Цагаанаа
-Нөгөө Тангадын бага охин Цагаанааг чинь оргуулчихаж гэж манай Дунд голоор нэг хэдэн
өдөр дараалан цуурцгаав.
Ёстой нөгөө сонссон хүн бүхэн шогширч дуулсан бүхэн нь гасалсан мэдээ байлаа
энэ.Олон эрийн хайрын сэтгэлд манан будан татсан байх даа хөөрхий .
Олон эр ч гэж дээ. Минийх ч мөн адил .Цагаанаа гэж адтай
инээх тэр хөөрхөн бүсгүйг нэрийг
нь мэдэхгүй зүсий нь хараагүй хол нутгийн эрд алдсандаа би их шаралхсан даа.Тэр
мууг таарсан газар нь тархий нь хага шаана гэж таван барим тарны яргай ташуураа чанга атгаж явсан цаг
саяхан.
Тангадын хүргэн нь ирж гэнэ ээ гэж ахин нэг Дунд голоор цуурахад нь би хаа ч хамт явдаг хоёр найз
Буджав Ганхүү хоёртойгоо Тангад гуайнхыг зорих
замдаа Сүрэн гуайн хот айлд бууж
Алгаа эгчийн тогооны бүлээн нэрмэлээс бие биенээсээ илүү гарах гэж хэд
татчихаад мордоход салхитай илбэсэн сархаданд тархи толгой дүүрээд ходоод халуу
оргиод л нэг сонин байв.Нүүр ам нь улайж ногоон нүд нь мах шиг болсон Буджав согтуурхаж Сүрэн гуайн гаднаас мордоод
холдолгүй л
-За одоо гурвуулаа Тангадын дуулиант хүргэний хүчийг үзнэ
ээ. Манай голын ганц согоог биднээс асуулгүй оргуулдаг тэр хэн бэ хэмээн татаг татаг гэсэн живэргэн хээр үрээнийхээ далан дээр нь алгадаад
цочооход нөгөөх нь орилон бухаад явчихав. Буджав ч буудуулсан элээ шиг нэвсийн
толгой дээгүүр нь даван унаж эмээлийг нь
гэдсэндээ хийсэн хээр үрээ гол уруудан дөрөө дуугарган пижигнэн давхиж одов.
Ганхүү хээр үрээнийх нь хойноос барьж ирэхээр хөөгөөд
одов.Би мориноосоо буун очвол Буджав толгой дээрээ наалдсан шороогоо унагаан сэгсрээд
-Буджав хүү булгианд унадаггүй цаг өнгөрч дээ . Хатчихсан
үрээнд хага шидүүлдэг болж гэж ихэд
халаглан хэлээд газар унасан ташуураа аван хараал тавиад
- Азтай муу новш юм Тангадын хүргэний тархийг өнөө шөнө хага
цохино гэж бодсон юмсан гэж үглээд лаглайгаад суучихав.
Би инээд хүрсэн ч
Буджавыг уурлана гэж бодоод хажууд нь мориноос бууж зэрэгцэн суухад Буджав
хараал тавиад
-За өнөө орой яаж нэг гэрийн бараа хардаг билээ гэж алсыг
харан хэлээд намайг харахад нь миний бас ёозгүй зан хөдөлж
-Чамайг би ингээд
хаяад явчих хүн байна уу гэж би хэргээр сөргүүлэн асуулаа. Буджав ч уурлаж
-За чи битгий хуц хэмээн нөгөө агсам зан нь хөдөлж байгаа нь
андашгүй.Тэрээр нүүр амаа татвагуулан
ногоон нүдээ эргэлдүүлэн дуу нь чангарч
-Чамаас болоод би
Цагаанааг алдсан. Чи л миний замд гай болж
миний хайртай бүсгүй гээд байсан биздээ гэж надад бурууг өгч босоод
ирэв.Би ч дутсангүй ухасхийн босож барилцаад авлаа.Ална тална даа хүрч амаараа
баахан бие биенээ зодсон Буджав бид хоёр арайхийн эвлэрч харин нэг зүйл санаа нэгдсэн нь Цагаанааг тэр
муу хүний нутгийн залууд алдахгүй алалцана шүү хэмээн тохироод Буджавыг би сундалдан
гэрлүү нь гэлдрэв.Гэхдээ би энэ нөхрийн ингэтлээ согтох болоогүйг олон жил
нөхөрлөсний хувьд сайн нь мэднэ.Угийн
нохой зантай хог нохойтож байгаа юм.Тэр хүний нутгийн залуугаас илүүтэй надаас
Цагаанааг харамлаж байгаа хэрэг.
Унаган багын хайр Цагаанаагаа хүний хүнд тэр тусмаа бүүр
хүний нутгийн хүнд алдсан миний сэтгэл мөн л Буджавын адил бөөн хорсолоор
дүүрэн явлаа.Тэр үдэш би Буджавыг гэрт нь хүргээд шөнөө эргэж гэртээ хоночихоод
өглөө нь Тангад гуайнхыг зорив.Манай
хэдэн адуу Тангад гуайн урд Тохой булаг дээр байна гэж сонссон учир Цагаанааг
харах мөн шинэ хүргэнийг сонжих санаатай яваа нь энэ.
Зулай дээр төөнөсөн
дугариг улаан нар өвсөн шүүдрийн толгой аргадан мэлтийж байх үеэр Тангад гуайн
уяан дээр би бууж байлаа.Гэрийн баруун талд цээж нүцгэн түхэлзсэн махлаг бор
залуу дуран барин барьж зогссоноо гэрээс гарч ирсэн Цагаанаагийн гараас хөтлөн
алсыг заан юм ярих нь их л хайрандаа бялуурч байгаа хосууд гэдэг нь андашгүй аж.
Би ч морио уячихаад Цагаанаа найз залуу хоёрыг үл тоосон
царай гаргаж дэлгээтэй үүдээр ороход Тангад гуай ямар нэгэн юманд явах гэж буй
бололтой .Гандмал хүрэн торгон дээлээ өмсөж байлаа.
Би мэндийг нь мэдээд баруун талын орны өмнө суувал Тангад
гуай
-Даваа миний хүү хаагуур явав гэж асуулаа .”Миний хүү”
гэсэн чихэнд чимэгтэй энэ үг надад өөрийгөө үнэлэх асар их итгэл өглөө.Би ч хоолойгоо засаад
-Холдсонгүй ээ гэрээсээ гэлээ. Манай бага хээрийн адуу танай урд булаг дээр байсан
сураг дуулаад адуугаа авах гэж явна гэж
хэлж дуусаагүй байтал Тангад гуай дөхөж
суун миний амнаас эрлийн сураг сонсох гэж буй бололтой.
-Манай хар азаргатай адуу харагдаагүй биз. Би хоёр өдөр
шогшоод олдоггүй ээ.Миний хүү тэр хавиараа
сураглаж байгаарай. Хөгшин би ганц өдөр морин дээр шогшоод л ядардаг болчихож
гэснээ дуугаа аядуу болгож
-Манай энэ хүргэнээс олигтой амьтан ганц өдөр ч гэсэн
шогшоод өгөхгүй. Төмөр зайдалж тэнгэр харж унтсан хүн байх юм гэж хэлэхэд
Эхнэр Бумаа нь хүргэн нь сонсчих вий гэсэн аятай
-Энэ хөгшиний байж байгааг. Наад ам хэлээ аядуухан хэмээн анхааруулав.Би ямар ч байсан Тангад
гуай шинэ хүргэндээ муу юм байна гэж бодов.
Гэрээс гарч ирэхдээ Цагаанаатай халз таарав.Тэрээр
тулгамдан түгдчиж
-Сайн уу хэмээн инээмсэглэхэд нь би Цагаанаагийн найз
залуу гэх ногтон сахалтай ханхар цээжтэй
хүйтэн харцтэй ахимаг байрын энэ эртэй
эм эмээ үзэхэд бэлэн байв.Даанч дөнгөж хорь шүргэж буй чөргөр жаахан би энэ эрийг
дийлнэ гэж байхгүй нь үнэн.Би Цагаанаа энэ хөгшин эрийн юунд нь болдог байна
гэж бодсоор уяаруу алхав. Намайг
мордоход Тангад гуай араас гарч ирээд
-За миний хүү. Манай адууг хүн амьтнаас сурч мэдээрэй гэж
дахин дахин гуйсаар үлдлээ.Би Тангад гуайн уяан дээрээс мордон адуугаа олж туусаар харих замдаа
Цагаанааг бодсоор л явлаа.Хар багаасаа үерхэчихээд хайртай бүсгүйгээ хүнйи
нутгийн муу хөгшин эрд алдах гэж үү гэж
бодоход л цээжрүү минь нэг юм огшиж шаливхан муу биеэ баатар мэт сэтгэх омголон
бодлоо яалтай нь билээ. Нэг гэгээтэй тал нь Цагаанаагийн ээж аав хоёр нь шинэ
хүргэндээ ер нь тал муутай нь андашгүй
байв.Би гэнэт шийдэв .Ямар ч байсан Тангад гуайн хар азаргатай адууг олж авчирч
өгнөө гэж эрс шийдээд байлаа.Цагаанаад намайг сайн гэдгийг энэ Тангад гуай
Бумаа эгч хоёр мэддэг байх нь.Ер нь би Цагаанаагаа
алдчихлаа гэж сэтгэлээр унаад яахав гэж одоо ч гэсэн үзээд алдахаас гэж өөрийгөө хурцлаад байлаа.Унтахдаа л бодсон бодол минь намайг үүрээр сэрээж Тангад
гуайн хар азаргатай адууны эрэлд мордохоор босов.Аав намайг эрт боссонд гайхав
бололтой.
- Чи энэ эрт хаачих нь вэ гэхэд нь
-Нэг байдас алга
байна. Эртхэн олж авсан дээр байлгүй
гэчихээд мордлоо.Гэхдээ аав бараг намайг мэдэж байгаа байхаа.Худлаа хэлсэн хүн
чинь андашгүй шүү дээ.Тэр өдөртөө адууг нь олсонгүй ээ.Маргааш нь ахиад адууных
эрэлд явахдаа Буджав муу хог Тангад гуайн хар азарганы адууг сурч явсан гэж
дуулав.Аягүй бол нөгөө Ганхүү бас адууг нь сураад явж магад гэж бодоод
Ганхүүгийнд буувал ээж нь манай Ганхүү өчигдөр адуундаа явсан ирээгүй гээд сууж
байлаа.За тэр хэлээгүй юу Тэр бас Тангад гуайн адууны эрэлд яваа байх нь.
Хоёр өдөр Тангад гуайн хар азарганы адууг эрээд олоогүй
би урам муутайхан Дунд голын гарман дээр сууж байтал мотоцикльтэй хүн гармаар
гарахаар давхиж ирсэн нь “барин тавин бууддаг” хочтой Намдаг байлаа.Би ч
Намдагт нэг их ач холбогдол өгсөнгүй сайн муугаа мэдэлцэн гарам их гүнзгий болж
гэж энэ тэрийг ярилцаж байх зуур Намдаг
- Тангад гуай хар азаргатай адуугаа алдсан гэсэн хөгшин
хүн хөөрхий явж чаддаггүй юм байхаа шинэ хүргэн нь гэж мал мэддэггүй хог байна
гэж бурж эхэлдэг юм байна. Би Намдагийн яриан дундаас нэг мэдээ шүүрсэн нь хар
азаргатай адууны сураг байлаа.Тэрээр ихэд мэдэмхийрэн
-Манай дүү манайд өчигдөр ирээд явлаа.Тэр ярьж байна лээ.
Тангад гуайн хар
азаргатай адуу хоёр хоногийн өмнө Дээд нууран дээр байсан гэж байна.Гуч гаран
тооны адуу байна гэсэн гэхэд нь энэ хог
худлаа хэлж байгаа гэж бодсон ч би бас горьдож байв.Намдаг мөн
-Тангад гуайн хар азаргатай адууг Буджав сураад явж байна
гэсэн. Би одоо гэртээ харьчихаад хүүхэд
явуулж хэл хүргэдэг юм уу гэхэд нь би
гялс ухаан сийлж
-Би одоо тэднийхээр орно. Би хэлчихье гэхэд Намдаг надруу
харсанаа
- За тэгээрэй.Харин намайг адууных нь сургий нь гаргасан
гэж Буджавд хэлээрэй гэв.
Би ч тэндээс Буджавынхаар орсонгүй шууд Дээд нуурын зүг дэргүүлэв.Тэнд манай хүргэн
ахынх нутагладаг болохоор шөнөдөө Дээд нуур орж хүргэн ахындаа очив.Харуй
бүрийгээр очиход ах эгч хоёр минь айчихаж. Арай аав ээж минь бие тэнхээ гэсэн
юм байлгүй гээд бодчихож.Сая нэг миний хэрэг зорилгыг сонсоод тайвширцгаав.
Ахаасаа Тангад гуайн хар азаргатай адууг сурвал тэрээр намайг
Тангад гуайн хүргэн болох гэж хөгөө чирж явааг мэдэв бололтой .Яльгүй мушилзаж
өргөн хүрэн царайндаа инээмсэглэл тодруулаад
-Харин би маргааш өглөө хүргэж өгөх гээд энд нэг уулын амруу шахчихаад сая ирлээ .Өглөө эрт
тууж явахаас гэж байна .Би ч шалавхан
шиг л
-Ахаа би маргааш туугаад явчихъя. Та ажилтай хүн тэгж
яваад яахав гэтэл хүргэн ах минь явах гээд байгаа бололтой .Би эцсийн арга
болох эгчтэйгээ аминчхан уулзаж энэ
тухайгаа хэлтэл эгч сүйхээтэй хүн тул нэг арга олж тэрээр цаг тооны бичиг үзэж
сууснаа
- Маргааш чинь малын үс ноос хяргахад сайн гэж байна ш дээ.
Хотны ноос дийлдэхээ байлаа.Хэдэн хонио ноослох юм биш үү Самдан аа гэж ахыг гацаанд оруулав.Хүргэн ах
эргэлзэж эхлэв.Би ч уухайн тас
- Өглөө би хэдэн хонь ноосолж өгчихөөд Тангад гуайн адууг
туугаад л явахаас гэхэд эгч тэндээс
-За Самдан минь
энэ Даваад тэр адууг нь туулгаад явуул .Манайх
харин хонио ноосолсон дээр байх гэхэд ах дуугарсангүй зөвшөөрч буй нь энэ.Эгчийн
хэлсэнээр маргааш өглөө нь ахын хониноос
ноосолж байгаад үдээс хойш Тангад гуайн хар азаргатай адууг туун би их л маадгар
хүн давхиулж одлоо.Дуу ч аяламаар ч юм шиг дурлачихлаа гэж хашхирмаар ч юм шиг
Цагаанаагийн эгэл төрх нүдэнд үзэгдэж нэг тэнгэрээр давхиж буй мэдрэмж төрөөд
байлаа.Оройхон шиг л хар азарганых нь адууг туусаар Тангад гуайн гадаа давхиад
очив.Гэрээсээ малгайгаа өмсөлгүй гартаа барьсан чигээрээ дээлээ хам хум бүслэн
гарч ирсэн Тангад гуай баярлан хөөрч
-Овоо доо миний хүү.Хаана байна .Мухар эрэлнээс салгаж
өгсөнд баярлалаа.Хүү минь орж хүйтэн бүлээн цай уу Гадаа ямар их нар шарж байна
гэсээр надад хөл алдав.Би ч их том хүн бүүр Дээд нуур орсон байна ш дээ гэсээр гэрт
нь орлоо.
Цагаанаа ч их баяртай байгаа бололтой. Гагцхүү шинэ
хүргэн их таагүй байгаа нь илт.Бумаа эгч
бүүр намайг
- Даваа миний хүү хоноод яв. Танайх чинь бас овоо зайтай
шүү гэж байна.Би тэр шөнөө Тангад гуайнд хоносонгүй гэрлүүгээ буцлаа.Хэд хоногийн дараа Тангад
гуайн хүргэн буцсан сураг дуулдлаа.Цагаанаа гэртээ үлджээ.Хадмынхаа шалгуурыг
даваагүй тэр хүргэний тухай манай голынхон минь нэг их цуурсангүй .Манай Дунд голынхоо ганц согоо болсон Цагаанаадаа би хайраа илчлэх
гэж аав ах хоёрынхоо хувцаснаас өнгөтэй өөдтэйг
илүүчлэн өмсөж гангараад гарч тэр
оройдоо Тангад гуайнхыг зорив.Тэр орой
би Цагаанаатай үдэш болтол Дунд голынхоо
эрэг дээр сууж голын чимээг сонсон сэтгэлийнхээ үгийг хэлэлцэж суухдаа над шиг
жаргалтай хүн байсангүй.Анхны хайр бүтдэггүй гэдэг ч хүүхэд наснаасаа харж
хайрлаж байсан хүнтэйгээ учрах тавилан заяаасан энэ тавиландаа баярлаад
ханашгүй .Цагаанаа ч надад сайн байсан юм гэнэ лээ.Миний хайрын түүх миний
амьдралын түүх ингэж эхэлсэн юм даа.
No comments:
Post a Comment