Friday, May 18, 2018

ЗУРГИЙН ТҮҮХ/Өгүүллэг /


   
                                               
Ер нь би энэ хамт олон дунд дөнгөж их сургуулиа төгсөөд  л орж ирсэн юм. Нэг мэдэхэд л арван жил болчихож.Намайг энэ хамт олон дунд юугаа ч мэдэхгүй шинэ  хүн орж ирэхэд аав шиг минь тосож, зааж зөвлөн ажлын дөр суулгасан хүн бол Дэлгэр ах минь байсан юм.Үсэнд нь ганц нэг буурал үс  сууж буй дөч гаран насны цэмбийтэл хувцаслан үсээ хойшоо тослоод самначихдаг жавхаалаг хүн байлаа .Ажлын цагаа яс барьдаг .Олон үг байхгүй.Хурал зөвлөгөөн дээр бол үргэлж зөв санаа дэвшүүлдэг хүн юм.Намайг анх ажилд орж байхад докторын зэрэг хамгаалаад байсан бөгөөд үргэлжийн цаасан дунд сууж байдаг эсвэл хөдөө томилолтоор яваад алга болчихдог ийм л хүн байлаа.Би энэ байгуулагад жил гаран ажиллаад гадаадад сургуульд явж ирээд ондоо байгууллагад найман жил ажиллаад жилийн өмнө анх ажлыхаа гарааг эхэлсэн газраа хэлтсийн даргын албан тушаал дээр ажиллахаар ирсэн юм.Намайг дагалдуулж маш их зүйл зааж сургасан  Дэлгэр ахынхаа дарга болоод ирсэндээ айх шиг ч эмээх шиг ч сэтгэл төрдөг юм.
  Ер нь манай ажлын хамт олон Дэлгэр ахыг даргаасаа илүү хүндэлнээ.Олон жил хөдөө аж ахуй тэр дундаа газар тариалангийн чиглэлээр олон жил  ажилласан эрдэмтэй хүн юм.Манай байгууллагад Дэлгэр ах шиг энэ байгууллагад олон жил тогтвор суурьшилтай ажилласан хүн үгүй .Манай хүн эрдмийн болон судалгааны ажилруугаа хамаг анхаарлаа тавина.Нэлээд хэдэн жилийн өмнө монгол орны хөрсний доройтлын чиглэлээр томоохон сэдэв барьж аваад лав гурван жил гаран судалгаа хийж байгааг манайхан бүгд мэднэ.Саяхан Дэлгэр  ахад минь төр засаг хайр халамжаа хүртээж алтан гадсаар энгэрээ мялаан нэг өрөөний хамт суудаг бидний хэдэн нөхөд амралтын өдөр тааруулан тэднийд очив.Эхнэр Сувдмаа эгч минь биднийг тосон авч завсар зайгүй л дайллаа.Хуучны нэгэн орон сууцны гурван өрөөнд амьдардаг айл аж.Дөрвөн хүүхэдтэй гэнэ.Хоёр том нь тусдаа гарсан  гэнэ.Харин хоёр бага нь оюутан нэг нь гадаадад нэг нь монголдоо сурдаг гэнэ.Ер нь их оюунлаг гэр бүл юмаа.Эхнэр нь Сувдмаа эгч мөн эрдэмтэн хүн юм байна.Улсын нэгэн сургуульд  тэнхимийн эрхлэгчээр ажиллдаг доктор хүн юм байна.  Бид хэд ч идэж уун  инээж хөгжин нэлээн суулаа.Дэлгэр ахынд орж ирэнгүүт миний нүдэнд хамгийн түрүүнд туссан нэг зүйл  бол  төм өрөөнийхөө хананд өлгөсөн зураг юм.Их л дээр үеийн зураг бололтой.Миний сонирхолыг энэ зураг ихэд татав.Дэлий нь сүмбийтэл зассан морин дээр хэлтгий суусан идэр залуу  цэрэг хувцастай  хоёр хүний зураг байлаа.Яг өвөөгийнд минь ийм зураг байдагсан .Энэ зурагны тухай асуух гээд байж ядан байсан ч жаахан  хүлээзнэхийг бодлоо.Ямар адилхан юм бэ.Би өвөөгийндөө өссөн учир энэ зураг бүүр нүдэнд дасал болчихож.
Хожим би ухаан суугаад өвөөгөөсөө энэ зурагны тухай асуусан юм.Өвөө минь  ихэд бодол болж сууснаа миний толгойг илээд  
-Аан энэ хүн бол өвөөд нь  их тус хүргэсэн цэргийн минь найз байгаа юм гэж байсан юм.Би ч амаа хамхиад суугаад байлаа.Аяга цай ч амсаагүй байж л энэ зураг энэ тэр гээд яахав гэж жаахан харзнан зургийг л байн байн харж байв.
Хамт олонтойгоо сууж сэтгэл нь хөөрөөд  ганц нэг хундага юм татаад ам нь халчихсан Дэлгэр ах их л сэтгэл өөдрөг байгаа нь илт.
Би тэвчилгүй нөгөө зургийг зааж
-Энэ зураг ямар танил зураг вэ Манай өвөөгийнд яг ийм  зураг байдаг байсан юм гэж хэлж дуусаагүй байтал Дэлгэр ах миний үгийг шүүрч аван
-Юу....гэнээ хэмээн ихэд гайхсан сонирхосон  харцаар намайг нэвт ширтэх зуураа
-Танай өвөөг хэн гэдэг юм гэж шалгаалаа.

-Гунгаасүх гэтэл .Дэлгэр ах
-Нээрээ юу гээд босоод ирлээ.
-Би энэ Гунгаасүх гэж хүнийг маш олон жил хайж байгаа юм .Аавын минь найз байгаа юм.
Ямар сонин юм бэ .Би тэгвэл ачтай нь  хамт ажиллаж байсан юм  байна ш дээ.Ийм юм бас байдаг аа гэж дахин дахин хэлэх нь их л баярлаж буй бололтой.
Тэрээр зургийн хажууд очоод зурагруу харах зуураа
-Энэ зураг их түүхтэй юм гэнэ лээ. Аав минь хөөрхйи амьд дээрээ найзыгаа олж уулзаж чадаагүй өнгөрсөн дөө.Байнга л Гунгаасүх гэж ярьдаг байсан юм.Би аавынхаа захиасыг биелүүлж Гунгаасүхийн үр хүүхдийг олж уулзах гэж арваад жил хайлаа.Сураг гардаггүй байсан юм . Ингэж олох гэж намайг харан инээмсэглээд
-Энэ зургийг харахаар аавын минь надад ярьж байсан түүх өнгөтөөрөө харагддаг юм гээд бодлогширон дуугаа намсган санаа алдахад нь
-Та яриач гэж манайхан шалав.
Буцаж буйдан дээрээ очиж суугаад эхнэрийнхээ хийж өгсөн халуун  цайнаасаа хэд оочоод л ийнхүү хүүрнэв.
-1945 оны үеийн зураг юм гэнэ лээ.Дайн дуусах үеийн зураг юм шиг байгаа юм Нэг орос  цэрэг авсан  юм байна лээ.Зургийн  ар дээр нь уг нэр нь  байгаа даа .Юрий Лавров гэж л байгаа юм шиг байгаа юм. Татлаад нэрээ бичээд дружба хорошо гэж байх шиг байгаа юм нэг бичиг байдаг юм.
Яг эх хувь нь одоо манай том хүүгийнд  бий л дээ.
Аав минь байнга  Гунгаасүх гэж ярьдаг байсан юм .Бүхэл бүтэн таван жил хамт байсан найз нь юм гэсэн.Хоёр хувь угаалгаад нэг нэг авсан гэдэг юм гэсэн.Тэр Гунгаасүх гэдэг цэрэг нь баруун аймгийн цэрэг байсан юм байна лээ.Баянхонгор аймгийн цэрэг байсан юм шиг байгаа юм.Тэр үеэс хойш засаг захиргааны хувьд өөрчлөлт их орсон шүү дээ.1940 оны намар аав минь 19 тэй цэрэгт татагдаж байсан юм гэнэ лээ.Тухайн үед хэдийгээр Халхын голын дайн дууссан үе байсан ч зүүн  хил  тайван бус Манжуурын хойгт  болон Хятадад  японы цэргийн хүч байрласан хэвээр байсан юм гэнэ лээ. Аав цэрэгт очоод шинэ цэрэг болсон юм хойно хөл гараа олохгүй их л хөглөдөг байж.Нэг юм арайхийж цэргийн бэлтгэл үйл ажиллагаа буюу карентин дуусаж цэргүүдийг хилийн ангиудад хуваарлижээ. Аав минь зүүн хязгаарын  хилийн ангид хуваарлигдаж очжээ.Шинэ цэргүүддээ тосож авсан ангийн захирагч нь  морин эрэмгий мөр сайн хөөдөг, мэргэн буудагч гээд хэдэн цэргийг сонгон авсан юм байна лээ.
Эдгээр  цэргүүдээ дотор нь хоёр хоёроор нь  хувааж тагнан турших зэрэг үйл ажиллагааг орос сургагчаар залгасан байгаа юм.Аавтай минь хуваарлигдсан цэрэг нь нөгөө Гунгаасүх нь байсан юм билээ.Маш нүдний хараа сайтай .Жирийн хүний олж харахааргүй юмыг хардаг. Их ажигч гярхай  мөрч нэг харсан юмаа алдана гэж байхгүй тийм хүн байсан юм байна лээ.Харин аав бол мэргэн бууддаг төлөвлөгөө тактик зохиохдоо сайн байсан юм байна лээ.
Сар гаран орос сургагчаар тагнан турших мэдээлэл цуглуулах болон  япон цэргийн дарга нарын цолны талаар хичээл заалгасан байгаа юм.Бүүр наад захын хэдэн япон үг ч цээжилсэн гэдэг юм.Сургалт дуусаад ахиад өөр өөр ангид хуваарлигдсан гэдэг юм .Аав Гунгаасүх хоёр хуучин ангидаа харин үлджээ.Нэг үдэш цэргүүд амарч байтал тасгийн дарга нь Гунгаасүх аав хоёрыг дуудаж босгоод дагуулаад ангийн захирагч дээр орсон байгаа юм.
Ангийн захирагч нь
-За та хоёр маргааш өдөржин ажиглалт хяналт хийнэ. Дайсны хүн, хүч техникийн хөдөлгөөн байршилын талаар мэдээлэл цуглуулна. Өнөө шөнө та хоёрыг хоёр хүн хил давуулж өгөөд буцна .Та хоёр өнгөлөн далдлалтыг өнөө шөнө сайн хийнэ.Маргааш шөнө яг товлосон цагтаа хоёрыг очиж авна .Тушаал ойлгомжтой юу гэхэд мэдлээ гүйцэтгэе гээд намрын тас харанхуй шөнө хил давжээ. Бут харганатай нэгэн довцог толгойн өвөрт оков ухаад намрын өндөр ургасан өвсөөр дээгүүрээ бүтээгээд өдөржин хэвтэн ажиглалт хийсэн байгаа юм.Их л чилж нойр нь хүрээд хэцүү байсан ч тэсээд л давсан байгаа юм.Японы цэргийн ангиас хоёр километр шахуу газар өдөржин хэвтэхдээ аав техникийн байршил,удирлагын байр хүнс хоолны хангамж зэргийг нь харин Гунгаасүх хүн хүчний тоо газарзүйн байршил салхины чиг зэргийг нь бүдүүвчлэн цээжлэж аваад шөнөө нөгөө болзсон газраа авах гэж очсон хүмүүстэйгээ нууц дохиогоор харьцаад буцаж ирсэн байгаа юм.Маргааш өглөө хоёулаа ангийн даргадаа ороод илтгэжээ.Аав техникийн тоо загвар удирдлагын байрын бүдүүвч зургий нь цаасан дээр зурж үзүүлжээ.Харин Гунгаасүх хүний тоо хүнс хангамжийн байршил мал амьтны тоо өнгө зүс бүгдийг нь дуржигнатал ярьсан байгаа юм. Энэ явдлаас хойш  энэ хоёр олон удаа тагнан турших үйл ажиллагаанд хамт явсан байгаа юм.Ер нь ихэвчлэн барга малчин хүний дүртэй л явдаг байж баригдах юм бол барга хүн хүн гэж итгүүлэхийн тулд барга аялага ч  сурсан байгаа юм.Харин тэр хоёр яах аргагүй нэг амьд хэл олзолсон байгаа юм.Уг нь хүнд харагдахгүй явах ёстой ч шөнө явж байгаад нэг япон хоёр барга хүнтэй халз тулчихсан гэсэн.Японыг нь олзолж авсан байгаа юм Ямар хаялтай нь биш аваад ангидаа харьсан байгаа юм.Ангийн захирагч улс төрийн орлогч нартаа л  сайн загнуулсан гэсэн. ЗХУ 1945 оны 8 дугаар сарын 9-нд Япон Улсад дайн зарласан тул БНМАУ-ын Бага хурал, Засгийн газраас 1945 оны 8 дугаар сарын 10-нд Япон Улсад дайн зарлах тухай тунхаглах бичиг гаргажээ.Аав Гунгаасүх хоёр Долнуур, Жэхэгийн чиглэлд давшсан дэд хурандаа М.Одсүрэнгийн командалж байсан 8 дугаар морьт дивизид алба хааж байжээ. Дивиз нь хил давж  Шанага, Бага Тоуха, Ар цагаан нуур, Яндуу сум, Тал овооны заагийг явуут дайрч маш хурдан эзэлсэн гэдэг юм.Одоогийн Манай улсын хилээс 600  орчим анги нэгтгэл  байрлаж байсан газраасаа 1000 гаран  км зайтай орших энэ газарт хүрэхийн тулд  намрын халуун өдрөөр хурдтай маршаар хүрнэ гэдэг амаргүй даваа байсан гэдэг юм Цахарын усгүй элсэн цөл нь монгол цэрэг, адууны тэсвэр, тэвчээрийг тэгэхэд л нэг шалгасан гэдэг юм билээ.Долнуур Жэхэгийн чиглэлийн газар орны байдал бартаа саад ихтэй, элс шавар, тойром бүрд бүхий намгархаг хөрстэй, дов толгод ихтэй говь газар юм гэнэ лээ.Долнуурын ойролцоо шөнө тагнуулд явж байгаад японы тагнуулчидтай таарч буудалцсан байгаа юм.Энэ буудалцаан дунд Гунгаасүх хөндий цээжээрээ шархдаж аав минь морин дээрээ дүүрч ангидаа ирсэн гэдэг  юм.Аз болж шарх нь дотуур эрхтэнд гэмтэлгүй хөндий цээжээр хаваад гарчихсан байсан юм гэнэ лээ.Хятадын Жэхэ хотын ойролцоо ер нь дайны хувь заяа шийдэгдэх шатандаа хүрчихсэн үе байж л дээ.Япончууд ч дайнд ялагдсан гэсэн гашуун нэр зүүхээс илүү өөртөө харкера  хийх буюу өөрийгөө хөнөөх зэрэг үйлдэл үзүүлдэг дайчин улс тул маш ширүүн тулалдаан болж байжээ.Нэгэн ширүүн тулалдааны үеэр салаа нь   бүслэлтэнд орсон юм байна лээ.Тал талаас буудаад юугаа мэдэхээ байсан тэр үед салаан захирагчийнхаа тушаалаар  шуурган  галын удаас  халз дайрсан байгаа юм .Аавын морь буудуулж унахад Гунгаасүх ухасхийн эмээл дээрээ шүүрэн шуурган галын өөдөөс халз дайран гарсан байгаа юм.Бүслэлтнээс гарсан хойноо мэдсэн гэдэг юм.Гунгаасүхийн баруун мөр шархадсан байсан гэсэн.
    Монгол, Зөвлөлтийн цэргийн давшилтаар эхэлсэн чөлөөлөх дайн 1945 оны 9 дүгээр сарын 2-нд Япон улс бууж өгснөөр төгсгөл болж олон цэрэг эрсийн  халуун амиар энэ ялалтыг авчирсан юм гэнэ лээ.Зөвхөн манай нутгаас гэхэд хориод залуу мордсоноос дөрөв нь амь үрэгдэж  нэлээд хэд нь шархадсан гэж аав минь ярьж билээ.1945 оны 9 дүгээр сарын 3-нд БНМАУ-д Ялалтын баярыг өргөн дэлгэр тэмдэглэж цэрэг эрс халагдахад аав Гунгаасүх хоёр ч бас халагдсан байгаа юм.
 Аав минь халагдаж ирсэнээсээ хойш л  Гунгаасүхийн сургийг гаргах гэж ихэд хичээсэн ч сургий нь гаргаж чадаагүй юм гэнэ лээ. Өөд болохынхоо өмнө нэг удаа намайг дуудуулаад
-За миний хүү энэ зургийг маш сайн хадгалж яваарай.Энэ Гунгаасүх гэдэг хүний сургийг гаргаарай үр хүүхдийг олж уулзаарай гэж захисан юм .Гэтэл би одоо хүртэл олоогүй явдаг .Аавынхаа захиасыг биелүүлэхийг мөн их хүсэх ч даанч олдохгүй байсан юм.Хүн амьтнаас сурлаа архив бичиг хэрэг ухаж үзлээ.Гунгаасүх гэсэн нэртэй хүмүүс байх юм .Яг энэ зурган дээрхи шиг царай зүс нутаг ус нь таарахгүй байсан юм гээд надруу харсанаа
-Жавхаа минь чи бид хоёр эрт бие биенийхээрээ орж гардаг байж гэв.Би ч  утсаа ухаж байгаад дүүгийн нүүр номон дээр байсан .Өвөөгийн нөгөө зургийг олоод Дэлгэр ахад үзүүллээ.
Зургийг үзээд ихэд баясаж
-Өө тэгнээ яг байна ш дээ.Ингэж олох гэж хэмээн ихэд баярлаж байв.Тэрээр
-За чи өвөөгийнхөө тухай мэддэг бүхнээ бидэнд ярьж өг гэж шавдуулан шахав.Би ч мэддэг бүх зүйлээ л ярихыг хичээв.
-Өвөө минь олон жил нэгдэлд мал малласан юм .Голдуу хонь л хариулж байсан юм байна лээ.Өвөөгийнх минь таван  хүүхэдтэй .Гурван эрэгтэй хоёр эмэгтэй хүүхэдтэй байсан юм.Манай аав дээрээсээ гуравдахь нь доороо нэг эрэгтэй нэг эмэгтэй дүүтэй.Аав минь бүүр бага дөнгөж наймдугаар ангиа төгсөөд л хот орж ирсэн юм.Насаараа ус сувгийн удирдах газар инженер хийж  байгаад тэтгэвэртээ гарсан.Одоо бас зүгээр суухгүй.Мэргэжлийнхээ дагуу нэг хувийн компанид зөвлөх инженер гэсэн улирлын чанартай ажил хийдэг юм.Өвөө минь таван хүүхдээсээ дөрвий нь ямар байсан дээд сургууль төгсгөж боловсролтой хүн болгосон юм.Харин манай аавын дээд талынх нь ах хөдөө нутагтаа мал малладаг юм.Уг нь хуучин захиргаадалтын үед эд ахуйн нярав, тоо бүртгэгч зэрэг ажлуудыг хийж байсан юм гэнэ лээ.Одоо нутагтаа л амьдарч байна.
Ер нь манай нутгийнхан өвөөг минь Гунаа андиа гэж авгайлдаг юм .Би ч өвөөгөө бас сайн бүрэн дүүрэн мэдэхгүй л дээ.Зуны амралтаар л өвөөгийндөө очно.Ямар ч байсан өвөө биднийг өглөөд л  унтуулдаггүй хүн байсан юм.Өглөө яагаа ч үгүй эрт л босоорой гээд босгочихно.Эмээ хүүхдүүд унтуулсангүй гээд өвөөг загнахаар 
-Энэ золигнууд унтсаар байтал залуу нас нь өнгөрчихнө гэж хэлдэгсэн.
Би тавдугаар ангиа төгсөөд тэр зун өвөөгийндөө зусаад ирсэний өвөл өвөө минь бурхан болчихлоо гээд л  аав ах дүү нартайгаа явсан юм даг.Би лав өвөөгөө өвчин хэлж байхыг үзээгүй.Тэб тэб хийн алхалж явдаг хүн байж билээ.Богинохон уургаа тулаад бор мориндоо мордсон байх нь өвөө минь зэр зэвсэгээ агссан баатар шиг л санагддаг байж билээ.Өвөө минь өнгөрснөөс хойш аль хэдийн хорин нэгэн жил болчихож. Цаг хугацаа хурдан юмаа.Намайг ер нь дөнгөж хоёр ой өнгөрч байхад л ээж аав хоёр минь өвөөгийнд аваачиж өгсөн юм гэнэ лээ.Зуны турш эмээ өвөө хоёроо зовоож байгаад намар нь аав ээж хоёр очиж авдаг байсан гэсэн.
Надтай цуг аавын ах дүү нарын хүүхдүүд цуг очно.Өвөө бүгдэд нь нэр өгчихсөн.
Намайг болохоор
Готовын годгор шар
Гонгиноо дуутай өлөн шар гэж явуулна.Харин манай дүүг
Таргандаа цаддаггүй тарган шар
Таван ямаа эргүүлдэггүй залхуу шар гэнэ.Дүү минь багадаа их махлаг хүүхэд байсан юм. Эмээ өвөөг ингэж дуудахаар өвөөг зэмлэнээ.Хөөрхийг яахнав.Нэрээр дуудаач хүн хөгширхөөрөө хүүхэд шиг болдог нь үнэн юм байна гэж үглэнэ.
Би өвөөгөө уурлаж байхыг ер нь үзээгүй.Үргэлж инээмсэглэж явна.Бас их хүн явуулнаа.Тархи толгой бага зэргийн гэмтэл зэргийг барьчихна.Морь мал хатгана.Адуунд их эртэй .Дүү бид хоёрыг морь унуулж сургах гэж их юм болсон доо.Өвөөгийн минь бор морь бол хүүхэд бүүр ойртуулахгүй.Өвөөд л дасчихсан.Ганц нэгхэн номхон адуун дээр суулгаад дүү бид хоёрыг зуны турш дагуулж хонь мал эргүүлнэ.Дүүг их өднөө .
-Энэ тарган шарыг даах адуу  олдохгүй нь.Үүнийг  жаахан явган гүйлгэж тураахгүй бол болохгүй нь гэнэ.Дүү үүнд нь гомдоод уйлчихна.Нэг мэдэхэд л өвөө хэзээний номхон морин дээр дүүг суулгачихсан хөтлөөд явж байх нь харагдаж байдагсан.Өвөөг нас барсаныг дуулаад дүү бид хоёр ямар их гашуудсан гэж санана.Орондоо орж байгаад зөндөө уйлсансан.Өвөө минь өнгөрөөд эмээ минь манайд өвөлжөөд хавар нь буцаж очоод өнгөрчихсөн дөө хөөрхий.Үүнээс хойш хөдөө дүү бид хоёр явахаа байсан юм даг.
Эмээ өвөө хоёр минь үргэлж надад гэгээн сайхнаар дурсагдаж байдаг юм.
- Готовын энэ хоёр шарын сайн сайхныг үзээд нүд аних юмсан гэж өвөө эмээ хоёр ярьдаг байлаа.
Өвөө минь магадгүй аавд ч юмуу аль эсвэл үр хүүхдүүдийнхээ хэн нэгэнд найзынхаа тухай ярьсан л байх.Дүү бид хоёр бага байсан болохоор бидэнд  юу ярихав дээ.
Энэ зураг одоо манай дүүгийнд байдаг юм.Өвөөгийн минь  ганц амь байсан болохоор тэр нөхөр авчихсан юм.Таньд өвөөгийн талаар маш ихийг яримаар байдаг даанч миний үе гүйцэж мэдэхгүй юм.Дэлгэр ахаа би таныг аавтайгаа болон авга нартайгаа танилцуулнаа.Та нар хоёр аавынхаа талаар сайхан дурсамж яриа өрнүүлэхгүй юу хэмээхэд
Дэлгэр ах
-За Жавхаа минь чи даруйхан энэ ажлаа зохицуулаарай гэхэд Сувдмаа эгч хажуунаас ярианд оролцож
-Тэгээрэй миний дүү .Энэ хүний зүрх сэтгэлийг нэг амраагаарай.Би ч гэсэн санаа зовж байсан юм.Аав минь өнгөрөхийнхөө өмнөхөн мөн их захисан даа хэмээн Дэлгэр ахруу харлаа.Харин Дэлгэр ахын нүүрэнд баярын инээмсэглэл дүүрэн харагдаж байв.
Би Дэлгэр ахынхаас гараад гэрлүүгээ явж байх замдаа өвөөгийнхөө тухай л бодож байв.Харин Дэлгэр ахыг аавтайгаа болон  авга нартайгаа уулзуулах том ажил төлөвлөснөө гэнэт санаж аавруугаа залгалаа.

Багабанди овогт Намхай Тайванжаргал


2017.02.18

                                            






No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...