Friday, May 18, 2018

УЯАН ДЭЭР/өгүүллэг/




                                              
Зуны үдийн нар голложээ.Уяан дээрхи морьд ялаархан толгой хаялан эргэцнэ.Хоёр бүгэг эрвээхэй хөөцөлдөн уяа тойрон ниссэнээ эргэж тойрон нисэх аж..Дөнжгөр сандал дээр суусан Авир өвгөн босох зуураа хөл оршиж жийрнэхсэн бололтой хазганан хэд алхаад Будын хээр морийг тойрч  хараад
-Манай энэ Буд зөчүү зантай хүн дээ .Хэр баргийн хүнээс үс сонсох биш миний бодлоор энэ хээр морь арай  дутуу юм шиг байх юм хэмээн эргэж тойрон харлаа.
Нар жаргаж буй тэнгэрийн хаяаруу  харц шидээд Авирын хэлсэнийг сайн сонсоогүй  Намнан
-Энэ тэнгэр чинь нөмгөрчихөж .Маргааш борооших нь хэмээн шал ондоо юм ярив .Завилан сууж байсан тэрээр өндийх зуураа
-Наадамд халиун морио тавьж үзчихээд наадам отголох санаатай .Намрынхаа их ажлыг эхлэх минь хэмээн сөөнгөтөн байж хэлээд бүснээсээ хусуураа аван халиун морин дээрээ очин хатсан хөлсийг нь хусаад
-       -  Будын хээр морь миний халиун морины хажууд хүнд ястай мах бөхтэй морь шүү дээ гэв
Авир өвгөн  бараан үүлрүү нар нь шурган орсон тэнгэрийн хаяаг ажиж
-Өнөө шөнө морины хажууд хонох хүүхдүүд оромжлохгүй бол борооших нь дээ.Ер нь наадмаар бороотой байж магад .Будын хээр моринд уг нь сэрүүхэн байвал сайн л байна .Харин Намнан чиний халиун морь бараг уяа нь болчихож наадам дөхөхөөр жаахан ир нь харьчихаж магадгүй дээ.Нээх их ажил хийлгэдэггүй адуу юмаа хэмээн өргөн нүүрэн дээрээ буух ялааг үргээн нөгөө дөнжгөр сандал ирж суухад нь
Намнан
-Ааяаа миний энэ хээр үрээ үе үе тэлмэх явдал ороод болдоггүй яах билээ гэж Авир гуайн амруу харлаа.Авир ааяаа гэх өвгөн уяан дээр босоогоороо унтаж буй Намнангийн хээр үрээг хэсэг харсанаа
-Тэлмэнэ гэдэг чинь угаасаа хурд саарна л гэж ярьдаг юм.Удам угшилд нь тэлмэх угшил байгаа юу гэхэд Намнан
- Уг нь байхгүй  л дээ.Эцгийн талаасаа харин юу бол Би хүнээс авсан юм болохоор сайн мэдэхгүй юм .Наадам болтол жаахан харахаас .Тэлмэх явдал нь ихсээд ирвэл уяхаа болихоос хэмээлээ.Авир өвгөн
-Энэ Будын хээр даага яасан үлбэг харагдаад байгаа юм .Уралдаад ирчихсэн юм шиг .Уяа нь гарчихсан юм биш үү гэхэд 7-8 насны нэг жаахан банди
-Буд ах энэ хээр даагаа уяа мултарчихсан гэж байна лээ.Маргаашнаас ижилд нь тавина гэсэн хэмээн шулагнуулав.
-Энэ даагыг харин жаахан хөвөөдөж үзвэл яах бол гэж тэндээс Намнанг асуухад
Авир
-Ээ бүү мэд хөвөөдөөд үр дүн гарах болов уу даа .Харин ижилд нь тавиад нэг сайн цатгаад буцаагаад бариад авбал уяа нь орж магадгүй ээ.Энэ Буд гэдэс гүзээг нь хямраачихаж .Бүүр туйлдангуй байна аргагүй дээ .Саамгүй даага энэ халуун  наранд хоол усаар амархан явна шүү дээ гэчихээд хоолойгоо засан гандмал хүрэн даавуун горшокон малгайгаа авч халзан толгойгоо илэх зуураа
-Энэ Будад мөн ч  их хэлэх юм даа .Миний үгийн огт авахгүй юм.Чойжил мэтийн тэхүүрхэг ааштай хүмүүсийг дагаад хэдэн уядаг морьдоо сунгаад байх юм.Уяач хүнд бусдад хэлдэггүй зөвхөн хүүдээ л хэлдэг нууц гэж байдаг юм.Улаан Чойжил Будад  тэр нууцаа яаж хэлэхэв. .Дагуулж жаахан намирч байгаад л хаяна.Эцгийн оронд нь эцэг болох хүн би л юмсан .Миний үгийг бүүр авахгүй юм.Өнөөдөр өглөө мордсон сая доод булангийн айлуудад согтуу явна гэж Дэмчигийн хүүхэд хэлж байна лээ.Уяан дундуур хар ус  уухаар морь нь яаж сайн давхих билээ хэмээн  Авир өвгөн үглэв.Уяан дээр хул даага унасан арваад насны банди ирж буулаа.Даагаа шанаадаж дарж байгаад буутал жинжүүдэд дөрөө нь шонгийн модонд нь цохихоор даага нь ухасхийтэл хүү гулд татан эргүүлэн тогтооход Намнан босож уяж өглөө.
Тэр бандид хандаж
-Аав чинь хаана явна гэнэ Сүхээ гэхэд .Хүү
-Мэдэхгүй өглөө Бага хээрийн адуу авчирч унаа солино гээд мордсон ш дээ
-Будаас олигтой хүн энэ уяан дээрээ оройлох хүн шүү дээ .Тэгэхэд тэрний байж байгааг хэмээгээд
-За мордох уу даа .Би танайхны уяагаар тойрч жаахан юм хэлж өгье гэж бодсон юм .Энэ Буд алга .Харин Дэмчиг хэзээ ирэх бол хэмээхэд Дэмчигийн хүү гэж дэлдэн чихтэй бор банди
-Аав адуугаа олсон гэсэн .Маргаашнаас бараг ирэх байх .Тэгэхээр нь уяаныхаа морьдоо барьж авна гэсэн гэв.Авир 
-Арай л оройтох байх даа.Гэхдээ өмнө л ажил хийж байсан морьд бол  болох юм.Одоо наадам болоход арав гаран хоногийн хугацаа байна ш дээ гээд уяан дээрхи морьдыг харах зуураа
-Танайхан морьдоо хаагуур хооллож байгаа юм хэмээн Намнангаас асуулаа.
Намнан
-Хөл булгийн тохойд гэхэд Авир өвгөн
-Өнөө оройноос жаахан хөдөө гаргаад эр өвстэй сэртэн газар хооллож бай.Хэтэрхий хоол нь шингэлт ихтэй  амархан  хоолоо шингээчихээд байгаа юм байна гэв
Намнан дуран тавьж сууснаа Буд ирж байна гэв.
Цагаан дэлтэй цавьдар морийг сарвайтал давхиулсаар уяан дээрээ ирж буусан Буд Авир өвгөнийг хараад ааг омог нь буучихав бололтой.
-Өө ааяаа хэзээ ирэв хэмээн намихад нь өвгөн Авир янз муутай
-Чи ч хөгшидийн буянаар уралдах байтугай.Хөзрийн мөрийд тавиад дуусаж буй сурагтай .Чи миний ахын буяныг ингэж дуусгахгүй шүү .Би ахынхаа хөрөнгөнөөс чамтай булаацалдахгүй.Гэхдээ чи ингэж морь уяж байхаар ижилд нь тавь .Уяан дундуур сархад уугаад чамд хэрэг алга.Чи энэ хоёр хүргэн дүүгээсээ ичээч чи .Энэ хоёр чамайг бодоход сумаас айраг алдаагүй яваа уяач хүмүүс Харин чи сүүлийн хэдэн жил айраг ч авсангүй .Ахын минь хурдан буян ингээд дуусах болоогүй шүү хэмээн хэлчихээд
.Намхан борлог мориндоо Намнангаар сугадуулж мордоод сүүл хөдөлгөн алхуулж одов.
Хөлчүүхэн Буд авга ахынхаа араас харж зогссоноо
Намнанлуу харж
-Энэ ааяаа мөн ааш нь олддоггүй хүн .Наадмаас өмнө очиж жаахан юм асууж сэтгэлий нь засахаас хэмээн хэлээд уяан дээрхи морьдоо эргэж тойрон харчихаад гэрлүүгээ алхлаа.Харин Намнан хадам ах Будынхаа араас харж зогссоноо
-Мөн дураараа хүн шүү хэмээгээд өөрийнхөө халиун мориныхоо уяаг тайлаад эмээллээд оройн сэрүүнд жаахан оршоог нь гаргаж ирэхээр мордон дэргүүлж одов.
Сумын наадмын гол хоймор нь дэрвэлзэх эрээн асрын хажууханд борлог морио хөтлөн үеийн хэдэн хөгшидтэйгээ хууч хөөрөн суух Авир өвгөн дээр
Шляпэн малгай хэлтгий тавьж хүрэн тэрмэн тэрлэгээр гоёж бүсэндээ агар модон хусуур хавчуулсан Буд давхиж ирээд жинжүүдэд дөрөөгөө ян хийтэл дуугарган буух зуураа
-Ааяаа их насаа мордуулчихлаа .Намнангйин халиун миний хээр морь хоёр арай л хоол нь ихэдсэн юм шиг харагдаад байх юм гэхэд 
Авир өвгөн
-Өлдүүлж алсанаас хоол нь их байсан дээр гэв.Удалгүй их нас ирлээ.Будын хээр морь түрүүлж харин Намнангийн халиун морь таваар орчихов.Буд бөөн баяр .Учир нь Будын аав Намшир гэж хүн байсан бөгөөд сум орондоо бүү хэл аймаг бүсдээ хурдан мориороо гайхагддаг хүн байж. .Өөд болсоноос хойш нь Буд хүн  хүн дагаж дахиснаас болж ердөө хоёрхон айргаас цаашаа яваагүй байж л дээ.Ахтайгаа олон жил морь уясан Авир өвгөн энэ жил Будыг загнаж байж дэргэдээ дагуулан морийг нь уяж өгсөнөөр тэр анх удаа түрүү бүүр их насны түрүүг унаган хүлгээрээ авсандаа маш их баярлаж байв.
Сумын наадам сайхан болж өнгөрлөө.Буд энэ наадмаас хоёр түрүү нэг айрагтай буцсан бол хоёр хүргэн Дэмчиг Намнан хоёр тус бүр хоёр айраг аваад зогссонгүй .Намнан нэг түрүү хүртээд буцав.Өвгөн Авирт хүний өөрийнгүй л баярлаж байв.Насаараа адуу маллаж морь уясан энэ өвгөн өөрийнхөө биеэс илүүтэй адуу малыг дэндүү сайн мэдэж уядагийн л ач тус байв.

Багабанди овогт Намхай Тайванжаргал 
2018.01.11


No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...