Friday, May 18, 2018

ҮҮЛСИЙН ХЭЛБЭР /өгүүллэг/



Бат-орших амандаа намрын шивээний ишийг зуун дээшээ харан хэвтэж байхдаа сэмжин цагаан үүлсийг өмнө харж байгаагүй мэтээр ихэд шимтэн харлаа.Уягдсан мэт дээр нь харагдаж байсан үүлс зөөлөн салхины үзүүр сэвэлзэх төдийд янз бүрийн хэлбэрт уусан нүүж эхэллээ.Бат-орших өндийн тайван таруухан бэлчин идээшлэх хонио харчихаад эргэн хэвтэж салхинд хөөгдөн янз бүрийн хэлбэрт уусан нүүх үүлсийг харан хэвтэж байх зуураа сэтгэл зүрхнийхээ гүнд хадгалагдсан гэгээн бодлоор өөрөө хөгжөөж хэсэгхэн зуур бодлын далайгаар сэлэв.
Дөнгөж сурагчийн ширээнээс мултарч малчин болсон Бат-орших ангийнхантайгаа шуугилдан наадаж тоглож байсан үе нь бодогдоход хааяахан гуниглах ч нэгэнт малчин болохоор шийдсэн хүнд энэ бол зовлон биш аж.Харин тэрээр битүүхэн цэргийн зарлан ирэхийг хүлээнэ.Энэ жил тэр арван долоон өнгөрч буй.
Гэнэт морин туурай нүргэлээд явчихлаа.Таруухан бэлчиж байсан хонин дундуур бөөн адуу туусан хүн явж байлаа.Гэнэт уур нь хүрээд явчихав.Босон харайж ойрхон байсан чөдөртэй морио авч наанаас давхиад очлоо.
Хөөрүү Галдан гэгч дүү Баяртайгаа адуу туугаад явж байлаа.Тэрээр Бат-оршихыг очиход
-За чи яасан унтдаг амьтан вэ гэж байна.Харин Бат-орших
-Би унтаагүй зүгээр хэвтэж байсан юм гэтэл
-аан тийм байх гээд үл тоосон шинжтэй.Баторших
-Та одоо яаж байгаа юм.Газар мундсан биш хургатай хонин дундуур адуу хөөгөөд гээд ууртайхан хэлээд авав.
Гэтэл Галдан ихэд сүрхий харж байснаа
-За муу банди минь чи миний адуу хаагуур туухыг заадаг хэн бэ муу гуйрамчин минь гэж томорч байна аа.Харин Бат-орших морио ухасхийн ташуурдан адууных нь өмнүүр орж буцааж эргүүлтэл
Галдан бөөн уур
-Яадаг муу чацга вэ чи хэмээн ташуураа далайн Бат-оршихын мөрөн дундуур буулгаад авлаа.Бат-орших ч Галдангийн морины жолооноос шүүрэн барьж аваад жижигхэн бахим яргай ташуураараа улаан нүүрэн дундуур нь явуулж орхилоо.Галдан
нүүрээ даран
-Нүд нүд юм харахаа байчихлаа .
-Баяраа чи наад новшоо бариад алаадхаач хэмээн хашхирлаа .Баяраа нь ч ухасхийн Бат-оршихын морийг цулбуурдаж аваад мориноос гуд татан буулгаж унагаад дээр нь сууж байгаад дээрээс хэд хэд дэлсээд авлаа.Харин Галдан унасан хойно нь өшиглөж эхлэв.
Хэсэг нүдэж байгаад адуугаа хөөн одов.Бат-орших босон хамраас гоожсон цусаа арилгаад хойноос нь харж зогсохдоо өсөж яваа хүний цээжинд өшөө хорсол буцалж байв.Морио аван хониныхаа цаагуур тойртол гараад хоёрхон хоносон нэг хурга адууны хөлд гишгигдэж үхсэн байв.
Ер нь бол Галдангийн ах дүү нар дээрэнгүй түрэмгий улс .Өнгөрсөн хавар л гэхэд Бат-оршихын нэг үрээг манай үрээ хэмээн улайм цайм дээрэмдээд явчихсанд яаж чадалгүй үлдсэн байлаа.Аав ээж хоёрыг нь зүсэн зүйлээр доромжлоод зогсохгүй тавлаж байгаад явжээ.Харин Бат-орших бушуухан том болохын хүслэн болоод байв.Галдангийн ах дүү нартайгаа муудалзах шатгаан дуусах болоогүй байж.
Зэргэлдээ сумын Аюур гэж айл өнгөрсөн хавар ногоо хөөж Бат -оршихын ойр зусаад нүүсэн билээ.Тэднийх гурван тэрсхэн охинтой айл байлаа.Том охин Гэрэл нь дөнгөж наймдугаар ангиа төгсөөд буй даруухан бор охин аж.Хааяахан мал эргүүлэх далимаараа тэднийхээр буудаг болсон Бат-орших  Гэрэлд сэтгэл алдарчээ.Гэрэл ч Бат-оршиход сайн болжээ.Залуу халуун насны хайраар хөглөгдсөн сэтгэл хаа хол байсан ч үл унтрах аж.Намар Аюурынх нутаг буцахад охин Гэрэл нь аймгийн арван жилд суухаар явжээ.
Саяхан нэг ангид байсан найз Сүхээтэйгээ хонио усалж яваад гол дээр таарахад тэрээр
-Бат-оршихоо чиний нөгөө найз охин чинь Ганбаагийн Буянаатаа тэврэлдэж байгаад авхуулсан зураг нь Ганбаагийнд байна лээ.гэхэд нь итгэсэнгүй.Яагаад ч юм Бат-оршихын цээжинд өшөө хорсол улам асах болов.Тэрээр ямар нэгэн шалтаг хайж байгаад хөөрүү Галдангийн ах Ганбаагийнд очихын түүс болж байлаа.Адуунд явах далимаараа Ганбаагийнд буулаа.Эхнэр нь нохой хорьж өгөв.Харин Ганбаа нь алга байв.Цай ууж суух зуураа хойморын жаазруу нь харж байлаа.Сүхээгийн хэлдэг үнэн аж.Яах аргагүй Гэрэл Буянаа хоёрын зураг байлаа.Буянаа бол Баторшихын дээд ангид суудаг хөөрүү онгироо нөхөр бий.Өнгөрсөн зун овооны наадмаар Бат-оршихтой барилдаад уначихаад бөөн юм болсон билээ.Наадам тараад явж байхад хойноос нь хоёр залуутай ирээд зодох гэж дайрсан ч Бат-оршихоос шангаа хүртээд буцсан билээ.
Бат-орших Ганбаагийн уяан дээрээс мордохдоо яагаад ч юм.Буянаа Гэрэл хоёрт хорсох бус харин ч амжилт хүсмээр санагдаж байгаагаа гайхаж би нээрээ Гэрэлд хайртай юм болов уу .Яагаад гутрахгүй байгаа юм бол гэж бодож байлаа.Намрын цэрэг татлагаар тэр хараахан арван найм хүрээгүй байсан ч цэргийн комиссын хүмүүсээс гуйсаар байгаад цэргийн албанд мордов.
Засвартай үргэлжлэл бий


No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...