Салхинд сэрчигнэн цөөн хэдэн навчис нь сагсалзах энэ модонд
хэн хэзээ ч өгсөн нь бүү мэд хэдийн
“өнчин мод “хэмээн нэрийдчихсэн байв.Арга
ч үгүй дээ.Олон жилийн өмнөх ойн их түймэрт азаар ч юм уу аль эсвэл яман
нэгэн ид шидээр ч юм уу энэ мод ганцаараа шаталгүй үлдчихсэн болохоор тэгж нэрлэсэн байж магад.
Эргэн тойрондоо торох модгүй энэ модыг харин манай
сургуулийн хүүхдүүд саяханаас “хайрын мод” гэж нэрлэдэг болчихсон байсан юм .
Учир нь цагийн урин дулаан болохоор тэнд залуу хосууд болздог байсантай холбоотой л байх.
Би ч тэгэхэд 4-р ангийн сурагч байсан юм.Манай 3-р
дүгээр гудманд Алимаа гэж нэг эгч байдаг байлаа .Надаас
тав эгч өндөр нуруутай алаг нүдтэй улаан хацартай тас тас инээж явдаг тэр
эгчийг ихэд шохоорхож балчир богинохон
ухаандаа би ийм эхнэртэй болно мөрөөддөг байсан юм.
Алимаа эгчтэй би
их сайн найз.Намайг Алимаа эгч чулуу хөрөөдөх үедээ дууддаг байлаа.Би ч дуртай
нь аргагүй гүйгээд очно.Ер нь манай
сургуулийн банди нар бүгд л Алимаа эгчийг л ярьдаг байлаа.
Алимаа эгч усаа авах болон хичээлдээ явахаар манай үүдээр
явна.Хааяахан хичээл тараад сургуулиаас ирэх заримдаа би хамт явах ч үе таарна.
Алимаа эгчийг дагуулан гудмаар явахдаа их өөдрөг сэтгэл төрж маадгар хүн алхдаг
байв.
Алимаа эгчийн аав ээж хоёр нь гэж ануухан хоёр хүн байдаг
байлаа.Манай аавын ярих нь аав Нанзад гуайг
нь залуудаа чекист байсан хүн гэнэ лээ гэж ярина.Миний ойлгосноор чекист гэдэг
нь тагнуул цэрэг цагдаагийн хүн байх гэж боддог байв. Нанзад гуай ер нь их цэмцгэр зарчимч хүн гэдэг нь
андашгүй.Гэхдээ тэр хэзээ ч Алимаа
эгчийг загнаж хорьж цагдаж байхыг нь үзээгүй.Харин ээж Ханджав нь уртын дууг гайхалтай сайхан дуулдаг хүн байсан юм.Би ганц
нэг дуулж байхыг нь харсан ч харин Алимаа эгчийг дуулж байхыг хараагүй .Би нэг
удаа
Та яагаад дуулдаггүй юм.Ээж чинь ийм гоё дуулдаг байхад
би сонирхон асуухад Алимаа эгч
-Эгч нь удахгүй дуулнаа гэж билээ.Алимаа эгчийг дээрээ
нэг ахтай гэж ярих ч би тэр ахыг нь танихгүй хотод байдаг гэсэн сурагтай
.Зургийг нь л харсан.
Алимаа эгчийг сургуулиасаа тараад гэрлүүгээ явахад нь манай
сумын залуучууд бараг тэр чигээр шахуу араас нь дагаад хошуурна.Арга ч үгүй
байхаа .Манай сумын одоогийн хэллэгээр бол “мисс” нь байсан юм чинь...
Намар хичээл ороод удаагүй байлаа. Би гэрээсээ гараад
хашааны булан тойроод гараад иртэл баахан морьтой залуус морин дээр хэлтгий суун
мар мар хөхрөлдөн надтай зөрсөнөө Задгай Дарам гэгч зодоон цохион элдэв явдалд байнга нэр нь
дуулдаж байдаг танхай нөхөр
-Хөөе чи гэж намайг дуудсанаа
-Чи чинь Санги ахын хүүхэд мөн биздээ гэснээ омголон
аманцар хар мориороо дайрах халуун
амьсгааг нь нүүрэн дээр авчрах шахан эрэгцүүлсэнээ.
- Дүү эр хүн байна даа.Ахдаа тусалнаа гээд өврөө уудлан тэр үеийн сурагч дэвтрийн цаасан
дээр бичсэн нугалсан захиаг өгөөд л
яльгүй зөөлөрч
- За ахын дүү үүнийг Алимаад өгөөрэй гэчихээд давхиад л
явчихав.Би хичээлдээ явах замдаа захиаг үзмээр санагдаад болдоггүй.Гэхдээ
болохгүй гэсэн бодол минь дийлж тэвчсэн билээ.
Арайхийж нэг эхний
завсарлагаанаар коридорт Алимаа эгчтэй таарсан ч гэсэн захиаг өгөх гэснээ больж
за хоёулахнаа байхдаа өгнөө гэж бодоод өгөхөө азнав.
Намайг хичлээлээ тарахад хэзээний Алимаа эгч хичээлээ
тараад гэртээ харьчихсан байлаа.Би гэртээ орж ирэн хувцсаа солиод байж байтал хашааны
гаднаас
-Ганаа хэмээн Алимаа эгч намайг дуудаж байна.Би гэрийнхээ
хаалгаар шагайвал
-За Ганаа сайн уу эгчийн дүү тэргээ өгөөч ус авах гэсэн
юм .Манай тэрэгний дугуй нь хагарчихаж гэхэд нь би шалавхан гэртээ гүйж ороод Задгай Дарамын захиаг
нь халааслаж, амбаараас тэргээ аван гаргаж өгөхдөө
-Дарам ах таньд энэ захиаг өгчих гэсэн гээд захиаг өгөхөд
Алимаа эгч хүн харчих вий гэсэн аятай . Ийш тийшээ харсанаа шалавхан шиг аваад
халаасандаа хийчихэв.Тэрээр
- Чи завтай бол манайд хүрээд ирээрэй гэчихээд
явчихлаа.Би ч шалавхан шиг хам хум гэрийн даалгавраа хийчихээд л
-Ээжээ би Нанзад гуайнхаас тэргээ аваад ирье хэмээн Нанзад
гуайнхруу жирийлгээд намайг ортол уснаас
ирээд хувцаа сольж байсан Алимаа эгч
-Өө чи хүрээд ирэв
үү гээд л орон дээр надтай зэрэгцэн суухдаа
-За Ганаа ахын дүү ахиж хүн захиа өгвөл битгий аваарай
гэв.
-Аан заа гэвэл . Алимаа эгч гэнэт баясгалантай болон
-Хоёулаа энэ Задгай Дарамын захиаг унших уу гэхэд нь би ч уухайн тас зөвшөөрч
-Тэгье хэмээн бараг л Алимааг эгчийн гараас булаах
шахав.Дөрвөлжин эвхсэн захиаг дэлгэн уншвал дөрвөлжин дэвтэр дээр нямбайлан
дармалдаж бичсэн захиа байв.
Их уран цэцэн үгээр
бичсэн нь илт хос хоёр хун зурж
зүрх зуран сум зоожээ.Захиагы нь уншчихаад л Алимаа эгч шууд гэрийнхээ зуухруу захиаг хийчихэв.Ерөнхийдөө захианы утга нь
хайртай дуртай орой хайрын модны тэнд уулзъя гэсэн байв.Захиаг нь
шатаалгачихсан тул би Задгай Дармад юу
гэж хэлнэ гэж бодож байлаа. Алимаа эгч үүнийг мэдсэн бололтой .
-Миний дүү захиаг чинь
өгчихсөн гэж гээд хэлэхгүй юу гэв.Би зориг гарган
-Алимаа эгчээ таньд
л хайртай хүн байхгүй юм уу гээд асуучихав.Алимаа эгч гэнэт юу билээ
гэсэн шиг надруу харсанаа
-За бас хэн чамаар
үүнийг асуулгав гэхэд нь
-Үгүй үгүй ээ би өөрөө л асууж байна юм гэхэд тэрээр нэг гунигтай царай
гаргаж
-Миний дүү аяндаа чи өөрөө мэднэ ээ.Чи ч гэсэн хүнд
хайртай болохоороо сайн ойлгоно гэв.
Би Алимаа эгчийн хайртай хүн нь хэн байж болох вэ гэж
эргэцүүлэн бодох болсон юм.Хавар болж билет уншиж байна гээд ахлах ангийхан уул
хадаар хэд хэдээрээ явах боллоо.Алимаа эгч билет уншихаар явахад морь малтай
залуучууд дагаад амар заяа үзүүлдэггүй учир гэрээсээ нэг их гарахгүй.Хааяахан
гарахаар би дагаж голдуу хайрын модны
тэр хавиар л очдог байлаа.Алимаа эгч найз Сүнжээтэйгээ нэг өглөө манай
үүдээр гарахдаа намайг дуудав. Би ч уухайн тас гүйгээд очлоо Сүнжээ нь уйлчихаж
нүд улайааад нэг л юм болж.Алимаа эгч
-Ганаа чи Задгай Дарамын найз хар Батааг таних уу гэвэл
би
- Танина гэвэл
-Өнөөдөр манай үүд хавиар үзэгдвэл намайг хайрын модны доор хүлээж байгаарай гэж хэлээрэй гэв.
Би гэртээ хийх байхаа олж ядан байтал Задгай Дарам хар Батаа бас нэг залуутай гурвуул
Нанзад гуайн хашааны үүдэн дээр ирчихээд буцаад манай үүдээр өнгөрөхөөр нь би гүйж очин
-Алимаа эгч хайрын модны доор хүлээж байгаа гэсэн ш дээ гэхэд
нь нөгөө гурав нь гайхан бие биерүүгээ
харсанаа Хар Батаа
-За тэр хэлээгүй юу хэмээн мориндоо ташуур өгөн давхиулж
одов.Би Алимаа эгч энэ залуусыг чадах
гэж тэгж хэлүүлсэнийг ойлгосонгүй.Харин тэр гурвыг хайрын модруу давхиулж байх хойгуур Алимаа эгч Сүнжээ
хоёр гүйсээр Нанзад гуайнхруу орчихов.
Тэр үдэш манай нохой
хуцаад болдоггүй би гэрээс гарлаа Нанзад гуайн гэрийн үүдэн дээр сундалгаатай мотоцикль
ирж зогсон нэг хүн бууж харагдлаа. Би ч сайн харлаа. Алимаа эгч
мөн байлаа .Харин нөгөө мотоцикьлтэй хүн
нь буулгаад манай үүдээр өнгөрөх нь шинэ хэсгийн төлөөлөгч
Болдоо байлаа.Ингэж л би Алимаа эгчийн хайртай хүнийг мэдсэн юм.Би бөөн бодол.Алимаа
эгч энэ хэсгийн төлөөлөгчийг дагаад явчихаар би ер нь яана гэж бодоод эхэлчихсэнийг
хэлэх үү.Яаж энэ хоёрыг салгая байз .Алимаа эгчийн хайрлаж байгаа хүн нь энэ төлөөлөгч байж гэж миний уур хүрч байв.
Би яагаад ч юм тэр
нэгэн оройноос хойш би Алимаа эгчид нэг дургүй болчихов.Гэхдээ би Алимаа эгчийг
бодсон хэвээрээ.Тэрээр байнга л намайг хөөргөж
-Манай Ганаа ч сайн хүүхэд л дээ гэж
магтдаг түүнд нь би их хөөрчихсөн явдаг байлаа.Алимаа эгч нэг удаа
-Би Ганаагаа
өөрийнхөө төрөл Гэрлээтэй үерхүүлнээ гэж билээ. Гэрлээ гэдэг нь Алимаа эгчийн ээжийнх дүүгийн
хүүхэд манай нөгөө ангид явдаг юм.Гэхдээ тэр даанч намайг тоохгүй. Манай сумын сургуулийн од юм.Тэрээр дуулна
бүжиглэнэ шүлэглэнэ.Надад ямар авъяас байх
юм. Алтан дундаж л хүн дээ. Манай ангийн
Дэлдэн Сүхээ гэж анги дээр ирээд ихэд
сонин юм дуулгачихав. Тэрээр нүд амаа
эргэлдүүлэн
-Өчигдөр орой ах бид хоёр орой тугал бяруугаа туугаад хайрын модны хажуугаар гарлаа. Тэнд л хэн байсан гээч
манай сумын хэсгийн төлөөлөгч аравдугаар ангийн Алимаа хоёр байсан. Би бүүр
сайн харсан ах бид хоёрыг хараад модны цаагуур орчихсон.Хэсгийн төлөөлөгч ард
хувцастай байна лээ гэхэд нь би худлаа гэж хашхирмаар санагдсан ч биеэ барилаа.
Би ер нь энэ шинэ хэсгийн төлөөлөгчид дургүй.Очиж очиж энэ муу төлөөлөгч байх даа яахав гэж бодож байлаа.Манай
сумын Дагдан гэж ах дүү муутай.Эхнэр хаяад явчихсан ганц хүүтэй ядарсан ах байдаг юм.Хааяахан
хэтрүүлээд уучихна.Хүнд гэмгүй ээ .Машин техникд их сайн.Хүний машин тэрэг их
засна.Ямар сайндаа л Дагдан байхад данхраадаар яахав гэж хөөрхийг явуулдаг юм.Авсан
хэдэн төгрөгөө хүүхэд хөгшид гэж ялгалгүй
чихэр боов аваад тараачихдаг гэмгүй нэгэн байлаа.Манайхаар их орж ирнэ .Аавтай
цэргийн онжав байсан юм гэсэн.
Шинэ хэсгийн төлөөлөгч ирсэнийнхээ маргааш манай
сургуулийн үүдэн баахан хүүхдийн нүдэн Дагдан ахыг бороохойдоод аваад явж
байхыг нь харсан. Манай сумынхан бүгд л
харсан ч харин ямар бодолтой байсныг нь
бүү мэд. Харин би Дагдан ахыг л өмөөрч очоод тавиач гэж хэлмээр санагдаж
байлаа.Нөгөөдөр нь Дагдан ахыг аймагруу ачиж олон нийтийн ажилд арван дөрвөн хоног
ажиллуулсан гэсэн. Хөөрхий үс зүс муутай хүн аймгаас ирлээ гэж манайд орж
ирэхэд нь ээж хоол хийж өгөөд, аавтай
ганц шил юм уучихаад гарсан ч хэсгийн
төлөөлөгч тэр орой нь ахиад бариад л
хүйтэн цэвдэг өрөөнд хонуулсан байсан юм.Аав очиж хэсгийн төлөөлөгчөөс учирлаж
байж гаргаж авсан гэсэн. Ганц хүү Чойндон нь харин гар
хөлийн ур сайтай залуу байдаг юм .Аав нь энд тэнд тасраад уначихаар очоод аваад
явна юу ч хэлэхгүй.Чойндон ах надад их
сайн. Би Чойндон ахаар хүүхдийн тоглоомон буу хийлгэж билээ.Манай суманд над
шиг тийм буутай хүүхэд байхгүй .Би ч хэрдээ л тэр буугаар олон хүүхдүүдийн
атаархалыг төрүүлсэн дээ.
Сум орноор л нэг Алимаа эгч хэсгийн төлөөлөгч хоёрын
тухай яриа.Удалгүй нөгөө төлөөлөгч чинь эхнэр хүүхэдтэй болоод явчихав.Чойндон ах
нэг удаа намайг ажилдаа туслуулахаар гэртээ дуудуулсан байсан юм модоор юм хийдэг
хүн хүнээр бариулах түшүүлэх юм гараа л биз би Чойндон ахад тусалж байтал
тэдний хашааны үүдэн дээр Алимаа эгч ирчихэж.Чойндон ах хйиж байсан ажлаа
орхичоод Алимаа эгч дээр очоод юм яриад зогсоод байлаа.Би арай энэ хоёр үерхдэг
юм биш биз гэсэн бодол төрлөө.Тиймээ миний бодол үнэн байж.Харин хэсгийн
төлөөлөгч Алимаа эгч хоёрын явдлыг хэн
нэгэн л дэврээчихэж.Би харин баяртай байлаа.Алимаа эгчтэй буцан найз болов.
Харин хэд хоногийн
дараа сумаар нэг яриа болсон нь хайрын модыг хэн нэгэн нь галдчихаж.Хэзээ хойно бодох нь Алимаа эгчид зүрх сэтгэлээ алдсан олон
залуусын нэг гэдэг нь ойлгомжтой байсан
юм Чойндон ахыг Алимаа эгч яагаад сонгосныг бүү мэд .Харин би л мэдээгүй л болохоос
биш эртний л хайрын харцаар бие биенээ шагнаж явдаг байж гэдгийг нь сүүлд
мэдсэн юм.Өнөөдөр хайрын мод яг хэвээрээ дүнхийсэн навч цэцэг нь алагласан сайхан
мод болсон .Харин Чойндон ахынх минь өнөр өтгөн сайхан айл болсон байна.
No comments:
Post a Comment