Thursday, November 30, 2017

ТЭРЭГНИЙ МОРЬ /өгүүллэг/




Тэр нэгэн бараан шөнөөс хойш миний амьдрал орвонгоор эргэсэн дээ.

Ямар азаар тэнгэрийн амьтан гэж биднийг дээдэлдэг энэ сайхан нутагт төрөв өө гэж цэцэг дэвссэн уудам талынхаа хээрийн хөх салхийг хага зүсэн давхидаг байлаа даа.

Гэтэл энэ бүхэн зүүд юм шиг хаашаа алга болчихов оо. 
Харин одоо. 
Ямар үйлийн үрээр ийм тавилантай учирав гэж өөрөө  өөртөө л харамсана. Тал хээрийн минь дэндүү сайхан үнэртэй агь таанын үнэр минь үнэртэхгүй, хээрийн сэвэлзүүр зөөлөн салхиа сөрөн давхидаг эрх чөлөө минь байхгүй.
Гагцхүү адайр ааштай эзэн, хог новшны эхүүн үнэр, хотын их чимээ шуугиан энэ бүхэнтэй хүчээр шахуу л эвлэрчээ.
Өглөө болжээ.
Хамгийн хямд үнэтэй гурилан хэвэг болон жил өнжсөн ялзарсан өвсөөр ходоодыг нь хуурсан эзэн нь гэрээсээ ханиалгасаар гарч ирлээ.
Өглөө бүхэн л хийдэг ажилдаа гарах цаг болжээ. Эзэн нь тэргээ хөллөж бэлэн болов. 
-Хандаа, хэмээн эхнэрээ ууртайхан дуудаад хашааны хаалга онгойлго гэв.
Эхнэр нь хэдэн банзаар тогтоосон хашааныхаа хаалгыг онгойлгов .
Эзэн өнөөдөр их л ууртай байгаа бололтой. Учир нь өчигдрийн олсон хэдээрээ уучихаад өнөөдөр шар тайлах юмгүй цухалдаж байгаа нь энэ байлаа.
Хаанаас ямар хог новш ачих юм бол доо.
Эзэн утсаар ярьж байгаад жолоогоо баруун тийшээ эргүүлэв. Энэ хэдэн гудамжийг бүгдийг нь сайн мэднэ. Худгийн хажуугаар өнгөрөөд урд талын гудамж руу ороод наанаасаа хоёр дахь хашааны үүдэн дээр зогсов.
-За энд чинь далий Ганаа гэж хазгар хүн байдаг. Юу ачих юм бол гэж бодохын зуур хашааны хаалга онгойлговол эзэн нуруун дундуур нь ташуурын оронд хэрэглэдэг хатуу реминээр ороолговол цочсондоо ухасхийлээ.

Хашаанд блокны хэлтэрхий болон хог новш овоолсон байлаа.
Эзэн нь далий Ганаатай худлаа ярьж суух зуур хоёр залуу тэрэгний тэвшин дээр морины хомоол болон үнс нурам болсон хогийг дор нь аччихав

Эзэн нь далий" Ганаатай их л хөгжилтэй нь аргагүй ярилцаж мар мар инээлдэнэ. Хүмүүс ярих нь энэ далий Ганаа их хэцүү хүн. Хүний аминаас бусдыг нь амьд дээр нь зүгээр салгаад авчихдаг хүн гэж ярих юм байна лээ. Эзний минь юманд дуртайг далимдуулан ганц шил юмаар баахан хог зөөлгөчихөж мэднэ дээ. Ядаж тэнд хураалттай байгаа ногоон өвснөөс хэдэн боодлыг авчихаасай даа. Энэ сайхан ногоон өвснөөс нэг идэж үзэхсэн. 

Далий Ганаа ч энэ хавьдаа л том уяач даа. Түүний тэжээж байгаа хэдэн морьд намайг их л сонирхон харах юм. Аргагүй дээ над шиг ийм туранхай мал ойрд хараагүй байлгүй.
За тэр эзний минь далий Ганаа гэртээ дагуулан орлоо. Миний бодсон ч онож байх шиг байна даа .

Ямар их удаж байна вэ.
Арай гэж эзэн минь гарч ирлээ. За яг л миний хэлсэнээр болж мань хүнээс сархад гэж айхтар идээ сэнхийн үнэртэж байна. Өнөөдөр орлогогүй харина эсвэл гадуур айлд хонож намайг мөн тэрэгнээсээ ч салгалгүй хоосон хонуулах нь дээ.
Ямар хол гэж санана тэр хогийн жалга нь. 
Хар усанд толгойгоо мэдүүлсэн энэ эзэн мөн хэцүү хүн шүү. Зүтгээд байхад л шавдуулаад тархи толгойгүй ороолгоод байх юм.
Эзэнтэй минь адилхан олон морин тэрэгтэй хүмүүс байдаг ч морь тэрэг хоёроо сайхан арчилж тордон амьдралаа аваад явж байгаа хүн ч байна .
Манай эзэн шиг ажил амьдралаа алдсан нэгэн ч байх юм. Ар гэртээ санаа зовно гэж байхгүй, муу эхнэр нь цувдай, толгой, шийр зэрэг л зарж амьдралаа авч явах юм даа.
Би ч эндээс эсэн мэнд сална гэж байхгүй байхаа. Эзнийхээ хашаанд турж үхэх эсвэл энэ жалгуудын нэгэнд өеөдөж үхэхээр тэргээ салгаж аваад л хаяна биз. Золбин ноход миний зовлого дээр зодолдоод л дуусах байх даа. Миний чадах юм эцсийн удаа ижил сүргээ эх нутгаа бодож нутгийн зүг толгойгоо харуулан үхвэл болох нь тэр дээ. Ер нь би энэ өвлийг давахгүй байхаа нас ч явлаа. Надад ямар ч тэнхээ тамир болон тарга тэвээрэг алга.
Энэ замын өгсүүрийг яана. Өгсөөд л өгсөөд л байх юм. Өнөөдрийн энэ ачаа ийм хүнд байна уу эсвэл миний тэнхээ тамир ингэж муудаа юу. Арга ч үгүй байх даа. Миний идэж байгаа өвс л гэхэд хэдэн жил өнжсөн ялзарсан өвс хашааны булангаас хааяахан зулгаадаг нохой, гахайны баастай өмхий шарилж юм чинь.
Саяхан орсон шинэ цас бас хажууд нь тун их нэрмээс болж байна даа. Тэрэгний дугуй гулгаад байх юм.
Энэ л мөргөцгийг давчихвал боллоо доо. Жаахан зогсоод амраадахвал яадаг бол.

-Чүү хэмээх эзний дуу ууртай дуу сонсогдон хүнд ремин ташуур хондлой дээр минь буулаа. Хэдийн хөдлөхийг оролдовч урд хоёр хөл минь өөрийн мэдэлгүй сөхөрч хүнд ачаатай тэрэг арагшаа чаргуулдан одоо нэгэнт хүчрэхээ байжээ.

-Муу адсага чүү хэмээн эзэн хайр найргүй ороолговч би тэргээ биш тэрэг намайг газрын уруу зөөлөн цасан дээр дүнгэнтэл чирэн одлоо. 
Энд тэнд хог новш үсрэн их дуу чимээ гаран уруудсаар мөргөцөг дээгүүр даван машин зам дээр унав.
Машины чагнаалын дуу эцсийн удаа чихэнд чийртэй сонсогдож лүг хийн биеийг нь ямар нэгэн хүчтэй юм мөргөж агшин зуур бүх юм болоод өнгөрөв. 
Нулмис бүрхсэн нүдний минь өмнө төрж өссөн нутаг минь зурсхийж нутгийн зүг толгойгоо харуулан үхэх эцсийн мөрөөдөл минь талаар болж халуун амьтай минь хамт тасран одох нь тэр.

Багабанди овогт Намхай Тайванжаргал
2005.03.15

УНАГА БАНХАР ХОЁР /өгүүллэг/




Зуны энэ өглөө нам гүмхэн өвсний толгой дээр буусан шүүдэр наранд гялтайн бөнжигнөнө. Мал сүрэг ялаа батганаас өмнө өглөөний сэрүүнд аль хэдийн бэлчээрт гарч цаг наранд баригддаггүй хөдөөгийн их ажил аль хэдийн эхэлжээ. Нар унахаас өмнө усандаа явъя гэж бодон Дэндэв тэмээндээ усны савнуудаа ачин хөдлөв. .Дэндэвийг булаг дээр ирэхэд тээр доор харагдаж байгаа цөөвтөр адуунаас өөр малгүй байлаа. Саваа буулгаж байтал ойрхон унага үүрсэх сонсогдов.Эхлээд сайн анзаарсангүй булгийн доохно цөөвтөр адуу харагдаж байсанд тэнд л унага үүрсээ биз гэж бодон савандаа усаа хийж эхэлтэл бүүр хажууханд ахин унага үүрсэв.Дэндэв өндийгөөд сайн харвал өөрөөс нь холгүй түнгэний толгой хөдлөн нялх хээр унага гарч ирэв.Янцгаах аядавч дуу нь бүүр гарахаа байж хоолой нь сааралтжээ.Хөөрхөн моодгор сүүлээ хөдөлгөн ялаа үргээн шөмбөгөр хошуутай толгойгоо хаялан зогсож байснаа буцаад түнгэрүү орчихов.Дэндэв хойноос явсаар түнгэрүү орвол булгийн хажуухан намаг дунд нэг бараан адуу уначихсан байлаа.
Дэндэв довны толгой дамжин очиж үзвэл аль хэдийн үхчихсэн байв.Хөөрхий унаганы эх бололтой цагаан сүү нь урсаж тэр хавьдаа тунажээ. Ямар ч байсан нутгийн адуу биш бололтой байв .Булгийн эхээс холдуулах хэрэгтэй гэж бодон Дэндэв татлагаа авчран цээжээр нь оосорлон тэмээгээрээ зүтгүүлвэл суга татан гарч ирлээ.Нэлээд хол чирж байгаад татлагаа авах санаатай буувал унага дагаад ирчихсэн эхийгээ үнэрлэн тойрох аж. Усаа ачаад хөдлөх гэснээ унагыг харж хэсэг зогсов.Энэ хөөрхий амьтан ингээд л үхнэ шүү дээ . Эзэн нь олж иртэл яаж тэсэх бэ гэж бодсоноо унаган дээр очин тэмээндээ ачин гэрийн зүг хөдлөв.Гэртээ авчран үнээний сүүг устай найруулан угжих гэж оролдсон боловч уухгүй байлаа. Жаахан сүү амруу цутгавал сүүний амтыг мэдрэв бололтой ховдоглон залгилав.Дангаар нь сүү өгч болохгүй учир нь үнээний сүү тослог ихтэй учир гэдэс гүзээг өвтгөж магадгүй байв.Унага их ойрхон эхийгээ хөхдөг учир хоёр цаг болоод угждаг байлаа.Сүүлдээ бүүр хүнд дасаад хөөрхөн болчихсон хүн хаашаа л дагаж гүйгээд л Дэндэвийн гурван хүүгийн хамгийн их хайртай мал нь болчихсон байлаа .Нэн ялангуяа таван настай бага хүү Хүрэл унагыг минийх гээд аль хэдийн өмчилчихсэн гэртээ байгаа ус, сүү бүгдийг л унаганд өгчихнө.Мөн нуруун дээр нь дээл хувцсаа тохон тоглоно. Хоёр ахаараа бариулж байгаад мордчихно.Хээр унага эхтэйгээ байгаа унагануудын хажууд өнгө зүс ,тамир тэнхээ муутай жижигхэн ч хүүг мордоход хөөрхөн бухах янзтай тэрүүхэндээ нугдагнана. Өөрөө гадуур явахдаа аарцны шар сүүг хүртэл уучихдаг байв. Нэг гэм нь Банхар нэртэй хөгшин халтар нохойг амраахаа байв. Сүүдэрт хэвтэж байхад ялаархан давхиж очоод дээрээс нь гишгичхэнэ. Хөөрхий Банхар хэдийн ярдаглавч арай л үмхээд авч зүрхлэхгүй.Нар унаад ирэхэд л унага Банхар хоёрын хоорондох дайн эхэлнэ дээ.Унагыг унтаагүй байхад банхар сүүдэрт унтана гэж үгүй .Унага эхлээд сүүдэрт хэвтсэн хойно л Банхар хажууд хэвтэнэ. Заримдаа хоёулаа бие биенээ дэрлээд унтана даа. Энэ хоёрыг олж ирсэн түүх нь мөн адилхан байлаа.Банхарыг гөлөг байхад нь отор хийж явсан нүүдлийн нэгэн айлын буудал дээрээс адууны эрэлд явж байгаад Дэндэв олж авчирсан байна.
Зуслангаас айлууд нүүж голоосоо жаахан холдож буулаа.Ах нар нь сургуульдаа явж ганцаардаж уйдсан Хүрэл хүү өдөржин гэрийн гадаа унага Банхар хоёртойгоо тоглож өнждөг байлаа.Энэ гурав бие биедээ хэдийн дасжээ.Ижийгээ аргалд явахад нь Хүрэл хүү дагана хүүг дагаад унага, Банхар хоёр гээд л айл нүүж яваа юм шиг л сүргээрээ аргалд явдаг байлаа. Эхний цас унаж өвлийн дохио ирлээ.Айлууд түрүүчээсээ өвөлжөөрүүгээ нүүж эхлэв.Дэндэвийнх намрын нэгэн дүнсгэр өглөө өвөлжөөрүүгээ нүүхээр болж эхнэртэйгээ гэрээ ачаалаад хөдлөхөд хоёр хүү нь малаа туун хөдөллөө.Нэлээд явсан хойно цасаар шуурч ойр тойрны юм үзэгдэхээ байв.Малаа алдчихгүйн тулд хоёр хүү тал талаас нь хашин туусаар байлаа .Удалгүй тэнгэр онгойж цаг агаар тогтуун сайхан боллоо.Хоёр хүү гэнэт унага алга байхыг үгүйллээ. Мөн хөгшин Банхар бас алга байв Нэгэнт орой болж байгаа гэр нь дөхөж байгаа учир унаганы хойноос явж чадсангүй .Гэртээ ирэн аавдаа хэлвэл
-Аав нь маргааш явж авчирхаас буудал дээрээ очоо биз Харин Банхар өнөө шөнөдөө гүйгээд ирэх байх гэв.
Хүрэл хүү харин энэ орой тун уйтгартай байлаа.Маргааш өглөө эрт Дэндэв намаржааныхаа буудалруу явлаа .Орой ирэхдээ Банхар унага хоёрын аль нь ч байхгүй ирэв.Уяан дээр буухад нь хүүхдүүд гүйн очиж унага банхар хоёроо асуусан ч дуугарсангүй шууд гэртээ орлоо.
Эхнэр нь Дэндэвийн царайг хараад базаахгүй зүйл болсоныг ойлгосон ч асуусангүй өөрий нь ярихы нь хүлээлээ.Дэндэв гадуур хүрмээ тайлаад эхнэрийнхээ хийж өгсөн цайг ууж дуусаад сая л нэг ам нээв.
-Нөгөө муу унага Банхар хоёры чинь чоно барьчихаж хэмээхэд
-Аан юу гэнэ ээ хэмээн эхнэр хүүхдүүд нь айсан гайхсан царайгаар асууцгаав.
Дэндэв
-Би өглөө намаржааныхаа наад хөтөл дээрээ гарахад буудлын наахна шувуу шаваад нэг л биш байлаа.Би буугаад дурандлаа .Шувуу шаваад байгаа газар ямар нэгэн юм үхсэн бололтой .Цаахна нь бас нэгэн бараан юм харагдаад байлаа.Наанаас яаран давхисаар очлоо . Гэтэл хөөрхий унагыг минь аль хэдийн чоно барьчихаж үлдэгдэл дээр нь шувуу шаваад дуусаж байлаа.Би харж чадсангүй .Зуугаад метрын цаахна талд нь хөгшин Банхар чононд бариулж үхсэн байна.Хөөрхийг хоолойг нь сэт татаад хаячихаж .Мөрий нь үзэхэд гурваас дөрвөн чоно байсан байх .Муу Банхар чадлаараа л үзсэн бололтой . Араа шүд нь мохсон хөгшин амьтан тэр олон араатанд ямар л эсэргүүцэл үзүүлээ аж Хэрдээ л унагаа л хамгаалж чонотой л хэмхэлдсэн бололтой байна лээ. Би эндээс явахдаа мөрий нь мөшгөлөө.Сээрийн цаанаас л унага цаашаа буудалруу эргээд явчихаж .Банхар эргүүлэх гэсэн юм үү дагуулах гэсэн юм уу урд нь хойд нь баахан хэрж гүйжээ . Хоёул явсаар буудал дээрээ ирсэн байгаа юм . Тэнд хоёул бие биенээ түшээд хэвтсэн байна лээ. Чоно ирэх чимээг сонссон банхар унагаа тойрон нэлээд боргосон бөгөөд Чоно хотруу орж ирмэгц унага хотны хөлруу давхисан бололтой Банхар ч дагаад гүйхдээ хойноос ирсэн чононуудтай нэлээд удаан тэмцэлдэж байгаад хөөрхий бариулж .Банхарыг ноцолдож байхад унага зугталгүй хажууханд байсан байгаа юм гэтэл Дэндэвийн эхнэр
- .Эвий хөөрхий балчир гэнэн амьтан амий нь авах араатан гэдгийг яаж мэдэхэв дээ хэмээн халаглав.
Дэндэв малгайгаа авч зулайгаа илж түр дуугүй сууснаа
- Банхарыг барьчихаад чононууд унагыг  нэлээд их идсэн байна лээ .Намайг очиход толгой хэдэн хэлхээтэй яс л үлдсэн байна лээ гэхэд гэр дүүрэн уй гашуу автаж Бага хүү Хүрэл учир зүггүй уйлж чангаар цурхиран уйлж
-Та хоёр миний унага нохой хоёрыг авчир хоёр ахруугаа уйлахад ээж нь аргадах гэж хэрэндээ хичээнэ. Хэдийгээр адгуус ,амьтан хоёр гэсэн ч энэ айлд үргэлж баяр баясгалан авчирдаг байсан бөгөөд ганц Хүрэл хүү ч биш Дэндэвийн гэр бүлийнхэн бүгд л өвлийн энэ орой харуусал гунигаар дүүрэн байлаа.

Багабанди овогт Намхай Тайванжаргал

2016.09.18

НУТАГ ГҮЙСЭН ХҮЛЭГ /өгүүллэг/




 Үүрийн гэгээ бүүдийж орчны байдал тодорч эхлэв. Халтар морь хангайн нэгэн сүрлэг уулсын хормойнд түр зуур биеэ амраагаад сэрж байгаа нь энэ байлаа.Тэрбээр нар буугаагүй хүн амьтан сэлүүхэн дээр нь газар дөхөх нь дээр гэдгийг мэдэж байсан учир уулын хормойгоор ороон цаашаа хөдлөв. Яг одоогоос гурван жилийн өмнө нялх ногоотой хаврын нэгэн шөнө буруу гартны гарт орж ижил сүргээ эх нутгаа орхин бусдын эрхэнд хүний нутаг зорьж байснаа санав.

Яг энэ замаар машины тэвшин дээр хоёр өдөр явж байж нэг газар ирсэн билээ. Тэр үед хэдий хавар байсан ч халтар морь онд тарган орсон хүч тамир сайтай байлаа. Шар үсээ хамгийн түрүүнд гээж гөлчигөсөн сорлог үстэй болсон бөгөөд  хэн ч харсан нүдэнд тусахаар содон байв. Мөн дааган наснаасаа эхлээд сумынхаа наадамд болон бусад сумын наадмуудаас арав гаран айраг түрүү аваад байсан билээ. Энэ бүхэн нь буруу гартнуудад таалагдаагүй учир ийнхүү хулгайлж алс хол хүний нутагруу зарсан аж.
 Авсан хүн нь хүмүүсийн хэлдэгээр орос байв. Сумын төв дээр суудаг тэр хааяа халтар морийг унахдаа хэдэн өдрөөр архидан өл хоолгүй уядаг байв .Эмээл гэж даавуу, төмөр утас, хаймар, ремин , зэрэг янз бүрийн юмаар эвлүүлсэн хөсрий мод шиг янгирцагаа нуруунаас нь авдаггүй байв.

Тэр өвөл арай гэж нэг юм онд орсон боловч хавар нь эзэн нь нэгэн морин тэрэгчинд зарж орхив .Ийнхүү тэнгэрийн амьтан хог шороо ус түлш зөөдөг хүнд хэцүү ажил зүтгэх боллоо .Урьд эзнээ бодоход арай гайгүй мал мэддэг хүн таарсан бөгөөд түүнийг тарга тэвээрэг авахад нэлээд анхаардаг байв.Гэсэн ч өдөржин уулнаас мод ачиж, том том савтай ус зөөж  янз бүрийн эхүүн үнэртэй хог новш ачих нь үнэхээр хүнд байлаа.Халтар морь энэ хүнд хэцүү ажилд нухлагдсан ч ямар ч ааш зангүй урьдын адил хүний нүдэнд тусахаар байлаа .Тэрэгчинтэй янз бүрийн ажилд зүтгэсээр нэг мэдэхэд л жил болсон байх нь цаг хугацаа хурдан аж.Удалгүй  тэр сумын томоохон ойн баяр болж халтар морины ажил улам ихдэв. Эзэн нь  баярын гэрүүдээр түлш тарааж ус ойртуулж айраг цагаа зардаг байлаа . Баярын хоёр дахь өдөр эзэн нь хэдэн нөхдүүдтэй баяр тэмдэглэн хөлчүүрхэж халтар морийг тархи толгойгүй ороолгож яваад нэгэн үнтэтэй жип машиныг шүргэчихэв .Машины нүүрэн тал сүрхий их гэмтсэн учир машины эзэн нь нэлээд чанга хандав Ингээд бөөн асуудал болж шүүх цагдаа дээрээ тулж тэрэгчин буруудаж эрүүлжүүлэхэд 24 цаг суугаад гарсан ч асар том өрөнд унав .Угийн ядмаг амьдралтай байсан учир төлөх мөнгө байхгүй тул машины эзэн нь өрөндөө морий чинь авна гэхэд үгүй гэж хэлж чадсангүй . Ийнхүү халтар морь дахин эзнээ сольж хотыг зорихоор болсон ба шинэ эзэн нь энэ баярт хэдэн морьтой ирсэн боловч морьд нь гавьтай давхиагүй аж.Хотын нэгэн ойрхон суманд морьдоо буулгаж халтар морийг малчиндаа хүлээлгэж өглөө.Хэдий долоон сарын дунд үе гэсэн халтар морь тарга тэвээрэг муухан л байлаа .Шинэ эзний малчных 5-12 насны дөрвөн бандитай учир халтар морийг хонинд л хүүхдүүд нь унадаг байв. Хэдийгээр тэрэгчин шиг хүнд ажилд зүтгүүлэхгүй ч хүүхдүүд болсон хойно байнга уралдаж хаашаа л явна хар хурдаар нь давхидаг байлаа. Удалгүй тэр нутагт нэгэн баярын зар тарж хотоос эзэн нь ирж морьдоо уях болов.Шинэ эзний малчны отгон хүү таван  настай банди халтар морийг унан ойр зуур хонь мал эргүүлдэг байв.Хүүд ч халтар морь амархан дассан ба  хаа сайгүй л салхи шиг хөнгөн амьтан дээр дарцаглаж давхидаг байв .Шинэ эзэн нэг хүнээс азарган үрээ авахаар болж халтар морийг наймаанд оролцуулахаар болсонд  отгон хүү нь уйлж

-Би халтар морио өгөхгүй хэмээсэнд малчин өөрийн нэртэй нэгэн адууг оронд нь өгч халтар морийг авч үлдэв .Ахиад л нэг шинэ эзэнд очихоос аврагдсан ч таван  настай шинэ эзэнтэй болов.Хүү ч өдөр бүр хурдан морины үсэргээг дагаж давхих боллоо. Аав нь хүүдээ

-Миний хүү нас болгоныг биш зөвхөн их настай л уралд хэмээв .Учир нь эцэг нь хүүгээ хурданы морь унаж сурга гэж бодсондоо хүүгээ үсэргээний морьдтой уралдахыг зөвшөөрдөг байв . Эхний удаад халтар морь дундуур ирдэг байсан ч удалгүй хэд хоногоос байнга түрүүлэх болсонд эзэнд нь бусад уяачид

-Чи энэ халтар морио уяад үзээч гэж зөвлөх болов.

Эзэн нь ч үүнийг зөвшөөрч бусад морьдын адил уях болов. Үүнээс 3 хоногийн дараа их сунгаа болж их насанд 70 д морьд уралдснаас халтар морь хол тасархай түрүүлж олны анхаарлыг татаад зогссонгүй отгон хүү баярт түрүүлсэн юм шиг баярлаж байв.Эзэн нь халтар морийг түрүүнд нь уягдаж байсан морь гэдгийг мэдэв. Учир нь саяын сунгаанд хүү халтар морийг биш халтар морь өөрөө өөрийгөө авч хэрхэн уралдаж байгааг хараад ийнхүү бодов.Товлосон наадмын өдөр ч боллоо Эхний өдөр азарга бага нас уралдаж эзнийх морьд гавьтай давхисангүй дундуур шиг л давхицгаалаа .Энэ баяр бол нэлээд том баяр болж байгаа бололтой нас насанд нь зуу гаран морьд уралдаж байв .Хоёрдахь өдөр болж их нас уралдахаар болж морьдоо мордуулахад эзэн нь отгон хүүгээ балчирдана хэмээж арай туршлагатай хэмээн есөн настай ахаар  нь унуулахаар болсонд

- Би унана хэмээн отгон хүү уйлж тэр хавьдаа хөөрхөн дайн дэгдээх шахав
-Энэ олон морин дунд миний хүү чадахгүй гэж ээж аав хоёр хичнээн учирласан ч отгон хүү зүтгэсээр унахаар болов .

Нийтдээ хоёр зуу гаран их нас мордсон ба эзэн нь өөр хүний морь унаж байгаа ахыг нь дагуулан отгон хүүгээ мордуулсан билээ .Морьд ч барианаас эргэлээ.Ах дүү хоёр захаар нь гарсан ба үхрийн эвэр шиг хоёр үзүүр гаран морьдны зул задарч эхлэв.Халтар морь ч нэг үзүүрийг нь өнгөлөн давхилаа .Нуруун дээр жаахан хүүгийн гүүглэх шингэн дуу сонсогдож талын бүлээн салхи чихэнд шуугин хөл доор нь элс хайрга бутарч халтар морь улам тасран гарлаа .

-Дарж яваарай хэмээн хойноос хүүгийн ах хашгирч байв .
-За за хэмээн хүү хариулаад дэлэн дээр нь жолоогоо авчран дарав

Хэдий хэр давхисаныг бүү мэд хойно л ямар ч байсан морин төвөргөөн сонсогдохоо байсан байв . Урд нь чиглүүлэгч машины туг дэрвэн цагаан тоос тэнгэрт хөөрч гагцхүү өөрөө өөрийнхө туурайн чимээг л сонсож байлаа .Нэг бага шиг хөтлийн үзүүрээд даван гарч ирвэл бариа холгүй харагдлаа .Нэгэнт ойрхон морь байхгүй учир нэгэн хэвийн хурдаа хадгалан давхиж байв.Бариа ойртох тусам тэнгэр дээр давхиж байгаа мэт сэтгэгдэл төрөн наадамчин олон түрхэрч  гүүглэхэд халтар морь нөөж байсан хурдаа энэ л зайд гаргахаа мэдсэн учир доошоо тонгойж  хүүгийн гараас жолоогоо султгаад л энэ л газар гараанаас гарсан морь шиг үнэнхүү хурдыг үзүүлэн тарлахад морь бариач угтан гарч ирсэн ч гүйцсэнгүй наадамчин олон дундуур зүсэн орлоо. Халтар морь ийнхүү бүсийн хэмжээний том баярт түрүүлж эзэндээ арван сая төгрөг авчирч энэ гэр бүлийг аз жаргалд умбуулав. Тэр өвлөө цагаан сарын нэгэн баярт түрүүлж хаврын нээлтийн нэгэн баярт бас түрүүлж олон даяар танил болов. Гагцхүү халтар моринд нэг л юм үгүйлэгдэж байгаа нь тал хээр нутгийнхаа үнэр тансаг агь ганга тунгалаг цэнхэр нуур ижил сүргээ үгүйлсэн хэвээр байлаа. Тэр нутагт хавар жаахан оройтсон ч өвөл нь тэжээлтэй байсан учир тэнхээ тамир сайн байлаа. Нутаг гүйхийг хүлээн байсаар нэг л сартай шөнө нутгийн зүг гүйв

Даруй гүйсээр арав гаран хоносон бөгөөд нэгэн модтой уулсын хормойд хоноод хөдөлж байгааг дээр өгүүлсэн билээ . Ер нь ихэвчлэн шөнө хагаслаж гүйж байгаа билээ. Өдрийн халуунаар мод болон гуу жалганд бүгэж байгаад оройн бүрийгээр газар дөхдөг байв.Нэг бороотой өдөр өнжих шаардлага байхгүй тул модны цоорхойд явж байтал баахан нохой шуугин түүн дээр ирэхэд өшиглөхий нь өшиглаж хазахы нь хазсаар явтал хойноос нь урт уурга барьсан гурав дөрвөн морьтой хүмүүс гарч ирэн хойноос нь давхилдвал халтар морь давхисаар модноос гартал их тал өмнөөс угтаж зөөлөн салхи үлээж байлаа. Нөгөө морьтонгууд ч аль хэдийн хойно хоцорсон байлаа

Хөндийг уруудан явж байтал хойно бөөн дуу гарахыг сонсон эргэн харвал гурван мотоцкельтой хүмүүс ирж байлаа. Бүгд л уурга бугуйл болсон улс байв. Урдуур нь эргүүлж буцаахыг оролдсон боловч Халтар морь дайран гарав Хойноос нь чагнаалдан дөхөж ирэв. Уурга хүрэх газар ойртуулж болохгүй байсан учир хурд мэдэн зугтавч нэгэнг газрын бартаа байхгүй цагаан тал учраас яаж ч зугтаад дорхиноо л хойноос гүйцэж ирээд байв. Хэдий яаж ийгээд зугтсан ч аргагүй эрхэнд ийнхүү бусдын гарт оров. Тууврын зам болон олон хөлийн газар дагаж ашиг хөөгөөд амташсан шуналтангууд халтар морийг барин авч хөл хөөрцөг болон

-Чи үүнийг яаж олж харваа
-Ямар их зугтаадаг сэдрэг вэ
-Баруун зүгийн л адуу бололтой
-Бэлэн хоол юм биш үү
-Бас ч гайгүй тарган юм байна ш дээ гэж
-Одоо үүнийг яахав
-Замын гуанзанууд авах болов уу
- Даруй янзалахгүй бол хойноос нь эзэн нь ирж магадгүй гэж ярилцаж байгаад нэг нь зайдан унасаар нэгэн хот айлын гадаа ирэв. Уулын модны цоорхойд аваачиж маш бөх хатуу реминээр хэд хоног аргамжиж байгаад нэг шөнө машины гэрэл тусгаж байгаад амий нь таслаж толгой дөрвөн мөчнөөс нь бусдыг нь аван одов.
Бидний өвөг дээдэс нутаг гүйж яваа хүлэгт саад болохыг хамгийн их нүгэл гэж үздэг байсан ба тэр ч байтугай чоно ч гэсэн саад болдоггүй гэж ярьдаг байсан билээ.

ИХЭР УНАГА /өгүүллэг/



Наран доор тавирсан хаврын өглөө дуниартаж ,талын хөх зэрэглээ босон суун хөндөлсөнө. Хонд бор шорооны хөлөөр болон жалга судаг даган өнгө муутай нялх ногоо сэрвийж харганы толгой дамжин хоёр өвөөлж нисэн суун хөөцөлдөх аж.Ойролцоох ухаа хэдэн бор толгодын ар шил дээр бараан голдуу нэлээд олон адуу идээшилж байснаа толгойн зүүн хажуугаар аажуухан идээшилсээр далд оров.Адууны сүүлд хоёр бараан адуу үлдсэнээ нэг нь ижлийнхээ хойноос гүйснээ эргэн ирэх бөгөөд үлдсэн адуу нь хэвтэж босон эргэцэх аж .
Идэр нарны эртэд гэрээсээ мордож уулын орой дамжин дуран тавьсаар нэгэн өндөрлөг гаран сууж байтал доороос адуу туусан хоёр морьтой хүн айсуй харагдлаа .Идэр мориндоо мордон угтан очихдоо хээр морины гүйн сайвар алхаанд тааруулан дуу аялсаар гэлдэрч явтал адуу туусан хүмүүс түүн дээр хүрч ирвэл Даржаа хэмээх эр өөрийн хүүтэйгээ хамт явж байлаа.

Идэр:
 -Сайн байна уу
 - Сайхан хаваржиж байна уу хэмээн мэндлэхэд

Даржаа 
 -Сайхан хэмээгээд
-Хаа хүрэх нь үү хэмээв

-Манай адуу харагдав уу гэж Идэрийг асуухад

Даржаагийн хүү хажуунаас ярианд оролцож
-Гол дээр байна лээ. Хөндлөн толгойн зүүн хажууд танай тамгатай хээр гүү хээр даагатай үдсэн байна лээ .Хээр гүү чинь унагалах гэж байгаа бололтой байсан гэв.
Идэр гол дээр ирвэл адуу нь өндөр дэрсэн дунд тогтуухан идээшилж байв.Бүртгэж үзвэл хээр гүү даагатайгаа алга байлаа .Даржаагийн хүүгийн хэлдэг үнэн байх нь гэж бодон адуугаа голоос хойш гаргачихаад хээр гүүний сураг гарсан зүгрүү яаран явлаа.Толгойн зүүн хажуугаар ороон гарч ирвэл хээр гүү нь харгана дотор даагатайгаа зогсож байв.Дөхөн очвол эхийнхээ цаанаас дөнгөж төрсөн үс нь ч хатаагүй унага цухуйлаа.Идэр эхлээд нүдэндээ итгэсэнгүй хээр унаганы цаана харгана дотроос ахин нэг унага босож ирэхэд нь Идэр энэ чинь юу билээ хэмээн гайхав.Хоёр унага хоёулаа хээр зүстэй бас хоёулаа эр байв.Удалгүй л Идэрийн хээр гүү хоёр ихэр унага гаргаж гэнэ гэсэн яриа салхи шиг л хурдан  тархалаа.Ихэр унага төрөх муу гэнэ лээ заавал нэгийг нь усанд живүүлж үйдэг юм гэнэ лээ гэж зарим нь ятгав.Идэр учраа олохоо байж нутгийнхаа зарим нэг настай хүнээс хүнээс асуусан бөгөөд ер нь муу гэдгийг сонсоод нэг өдөр нутгийнхаа нэгэн нууранд адуугаа шахав. Мөс нь гэсээд удаагүй байсан учир доороо лаг шавар ихтэй байлаа.Хэдэн хүнтэй адуугаа туун нуурлуу оруулав.Толгой нь шоволзон адуунууд хөвсөөр гарч ирэхэд хамгийн сүүлд явсан хээр гүү усанд эргэцэн үүрссээр гарч ирэхэд нэг унага нь усан дотор үлдчихэв.Эрэг дээр хүмүүс амьсгаа даран хүлээж байв .Хээр гүү уснаас гарч ирээд нэг унага нь усан дотор үлдсэнийг хараад буцан усруу үсрэн орж хөвөн унаган дээрээ очиж буцан эргэхдээ шаварт шигдэв бололтой үсрэн цовхорч далд ороход Идэр яаран усруу орж хээр гүүгээ хүмүүстэй нийлэн байж татаж гаргав .
Идэр энэ явдлаас хойш юу л болвол болог гэж хоёр унагаа зөнгөөр нь орхихоор шийдчихэв .
Хэдий өвөл нь цас ихтэй байсан ч хээр гүү хоёр унагатайгаа онд мэнд оров. Олон олон өдрүүд шил даран хөвөрсөөр нэг л мэдэхэд хавар хэмээх бүлээн амьсгалтай улирал хаяанд ирсэн байлаа. Хаврын ороо бусгаа хуйсагнаж үе үе цасан шамарга хаялах нь энэ цагийн өнгө гэлтэй.Нэгэн шөнийн цасан шуурганаар адуу уруудаж Идэр маргааш өглөө нь адууныхаа хойноос очвол хээр гүү хоёр даагатайгаа алга байв. Нутгийнхаа хүнээс голын усанд нэг адуу унасан байсан гэж дуулаад тэр даруй сураг гарсан газар очвол хээр гүү мөн байлаа .Адуу хүчтэй цасан шуурганаар уруудах замдаа голын усанд тулж нимгэрсэн мөсийг гатлах үеэр мөс цөмөрч бусад адуу гарсан ч хоёрын хоёр хөхүүл даагатай гүү гарч дийлэх тэнхээ тамир нь хүрэлгүй үхсэн байсан ба дааганууд нь өөр адуу дагаж явсныг нь олов Хоёр даага аль аль талаасаа хурдны удамтай бөгөөд энэ нь Идэрт найдвар төрүүлж байсан бөгөөд энэ зуны наадмаар уяж үзье гэсэн бодолтой байлаа. Хүлээж байгаад ногоонд цадаж эхлэнгүүт хоёр даагаа өөрөө сургаж уналгад бэлтгэв.Тэр зунаа тамир муутай бие жижиг байсанд уясангүй дараа зун нь уяж нэг нь аман хүзүүлж нэг нь замын дундаас хадуурчихав.Олон хүн Идэрээс үрээнүүдийг чинь авъя гэж шалах болсон ч яагаад ч юм Идэрт хоёр үрээгээ салгаж болохгүй гэсэн бодол төрдөг байсан учир зарахгүй гэдэг байв.

Цагийн түүчээ ээлж дараалан өнгөрөхдөө дөрвөн улиралын өнгөнд түр саатаад алсрах аж .Хоёр хээр морь хэдийн нас бие гүйцэж хэн хүний харааг булаасан сайхан морьд болсон байлаа. Багадаа хоёул хэдий сайн давхиж байсан ч олны хэл амнаас болж уяхаа больсон байв. Өвлийн жавар тачигнасан нэгэн орой Идэр эрэлд яваад гэртээ ирээд байтал нь эхнэрийнх бие муудсан байсан бөгөөд Идэр эмч дуудах хэрэгтэй болов .Гэрээсээ гартал од түгсэн шөнийн тэнгэр дүнсийж уяан дээр бага хээр морь одоо намайг тавьж идээшлүүлэх нь гэсэн бололтой үүрсэн байлаа. Идэр олмоо чангалан мордохдоо түргэн явахгүй бол болохгүй гэсэн бодолтой яарч байсан учир ташуур өгөн ухасхийн дэргүүлэв.Сумын төв ортол 70 гаруй км тааваараа явахад өвлийн нэг өдөр явдаг байв.Идэр яаж явсанаа мэдэхгүй шөнө дундын үед төв орж ирэв .Хээр морь битүү хүүрэгтэж хөх махаа дэлсэж байв. Идэр энэ бүгдийг анзаарсангүй эмнэлгийн хашаанд уячихаад түргэний машинаар үүрээр буцан гэрлүүгээ яаран гарлаа .Тэр өдөр аймгаас эмч нар сумд ирж эхнэрт хагалгаа хийв .Идэр тэр өдөр морио анзаарах сөхөө байсангүй оройхон гэнэт морио санаж очвол уясан газраа хонхойтол цавчилж хашааны банзыг мэрсэн байв .Идэр эмээлээ авч таньдаг айлынхаа хашаанд хүнээс өвс аван тавьж өгсөн боловч идэхгүй байв.Хоёр өдөр өл хоол муутай явсан ба өлсөхийн эрхэнд шороо идсэн бололтой байлаа .Хүнээс асууж өөрийнхөө мэддэг чаддаг бүхнээ л Идэр хийв .Тэр шөнө эхнэрээ сахиж хоноод өглөө ирвэл хээр морь аль хэдийн үхсэн байв.Идэрийн нүдийг өөрийн эрхгүй нулмис бүрхэж сэтгэл дүүрэн харамсал төрлөө .Удалгүй эхнэрийн нь бие сайжирч эмнэлгээс гаран харив.Адууг нь харж байсан нутгийн хүн нь тэднийхийг ирсэн сургаар ирлээ. Тэрбээр баахан дуу муутай сууснаа Идэрт хандаж
-Чи намайг битгий буруугаар ойлгоорой том хээр морь чинь гэнэт үхчихлээ гэв .Учир нь өөрт итгээд адуугаа захиж үлдээсэн бөгөөд хамгийн хайртай морийг нь үхүүлчихсэндээ тэр хэлэхээс эмээж байгаад хэлж байгаа нь илт байв.
- Хэзээ гэж Идэрийг яаран асуухад
- 27 нд гэлээ
-Яасан юм бол гэж Идэр асуухад
-Мэдэхгүй өглөө намайг адуунд очиход аль хэдийн баахан шувуу шавчихсан байна лээ .Шөнө дунд л үхсэн бололтой гэв.
Идэр яг энэ шөнө бага хээр морь үхсэнийг саналаа
Энэ бүхнийг бодох бүрдээ Идэр хоёр хээр морио амь нэгтэй байсан гэдэгт итгэх болсон бөгөөд нутгийн олон дунд ч энэ нь домог шиг яригдах болов.

Н.Тайванжаргал

ХАТАНБААТАРЫН ХУЛ /өгүүллэг/


1920 оны намрын дунд сар Засагт хан аймгийн Сэцэн сартуул хошууны нутгаар сайхан намар болж байлаа .Өглөөгүүр адуундаа мордсон Лувсан бараа сайтай нэгэн өндөрлөг гарч ирэн дуран тавьж суув . Хүний өөрийн нийлсэн хоёр азарга адуу нь ойрхон хоносон байсанд тэрээр ихэд олзуурхан ийш тийш дуран тавьж суутал дуранд бөөн морьтой хүмүүс зүүнээс баруун зүг морин цуваагаар явж яваа нь харагдлаа . Ихэд гайхаж ямар хүмүүс байдаг билээ гэж ахиулан сайн дурандваас туг хиур болон буу шийдэм үүрсэн хүмүүс харагдав. Юун түрүүнд дээрэм тонуул гамин, барон гэх айдаст бодлууд нөмөрч шалавхан мордож адууны зүг давхилаа.Ядаж байхад адуу нь тэр хүмүүсийн замд нь ойрхон байв .Шинэ нутагт буугаад удаагүй тул ойр хавьд өөр адуу мал алга байлаа. Лувсан давхисаар адуундаа очиж явтал цуваанаас дөрөв таван морьтон тасран ирж яваа нь харагдав .

Хэдий дотроо эмээж байсан ч Лувсан адуугаа эргүүлэн бөөгнүүлж байтал морьтонгууд түүн дээр ирэв. Их л аяншсан царайтай бүгд буу сэлэм үүрч зүүцгээсэн байв.
-Сайн байна уу хэмээн мэндлэхэд Лувсангийн айдас жаахан ч гэсэн холдов
-Сайн сайн байна уу хэмээн хариу мэндлэхэд
-За тэгээд мал сүрэг тарган сайхан намаржиж байна уу хэмээх өндөр хээр морь унасан 40 гаран насны хүрэн бор хүрэн бор царайтай хүн мэндлэв
-Сайхан хэмээгээд Лувсан эд нар ямар ч байсан дээрэмчид биш юм байна гэж бодов. Нөгөө хүн адуу руу нь харж байснаа Лувсанд хандан
-Танайх энэ нутгийн айл уу адуу ч сайхан тарга авчээ гэхэд
-За тиймээ хэмээн Лувсан хариулав
-Бид нар гамин цагаантаны үлдэгдлээс баруун хязгаарыг чөлөөлхөөр яваа ардын намын цэргүүд байна .
-Намайг Хатанбаатар Магсаржав гэдэг танай нутгаар харин тайван байх шив хэмээгээд
-Харин чиний алдар нэр хэн билээ гэхэд
-Миний нэр Лувсан гэдэг гэлээ
Хатанбаатар Магсаржав их цэргийнхээ хойноос харж байснаа
-За Лувсан минь манай цэргүүдийн унаа муудсан тул туслах арга байна уу хэмээн асуулаа .Лувсан за ч гэсэнгүй үгүй ч гэсэнгүй эргэлзэж байснаа
-Хэдэн морь хэрэгтэй юм бол гэж асууж амжив
-Бид заавал тэдийг авна гэхгүй та өөрөө л мэд гэжХатанбаатар Магсаржавыг
хэлэхэд .Лувсанд хамгийн түрүүнд өөрийнх хоёр хээр морь тусав . Энэ ах дүү хоёр хээр морь бол Лувсангийн цагийн хэцүүг давдаг гол морьд нь учраас харамсах сэтгэл төрөв. Угаасаа энэ хоёр азарга адуун дотор Лувсангийн нэртэй унага даага нийлсэн арваад адуу байдаг нас бие гүйцсэн морьд гэвэл энэ хоёр хээр морь л байлаа дөнгөж нас нийлээд ганц хоёрхон жил болж байгаа торгон ирэн дээрээ яваа морьдууд байлаа .Өгөхгүй гэж хэлэх маш хэцүү байлаа мөн хадмынхаа морьдноос бариад өгөлтэй нь биш .Лувсан адуугаа эргүүлэн тогтоож байснаа том хээр морио барьж авахад жижиг хээр морь нь хажууд нь ирж зогсов .Дэндүү буянтай гэмээр хүлгүүд байв. Номхон хөл хөнгөнтэй хаана ч гэсэн гараар ч гэсэн баригддаг байлаа . Лувсан хоёр мориныхоо дэл сүүлнээс хишгийг нь авч ханцуйгаараа хошууг нь арчаад дотроо баахан гунигтай байв.
-Дэндэв тэр морийг эмээл гэж Хатанбаатар Магсаржавыг хэлэхэд туранхай хул морь унасан залуухан цэрэг мориноосоо бууж эмээлээ тэвэрсээр Лувсан дээр ирж жижиг хээр морий нь хазаарлах зуураа Хатанбаатар Магсаржавт хандан
-Жанжин а энэ морь ч ёстой залуу морь байна шүү хэмээлээ
-Том хээр морий нь ийшээ явах замдаа би унанаа гэж Хатанбаатар Магсаржав хэлээд Лувсанд хандаж
-За баярллаа эр хүний замын хүзүү эргээд уулзах байхаа гээд энэ хул үрээг чамд үлдээлээ. Миний нэг сайн найз надад бэлэглэсэн юм азарган үрээ юм байна лээ чи азарга тавиарай гэхэд Лувсан тэр хул үрээг нь оосорлов .
Тоос босгон одох тэдний хойноос харж зогссоноо сая нэг сэхээ авч хул үрээг ажиж шүдий нь татаж үзвэл хязаалан үрээ байлаа .Ямар ч байсан энэ өвөлдөө хөл дүүжлэх аргагүй юм гэдгийг Лувсан мэдэж байлаа .Тэр өвөл нь сайхан өвөл болсон учраас хавар адуу элснээс гаргаж ирэхэд хул үрээ өнгө зүс ороод шал ондоо болсон байв
Нэг өдөр хадам аав нь
-Чиний энэ үрээ чинь адуу ийш тийшээ хөөгөөд азаргатай ноцолдоод болохоо байлаа хөнгөл гэхэд нь
-Би азарга тавинаа гэхэд хадам аав нь нэлээд гайхаж байлаа
Ийнхүү Лувсан адуугаа хадмынхаа адуунаас авч хул үрээгээрээ азрага тавив .
Тэр зунаа уях бодолтой байсан ч нэгд шинээр азарга тавьсан учраас адуу нь тогтвор муутай байсан учир болив . Зун нь ногоо цагаа сайхантай сайхан зун болсон ба хул үрээ үнэхээр сайхан хувирч хэн ч харсан сайхан хул азарга болсон байв .Өвөл өвөлжөөндөө буусан хойноо хул азрагаа унаж үзвэл хөл хөнгөнтэй номхон байсанд Лувсан ихэд олзуурхав .Цаг урссаар нэг л мэдэхэд хавар болж Лувсангийн хэдэн адуу ч онд тарган сайхан оров .Хавар нь гурван гүү нь унагалаж гурван эр хул унага гарсанд Лувсан маш их баярлав.Эртнээс бодон байж тэр зунаа хул азаргаа Лувсан уяж анх удаагаа шинэ цагийн нэгэн наадамд уралдуулав .
Нутагтаа нэртэй нэгэн азаргатай урд хойноо орон ирж бариан дээрээ зэрэг шахуу орсон боловч Лувсангийн хул азаргыг аман хүзүүгээр барихад тэрээр харамссангүй харин ч баяртай байлаа .Удалгүй дараахан нь нэгэн шинэ сум байгуулагдсаны баярт хул азарга маш хол тасархай түрүүлж хурдан ажнай гэдгээ эзэндээ харуулав .Ийнхүү тэр зунаа нэг баярт түрүүлж нэг баяр аман хүзүүдэж тэр тусмаа нутгийн дархан түмэн эхүүдийн өмнө гишгэж нутаг орон даяараа шуугиан тарив.Дараа жилийн хавар нь Лувсангийн адуу ахин дөрвөн хул унагаар сүргийнхээ тоог нэмж адуу нь ч өтгөн боллоо. Энэ зун нь хул азрага сумынхаа наадамд түрүүлээд зогсохгүй нэгэн овооны наадамд түрүүлж түүний төл нэг хул даага нь сумын наадамд гурвалж овооны баяраар таваар орлоо. Лувсан сайн хүнд тусалны буянд сайхан хурдан хүлэгтэй болсондоо үргэлж баяртай явдаг байлаа. Намар нь отроор тэдний нутагт ирсэн нэг хүнтэй танилцсан бөгөөд тэр хүн Хатанбаатрын цэрэгт байсныг дуулаад Лувсангаас морь авах үед ч хамт байсан гэдгийг сонсоод тэр хүнээс хоёр мориныхоо сургийг дуулав .Бага хээр морь нь нэгэн тулалдаанд пулмёъятны галд өртөж эзэнтэйгээ хоёулаа өөд болсныг сонсож нулмис унагав. Харин том хээр морий нь унаж Хатанбаатар Магсаржав унаж олон тулалдаанд орж ялалт байгуулсан ба өөртөө нь хамт маш олон тулалдаан орж гавъяа байгуулсан зүүн зүгийн нэгэн цэрэгт бэлэглэснийг дуулав .Ямар ч байсан хоёр мориныхоо сургийг дуулсан ч том хээр морио амьд л бол гүйгээд ирэх байх гэж горьдож байв. Тэр өвөл нь элсэнд танай тамгатай нэг хээр морь байна гэж сураг дуулаад тэр шөнөө нойргүй шахам хоноод өглөөгүүр эртлэн мордов .Хүн амьтнаас сургий нь дуулж явсаар очвол том хээр морь нь мөн байлаа . Лувсангийн самсаа шахирч өөрийн мэдэлгүй нулмис унагалаа . Хол газраас гүйж ирсэн бололтой нэлээд сульдсан байв .Ижилдээ аваачиж тавивал тэрээр газар үнэрлэж шилгээгээд л битүүхэн үүрсэж хэдийгээр дөрвөн жил болсон ч ижил сүргээ таньж байгаа бололтой байлаа.Лувсан
- Сайн морь эзнийхээ өмнөөс саады нь хаадаг миний бага хээр морь миний өмнөөс л эрсэдсэн миний том хээр морь эзнийхээ өмнөөс цэргийн алба хаагаад ирлээ гэж байлаа.. Ийнхүү сайн санаж сайхан сэтгэлээр тусалсан хийморьтой энэ сайхан хүлгүүд нь хэн хэнд нь ч буян хишгээ өгсөн билээ.

Н.Тайванжаргал

НААДМЫН ӨДРҮҮД БОРООТОЙ БАЙДАГ /өгүүллэг/




Өглөөний сэрүүн агаар таатай нь сайхан. Зүүн урдаасаа үе үе зөөлөн салхи урин сэвэлзэх бөгөөд өглөөний тод шаргал наран газрын их нүдэн талыг туулж барах гэж холын холд алдлах аж. Өнөөдөр эхний наадмын өдөр. Бүрэн наадамд сойж буй морьдоо ногоо сайтай газар авч хонон өл хоолы нь тааруулаад буцаж байгаа нь энэ байв. Тэрээр энэ жил зургаан насанд нийтдээ арав гаран морь уяж байгаа бөгөөд өнөөдөр уралдах азарга даага шүдлэн гурван насны зургаан мориныхоо хоолыг тааруулахдаа тэнгэрийн байдлыг давхар ажихаа мартсангүй.
Ер нь жилийн жилд л наадмын өдрүүд заавал бороотой байдаг билээ. Бүрэн уяан дээрээ бууж морьдоо уячихаад тойрч харан хэсэг зогссоноо гэрийн зүг алхвал гэрээс хоёр настай хүү нь гарч ирэн тэнтэр тунтар алхан ирвэл тэврэн авч үнсээд гэртээ орвол эхнэр нь өглөөнийхөө саалийг дуусгаад орж ирлээ.
Тэрээр гараа угаагаад хоёр хүүхдийнхээ хувцсыг өмсгөөд баруун ханын толгойноос шинэхэн гаргасан хонины цээж аван эвдэх хөшиглөж хоол хийв. Бүрэн мориныхоо ойр зуурын юмаа бэлдэнгээ наадамд унах эхнэрийнхээ болон өөрийнхөө морийг эмээллэж дэлийг нь засаж уячихаад гэртээ орж ирвэл хоол ч бэлэн болсон байлаа.
Эхнэр нь: 
- Өнөөдөр сүрхий нар унах нь ээ гэвэл Бүрэн 
- Тиймээ гэхдээ үдээс хойш аягүй бол бороо орж мэднэ. Би бороо орно гээд л мориныхоо хоолыг жаахан сунгачихлаа гэв. Эхнэр нь хойморын авдараа  уудалж  Бүрэнгийн наадамд өмсөх хувцсыг гаргаж өгчихөөд  хоёр хүүхдээ хажуу айлдаа оруулж өгөхөөр гарахад Бүрэн арц уугиулан уяагаа тойрч ариутгаад морь унаач хүүхдээ бас ариуллаа.
Эл хульхан байдаг сумын төв өнөөдөр хөл хөдөлгөөнтэй байв. Бүрэн наадмын цэнгэлдэхийн баруун урдханд очин морьдоо хашаанаас уяж байтал цагаан хоолойгоор азаргаа мордуулаарай гэж зарлав. Халтар азарганыхаа  хөхлийн  боолтыг нь чангалаад оломцогийг нь  засан унаач хүүхдээ мордуулаад 
- За миний дүү яаж явахаа мэдэж байгаа биз дээ гэхэд 
Морь унаач хүү инээгээд 
- Мэдэж байна аа гэв. 
Учир нь энэ хүү Бүрэнгийн халтар азаргыг хоёр жил гаран унасан бөгөөд хэд хэдэн удаа айраг түрүү аваад байгаа учир хүү азарга хоёр бие биенээ сайн мэддэг болжээ. Ер нутгийн олны ам ил далд л Бүрэнгийн халтар азаргыг түрүүлнэ гэж ярьж байгааг сонссон ч Бүрэн ил цагаан түрүүлнэ гэж ярихгүй ч горьдлого бол байлаа. 
Одоогоос гурван жилийн өмнө халтар азарганыхаа хоолыг тааруулж чадалгүй өлдүүлээд үхүүлэх шахсанаас хойш цаг агаарын байдлыг сайн харах болсон байна. 
Тэгэхэд шөнө нь хоолыг нь тааруулахдаа тарган байна тэгээд ч хүнд зүсний адуу маргааш нартай байна биз гээд хоолыг нь нэлээд хасчихсанд халтар азарга газрын дунд ороод л өлдөөд явахаа больсон нь Бүрэнд маш том сургамж болсон билээ.
Азаргаа мордуулчихаад Бүрэн уяаны ойрхон сууж байсан хүмүүс дээр очин
- За сайн байна уу мэндлэхэд 
Тэнд байсан хүмүүс дор бүрнээ бүдүүн нарийн дуугаар 
- Сайн сайн байна уу 
- Зуншлага тарган морь хурдан уу гэхэд Бүрэн 
- Сайхан морь хурдан гэв.
Тэндээс хүрэн торгон дээлээ сугавчилж шляпан малгай ар шилэн дээрээ хаясан хижээл насны эр 
- Бүрэн ч өнөөдөр эхний гурван насыг авах шинжтэй. Сая би чиний халтар азаргыг харлаа. Өнгө зүс хоол унд нь сайхан байна олны яриа оргүй байх шүү хэмээгээд 
- Чи ямар арга хэрэглээд байна аа, Чиний тухай дуулах нь хүнд харуулалгүй юм хийгээд байна гэсэн арай нөгөө хүч оруулдаг юм хийгээд байгаа юм биш гээд маасайтал инээн бусдаасаа дэм авах санаатай тойруулан харахад хэн ч дуугарсангүй.

Энэ эрийг галзуу Норов гэх бөгөөд хэл ам хөдөлгөөн ихтэй нэгэн бөгөөд мөн сүүлийн хоёр жил хул азарга нь Бүрэнгийн хар азарганд түрүүгээ алдаад байгаа нь дотроо шаралхаж явах болсон байна. Хул азарга нь сумандаа хэд хэд түрүүлсэн азарга бөгөөд сүүлийн хоёр жил дараалан аман хүзүүджээ. Бүрэн дургүй нь хүрсэн ч дуугарсангүй.
Харин тэндээс хар хөх тэрлэгтэй өвөгжөөр насны хүн тэнгэр харснаа 
- За азарга ирэх болж дээ. Энэ тэнгэр ч аягүй бол юм орох нь ээ. Урдаасаа салхи уриад байна гээд босов. Салхи ширүүсэн хар үүл хуралдан хааяа нэг ганц дусал хаяж байснаа хэсэг зуур чимээгүй болов. Гэнэт тэнгэр дуугарч азарган бороо асгарч эхлэв. Хүмүүс нөмөр хайн ийш тийшээ гүйлдэхэд Бүрэн эмээл дээрээ дарсан цуваа авч нөмрөв. Удалгүй л хүмүүс 
- Азарга ирж байна гэж шуугилдав.
Цагаан бороо зүсрэн орж холын юм сайн харагдахгүй байсанд Бүрэн морь барианы газарлуу мордохдоо эхнэртээ хандаж
- Халуун хоол цай аваад хүрээд ир хүйтэн бороонд хүүхэд даарсан байгаа байх гээд мориндоо ташуур өгөн бороон дундуур одов. Бороо ч тогтох шинжэй болж цайрах бараа алсарч ойр тойрны юм харагдах болов. Азарга харагдаж байна гэж шуугилдаж эхэлвэл Буян тэр зүг харвал мөрөгцөг тойрон ганц бараан азарга хол тасархай гарч ирэхэд хүмүүс 
- Бүрэнгийн халтар азарга байна. 
- Норовын хул азарга байна 
- Ондоо азарга байна гэж доор бүрэндээ нэр өгөн шуугилдаж байв. Хэдийгээр бороо орж адууны зүс ондоо болдог ч Бүрэн азарганы давхил ерөнхий байдлыг нь хараад өөрийнхөө азаргыг мөн гэж таньж байлаа.
Азарга ирлээ. Бүрэнгийн хар азарга сумынхаа наадамд гурав дахь жилээ ийнхүү түрүүлэв. Наадмын цэнгэлдэхээс азаргаа цоллуулан гарч ирэхдээ үүдэн дээр нь галзуу Норовтой таарвал жишүү хараад дуугарахгүй өнгөрөв. Дам сонсох нь хул азарга нь замын дундаас гарсан сураг дуулдав. Нутгийн нэгэн өвгөн 
- Энэ Норов сайхан хурдан ажнайгаар тоглочихлоо. Хул азарга одоо Норовт байгаад хурдлахгүй эзнээ соливол л давхиж магад Норов хүн хүн дууриаж янз янзын юм хийсээр байгаад сүүлдээ өөрөө ч уяаг нь олохоо байж гэж ярьсан дуулдав.
Ер нь яагаад ч юм бороотой наадмаар Бүрэнгийн морьд сайн давхидаг болсон бөгөөд энэ жилийн наадмаар зургаан насны арваад морь уяхад гурван айраг хоёр түрүү авав. Эхний баярын өдөр азарга нь түрүүлж хоёр даага нэг шүдлэн нь айрагджээ. Харин сүүлийн баярын өдөр их нас нь түрүүлэв.
Угаасаа л адуу гэж энэ хийморьлог амьтныг атаа хорсол баяр хөөр зэрэг элдэв бүхэн дагаж явдаг болохоор нутгийнхны дунд нь Егөө Догсом гэж хүн цаашлуулахдаа мэргэшсэн эр 
Хувьтай хүнийг хур дагадаг 
Хувь заяагаа хийморь дагадаг
Хуртай наадмыг хурд дагадаг
Хурдан морьд Бүрэн дагадаг ийм шүлгийг гадуур тараажээ.
Үүнд атаархсан уу наадмын дараахан галзуу Норов айл айлаар буун халамцуу явахдаа 
Бороотой бол Бүрэнгийн халтар азарга
Шороотой бол Норовын хул азарга 
Хуртай бол Бүрэнгийн халтар азарга
Нартай бол Норовын хул азарга ирэх жилийн наадмаар түрүүлнээ хэмээн аархаж явсан сураг дуулдав. Жил жилийн наадам өөр өөрийн түүх дурсамжтай байдаг ч бороогүй наадам ер нь ховор байдаг билээ. 
Н.Тайванжаргал


Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...