отно гэдгийн үлгэр болж дээрэмчдээс нь нутгийн сайн эрчүүд замд нь булаачихаж Ноён Дамирангийн том охиныг эхнэрээ болгох гэж шүлэнгэтэхдээ  Дамиранг замаасаа зайлуулахгүй бол охиноо өөрт нь  өгөхгүй гэдгийг мэдэх тул  ийм бузар санаа сэджээ.Харин  Дамирангийн охин аль эрт заяаныхаа ханийг олжээ.Хайртай бүсгүйг булаах гэсэн мөн хадам аав дүүг нь хорлох  гэж буйг мэдсэн сүйт залуу ноёны явуулсан хүмүүсийг хэсэг нөхдийн отож байгаад адууг нь булааж аваад эмээлий нь үүрүүлээд явган буцаажээ.  Харин адууг нь хошуу дамнуулаад ядарсан олонд тараачихаж.
Ноён бухимдуу байх болов.Санасан сэдсэн нь бүтэлгүй болж манж амбанаас хишиг горьдсон нь талаар болж эсрэгээрээ энэ жилээсээ илүү олон малаар ирэх жил өргөл барь гэсэн бичиг авсан тул энэ аж. Сэтгэл санаагаа өргөх санаатай   салхинд гарсан ч   уйдсан тарган морь нь бусгаж  унагаад хэвтэрт оров .Дамиранг ирсэнийг сонсоод ноён харуул хамгаалалтаа чангатгахыг тушааж байна гэж сонссон ч Дамиранг тийшээ очихыг хүссэнгүй.Учир нь үхэх хүнд үг хэрэггүй гэдэг учир өшөө хорсолоо ч хойш тавьжээ.Гагцхүү ганцхан хүсэл нь Балган гэж хүний халуун хошуутай буянаараа  тусалж амий нь аварсан хүний ачийг хэзээ яаж хариулнаа даа хэмээн санааширч суулаа.Учир нь өсийг хүн хойш тавьж болдог харин ачийг хүн хэзээ ч хойш тавьж болдоггүйг тэр дэндүү сайн мэднэ.

Багабанди овогт Намхай Тайванжаргал
2017 он 08.11

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...