Tuesday, November 07, 2017

ТАВЫН ДАВАА /өгүүллэг/

                                    




Голын эрэг дээрхи сэрүүн агаар үдийн халуун нарны өмнө хүчин мөхөсджээ. Сүүдэр эрж 
гүймээр халуун нарны доор хөлсөндөө норсон нойтон бие нозоорон хөдлөхөөс дургүй хүрнэ.Чийгтэй ширгэн дээр л хэвтээд баймаар л эсвэл сайхан хүйтэн усанд булхаад баймаар санж .Даанч тэгж үл чадна .Хором эс амраах Чимэд заан цээж нүцгэн завилан суух агаад нуруун дээрээ   алчуур норгуулан авчирч сэрүүцэх зуураа зааж зандран суух нь ихэд ихэмсэг.
Өрсөлдөгч бөх нь  хав золгон барингуутаа   шуудагнаас нь барьсан Хайнзангийн  гары нь жийж тавиулаад шууд түрэн дайрлаа.
-Аан зөв одоо тэгээд шахаад яваач хэмээн тэндээс Чимэд заан хашхиран хэлэхэд нөгөө бөх нь Хайнзанг шахаж түрэн голлоод дайрахад нь  дагуулаад хөмөртөл дөрвөн хөллөж тогтоод босоод ирэв.
Чогсом заан уурлаж
-Хөөш Галдан чамд хэд хэлэх юм голлож дайраад тэр чигтээ зүтгэхгүй юм....  Тэгээд л хаячих юм.Дөрвөн хөлтэй мал байхаас дөрвөн хөлтэй бөх гэж юу байсан.Чи ийм байвал жин тээх ажлаас энэ өвөл чамайг буулгахгүй шүү хэмээгээд Хайнзанлуу харж
-Чи ч гэсэн ганц наад мэхээ өөрийн болгочихож чадахгүй юмаа.Хад арслангийн шавь гэж нэг л их биеэ тоосон амьтан гэж загнаж байх зуураа  хажуудаа ирж зогссон өндөр залуугаас
-За галуудаар сонин сайхан юу байна гэхэд.
-Ямпил зааны галынханыг бэлтгэл сайтай байна гэж хүмүүс ярьж байна гэж өндөр  залууг хэлэхэд Чогсом заан огт тоосон шинжгүй.Бүснээсээ мөнгөн хэрэглэлтэй тамхиа авч төө цагаан хаш соруултай гаансандаа нэрээд хацраа төмбөлзүүлэн хэд сорсоноо үнсийг нь цохиурандаа тогшиж унагачихаад бүсэндээ хавчуулах  зуураа
-Аан муу модон Ямпил арван засгийн наадам болгоноор л өөрийгөө ингэж хөөргөдөг юм.Энэ жил  Хад арслан байхгүй тэр хаа холдоо аж.Тэр тэгээд ямар тавын даваанаас цааш явах биш хэмээгээд сугалдаргалсан дээлийнхээ ханцуйгаар өргөн нүүрлүүгээ урсах усан хөлсөө арчаад босохдоо
Хайнзанлуу харж
-За чи  маргааш өглөө үүрээр Ханат хайрханы ууланд гарч мод цагаална даа.Чи ч чадах уу даа хөөрхий муу говийн амьтан мод цагаалахыг эс мэдэх байлгүй гэчихээд...
-Морь аваад ир гэж зандран мориндоо мордон муна шиг яргай ташуураа даялан чүү хэмээн жороо хул мориороо халгиулж одов.
Багшийнх нь дүү Ямпил зааныг муу хэлсэнд Чогсом заанд  дургүй нь хүрсэн тэрээр заанд өдөржин шидүүлж хөндүүр орсон биеэ дааж ядан Хайнзан гэрлүүгээ алхлаа.Босгоороо давангуут баруун хаяандаа унаад өгөв.Хор шар нь буцалж байлаа. Чогсом заан гэж ам хэл, ааш зан нь гүйцэгддэггүй энэ нөхөр тун хэцүү хүн гэдгийг мэдэх Ямпил зааны хэлж байсан нь бодогдов.
-Чогсом бид хоёрын багш гэж юу байхав арван засгийн наадамд барилдах бөхчүүд бэлдэж байна гэж хошуу ноёны хөлд суугаад байгаа хүндээ ноёноос юу салгах гээд байгааг бүү мэд. Харин  Чогсомын нэг онцлог нь ам мэх ихтэй жудаг муутай  хүн дээ гэж хэлсэнийг бодоод Хайнзан дээшээ харан  хэвтэж байхдаа
-Нээрээ тийм шүү гэж хэмээн өөртөө хэлэв.

                           хххх                     ххххх                       ххххх                       ххххх
 Чимэд заанаас сурсан юмгүй.Бэлтгэл хийсэн нэртэй өдөр хоногийг өнгөрөөж байгаа Хайнзан анх бөхийн замд хөтөлсөн Хад арсланг үргэлж бодно.Хүнд юм сургая гэж үнэн сэтгэлээсээ зүтгэдэг хүн байлаа хөөрхий даанч хүний сайн нь эрт явчих юм гэж харамсана. Хайнзанг бүүр жаахан байхад нь Хад арслан гэж өндөр хээр морь унасан лүглэгэр том биетэй хүн Хайнзангийн ирж байсныг тод саналаа.
Тэрээр аавтай нь мэндлээд л гэрийн баруун талаар дээшээ өгсөөд   хоймор завилан суухад нь Хайнзан хүүхэд насны сониучхан зангаар сайн харж билээ.
Өргөн шанаатай монхордуу хамартай зүүн хацрынхаа доор нэлээд том сорвитой өтгөн хар гэзэгнийхээ үзүүрийг сураар боосон урдаасаа жаахан халзрах маягтай том духтай том цагаан шүдээ гарган нуг нуг хэмээн инээсэн тэнгэр дуугарвуу гэлтэй бүдүүн дуутай хүн байлаа.
Тэрээр Хайнзангийн аавд хандаж
-Танай энэ хүү хэмээн Хайнзанг зааж энэ хүү чинь бөх болох шинжтэй дээр би  хүүхдүүдтэй  барилдаж байхы нь харлаа.Одоо харин зөв л чиглүүлэх хэрэгтэй .Уг нь танайд ч бөхийн удам байгаа даа.Чамайг зөвшөөрвөл би бөхийн замд оруулж өгч болох юм гэвэл
Хайнзангийн аав
-Аан бололгүй яахав гэвэл Хад арслан
-Хүү нас хэдтэй билээ гэхэд Хайнзангийн ээж тэндээс
-Арван хоёртой  нохой жилтэй гэтэл Хад  арслан Хайнзанлуу харж  инээснээ
-.Одоо арай нас бага байна.Ядаж арван зургаа хүргэж байж тэмээний тэн даадаг болохоор нь ирж авъя хэмээн хэлэв.
Ээж нь хоол унд болж ханын хатавчинд зүүлгээтэй байсан хонины гуяыг нь хөшиглөөд гурван ясы нь хэдэн хавиргатай чанав.
Хад арслан монгол гутлынхаа түрийнээс  ясан иштэй “чинжаал” хутга гарган гуяны гурван ясы нь  мөлжих зуураа бүснээсээ зүүлгээтэй байсан мөнгөн тоногтой ширэн уутнаасаа дунд гарын мөнгөн аяга гаргаж ирэн  шөлтэй хоол идчихээд  гарынхаа тосыг нэхий дээлнийхээ хоёр  мөрөн дээр нь ээлжлэн арчив. 
Хайнзангийн ээж нь бор авдараа уудлан баранзад хадаг гарган Хад арсланд бариад
-Багшдаа мөргө хэмээн Хайнзанг ээж нь нудрав.Харин Хад арслан нуг нуг инээж
-За би лам багш биш надад мөргөөд яахав.Хайнзан чи харин ээж аавдаа эрхлээд эмгэн шиг биетэй болчихвоо.Адуу малтай сайн ноцолд аргал түлшээ сайн түү жаахан эр хүний дөртэй болоод байж би тэр үед нь чамайг авнаа хэмээгээд  гарахаар босов.
Аавыгаа даган гарч Хад арсланг мордуулж өглөө.Хайнзанг арван зургаа хүрсэний хавар Хад арслан ирэв.Тэрээр Хайнзанг хараад
- Яг зөв одоо л бие нь задрах төлвөндөө орж байгаа юм байна.Бэлтгэлд нухлуулаад ирэхээр надаас дутахааргүй биетэй болох юм байна гэв.
Ийнхүү Хад  арсланг  даган Хайнзан мордоход ээж нь нүдэндээ нулмистай
-Миний хүү сайн  бөх  болоорой  гээд  дөрөөнд   нь сүү  дусаагаад үлдлээ.
Хад арслан залуу хүүг зоригий нь мохоохгүйн тулд алсаас бөх болох замд бэлдэж эхлэв.Хүнхэр хайрхан хэмээх хайрханлуу өглөө бүхэн гүйлгээд эргээд ирэх замдаа хайрханы бэлээс чулуу үүрүүлж авчруулдаг байлаа.Маргааш өглөө нь өчигдрийн авчирсан чулууг нь буцаагаад байранд нь аваачиж тавиулдаг.Өдөр өдрөөр нь чулууг алсаас нь томруулсаар байв.Мултгар хэрнээ нэг том чулуу л үлдээд байв.Нэг өглөө Хад арслан нөгөө чулуун дээр ирээд
-Энэ чулууг өргө гэв.Хайнзанд амархан мэт санагдаж ухасхийн очоод шууд өргөх гэтэл Хад арслан болиулж
-Алсаас аажуухан өргө гэв.Хайнзан тэвэрч аваад л өргөх гэтэл даасангүй.Жаахан л байрнаас нь хөдөлгөөд чадсангүй.Хад арслан
-За хүү минь чинь болоогүй байна.Нэгд чи энэ чулууг шууд өргөх гэлээ .Нуруу нугасандаа юм оруулчихвал чиний бөх болох өнгөрнө.Бөх хүнд хүч бярнаас илүү ухаан эв байх ёстой.Өөрөөсөө илүү хүчтэй хүнтэй ухаанаар л барилдаж давдаг юм.Мөн чи огт бяр суугаагүй байна.Би наадахы чинь арван тавтай байхдаа өргөөд саахалтын газар авааччихаад буцаагаад авчирч тавьж байсан юм.Харин манай нагац дүү Ямпил арван долоо хүрч байж л өргөсөн юм даг гээд 
-Чи намар сэрүү унахаар Ямпил бид хоёртой  жин тээнэ шүү .Тэнгийн ачаа өглөө бүхэн өргөөд ирэхээр сайн бэлтгэл болдог юм гэв.
 Өвлийн эхэн сар гаргаад гуч гаран тэмээгээр жин тээхээр Хайнзан Ямпил Хад арслан гурав  нутгаасаа гарлаа.
Сар гаран явж байж зорьсон газраа хүрч ачаа бараагаа хүлээлгэж өгөөд буцаад ойр зуурын хүнсний бараа  ачаад нутгийн зүг хөдлөв.Хонхын даваа гэж жинчдийн зүрхийг зүссэн хана хавцал ихтэй хадархаг өндөр даваа байдаг байлаа.Хонхын даваа гэдэг нэрийн учир нь сүүлийн тэмээ нь харагддаггүй учир зөвхөн хонхны дуугаар нь  мэддэг байсан учраас ийнхүү нэрлэжээ.Жинчидийг явах үед нь Хонхын даваа харьцангуй гайгүй цас нь бага байв.Давааны бэлд тулж ирээд  жинчид хоноглох гээд буугаад байтал тэнгэр муудах шинжтэй болохоор нь даваа хаагдахаас өмнө давъя хэмээн шөнөөр даваа давахаар зүтгэлээ.Жингийн цувааны түрүүнд явсан Хад арслангийн унаж  явсан тэмээ нь хавтгай чулуун дээрхи нойтон цасан дээр халтираад доошоо  ханан  хавцалруу уначихав.Ямпил Хайнзан хоёр яаран бууж очвол хөөрхий тэмээ аль хэдийн амь тавсан байлаа.Харин Хад арслан бүдэгхэн л амьсгаатай байгаа нь хүнд бэртсэн бололтой.
Шөнөдөө цасан шуургатай ноцолдон байж хатгуураа бариад өглөөг болгов.Өглөөгүүр Хад арслан сая нэг ам нээж  хатгуурын хаяагаар тэнгэрийн хаяаруу харсанаа яраглан байж
-          За дүү нар минь эртхэн даваанаас буу тэнгэр үдээс хойш ахиад цасаар шуурах нь цасаар шуурвал бид тэмээтэйгээ давааны орой дээр боогдоно шүү гэв.
Дампил Хайнзан хоёр яаравчлан ачаалаад Хад арсланг нэг тэмээн дээр эвтэйхэн суулгаад даваа уруудав.Яаравчлан явсаар  нутагтаа ирээд ойр хавийн нэртэй оточ лам ,бариач нарыг бүгдийг нь авчраад Хад арсланг үзүүлсэн ч үр дүн гарсангүй .Сар гаран хэвтэрт байж байгаад бурхан боллоо.
Нутаг хошуугаараа харамсан гашуудав.Хад арслан хошууныхаа нэр нүүрийг өргөж явдаг хамгийн том цолтой бөх нь байлаа. Хайнзан ч мөн ихээр гашуудав. Хад арслангийн ирээд тэр хоёр жил гаран болжээ.Энэ хүнээр бөхийн эрдэмийг бүрэн дүүрэн заалгаж чадаагүй ч бөх хүн гэж ямар хүн байдаг.Мөн монгол бөхийн жудаг гэж ямар зүйл байдгийг  энэ хүнээс л сурч авсан.
 Хад арслангийн эхнэр хүүхдэд нь хань болж уй гашууг нь хуваалцаж буяны хоногийг нь гүйцээчихээд  Ямпил зааны гадаа гэрий нь буулгаж  өгөв.Мөн түлээ түлший нь бэлдэж өгөн хэд хоночихоод гэрлүүгээ буцлаа.

                     хххххх                             ххххх                              хххххх        ххххх
 Хайнзан гэртээ ирээд удаагүй байтал нэг өглөө хошуу ноёны хиа давхиж ирэв.
Тэрээр
      -За Хайнзан гэж хэн бэ гэвэл Хайнзан
-Би байна гэвэл
-Хошуу ноён маргааш чамайг морин цагаас өмнө ирж уулз гэсэн .Эс ирвээс дөнгөлөн авчир гэсэн хэмээн мориноосоо ч буулгүй ташуураараа занган даналзан байж хэлээд тоос татуулан давхин одов.
Хөөрхий  аав ээж хоёр нь бүүр айчихаж.
-Ээ бурхан Гончигсум минь юу л болох нь энэ вэ хэмээн ээж нь Хайнзанлуу харав.Хайнзан ч намайг цэрэгт дайчлах нь л гэж бодлоо .Аав ээждээ ч энэ тухай хэлсэнгүй .Маргааш өглөө нь морин цагаас өмнө ноёны уяан дээр буувал уяа дүүрэн морьд багширч байлаа.Ноёны өргөөний үүдээр хүн амьтан нэлээд байж аж .Таньдаг ганц нэг хүн ч харагдаж байна.
Гэрээс хүрэн хамбан дээлэн дээр хөх торгон хантааз өмсөж бүсэндээ хэт хутга зүүсэн шилэн дээрээ улаан залаатай сампинтай малгайгаа шидсэн жирвийсэн хар сахалтай  хижээл насны нэлээд биерхүү хүн гарч ирсэнээ цугласан олонлуу харсанаа араас нь гарч ирсэн хиад хандаж нэг юм хэлэхэд хиа хуйлаатай муутуу цаас дэлгэн хориод хүний нэр уншив.Тэр дотор Хайнзангийн нэр байлаа.Цуг байгаа хүмүүсийн ярианых дундаас хүрэн хамбан дээлтэй хүнийг Чогсом заан гэдэг гэнэ.Хошуу ноён зэргэлдээх хошуунаас өөрийн холын хамаатан Чогсом зааныг урьж арван засгийн наадамд барилдуулах бөхчүүдийг бэлтгэл хийлгэхээр ирсэн энэ гэнэ.Ямпил заантай бэлтгэлд гарахаар Хайнзан бодож байсан ч ийнхүү хошуу ноёны тушаалаар Чогсом заан хэмээх энэ хүний галд нэгдэхээр болжээ.
Маргааш өглөө нь Хүйсийн голын тохойд гурван гэр бариулаад хонь мал гаргуулан бөхчүүдийг бэлтгэл хийлгэж эхлэв.Чогсом өөрийнхөө гэрийг нүүлгэн ирж бэлтгэлийн гэрийн ойрхон бариуллаа.Мөн бэлтгэл хангагч нэрээр өөрийнхөө хоёр хүү болон нутгаасаа дөрөв таван бөхчүүдтэй иржээ.Хайнзангийн нутгийн  бөхчүүд бэлтгэл хийж байгаа нэртэй л болохоос биш Чогсомын нэртэй зарц болчихов.
Заасан юмгүй Чогсом зарсаар байтал арван засгийн наадам дөхсөөр. Чогсом Хайнзанг бүүр үзэхгүй Хад арслан амьддаа Чогсомыг дээш нь гаргахгүй дарж байсан болохоор тэр Хайнзанг ад үзэх нь илт.Хааяахан хошуу ноёныг ирэхээр нь зодог шуудагий өмсгөөд хооронд  нь ноцолдуулсан болж харагдах нь хуурмаг.Хориод хүн ирсэнээс залхаж оргосоор байгаад арваад хүн л үлдэв.Энэ дотроосоо л бөхийн арай дөртэй нь Хайнзан байлаа.Чогсомыг байхгүй үед нь Хайнзан нөгөө хэддээ мэддэг чаддагаа харамгүй заачихна.Эхний үед Чогсомын хоёр хүү болон дагуулж ирсэн бөхчүүд нь Хайнзангаас бусдыг нь шидэж алчих гээд ширүүн байдаг байсан боловч удалгүй Хайнзангйин нутгийн нөгөө хэд нь бүүр дийлдэхээ байв.Чогсом заан бүүр гайхлаа.Тордоод байсан бөхчүүд нь байдаггүй .Тоохгүй хаясан бөхчүүд нь сайжраад ирэхээр нь бүүр гайхав.Нууцыг нь олох гэж Чогсом толгойгоо гашилгаад олсонгүй .Хайнзанг хардав.Хийж байгаа мэх дэвээ гараа хэв маяг нь Хад арсланг санагдуулах болсон тул Хайнзан дээр тогтлоо.
Нутгийн бөхчүүдээ толгойлон Чогсом нөгөө талаасХайнзан ахлагчтай нутгийн бөхчүүдтэй  халз барилдаан хийх төлөвлөгөөг Чогсом сэдэж наадмын сорилго нэрээр зохион байгуулав.Уг барилдаанд Хайнзангийн багийн бөхчүүд Чогсомын багийн бөхчүүдийг илүүрхэв.Чогсом Хайнзантай барилдах өшөө хорсол  байвч унавал нүдний булай болно гээд хаширлаад барилдсангүй.
Чогсом заан хоёр хүүдээ болон өөрт нь яваандаа гай болж мэднэ хэмээгээд Хайнзанг гэрт нь буцаах арга сэдээд янз бүрээр хатгасан ч   Хайнзан хөдөлсөнгүй.
Ямар сайндаа л
-Хадын бэлдсэн энэ мангар хар юм чинь мал юм уу хүн юмуу үг авахгүй хэмээн уурлаж байхав.
Хүсэн хүлээсэн арван засгийн наадам зуны нэгэн сайхан билэгт өдрийн өглөө ёслол төгөлдөр эхэллээ.Хошуу ноён ч дотороо том цол бодож байгаа нь дамжиггүй.Учраа бүртэйгээ гал гарсан үзэгч түмнийг уйдаахааргүй түргэн шуурхай барилдаан хийж давсаар Хайнзан тавын даваанд тулаад ирэв.Харин Чогсом ямар  арга заль хэрэглэсэн юм бол   том хүүтэйгээ тавын даваанд тулаад ирчихэж.Ноён санаа зовж байв.Хошууны бөхчүүд нь нэг үе тавын давааг давж чадахгүй нэлээд хэдэн жил болсон бөгөөд Хад арслан гарч ирж байж ноёны сэтгэлийг нэг амрааж билээ.
Ахиад энэ түүх давтагдах вий гэж ноён эмээхдээ битүүхэн бөхчүүдээ харж сэтгэл төвдөнө. Чогсом заан аль хэдийн арга эвий нь олж хөлд нь суусаар ноёноор зөвшөөрүүлж дөнгөжээ.
-Танай нутгийн энэ хүү Санжааг би авч цолонд хүргэе.Та миний хүүд Хайнзанг буулгаж өг гэж Учир нь тавын даваанд Хайнзангийн нутгийн Санж хэмээх бөх тулаад ирсэн нь  Чогсомд  боломж олгожээ.Тэр ноёноор нь Хайнзанг хүүдээ буулгаад өөрөө Санжад унаж өгөөд ноёноос танай нутгийн хүүг дэмжлээ хэмээн хишиг хүртэх төлөвлөгөө зохиосныг Хайнзан яаж мэдэх билээ.Тавын даваа эхлэхэд Хайнзан Санжаа бид хоёрын аль нэг  тунана гэж бодож байтал Санжааг Чогсом заан амалчихсан бөгөөд харин Хайнзанг Чогсомын том хүүтэй тунаачихаж.Гарахын өмнө хошуу ноён ирээд
-Чи Чогсомын хүүд тахим буулга Чогсом Санжаад өгнө гэсэн бид хоосонгүй үлдвэл болно биз гэхэд нь Хайнзангийн уур хүрч
-Яаж барилдахы минь зааж болно харин  ямар хүнд унаж өгөхийг та заах эрхгүй хэмээгээд  гарав.
Тугны өмнө шаваад Чогсом эргэхдээ Хайнзанд хандаж
-За чи хүүд минь өгөхгүй бол танай нутгийн энэ залуу үүрд тахир дутуу үлдэнэ шүү гээд хүйтнээр инээгээд цаашаа таахаг таахаг хэмээн алхав.
Чогсом барилдахгүй Хайнзангийн барилдааныг хараад хүлээгээд байгаа нь харагдаж байв.Хайнзан Чогсомын хүүг ганцхан дайраад хаячих байсан ч хүлээж байгаад хөлдөө оруулаад арагшаа суучихлаа.Сэтгэл нь ханасан Чогсом нөгөө Санжаад өгчихөөд эргэхдээ хүүгээ заан болгох хүсэл нь бараг бүтэж байгаад өөрийн мэдэлгүй малийтлаа инээсээр асарт орж ирэхэд нь нутгийн хүмүүс нь
-Заан яасан эрт өгчихвөө гэвэл
-Залуу хүнийг дэмжилгүй яахав би хүүгээсээ илүү шавиа дэмждэг хүн шүү хэмээн манжирхав .Тэрээр их баясгалантай байгаа нь мэдээж Хайнзанг ноёноор нь болон нутгийн бөхөөр нь шантаажилж байгаад хүүдээ тахим буулгасанд байлаа.
Нутгийн нэг хүн нь Чогсомд хандаж
-Та хүүгээ авахгүй яагаад ондоо хошууны бөх амлав гэвэл
-Хад арслангийн шавийг би харсан юм.Гэтэл.....миний хүүг барсангүй.Энэ  хошууны бөх ч Хадаар дуусав бололтой хэмээн тавлан инээж байх нэн муу зальтайн шинж буй. Чимэд бөхчүүд дотор нэр нүүргүй болсоноо тэр өдөр л мэдэв.Хүүгээ заан цолонд хүргэхийн  тулд гар амар явуулах гэж өчнөөн хүнээс гуйж гувшсан боловч авах хүн олдсонгүй.Өшөө хорондоо харин Ямпил заан амалж аваад Чогсомын өмнө аваачаад шидчихэв.
  Хошуу ноён хэзээ хойно Чогсомд чадуулснаа мэдлээ.Цолонд хүрэх бөхөө Чогсомын үгэнд орж тахим буулгаж хийморийг нь гутаасандаа тэрвээр гэмээ цайруулах арга олох гэж зовох болов.Учир нь Ямпил тэргүүтэй хэдэн бөхчүүд ноёнд хэдэн хатуу үг хэлсэн нь ийнхүү сандрах шалтгаан болжээ.

                   хххх                            хххх                            хххх                        хххх

Хойтон жилийн наадмыг хүлээх болсон Хайнзанг Ямпил заан дагуулан гэртээ ирлээ.Жилийн өмнөөс л тэр хоёр наадмын бэлтгэлдээ оров.
Энэ жил Хайнзан хорь хүрчээ.Хорьж болдоггүй хорин насан дээрээ ирсэн тэрбээр бяр нь багтаж ядаж байлаа.
Ямпил заан шавиа жинхэнэ торгон ирэн дээр нь тааруулсан нь илт.
.
Хошуу ноён Ямпил Хайнзан хоёрыг наадмын бэлтгэлд дуудсан ч очсонгүй.Харин Чогсом хошуу ноёныг хатгаж байлаа.
-Ноёныхоо үгийг авдаггүй ард гэж байдаг юм байна.Та наад хоёроо наадамд бүү барилдуул цэрэгт явуул хэмээн ятгах болов.Ноён харин эргэлзэж байлаа.Ноднингийн наадмаар Чогсомын үгээр явж байж ард олон бөх сонирхогч түмэндээ адлуулснаа санаад хаширлаж байв.Ямпил Хайнзан хоёрыг барилдуулахгүй гэвэл нутгийн олон түмэн эсэргүүцнэ гэдгийг мэдэх учир өөрөөсөө холдуулж арга олохыг Чогсомд даалгаад өөрөөсөө холдуулчихав. Чогсом арга олох гэж шаналсаар байтал наадам хаяанд тулчихаж.
Ногооны  униар татсан өглөө наадмын дэвжээ хүчтэнүүдээр дүүрэв.
Аварга арслангуудаар магнайлуулсан эхний дүйз гараад дуусмагц Ямпил зодог шуудагаа өмсөж бэлдэнгээ Хайнзанд хандаж
-Чи  Чогсомыг  сайн ажиглаад цаадах чинь ямар хор найруулах гээд байна сайн хараарай гэв.
Чогсомтой барилдаж байгаа залуу бөх зугтаад гүйцэгдэхгүй байсанд уур нь хүрчээ.Хүнлүү шахаж байгаад  барьцаа аван  гаргаж ирээд баглаж байгаад өргөөд шидчихэв.
Үзэгч түмэн шуугилдаад явчихав.
-Хүүхэд алчихлаа
-Залуу хүний ирийг мохоочихлоо
Чогсом дүлий хүн шиг сонсохыг хүссэнгүй .Хүрлийчээд уурлаад асарт орж ирээд далбаагаа тайлаад ханцуйг  нь
-Тат хэмээн нэгэн залуу бөхийг зандарч тайлаад тэрлэгээ нөмрөн суув.
Тэрээр маш ууртай байгаа нь ноднин начин цол хүртсэн хүү нь хоёрын даваанд  уначихсанд уур нь хүрээд тогтож чадахгүй байлаа.
Чогсом заан  тавын давааны ам авах гээд нэр сонсон зогсож байснаа Хайнзангийн нэрийг сонсонгуут
-Наадахаа тавьчих хэмээгээд эргэв.
Харин Хайнзан тавын даваа хүртэл амлуулж, тунаж хүндхэн өрсөлдөгч нартай барилдсан ч учраа бөхчүүдээ бараг л биедээ хүргэсэнгүй давлаа.
Чогсом эсрэг асарт их л бухимдуу зодог шуудагаа яагаа ч үгүй эрт өмсчихсөн холхиод ууртай байгаа нь илт.
Харин Хайнзан хачин ихээр тайван байв.Ямпил заан
-За чи Чогсомыг хүлээх хэрэггүй .Их бохир барилдаантай шүү .Чамайг гэмтээж магад хянамгай барилд гэв.
Засуул дээрээс гараад тугны өмнө шавж байгаад эргэвэл Чогсом их л ууртай хүрлийсэн харцтай  шууд урдаас ирэн өрөнгүүтээ тохой алгадаад ард гарах гэж үзэв.
Хайнзан ардаа алдсангүй.Ахин өрлөө.Чогсом толгойгоороо мөргөн тулангуутаа баруун гараараа сэнжигний барьц авчихлаа.
-Барьцыг нь хал хэмээн Ямпил хашхирвал Хайнзан барьцаа халах гээд гэдэс хийтэл Чогсом хагас суун хонгодонгуут Хайнзан дагуулаад мушгилаа.Хазайж ирээд тогтсон Чогсом Хайнзанг амар хаяхгүй гэдгээ мэдсэн бололтой.Харин Хайнзан урагшаа явж Чогсомыг залуу хүний ид хаваар илүүрхэж барилдахыг  хүсэн хөөж тахимдаад буцааж сэнжигнээс гуд татан бөхийлгөөд хүнрүү орсон тул барьцаа тавьж эргэлээ.Чогсом суларчээ.Хайнзанг барьцанд хүрмэгц л ухраад л хүнрүү орчих аж.Гэхдээ “хөгшин чоно буруу гарт”Чогсомд Хайнзанд бэлдсэн мэх байгааг Ямпил сайн анхааруулсан билээ.Даанч Хайнзан Чогсом зааны барьцыг өгөхгүй байгаа тул мэхээ хийх боломжоор хомсхон аж.Харин энэ удаад Хайнзан ухасхийн  Чогсомын сэнжигний барьцнаас зүүн гараараа дүүрэн атгаж авлаа.Барьцыг нь халах гэж янз бүрээр үзсэн ч залуу хүний бахь шиг хатуу гарыг тавиулж дийлсэнгүй Чогсом харин өөрөө цуцчихав.Хайнзан сэнжигний барьцнаасаа хагас суун татаад орж ирсэн Чогсом зааны баруун хөлийг нь халбагдан авч дээр өргөөд цацаад шидчихэв.
Тэрээр тахимаа өгчихөөд эргэхдээ их л ууртай нүд нь улаанаар эргэлдээд мөргөлдсөн бух шиг хилэнтэй харцаар тааралдсан хүн бүхнийг шилбүүрдээд  асарлуугаа орон дээлээ өмсөн гарч ирээд  хоёр хүүгээ дагуулан наадмаас  эрт явчихав.
Хайнзан давчихаад иртэл Ямпил тосон ирж үнсээд
-За ахын минь хүсэл биеллээ.Тэнгэрээс чамайг харж байгаа байхдаа  гээд домбоноос халуун цай аягалж өгөв.Хайнзан энэ наадмаар заан цол хүртээд аварга Лувсанд тахим буулгав.
Хайнзан  Хад арслангийн эхнэр хүүхдийг зуслангаас нүүлгэж гэрий нь барьж өгчихөөд  гэртээ иртэл уяан дээр нь эмээлтэй гурван морь байх аж. Хэн ирсэн юм бол гэж бодсоор морио уячихаад гэртээ орвол Чогсом заан хоёр хүүтэйгээ сууж байлаа.Хайнзан Чогсомыг харангуутаа мэл гайхав.
-Сайн байна уу гэж мэндлээд гэрийнхээ зүүн талаараа өгсөөд аавынхаа доод талд суулаа.
Чогсом заан шүрэн толгойт хаш хөөргөөрөө Хайнзанд тамхилаад хэсэг дуугүй сууснаа.
-За Хайнзан ахыгаа уучлаарай ах нь ухвар мөчид явж монгол бөхийн жудгаа гээсэн үйлдэл олныг хийсэн байна.Залуу хүн чиний өсөж дэвжих бололцоог хааж уршигт үйлдэл хийж байсандаа танай ээж ааваас болон чамаас уучлал гуйж байна.Би үр хүүхэдгүй хүн шиг чамд хатуу хандаж явжээ.Миний хоёр хүү та гурав олон жил  барилдана .Бидний зангидсан өс цаашид ингэж удаан явбал монгол бөх минь юу болох билээ.Өнөөдрөөс эхлэн би танай хошууныхантай зангидсан өсөө хаяж байна.Жалга довны үзэл монгол бөхийг хөгжилрүү биш ангалруу чирч байгаа юм байна гэдгийг ах нь нэлээд хожуухан ухаарсандаа өөрийгөө зэмлээд баршгүй гээд л  .Бүсэн дэх аяганы уутнаасаа мөнгөн аягаа гарган Хайнзангийн ээжид хандан
-Та энэ аяганд сүү хийгээд өгөөч гэв.Хайнзангийн ээж дүүрэн сүү хийж өгвөл Чогсом заан Хайнзангийн аавд эхэлж бариад өөрөө дараа нь амсаад бүгдэд  тойруулан хүртээгээд
-За бид цагаан сүүгээ хувааж хүртлээ. Бидний өс зангидаж байсан  мунхаг сэтгэлий минь ариусгалаа.Одоо бүгдээрээ талын газар хаяа хатган хамт бууж таван хошуу малынхаа бэлчээрт бие биедээ  тустай явах ахан дүүс боллоо хэмээн босохдоо аягаа уутанд нь хийгээд
-Одоо бид Ямпилынхаар ороод явна.Нарны галтайд явъяа хэмээн гарахад нь Хайнзан нохойгоо хорин Чогсом зааныг мордуулж өглөө.
Тэр  өвөл Чогсом заан бурхан болжээ.
Хайнзангийн аав Чогсомыг өнгөрснийг сонсоод
-Монгол бөхийн босоо цагаан хийморь үл тасрах болтугай  хэмээхэд  ээж нь
-Ээ хөөрхий бурхан өршөөг хэмээн гүцэн дэх тосоо хайлахаар задгай тулганд цогшиж байгаа аргалын цогон дээр тавьчихаад зулын гол имрэн суув. Харин Хайнзан
-Чогсом өөрийгөө жудаггүй юм хийж байгаагаа мэддэг болов уу .Би Чогсомыг ухаарахыг үзэхгүй байхаа хэмээн Ямпил заан хэлж байсныг лбодож байлаа.

Н.Тайванжаргал






















No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...