Азын дугаартай тас хар өнгийн Лексус 570 машин намхан хөтөл дээр гарч ирээд
ёнхийтол нь тоормослож өлөн цагаан тоос босгон зогслоо. Жолоочийн талын
хаалгаар гуч орчим насны биеийн тамирын хөх алаг хослолтой залуу бууж ирлээ.Тэрээр хоёр гараа өргөн суниагаад машиныхаа урдуур тойрон, нөгөө талынхаа хаалгаа онгойлгон нас өндөр
хүрэн тэрлэгтэй янхигар том өвгөнийг түшин буулгачихаад, арынхаа
хаалгыг онгойлгож эвхдэг түшлэгтэй сандал авчирч суулгав.Өвгөн нүднийхээ шилийг
авч гүйлмэгнэсэн нүдээ арчин алсыг ширтэхэд зөөлхөн бүлээхэн салхи урт оочин
буурал сахлыг нь хийсгэнэ.Тэртээд цайвалзах цувраа дүнхгэр уулсын наагуур
хаяагүй цэлийх уудам талыг тэрээр ширтэхдээ нүд муудсаных уу аль эсвэл сэтгэл
хөдөлснийх үү .Гал буурсан нүднээс нь нулмис цийлэгнээд ирэв.Өвгөний сэтгэл
догдолжээ.Эдүгээс наян жилийн өмнө энэ их талын дундах бяцхан булгийн эхэнд
хүний заяаг олж төржээ.
Тэртээх тэр он цагруу өвгөний зүрх сэтгэлээр хөтөч хийн одвоос .Таван тэмээ
ачаалсан нүүдэл Сархиагт хайрханы Их Шарын дөрөлжөөр бага үдийн улаан нар
хоймор өгсөхийн үед давж ирэх аваас ойрхон харагдах хоёр айлаас нэг хүн
нүүдлийн зам амдан яаруухан алхах нь идээ цай дөхүүлж өгөх бололтой.Эхний лэг бөхтэй улаан тэмээн
дээр сууж ачаа хөтөлсөн гуч эргэм насны бүсгүй бол Жаргал хэмээх .Төрсөн нутаг
усандаа адлагдан нүүхээс аргагүй болж газар дээрхи ганц нагац ах Самдангаа царайчлан ачлагных нь хэдэн тэмээгээр нүүж яваа нь энэ
аж.Жаргалын нөхөр Гэлэг гэгч нь хошуу ноёнтой заргалдсаны уршигаар хүчээр эр
цэргийн албанд татагдан явсан боловч буцаж оргож ирэхдээ арван тавны цагдаа
хөнөөсөн хэрэгт тулгагдан хар гэрт хоригдож байхдаа учир битүүлгээр амь насаа
алджээ.Нууцаар нутгийнх олон түмэн ярих нь ноёны урт гарт Гэлэг амь насаа алдлаа гэж ярьдаг аж.Эр
нөхрийнхөө хийсэн хэргийн улмаас хошуу ноёны гар хөл болсон хүмүүст адлагдах
болсон тул аргагүйн эрхэнд нутаг сэлгэх болж.Зэргэлдээх хошууны Сайр тохойн ус
гэдэг газар хүн амьтан багатай өвс хужир арвин гэж сонсоод нутаглах гэж ирж буй
нь энэ бөлгөө. Хээр морин дээрээ нүдээ онийлгон алсыг саравчлан явах тавь эргэм
насны эр бол дээр дурдсан Самдан гэх эр.Өөрийг нь гэж зорьж ирсэн ганц зээ
дүүгээ цаашаа гэлтэй нь биш.Жаргалд туслах газар дээрхи ганц гараа сунгах хүн
нь тул тэр яахин цааргалж зүрхлэх билээ.Хөл хүнд нялх хүүхэдтэй Жаргал арган
дундаас цухуйх өтгөн хар даахитай хүүгийнхээ толгойг харан сэтгэл
тайвширна.Нүүдэл тосон ирсэн ахимаг насны эзэгтэй тэднийг
халуун цай ааруул ээзгийгээр дайлан хаа хүрч явааг нь асуулаа.Жаргал өөриймсөг
сэтгэл тавин хандах настай эзэгтэйрүү харан
-Эгч минь би гэж нэг зүдэрсэн хүн
байна. Нэг өнчин хүүхэдтэй. Одоо хоёр дахь нь төрөх гэж байна.Энэ нутгийг
бэлчээр өвс сайн гэж сонсоод л зорьж явна хэмээн аврал эрсэн харцаар эзэгтэйг
царайчлангуй харахад нь Тэр эзэгтэй
-Ээ хөөрхий зайлуул хэмээгээд
-Хаана буух гэж байна .Манай энэ
хавьд зэлүүд. Айл амьтан цөөтэй газар шүү гээд Жаргалын нүүрлүү харлаа Халуун
цай уугаад халууцсан бололтой .Тэрлэгнийхээ энгэрийг сэвээд ханцуйгаар нь
хөлсөө арчих зуураа Самдан
-Харин хаана буулгах уу гэхэд Эзэгтэй өрөвдсөн харцаар
Жаргалруу харж сууснаа
-Тэр хойд тойрууны баруун талд
шиг л буу .Уг нь дээр үед айлууд буудаг л байсан юм. Айл амьтантай ойрхон
буухгүй бол чоно нохой элбэгтэй хэцүү шүү гэв.Эзэгтэйн хэлсэн тэр газар нь
очоод тэмээнийхээ ачааг буулган ханаа дугуйлж байтал эзэгтэйн нөхөр бололтой.
Дээлээ хөөргөж бүсэлсэн нас тогтсон байрын хар морьтой хүн ирлээ.Тавь эргэм
насны үсэндээ буурал сор суусан тэр хүн гэрий нь барилцаж өгөөд цай уучихаад
мордов.Маргааш өглөө Самдан ачлагныхаа тэмээг аван буцахаар болж
мордохдоо.Жаргалд хандаж
-За ах нь хэд хоногоос малы чинь дөхүүлж өгнөө гээд мордов.Маргааш нь
гэрийнхээ ойр зуурын юмтай ноцолдсоор байгаад өдрийг мэдэлгүй өнгөрөөв.Эл
хульхан энэ зэлүүд нутагт Жаргалд нэг л айдастай санагдах ч буян хишгээ ядарсан
надад хайрлаарай хэмээн өглөө үдэшгүй залбирна.Хоёр хоноод байж байтал эрэлд
яваа гэсэн хоёр хүн үдэш тэднийхээр буугаад мордохдоо ихэд гайхаж ахимагжуу байрын эр нь
-За дүү минь энэ эзгүй зэлүүд
газар нялх хүүхэдтэй жирэмсэн ганцаараа байж байдаг яаж байж чадаж байна
аа.Намаршихаар энэ хавь бүүр айлгүй болно доо.Одоохондоо ч яахав Тоодон
Догсомынх байгаа нь болох байх .Орой үдэш болгоомжтой байгаарай .Энэ хавь чоно
элбэгтэй шүү хэмээн өөриймсөг байдлаар хэлээд сая нүүдлээр салчихсан хатавчны
хананых нь хугархайг эвлүүлж боож өгөөд мордов.Тав хоногийн дараа л Самдан хонь
ямаа нийлсэн наяад бог ганц тугалтай үнээ ганц чөдрийн морийг нь авчирч өгөв.
Самданг явсаны шөнө хэдэн бог нь үргэн гарч орон байж хонов .Өглөө босоод хотоо эргэтэл нэг
хонь боохой зооглочихсон байлаа.Хар шувуу шаваад жаахан эвгүйхэн байж байтал
саахалт айлын тоодон Догсом гэгч нь эхнэртэйгээ ирлээ
. -За дүү минь чи ингэж ганцаараа нялх нойтон хүүхэдтэй яаж
байхав.Манайхыг дагаад нүүх юм үү Манайх анхны цаснаар хөдлөх санаатай хойшоо
нуруулуу гарч өвөлжинө дөө. Бараг арваад өртөө газар нүүнэ дээ чадах болов уу
гэхэд нь хүнд гай болохыг болдсонгүй. Жаргал эндээ үлдэхээр шийдлээ. Харин төрөх
үеэр нь цас зуд гайгүй бол Тоодон Догсомын авгай
Бүтэд хэд хоног ирж болох юм гэлээ.Хүний энэ сайхан сэтгэлийг юугаар хариулах
билээ дээ. Намрын хяруу хэдийн унаж өглөөгүүр босоход цан уначихсан сэрүү
татаад л Жаргал манай нутгаас эрт намар болох нь дээ гэж бодохын зуур өвөлдөө
бэлдэх санаатай гэрийнхээ уранхай дээвэр туургаа нар хөөрөхөөр буулгаж онгорхой
цоорхойг нь нөхөв. Намрын сүүл сарын дундуур нэг өглөө бостол жижигхэн
ширхэгтэй цас хаялж байлаа. Догсомынх нүүхээс өмнө бор шороо бараадахгүй бол
болохгүй гэж бодсон. Жаргал хэдэн малаа эргүүлэх далимдаа Догсомынхоор орвол
Догсом
-Манайх удахгүй хөдөлнө дөө Танайх яах гэж байна гэв. Жаргал жаахан тулгамдаж чимээгүй сууснаа
- Би нэг бор шороо бараадаж буугаад үлдэхээс гэв. Маргааш нь Тоодон Догсом хойд уулын энгэрт нэг бор шороонд буулгаад хүнснийх хэдэн богий нь
муулж өгөв.Догсомынх чөдрийн ганц хээр морь ганц тугалтай үнээ наяад богий нь онд оруулж өгөхөөр нүүн одов.Эхний хэдэн өдөр хэцүү байсан ч
удалгүй дасав.Хүүтэйгээ өдөржин хоёулаа гарч орон толгой дамжин өнгөрөөх
болов.Ер нь төрөх дөхөж байгаа бололтой .Үе үе хатгуулаад байгаа нь ямар нэгэн
дохио өгөөд байгаагийн шинж аж.Үдэш орой ганц хань болж байгаа нь Догсомынхоос
үлдсэн халтар жингэр л байлаа.Догсомын авгай Бүтэд
-Энэ эзгүй газар нохой шувуугүй яаж
байхав хэмээн жингэрээ үлдээхэд харин Догсом
-Наадах чинь ер нь хань болох болов
уу .Чоно элбэгтэй газар чонотой нийлчихэж магад шүү гэж байв.Одоохондоо хөөрхий
халтар жингэр орой болохоор л ам хуурайгүй хуцаад гэр тойрч хэрдээ л хань болж байлаа .Нэг шөнө унтаж байтал тэмээ дуугараад ноход
хэмхэлдэх сонсогдоод Жаргал сэрчихэв.Эсгий үүдийг нь сөхөн хүн орж
ирлээ.Тулганаасаа цог аван өөхөн дэнгээ асаатал битүү цан хүүрэг болсон хүн
зогсож байлаа.Харин Жаргал айсангүй харин баярлаж байлаа.Цан хүүргээ арчаад
баруун талаар өгсөөд суухад нь харвал намрын ирсэн хоёр хүний нэг нь
байлаа.Эвдэрхий ханы нь үдэж эвлүүлж өгсөн хүн дүрээрээ байв.
-Сайн сайн байна уу гээд Данхан дахь цайгаа цогон дээр тавьж халааж өгөв. Тэр хүн цай уугаад
-Чамайг энд буусныг Догсомынхоос
сонслоо.Би хойд нурууруу айл нүүлгэчихээд буцаж яваа юм.Догсом авгайтайгаа
хоёул танайхаар ороод гараарай гээд байсан юм гээд Жаргалруу харлаа:
-Чи яагаад Догсомынхтой нүүсэнгүй
гэхэд Жаргал
-Хүнд тэгж гай болоод яахав.Бид хоёр хэдэн малаа өгчихсөн юм чинь юу
алзах вэ гэвэл.Нөгөө хүн
-Чи амаржих дөхөж байгаа юм
байна.Би урдаас нэг гэрээ хоёр хоногийн дараа нүүлгээд хойд нуруунд аваачиж
буулгаад ирэхдээ Догсомын авгай Бүтэдийг авчрахаас хэмээв .Тэр хагас дутуу
суугаагаараа шахуу нойроо авчихаад өглөө эрт Жаргалын чанасан цайнаас ууж бүхэл
мах идчихээд явлаа.Хэд хоногийн дараа өвлийн оройн нар жаргах үеэр Бүтэд нөгөө хүн хоёр хүрээд
ирэв. Бүтэд тэмээнээс буунгаа л
-Ээ хөөрхий чи чинь ямар ядрангуй харагдаж байгаа юм Ер нь өнөө
маргаашнаас хэтрэхгүй нь хэмээн үглэв.Маргааш өглөө нөгөө хүн явах гэхээр
Бүтэд
-За Дандар минь чи яаж ийм улс хаячихаад явах вэ .Ядаж ганц хоёр хоночихоод яв энэ Жаргал хэзээ мөдгүй болчихож гэв. Жаргал маргааш оройноос нь
дуншиж эхлэв.Шөнөжин гал түлээд Дандар суув.Харин
Бүтэд эх барих бүх юмыг бэлдэж байгаад үүрээр хүү төрүүлэв.Ашгүй эх хүүхэд
хоёул эсэн мэнд амаржаад авсанд нь ганц Жаргал биш Бүтэд Дандар хоёр ч баяртай
байв. Маргааш өглөө нь буцсан Дандар хэд хоногийн дараа ирж Бүтэдийг гэрт нь хүргэж өгөхөөр боллоо.Бүтэд Жаргалыг хүүдээ нэр өг гэхэд .Жаргал тулгамдаад нэр оноож
чадсангүй. Бүтэд хаанаасаа лам хуврага гэж явхав .Энэ гэрт ганц бүстэй нэр өгөх
хүн нь Дандар юм байна.Дандарыг нэр өг гэв. Дандар тулгамдан хэсэг чимээгүй сууснаа Ойдов хэмээв.Бүтэдийн сайн тордсоны хүчинд Жаргал хэд хоноод овоо
тэнхрээд ирлээ.Дандар ч ирлээ.Дандар уулнаас мод цагаалж хагалж хугалан хоёр
хонов.Бүтэд авгайн ярих нь
-Энэ Дандар миний холын
хамаатан юм л даа .Хөөрхий эхнэр нь төрөхийн хүндрэлээс болж өнгөрөөд өөрөө хэдэн хамаатан садныхаараа
ээлжлэн хоноглож хоног өнгөрөөдөг юм гэж ярилаа..Ер нь Бүтэд авгайн хэлж байгаа нь Жаргалыг
энэ Дандартай суучих гэж хэлэх гээд байв.Яахав хөөрхий Жаргалаас арваад насаар ах хүн
байлаа.Гэвч Жаргал Бүтэдийн үгэнд хариу хэлж чадсангүй хоцорлоо.Гэхдээ Жаргал
насаараа хоёр жаахан хүүхэдтэй энэ эзгүй газар хүний нутагт яаж амьдрах
билээ.Сэтгэл зүрхээ сонссон үгүй гэж дургүйлхэх шалтгаан байхгүй нь үнэн
аж.Амаржаад сар гаран болсон Жаргал гадаа гэртгүй ажилдаа түүртэн өдөр хоногийг
өнгөрөөсөөр нэг л мэдэхэд цагаан сар тулчихаж.Гурил будаа юу ч байхгүй байхаас
хэдэн богийн ястай үлдсэн Жаргал яаж цагаан сар тэмдэглэх билээ.Битүүний урд
өдөр нэг тэмээтэй хүн тэднийхийг чиглэн талын их цасан дундуур ирсэн нь Дандар
байлаа.Жаргал өөрийн мэдэлгүй баярлаж байгаагаа гайхаад ч баршгүй.Дандар цагаан
сарын юмаа бэлдээд ирж хэдэн хавсай ааруул жаахан бууз банш гээд нэлээд юм бэлдчихэж.Маргааш
орой нь дөрвүүлээ хэдэн бууз чанаж идэн битүүлээд өглөө нь босон золгов.Том хүү Галдангаа Дандар
Жаргал хоёул тэврэн үнсэж золгоод дэлхий хангайдаа идээнийхээ дээжээ өргөөд
сайхан шинэлэв.Дандар шинийн таван хүртэл хэд хоноод буцав.
Хаврын сар гарчээ.Энгэр газрын цас саравчилж
өдөр тавигджээ.Ганц нэг азарга адуу Жаргалын гадуур ирж үзэгдэх
болсон нь өвөлжин малын бараа
хараагүй түүнд нэг л сайхан .Цан ханзаран нүх нүд гарч , шаргал өвснүүд цухуйсан нэг өдөр Дандар Жаргалын хэдэн малыг туугаад
хүрээд ирэв.Хэдэн мал толгойн тоо бүрэн бүгд сайн онд оржээ.Харин мал нь зуу гаран
малаар нэмэгдсэн байсанд нь гайхав.Харин энэ нь Дандарын мал аж.Дандар зуугаад
бог гурван адуутай иржээ.Ийнхүү Жаргалын гэхээсээ илүү Дандарынх гэж айл буй
болов.Мал сайн онд орсон болохоор Дандар Жаргал
хоёрын нийлсэн наяад хонь ямаа ишиглэж, хургалан хоёр хүүгээ ямар ч байсан таргаар
тастахааргүй болов.Одоо Жаргал алзахааргүй болжээ.Ноднин зуны байсан газар
дээрээ ирж буулаа.Гэрийнх нь буйран дээрээс нь булаг гарчихсан ус нь дээшээ
оргилж байв.
Догсом Бүтэд хоёр ихэд гайхаж
-Энд лав манайх гучаад жил нутаглаж байна.Ийм юм бас байдаг хэмээн ярих нь их л сонин содон зүйл болой.Удалгүй булгийн нэрийг хэн өгсөн нь бүү мэд Жаргалын булаг гээд
нэрлэчихсэн байв.Харин хүүхдүүд ач гуч нар яаж эмээгийнхээ ээжийнхээ нэрээр
дуудахав.Ээжийн булаг хэмээн нэрлэдэг аж. Дандарынх гэж айл энэ булгийн эхэнд
ханаа босгож галаа түлсэнээс хойш даруй наян жил болжээ. Дандар Жаргал хоёр
нийлсэнээс хойш ганц охин төрсөн нь өдгөө мөн л
ная шүргэж яваа ануухан буурал хотод амьдарч буй сая Ойдов ахтайгаа нутаг явах
гэсэн боловч бие хаа нь чилээрхүү байсан тул чадаагүй аж. Өнөөдөр энэ булгийг тойроод
Ойдовын ах Галдангийн хүүхдүүд л зусдаг болжээ,Ах Галдан аль хэдийн хориод
жилийн өмнө бурхан болсон.Хөөрхий Дандар ч гурван хүүхдийнхээ сайн сайхныг үзэж
чадалгүй нэлээд эрт бурхан болсон .Харин Жаргал гурван хүүхдийнхээ сайн сайхан амьдралыг үзэж сэтгэл тэнүүн амьдарч байгаад хүү
Ойдовынхоо гар дээр бурхан болсон аж. Хөөрхий Дандар Жаргалын хоёр хүү Галдан
Ойдов хоёрыг хүний хүүхэд гэж хэзээ ч хажиглаж байсангүй
.Өөрийнхөө төрсөн хүүхэд шиг л гэдэс цатгалан мөр бүтэн өсгөсөн.Харин Галдан
Ойдов хоёр ч Дандарыг бидний аав биш гэж хажиглаж байгаагүй бөгөөд энэ хүний
хүчинд өдий зэрэгтэй яваа гэдгээ олон удаа Дандарт харуулж Дандар гэж нэрийг
өндөрт өргөж өнөөдрийг хүрсэн.Дандарыг бурхан болоход ч гэсэн Галдан Ойдов хоёр
чадахынхаа хэрээр өргөж асарч байгаад бурхан болгосон. Өнөөдөр Дандарын Ойдов
гэхээр нь эрүүл мэндийн салбарыхан андахгүй мэдэхгүй .Ойдов бол олон юмны
анхдагч сумын бага сургуулийн анхны сурагч.Мөн улсаасаа хил даван гадаадад суралцсан анагаахын чиглэлийн анхны төгсөгчдийн нэг юм. Өвгөн буурал эрдэмтэн Ойдов тэртээд дуниартах Сархиагт хайрханыхаа барааг харж хэсэг сууснаа
-За
миний хүү хөдлөх үү гэв.Ач хүү нь сууж байсан сандлыг нь эвхэж машины арлуу
хийчихээд өвгөнийг сугадан түшиж машинд суулган Жаргалын булгийн зүг сунайсан
замаар тоос татуулан давхин одов. Ойдов өвгөн энд төрсөн газраа халуун амиа
үлдээх гэж зориглон ирсэнийг нь нутгийн уул усны савдагаас өөр хэн мэдэх билээ.
Багабанди овогт Намхай Тайванжаргал
2017 он 07.23
No comments:
Post a Comment