Tuesday, December 04, 2018

БУХЫН ХЭВТЭР /өгүүллэг/




Зуны оройн нар тонгойх цагаар  үхрийн зэлэн дээр ялаа шумуул шунгинан бух урамдаж үхэр мал мөөрөлдөх нь  найрал дуу мэт.Ээж үнээгээ саахаасаа өмнө саалийн зэлэн дээрээ аргалын хөх утаа уугиулж ялаа шумуул үргээнэ.Зуншлага сайтай цагийн шимт ногоо цадталаа идсэн үхрүүд яраглан хэвтэж хэвэх нь нэн тааламжтай аж.Саахалт айлууд ч бүгд саалиндаа гарчээ. Энд тэнд бух урамдах нь голын цуурайнд сонсогдон энэ чөлөөгөөр бага залуу бухан бяруу мэтийн сахилгагүй нөхдүүд зэлэнд уяатай хусран бяруун дээр харайх юм уу .Эсвэл сааж байгаа үнээн дээр харайн саальчин авгай хүүхнүүдийг уулга алдуулна.Манай зэлэн дээр ийм үйл явдал байнга тохиолдоно. Ээж аргаа ядсан хүн шиг л үглэж
 -Гайгүйхэн том бухтай ч болоосой.Намдагийн хар бух энэ зун яагаад манай энэ хавиар үзэгдэхээ байчихав  Дэндэвийн энэ хэдэн шарыг мөргөөд хөөгөөд өгөөсэй хэмээнэ.Би ч бас тэр хар бухыг харахыг хүснэ.Намдагийн хар бух гэж Тохой усны голдоо л ер нь үр төл сайтай хамгийн айхтар бух гэж  би томчуулын ярианаас сонссон юм .Ер нь энэ хар бухыг зэлэн дээр ирсэн нөхцөлд өөр бух ирдэггүй гэнэ.Би ч хэрдээ бух мөргөлдөхийг харах дуртай.Даанч манай муу шүдлэн улаан бухтай тоож мөргөлдөх бух манай зэлэн дээр ирэхгүй .Би тэр Намдаг гуайн хар бухыг их том эвэртэй 
 Дэндэв гэж Тохой усны голын хамгийн олон үхэртэй айл манай дээхнэ зусдаг байлаа.Тэднийх их олон шартай .Хүмүүс зөрүүд Дэндэв гэнэ.Ер нь их зөрүүд ааш муутай хүн дуулддаг байлаа.Тэдний эвэр нь данхайсан том шарууд манай зэлэн дээр ирээд манай муу шүдлэн улаан бухыг  минь үргэлж хөөрхөн шоглочихно.Улаан бух минь бие жижиг ч гэсэн хэрдээ үзнэ .Даанч олон том шаруудыг яаж дийлэх билээ.Ашгүй нэг орой бэлчээрт гарсан үхэрт минь нэг сүрлэг том хар бух нийлээд ирчихсэн байсан нь Намдагийн хар бух нь юм гэнэ.Яах аргагүй сүрлэг сайхан бух юм аа.Аав ээж хоёр ихэд олзуурхан
-Ээ ашгүй Намдагийн хар бух ирчихэж .Одоо энэ Дэндэвийн хэдэн шарыг хөөгөөд явуулах байх даа гэж байсан юм. Тэр орой Намдагийн хар бух манай хүрэн үнээг дагаж байнаа.Харин Дэндэвийн гурван том шар ирчихээд хөшилдөөд хар бухаас эмээж байгаа шинж алга.Том шар цоохор шар нь бүүр зэлэн ирчихээд хөшилдөөд хялайгаад зогсчихов.Хар бух ч урамдан шороо цацаж байснаа ухасхийн мөргөлдөөд авав .Цагаан тоос манараад л  Дэндэвийн хоёр эр үхэр  нийлээд ороод ирэв.Гурвын эсрэг нэг болчихов.Хар бух шар цоохор шары  нь ганцхан цээжин доороос нь  бахимхан богино эврээрээ олиод  өндийлгэж ирээд тэр чигт нь түрээд “оог” хэмээн орилтол өлгөж хаячихаад эргэн хар цоохор шарны нь хавиргаруу ганцхан сэжтэл  тэр ч  зугтлаа .Харин мултгар эвэртэй улаан шар нь ганцаараа үлдчихээд хар бухы наанаас нь явахаар цаашаа болчихоод наашаа эргэхээр нь дагаад л байлаа.Манай улаан бух энэ чөлөөгөөр яаж зүгээр байхав.Хар бухын дагаж байсан  үнээрүү гүйж очтол Дэндэвийн мултгар эвэрт урдаас нь толгойгоо сэжин айлгах гэсэн боловч  бух гэсэн дээ. Манай улаан бух ухасхийн мөргөлдөөд үхрүүд орилолдоод явчихлаа.  Хар бух  манай улаан бухыг биш харин Дэндэвийн мултгар эвэртийг сэжин мөргөж хөөлөө.За ингээд манай зэлэн дээр Дэндэвийн хар бухны ноёрхол тогтлоо. Нэг ёсондоо ээж бид хоёрт үнээ саахад амар болов .Манай улаан бух хар бухыг хүлээн зөвшөөрчихсөн зэлэнд бүүр ойртохгүй аж.Наадмын өмнөхөн манай зэргэлдээх сумын Болдбаяр гэж  айл манай нутагт шилжиж ирэв.Аав ээжийн ярих нь эхнэр нь манай сумын гаралтай хүн юм гэнэ.Тэр айл Дэндэв гуайн дээхнэ буусан бөгөөд маш олон үхэртэй айл байлаа. Орой нь гол уруудаад сүртэй нь аргагүй урамдан мултгар унжуу эвэртэй хүрэн бух манай зэлийг чиглэн ирэхэд хар бух ч урдаас нь урамдан шороо цацаж хоёр бух нэлээд сүрийг үзүүлэв.Хүрэн бух манай зэлний ойролцоо ирсэнээ хялайгаад зогсчихов.Би дэмий наанаас нь очоод хатсан үхрийн баасаар нүүлгэсэн ч үл хөдлөх аж.Хар бух ч наанаас ч очив.Хоёул хялайн зогсож байснаа ухасхийн цагаан тоос манаруулан мөргөлдөөд явчихав.Газрын дээр зогсож байсандаа ч тэр үү .Хар бух нэлээд түрэн мөргөөд доошлуултал хүрэн бух  хойд хоёр хөл хагас суун оцосхийснээ ганцхан ухасхийн хар бухны бөөрнөөс олин хөөв.Хар бух ч тогтоолоо.Хоёул хэсэг амарсанаа ахин мөргөлдөөд манай муу илүү гэрийн хажууханд хүрээд ирэв.Ээж сандран надад хандаж 
- Гэр буулгах нь холдуул гэхэд би ахархан  шилбүүрээ бариад очлоо.Ороолголоо тоох юм алга. Хар бух ганцхан овгосхийн түрсэнээ манай муу жижиг гэрийг хананы шийрийг шажигнуулан түрээд явчихав.Хоёул цуцжээ.Амьсгаадан түр зогсож байснаа ухасхийн ахиад мөргөлдлөө.Би  Намдагийн хар бухыг дэмжээд байдаг.Хүрэн бух хар бухны хүзүүг хөшин мөргөөд унагаад авав .Хар бухыг босохын зуургүй  хэд хэд мөргөөд авлаа.Хар бух дийлджээ.Босоод цаашаа шогшлоо.Манай зэлэн дээр хүрэн бух ноёлох болох болов.Эзэн нь тодорхойгүй байсан ч хэд хоногийн дараа эзэн нь олдсон нь манай нутагт отор хийж яваа Болдбаяр гэж айлын  бух байж. Лав арваад хоног байв.Намдагийн хар бух сураггүй .Манайд ирсэн нэг хүн доод жалгын гуунд нэг хар бух хэвтэж байх юм  гэж ярихыг би сонслоо.Аав
-Аргагүй сая шилжиж ирсэн айлын буханд дийлдээд явсан Намдагийн хар бух мөн байх. Хэд хоногийн дараа ирж хариугаа авна даа гэлээ.Аавыг тэгж хэлсэнээс хойш гурав хоногийн дараа Намдагийн хар бух нэлээд жавхгар  биетэй болчихсон нар жаргах тэнгэрийн хаяан доороос  тоо босгон урамдсаар ирлээ.Хүрэн бух ч урдаас нь урамдан очлоо.Мөргөлдөөд явчихав.Ээ базарваань хар бух өмнө л  хөшилдөөд хөдөлж чадахгүй байсан бол одоо бие нь хөнгөрсөн бололтой нэг тулаад ухраад ганцхан сэжээд бөөрлүү нь мөргөн дайрах аж.Нэлээд удаан мөргөлдлөө Хүрэн бух нэлээд цуцаж өөрийн эрхгүй сөхөрч унаад байв.Хар бух ялжээ.Хүрэн бух гуяа хадруулж цус нь гоожин доголон одов.Ахин манай зэлэн дээр Намдагийн хар бухны ноёрхол тогтов.Хар бух манай зэлэн дээр ирээд хоёр хонож байтал Намдаг гуайн залуу Сүрэнхүү бухаа аваад явчихав.Ээж бид хоёр ахиад ажил нэмэгдэв.Дэндэвийн хэдэн шар зэлэн дээр ирж үймүүлээд манай хэдэн эр үхэр ч дагаад орой зэлэн дээр хөөрхөн дайн дэгдээх шахуу юм болдог болов.Би орой болохоор л шилбүүр бариад хүний өөрийн нийлсэн хэдэн шар хөөх ажилтай.Миний ганц хүсэж байгаа юм бол Намдагийн хар бух ирээд энэ муу шаруудыг мөргөөд хөөчихөөсэй гэж бодно .Харин ашгүй нэг орой манай доод талаас гол өгсөөд нэг бух урамдаад ирж яваа нь харагдлаа.Намдагийн хар бух байх гэж бодоод ээжийнхээ дуранг аваад дурандтал харин нөгөө шилжиж ирсэн  айл Болдбаяр гэж хүний хүрэн бух байлаа.Мөн л хар бух шиг өөрийгөө сойжээ.Гэдсээ татан жавхалзсан биетэй болчихож.Урамдсаар ирээд манай зэлний ойролцоох харгана дээр хүзүүгээрээ шөргөөн хөрвөөж , шороо малтаж байснаа  зэлэн дээр ирэв.Дэндэв гуайн шарууд ч хүрэн бухыг үл ойшоосон шинжтэй .Манай зэлний гадуур хөшилдөнө.Хүрэн бух зэлэн дээр манай улаан бухын дагаж байсан хүрэн үнээний дэргэд очиход манай улаан бух ч хаячихаад холдов.Харин Дэндэв том цоохор шар хүрэн бухын өөдөөс хялайн зогсов.Хүрэн бухны уур хүрсэн бололтой .Ухасхийн мөргөлдөөд шороо тоос манараад явчихлаа.Хүрэн бух Дэндэвийн цоохор шарыг цээжнээс  ганцхан олин түрээд манай зэлний гадсан дээр дээш нь харуулаад шидчихэв.Дэндэвийн цоохор шар босож чаддаггүй .Яг нуруугаараа манай зэлний гадсан дээр тааруулаад уначихаж хүрэн бух унасан хойно нь хэд хэд мөргөөд авав.Цоохор шар ч орилон тийчлэв.Ээж бид хоёр нэлээд юм болж байж салгаад хүрэн бухыг холдуулав.Дэндэвийн цоохор шар босдоггүй ээ.Яадаг билээ хэмээн ээж бид хоёр санаа зовно.Ашгүй   аав ч  адуунаасаа ирлээ.Аавыг уяан  дээрээ ирж буухад нь л би очиж аавд хэллээ.

Аав ирж үзсэнээ
-Хм  энэ босохгүй ээ.Нурууг нь хугалаад хаячихсан юм биш үү .Би явж Дэндэвт хэлэхээс гээд цайгаа ч уулгүй мордлоо.Удалгүй Дэндэв гуай том залуутайгаа аавтай гурвуулаа хүрээд ирэв.
Дэндэв гуай шараа үзсэнээ
-За энэ мал болохоосоо  өнгөрч дээ.Болдбаярын танай хоёр л наадахаа янзал .Миний шар цоохор шарын үнийг танай хоёр гаргаж өгөхөөс гэж байна.Дэмий л ээж
-Энэ бух мөргөөд ингэчихлээ гэтэл Дэндэв
-Танай гадаа ингэсэн болохоор би яасныг мэдэхгүй ш дээ .Танайх энэ зунжингаа манай хэдэн шарыг зодож нүдэж зусаа биздээ гэхэд нь
Ээж эгдүүцэж их л ууртайгаар
-Танайх малаа авахад яадаг юм гэтэл аав
-За дуугай бай.Айл саахалт улсууд учраа олж болох байлгүй гэв.Дэндэвийн том залууг Болдбаярынхруу явуулав.
Болдбаяр гуай ч ирж харлаа.Тамхиа татаж дуугүй сууж байснаа .
-За нэгэнт л манай бух ийм хэрэг тарьсанаас хойш би танай хохирлыг чинь барагдуулж өгье гэж Дэндэвт хандан хэллээ.Хөөрхий шинэ нутагт ирээд удаагүй айл тул нутгийн хүний амнаас гарсангүй .Дэндэв гуай бас болсонгүй ээ.Манайхаас бас үхрийнхээ үнийг нэхэх бололтой .Аавыг дагуулан алсхан очоод юм яриад байгаа нь харагдав.Миний дургүй хүрч  Дэндэв гуайн шуналтайг гайхан байлаа.Маргааш өглөө босоход Дэндэвийн цоохор шар аль хэдийн үхсэн байлаа.Үхрийнхээ зэлнээс холдуулах гэж бөөн юм болов.Нас гүйцсэн том шар даагдахгүй байх нь аргагүй л дээ  .Манай доохно голын нэгдлийн ногоо тарьдаг газар байсан юм.Тэндээс аав минь трактор гуйж ирээд нэлээд хол чирэн аваачиж орхив.Хүмүүс ийм сайхан тарган үхрийн мах авахгүй яасан юм гэхэд аав дуугарсангүй.Хэд хоног  нохой шувуу шавж байж сэг зэм нь  арайхийж дуусав.Болдбаяр гуай нэг том  шараа  Дэндэвт өгсөн дуулдлаа.Харин манайх харин нэг шүдлэн үхэр Дэндэвт өгч байж арайхийж нэг хэл амнаас салав.Болдбаяр гуай ч бухаа манай зэлрүү явуулахаа байлаа.
Би ч Дэндэв гуайн шарнуудыг бараа нь л харагдахаар нь л чоно харсан нохой шиг л орилж чарлан гэрлүү нь хөөдөг болов.Нэг орой шаруудыг нь гэрлүү хөөж явтал Дэндэв гуай хонио эргүүлж явсанаа над дээр давхиад ирлээ. Тэрээр их л ууртайгаар 
-Чи яасан монголоо алдсан хижиг вэ чи .Халуун зуны малыг ингэж хөөдөг юм уу чи хэмээн загнав.Миний уур хүрсэн ч ах зах хүний өөдөөс юу хэлэх билээ.Хаячихаад гэртээ харьсан юм.Үүнээс хойш  хэд хоногийн дараа нэг өдөр манайд Дэндэв гуай жигтэйхэн сайхан ааштай манайд ирлээ.Тэрээр аавд ярихыг нь сонсвол надаар хэдэн даага сургуулмаар байна гэж хэлж байна.Аав дуугарсангүй.Би угийн Дэндэв гуайд дургүй болохоор шууд л 
-Би сургахгүй гээд зоригтой нь аргагүй хэлчихлээ.Уг нь бидний үеийн хүүхдүүд аав ээжээсээ түрүүлж дуугарна гэдэг чинь алдас болох билээ.Аав ч сүрхий харлаа.Дэндэв гуай ч дуугарсангүй царай нь хүрлийн сууснаа гараад явчихав.Аав ч ухасхийн цахнаас чөдөр аван нуруун дундуур минь хэд ороолгоод авлаа.Гэхдээ би өвдөлтийг нь мэдрээгүй юм даг .Учир нь Дэндэв гуайд хорссон доо л тэр биз.Харин ээж минь ааваас намайг өмөөрсөн ч Дэндэв гуайгаас харин өмөөрөөгүй юм даг.
-Чи ах зах хүний өөдөөс ахиж  тэгж дуугараад үзээрэй гэж билээ.Энэ хог ах захаа мэдэхээ байх нь хэмээн зэмлэсэн юм даг.Би буруу зүйл хийснээ ойлгосон ч Дэндэв гуайд даага сургаж гэхээр бяцхан цээжинд минь багтахгүй шахам уур цухал оволзож байсан юм даг.
Тохой усны голын эхэнд зусдаг  Очир хэмээх хүн зуны нэг орой ирж аавтай минь баахан хууч хөөрөхдөө  ийнхүү ярьсан юм.
-Болдбаярын танай хоёрыг Дэндэвийн шарын үнийг төлсөн гэж дуулсан .Ер нь Дэндэв их хэцүү хатуу хүн л дээ Би ч  Дэндэвтэй таарахаа байсан.Бид хоёр чинь уг нь сайн яривал холын хамаатан улс л даа.Зун болохоор л манайханд үхрийн хэрүүл ч биш хэлцээ ч биш маргаан үүсдэг юм.Уржнан би зэргэлдээх сумын хүнээс нэг бух авсан юм.Сэрээнэн чи мэднэ дээ гэв.Сэрээнэн гэж манай аавыг хэлж байгаа юм л даа.Очир гуай цааш өгүүлэх нь
-Тэр муу мухыг минь Дэндэвийн шарууд мөргөж хөөгөөд үнээ хөөлгөдөггүй ээ.Би Дэндэвт мөн олон хэлсэн дээ.Чи энэ сувай үхэр малаа тусад нь хариулж болдоггүй юм уу гэж. Би өөртэйгээ л адил бодохгүй юу .Манай хэдэн сувай үхэр энэ доохно тусдаа байгаад л байж болдог юм.Дэндэв ч угийн зөрүүд хүний үгийг авах биш .Тэр миний үгийг авсангүй ээ.Нэг орой Дэндэвийн хэдэн том шар зэлэн дээр ирчихээд манай муу бухыг минь мөргөж хөөгөөд болдоггүй .Би яахав хэдэн хүүхдүүдтэйгээ нийлж байгаад хоёр шары нь барьж аваад төмөр утсаар тушаад хаячихав.Тэгээд яахав тэр орой сааль саасны дараа тавьчихъя гэж бодсон ч мартчихаж .Маргааш өглөө нь гэнэт санаж тушааг нь авах гээд олдоггүй ээ.Арайхийж олтол нөгөө хоёр үхэр чинь үхрийн хойноос тушаатайгаа дэвхэрсээр байгаад хөл нь улаан нялга болчихож. Тушааг нь аваад явуултал хоёулаа доголчихсон байна.Тэр орой Дэндэв манайд бөөн уур давхиад ирлээ.Надад ч мөн их юм хэллээ Би ч яахав хүний үхрийн хөл доголгосон хүн чинь яаж өөрийгөө өмөөрөх вэ.Нөгөө хоёр шар нь бүүр гэдсээ татаад тураад хөлөндөө эмзэглээд нэг л бишээ.Би малын эмчид ч хандаж үзлээ.  Мэддэг чаддаг бүхнээ хийсэн ч хөл нь зүгээр болдоггүй ээ.Тэр халуунд  төмөр утсаар тушчихсан юм чинь аргагүй л дээ.Дэндэв бид хоёр ч арай л зодоон нүдээнд хүрсэнгүй .Би буулт хийж хоёр шары нь төлж өгөхөөр болсон юм.Би хоёр шарын үнэнд хориод бог өгч байж арайхийж салсан юм.Зунжингаа доголсон тэр хоёр шарыг намар манайх гаргахад хөөрхий их турсан байсан шүү.Би ч бас өөрөөсөө болсон юм чинь гэж инээгээд
-Аан нээрээ нөгөө Дэндэв чинь миний нөгөө хүнээс авсан бухыг минь авна гэж дайрсаар байгаад аваад явчихсан юм.Би юу хэлэхэв аваад яв л гэсэн.Тэр зунаас хойш Дэндэвийн манай хоёр ер нь бие биенийхээ үхэр байтугай тугал бярууг ч зэлэн дээрээ ойртуулахаа больсон юм даг.Харин надаас авсан нөгөө  бухаа зэргэлдээх сумын хүнд зарчихсан байх юм.Уг нь сайхан бух болсон байна ээ.Би Дэндэвийг ер нь ойлгодоггүй юм.Өөрөө ийм олон үхэртэй байж ер нь бух тавихгүй юм.Тэгээд ойр тойрны айлуудын бух хөөгөөд үхэртээ нийлүүлчихдэг хүн дээ  гэж ярьчихаад үдшийн бүрийгээр манайхаас мордсон юм.
Тэр зуны  бухнуудын тэмцэл надад бас ихийг бодогдуулсан юм.Учир нь тарган идэш ихтэй бух хөдөлгөөн муутай амархан эцэж ялагддаг юм байна.Харин ялагдсан бух хоол ундаа сойж биеэ хөнгөрүүлж байгаад ирж мөргөлдөн ялж байсан нь бэлтгэл хийж байгаа тамирчин шиг л байсан юм.Сүүлд би хонь хариулж яваад Тохой усны  голын” Улаан чулуутын тохойн” нэгэн эргэн доороос бухын хэвтрийг олж үзсэн юм.Нэг өндөр эргэний доор баахан үхрийн баас байсан нь бухын хэвтэр байсан юм билээ.Өөрөөр хэлбэл хүрэн бух хар бух хоёрын бэлтгэлийн заал нь энэ хагархай ганга эрэг байсан юм байна.Намаршаад айлууд голоосоо хөдөөлөөд эхлэв.Манайх голоосоо нэлээд зайтай буулаа.Ер намар болохоор бухнууд ганц нэг хоёроороо явдаг юм билээ.Би гэртээ хагас бүтэн сайны амралтын өдрөө гэртээ ирээд хонио голд туусан юм.Намайг хонио голруу оруулж байхад бухын хэвтэрийн ойролцоо хоёр үхэр харагдаж байсан юм. Би ч эхэндээ тоогоогүй хонио голоос гаргачихаад бухын хэвтрийг үзмээр санагдаад наанаас давхиулаад очвол нөгөө зунжин мөргөлдсөн Намдагийн хар бух Болдбаярын хүрэн бух хоёр чинь хамт байж байх юм.Би ихэд гайхлаа.Ихэд эвтэй зөрөөд хэвтчихсэн хэвээд хэвтэж  байлаа .Энэ хоёр хойтон зун ингээд эвтэй байх болов уу  .Мэдээж үгүй байх л даа.Бас энэ зуных шигээ  л манай Тохой усны голынхныг зунжин шуугиулах байлгүй дээ гэж би бодлоо.

Багабанди овогт Намхайн Тайванжаргал
2018.11.30


Wednesday, November 28, 2018

Барилдаанч хүү Батаа/Хүүхдийн өгүүллэг /

   
Зуны урт өдрийн турш саахалт айлын хүүхдүүд болох Өлзийгийн Ганаа Хадаа хоёртой барилдаж,  цамцныхаа ханцуйг урчихсан хөлсөндөө халтартсан хүн гэртээ ирэхэд  хувцас хунараа урлаа гэж ээж нь Батааг  нэлээд сайн зэмлэв .Тэрээр орондоо ороод ахиад барилдахгүй юм шүү гэж бодсон ч  нэг  мэдэхэд л нам унтчихаж.
Гэнэт сэвхийн хөнжлийг хуу татан авахад амтат нойрноосоо цочин сэрлээ.
-Хүүе Батаа  босооч үд боллоо .Нөгөө хэдэн тугал бяруу тээр доошоо гүйчихлээ .Нүүрээ угааж цайгаа уучихаад яваарай.Битгий Өлзийгийн хүүхдүүдтэй барилдаад хамаг хувцас хунараа  ураад хаячихаарай гээд ээж нь гараад явчихав. Нүдээ нухлан боссон Батаа гадаа зоосон  гоожууранд нүүрээ  угаачихаад ээжийнхээ бэлдсэн нухаштай  холин боорцог суун босон идчихээд  тугал бярууныхаа араас гүйлээ. 
-Битгий тоглоод алга болчихоорой.Ямар юмаа дуурайсан гэхээрээ ийм байдаг байна аа.Олби оготно шиг л байх юм.Саяхан авч өгсөн өмд юу ч үгүй ураад хаячихсан байна лээ гэж ээж нь хойноос  үглэв. Авга ах Жамган ах нь дээр үеийн бөхчүүдийн тухай ярьсанаас хойш  Батаа улам бөхөд хорхойсох болов.Тугал бяруундаа хүрээд гол өгсөөгөөд туугаад явж байхдаа дээр үеийн даншигийн том бөхчүүд адуу малтай ноцолдож сайн бөх болдог байсан гэж дуулсанаа санасан  тэрээр хүрэн үнээнийнхээ мухар улаан бярууг  ухасхийн сүүлдэж автал цочсон бяруу “оог”  хэмээн орилоод Батааг хөөрч унатал нь цээжрүү нь тийрэв.Цээжээ тэврэн унасан тэр өвдсөндөө тэр арай л уйлчихсангүй .Тэр босож ирээд өөрийгөө мухар улаан бяруутайгаа үзэх арай болоогүй ойлголоо. Голын урдаас хонио хариулаад явж байсан Өлзийгийн хоёр хүү Ганаа Хадаа хоёр харчихаад хөхрөлдөн хашхирав.
-Батаа наашаа гараад ир хэмээн дуудаж  байна.Батаа ээжийнхээ хэлсэнийг санаад тээнэглзэнгүй байснаа  барилдахыг хүссэн хорхойссон зангаа хорьж дийлсэнгүй. Ноцолдсоор байгаад урж дууссан муу даавуун өмдөө шуучихаад гол гатлаад очлоо.Ганаа гэх Батаагаас нэг ах дүрсгүй  байрын төрхтэй хөдөлгөөнтэй шар банди
-Чи яаж тэр том бярууг хүчирдэг юм бэ.Алуулах шахлаа ш дээ хэмээн инээгээд
-Батаа чи энэ Хадаатай барилдаадах аа Би сая наадахад чинь гурав уначихлаа.Хүчирдэггүй ээ хэмээн амьсгаадан байж хэлээд голын захын торгон элсэн суулаа.
Батаа ч ухасхийн  Хадааг хав барьж аваад мушгих  гэтэл тэрүүхэндээ  хойшоо өөрөө бөгсөөрөө суучихав.Босохдоо өмдөндөө  наалдсан шороогоо унагаад Батаа
-Хадаа чи сая надад ямар мэх хийчихвээ хэмээвээс
Хадаа гэх мулзан түнтгэр том толгойтой цоохор нүүртэй сэргэлэн шар банди их л баясгалантайгаар
-Надад манай өвөө энэ мэхийг зааж өгсөн юм гэв.Өхийлдөх гэдэг юм хэмээн их л маадгар хэллээ. Батаа Хадаатай арваад барилдсан боловч ердөө ганц л давлаа.Гэрлүүгээ явах замдаа Батаа бодлоо. Уг нь Хадааг  даваад байдаг байсан даа.Одоо дийлэхээ байлаа.”Яаж сайн барилддаг болох вэ гэж бодолхийллээ.Харин авга ах Жамган нь бөхийн тухай ном авчирч өгөн өөрөө зааж сурган дасгалжуулсаны хүчинд Батаа овоо сайжрав.Авга ах Жамган нь залуудаа барилдаж явсан хүн  бөгөөд сумын начин цолтой хүн юм.Мөн олон жил бөх засаж байгаа засуул хүн тул ихийг Батаад заажээ.Хааяахан тугал бяруугаа эргүүлэх далимаарааГанаа Хадаа хоёртой барилдана .Ямар ч байсан энэ хоёртой өгөө аваатай болчихож. Одоо ганцхан Буянаатай л барилдахыг хүснэ.Буянаа нь Батаагаас нэг ах биерхүү  хүүхэд билээ.Батаа Буянааг ганц ч удаа давж үзээгүй аж.Буянаа байнга л Батааг  тохуурхаж
-Чи намайг хаядаг болтол өдий байна аа гэж даапаална.Энэ жил харин Буянаагийнх өөр газар зусаж байгаа тул энэ зун Буянаатай таарч барилдсангүй.Их сунгааны урд өдөр аавтайгаа хонины ноосоо тушаахаар төв оров.Ноосоо тушаачихаад аавтайгаа цуг  нь хамаатныхаа айлд очлоо.Харин Батаа ааваасаа хэдэн төгрөг аваад сумынхаа хэдэн дэлгүүрийг хэсэв.Зургаан сард амарснаас хойш төв орж ирээгүй тэр хэдэн төгрөгөөрөө чихэр жимс мөн ээжийнхээ захисан саван вок зэрэг ойр зуурын юм аваад аавынхаа буусан айлд иртэл үүдэн дээр хоёр морь уяатай байлаа.Гэрт ортол Буянаа аав Сэнгээтэйгээ ирчихсэн байлаа.Уулзаад л ноцолддог нөгөө л зангаараа Буянаа барилдъя гэж хэлэх болов уу .Тэгвэл чамайг даа гэж Батаа барилдах гэж адгаж байв. Батаа гэрээс гарч ирвэл араас нь Буянаа гараад ирлээ.Нөгөө аманцар хэнээрхүү Буянаа биш болжээ.Нүдэндээ хөнгөн гунигтай дотогшоо дуу муутай болжээ.Батаа ихэд гайхав.Тэр хоёр айлын хураалгаатай түлээний модон дээр зэрэгцэн хэсэг суулаа.Буянаа
-Гол дээр гоё байгаа биз хэмээхэд Батаа
-Тэгэлгүй яахав .Усанд шумбаад жагас жараахай хөөгөөд гоё ш ээ гэчихээд модны холтос хуулан авч хашааны буланлуу шидэв.Харин Буянаа
-Хагийн голоо л санаж байна.Худаг дээр зусна гэдэг чинь хэцүү юм байна.Шалавхан шиг л гол дээрээ очихсон.Энэ зуны амралт ёстой нэг бөөн уйтгартай байнаа хэмээн хэлээд бакиалныхаа түрийг оролдох зуураа ихэд санаа алдан хэллээ. Батаа модон дээрээс буухаар бостол 
-Батаа чи сумын хүүхдийн барилдаанд барилдах уу хэмээн Буянаа асуулаа.Батаа
-Тэгэлгүй яахав барилдана гээд Батаа Буянааруу харж
-Чи барилдана биздээ гэхэд Буянаа
-Аав харин юу гэх бол итгэл муутайхан хэмээн хариуллаа.Сумын төвөөс гэрүүлгээ явах замдаа Батаа Буянааг бодож байлаа.Урьдын хөгжилтэй сэргэлэн цовоо Буянаа биш болжээ.Ээж нь өнгөрөөд удаагүйг Батаа сая дөнгөж  ааваасаа дуулжээ.Хэрвээ Буянаа бид хоёр хүүхдийн барилдааны үзүүр түрүүнд үлдвэл яах бол гэж Батаа бодно.Хар багаасаа л бие биенээ мэднэ .Айл аймаг ойрхон нутаглаж ,барилдаж өссөн болохоор тэр Буянааг өрөвдөнө.Буянаагийн ээжийг нь сайн танина.Олон хоног догдлон хүлээсэн сумын баяр болж хүүхдийн барилдааны шөвгийн дөрөвт  Батаа Буянаа Ганаа мөн Батаагийн ангийн Өлзий хэмээх дөрвөн хүүхэд  үлдэв.Ганааг Батаа хав дөрвөлжин барьцнаас хутгаж дайрсаар  давчихав .Харин нөгөө барилдаанд нь Өлзийд Буянаа уначихав .Үзүүр түрүүний барилдаанд Батаа Өлзийг Жамган ахынхаа заасан халбагадаж цацах мэхээрээ давж түрүүллээ.Харин Буянаа царай муутайхан урамгүйхэн ирж дөрөвт үлдсэн шагналаа аваад эргэхэд нь Батаа өрөвдлөө.Наадам тарахын алдад Буянаа дээр Батаа очоод түрүү бөхийн бай шагнал болох цүнхтэй бичгийн хэрэгсэлээ өгчихөв.Харин Буянаа
-Би авахгүй чиний л шагнал шүү дээ гэхэд нь  Батаа
Үг дуугүй гарт нь бариулчихаад явчихав.Буянаа аав Сэнгэтэйгээ ихэд гайхсан царайтай үлдлээ.
 Хэзээ хойно нь  Сэнгэ Батаагийн аав ээжид энэ тухай хэлэхэд нь харин аав ээж хоёр нь Батаагаар бахархаж байлаа.Хувцас хунар урлаа гэж байнга зэмлэдэг байсан  ээж нь харин ааваас нь ч илүү Батааг барилдахад нь дэмжих болов. Батаа түрүүлсэндээ бус харин Буянаад тусалсандаа л баярлаж байлаа.


Хургачин хүү Хуягаа/ Хүүхдийн өгүүллэг/





Шоргоолжны үүрэн дээр тонгойн сууж ажилсаг шоргоолжнуудыг нүдээ чилтлээ шохоорхон харж суусан Хуягаа хургануудаа  холдсоныг сая нэг анзаарч хойноос нь чавхадлаа.Хөнгөн шингэн харсан зүгрүү гүйж харайж байдаг Хуягаа хүү энэ жил долоон нас хүрч буй.Зуны турш л хурга  хариулдаг тэр Хургачин хүү Хуягаа гэсэн дархан нэртэй.Өөрөө ч энэ нэрэндээ дуртай. Ер нь энэ Хөх усны голын Цүнхэлийн буланд зусаж буй энэ хот айлын дөрвөн гэрт  Хуягаа шиг шилбүүрийн үзүүрт уясан дарцаг шиг харсан зүгрүүгээ харваж байдаг тусч  хүүхэд байхгүй.Ямар сайндаа л энэ хот айлын өндөр настан Буянт эмээ
-Ээ энэ Хуягаа гүү мөн буянаа дэлгэрсэн хүүхэд шүү гэж магтана.Буянааг орох гарах тоолонд хөлийнхөө бор авдрыг уудлан чихэр гаргаж өгнө.Өрөм боорцог гээд л юу байгаагаараа дайлна.Арга ч үгүй дээ хөөрхий хөгшин хүн цайны сүүгүй цаг ч  байж чадахгүй.   Эмгэн Хуягаагийн буянд л тэр цайны сүүтэй цагаан идээтэй байгаагаа сайн мэднэ.Тийм учраас Хуягаагаас юу ч харамлахгүй . Буянт эмээ нь Хуягаагийн аавын нь холын хамаатан хүн юм.Буянт эмээгийн бага хүү Сүххуяг гэж сэтгүүлч яруу найрагч бэлэн цэцэн үгтэй урт үс хар сахалтай идэрхэн эр хотоос ирлээ.Ээждээ нэмэр болох гэж ирсэн биш нэрмээс болж үд болтол унтаж ,үмх зөөхий атга ааруулнаас нь хороож байгаад удалгүй явах болсон дуулдав.Өглөө хожуухан босоод өдрийн халуунд сүүдэр бараадаж үдшийн бүрий болтол том далбагар зузаан хавтастай дэвтэр дээрээ  юм бичиж өнгөрөөх тэр  явахынхаа өмнөх орой Хуягааг дуудаад
-За Хуягаа ах нь дүүдээ баярладаг шүү .Эмээгийнхээ  хэдэн тугал бярууг  эргүүлж өгч байгаарай гээд Хуягаагийн дөнгөж саяхан үсээ хусуулсан түнжгэр  толгойг нь илээд  том хар цүнхээ уудлан тэвхийсэн хүрэн хавтастай тэмдэглэлийн дэвтэр алтан шаргал хошуутай  хар үзэг  хоёр гаргаж ирэн Хуягаад өгөөд
 -За миний дүү том зохиолч ,яруу найрагч болоорой гэж ерөөлөө.Хуягаа ч бөөн баяр дэвтрий нээвэл эхний хуудсан дээр нь ийнхүү шүлэглэсэн байлаа.                                            
  Хургачин хүү Хуягаа
Хургачин хүү Хуягаа хурдан даа
Хуй салхи шиг шаламгай даа
Аав ээждээ тустай даа
Ахархан шилбүүрээ бариад гүйдэг дээ

Дэгдэж гүйхдээ хурдан даа
Дэндүү сайн тусч хүү дээ
Хуйвтай шилбүүрээ бариад гүйхээрээ
Хурдны морь шиг хурдан даа

Ажилсаг хүү Хуягаа хурдан даа
Адуу шиг хурдан гүйдэг дээ
Тусч зантай сайн хүү дээ
Тугал буруу эргүүлэхдээ дуртай даа
Хуягаа үргэлж Сүххуягийн өгсөн дэвтрий нь нээж энэ шүлгий нь унших дуртай.Ер нь бараг цээжилчихсэн дээ. Уг нь Хуягаа  малчин болно гэж боддог байсан бол саяханаас Сүххуяг ах шиг яруу найраг ч сэтгүүлч ч болдог юм бил үү гэж бодох болов.Гэхдээ тэр маландаа хайртай хэвээрээ хэдэн хургаа нэг бүрчлэн таних малд нүдтэй гярхай хүүхэд юм. Хуягаа хүүгийн ажил барагдахгүй ээ.Өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл малнаас малны  хооронд гүйнэ.
Өглөө босоод хотныхоо ноосыг түүчихээд хургаа хашаанаас нь гаргаж бэлчээрт аваад гарна.Давхар мөн Буянт эмээгийн хэдэн тугал бярууг харна. Өнөө өглөө бусад өглөө шиг л нэг л хэвийн үргэлжилж байсан ч  тэнгэр нэг л бүүдгэр байсан бөгөөд хариугүй усан бороо орох нь доо гэсэн байртай хар үүлс чинэрэлдэн байв.Сэрүүхэн байсан болохоор хурга ишиг нь хөдөө бэлчин одов.Ахархан шилбүүрээ барьсан Хуягаа алсаас нь харан Буянт эмээгийн тугал бярууг эгүүлж явтал гэнэт азарган бороо асгачихав. Саяхан ноосолсон хурга хүйтэн бороонд уруудаж гүйгээд холджээ. Хойноос нь гүйгээд гүйцсэнгүй.Цагаан бороонд ойр тойрны юм ч харагдахаа байв. Адуунд явсан Хуягаагийн аав ч ирэв.Хуягаагийн аав хоёр хүнтэй Хуягаагийн хойноос явлаа.Хуягаа заавал хурга олж байж гэртээ харина гэж эрс шийдсэн тул яваад л байлаа.  Хувцас нь норж бөмбөлзтлөө чичирсэн тэр үдшийн бүрий нөмөрснийг ч анзаарсангүй .Харин Хуягаагийн хойноос явсан аав нь хурга ишигнүүд  нь бороонд хөөгдөж яваад дээд хот айлын хоньтой нийлсэнийг ялгаж аваад цуг явсан  хүнээрээ туулгаад өөрөө Хуягаагийн эрэлд гарав.Хуягаа  харин хээр хонохоос бус харин хургаа  алдсандаа л айж байлаа.Тас харанхуй нөмрөн авав.Хаана яваагаа ч мэдэхээ байлаа.Аав нь гэртээ Хуягааг ололгүй очиж тэр шөнө тэр хавийхан бүгд л Хуягаагийн эрэлд  мордов.Доор бүрнээ л гэрэл чийдэн барьж хашхирч орилон дуудсан боловч Хуягаа олсонгүй.Харин Хуягаа энэ үед харганы нөмөрт дагжин чичрэн сууж байлаа. Шөнөжингөө яваад олоогүй хүмүүс Ойролцоох рашаанд орохоор ирсэн машин тэрэгтэй хүмүүсийг гуйлаа.Тэндээс дөрвөн машинтай хүмүүс гэрэл тавин Хуягааг эрж хайх ажилд гарлаа.Хуягаагийн ээж л уйлж дуулан хавь ойрын хүмүүсийг яаруулна.
Хуягаа цаашаа явж чадахгүйгээ ойлголоо.Ширүүн бороонд норсон хувцас нь хүндэрч дагжтал чичирсэн тэрээр харганы нөмөр бараадан хэвтэх гэж үзсэн ч чадсангүй .Нүдийг нь бүрхсэн нулмис айсных биш харин хурга ишгээ алдсаны  харуусал байлаа.Машин дуугаран гэрэл гялбуулсаар дөхөхөд тэр боссонгүй.Машины гэрэлд орж ирсэн Хуягааг олсон хүмүүс хашхиралдан оллоо хэмээн бусаддаа дуулгав..Бээртлээ хүйтэн бороонд норсон түүнийг ээж нь тэврэн авч уйлан дуулан
-Миний хүү яаж байгаа юм бэ.Ээждээ ирээд хэлэхгүй хэмээн үглэж дуулан зэмлэх сургах хоёрыг хослуулан байлаа.Гэртээ авчран хуурай хувцас өмсгөн галын хажууд хөнжилд ороон хэвтүүлэв.Тэр даарч хямарснаас болж нэлээд халуурч дэмийрэн хэсэг тэвдүүллээ..Үүрээр шахуу сая нэг тайвширч бие нь хөлрөөд унтав.Угийн эртэч болохоор өглөөний хүн малын дуугаар сэрсэн тэр босох гэж зүтгэхэд .Аав нь
-Миний хүү яагаад хургаа  хол явуулчихав гэхэд тэрээр аавруугаа дүрлийтэл харсанаа бодлогширч “За Буянт эмээгийн тугал бяруулуу явсан гэж хэлэхээр болохгүй .Юу гэж хэлэх вэ гэж” бодолхийлснээ
-Би ширүүн бороонд хургаа  дийлэлгүй явуулчихсан гэж хэллээ.Хэдийгээр тэр худлаа ярьж сураагүй ч тэр Буянт эмээг нь ээж аав нь зэмлэж магадгүй гэж бодсондоо ийнхүү худлаа хэлчихэв. Энэ үйл явдлаас хойш Буянт эмээ айл саахалтыхандаа
-Хөгшин хонины насгүй би хүний нялх хүүхдийн амь насанд хүрчих шахлаа хэмээн халуун зунаар тугал бяруугаа тавьчихав.Хот айлынхан нь
-Та яаж байгаа юм бэ .Энэ халуун зунаар цайны сүүгүй гэхэд
-Өө миний хувь тавилан юм байлгүй дээ.Баахан сэхээтэн дарга цэрэг болсон хүүхдүүдтэй.Ганц нь ч ирээд тугал бяруу эргүүлээд цайны сүүгээр таслахгүй байя гэж бодохгүй юм байна ш дээ гэв.Цайны сүүгүй болсон Буянт эмээд  Хуягаагийн ээж өглөө оройд цайны сүү өгнө.Өөрийнх нэртэй хэдэн хонин  дээр нь Хуягаагийн аав нь хэдэн хонь  саалгахаар болов.Хот айлынхан  хонио холбохоороо  хамгийн түрүүнд л Хуягаа Буянт эмээгийн ямааг нь холболцож өгнө.Сааль сүүний дараахан бүгд оройн шаргал нарны нэгнийхээ үүдэн дээр цуглан элдвийг ярихдаа бүгд л
-Манай энэ хөгшин хөвөө хоёр амь нэгтэй шүү .Энэ Хуягааг хичээлдээ яваад Буянт эмээ хот явчихвал  бид ер нь яах бол хэмээн ярилцана.Хангайн намар харьцангуй эрт ирдэгийн адил намар хэдийн иржээ. Буянт эмээ гэр орноо хураагаад  хотод хүүхдүүд  дээрээ очиж  өвөлжихөөр явав.Харин Хуягаа хичээлдээ суухаар сумын төв ороход  л хүнийг тусыг явсан хойно айлын тусыг нүүсэн хойно л гэдэг шиг л хот айлынхан байнга Буянт эмээ Хуягаа хоёрыг   дурсан ярилцах аж..Харин нөгөө шүлгээ Хуягаа нэг урлагийн үзлэг дээр уншсан чинь  сургуулийн дуу хөгжмийн багш нь
-Энэ хөөрхөн шүлэг байна би ая хийнээ гээд авчихлаа.Хуягаа хэдий хичээл номондоо шамдавч малчин хүний үр хүүхэд болохоор байнга л хөдөөрүүгээ  яаран яаран он цагийг туучин хичээлдээ гүйж байгаа.Тэр  мөдхөн зун болохоор ахиад л хургаа  л хариулан Хөх усны голоо уруудаж өгсөн Цүнхэлийнхээ тохойд шумбан Буянт эмээгийнхээ хэдэн тугал бярууг эргүүлэн гүйх нь мэдээж билээ.
                                        


Багабанди овогт Намхайн Тайванжаргал
2018 он11.25




Шувууны үүр/Хүүхдийн өгүүллэг/

                                     


Өдөр хичээлээсээ тараад буцаж явсан Өлзийг хамар хашааны Сүхээ дуудан зогсоогоод
-Чи харсан уу Танай амбаарын чинь орой дээр шувуу үүрээ засчихсан байна лээ. Лав өндөг байгаа байх аа гэхэд нь Өлзий
-Чи хэзээ харсан юм гэвэл Сүхээ нусаа шорхийтэл татаад
-Өчигдөр би бөмбөг тоглож байгаад танай хашааруу давуулчихсан юм .Тэгээд хашаа даваад бөмбөгөө авахдаа харсан  юм гэв.Өлзий гэртээ ирээд санд мэнд цүнхээ тайлж хаячихаад амбаарлуугаа гүйлээ.Тэрээр амбаараа тойрч харлаа.Нээрээ л амбаарын хажуу талын илүү гарсан модны оройд шувуу үүрээ засчихсан байв.Үүнээс хойш хэзээ шувуу өндөглөх бол хэдэн өндөг гаргах бол гэж хүлээх болсон Өлзий байнга л тэр шувууны үүрийг харна.Нэг амралтын өглөө нөгөө үүрэн дээр нэг болжмор сууж байгаад нисэхээр нь хэрэг дурлан харахыг хүссэн ч аав ээждээ зэмлүүлнэ гэж эмээсэн тэр  хашааны орой дээр гараад амбаарын араас нь тонгойн харлаа.Нээрээ болжмор өндөглөчихөж .Бүүр гурван өндөг байна гээч Харин одоо Өлзий хэзээ өндөг нь хагарах бол гэж хүлээдэг болов.Харин хамар хашааны Сүхээд энэ тухай хэлсэнгүй .Сүхээг тэр сайн мэднэ.Тэр хэрвээ мэдсэн бол зүгээр байхгүй .Аягүй бол чавхаар ээжий  нь харваад алчихаж магадгүй .Ноднин намар яалаа .Хөөрхий нэг охин гөлөг тэдний хашаанд орж ирсэн байсныг нь Сүхээ төмөр утсаар боож чирсээр байгаад алаад хаячихсан байсныг нь Өлзийгийн охин дүү Учрал үзээд хичнээн уйллаа.Хөөрхий охин гөлөг Өлзийгийн хашааруу орж ирээд  Банхар нэртэй монгол банхарын хоолны үлдэгдлийг идчихээд гараад гүйчихдэг байв.Банхар ч хажиглахгүй .Харин охин дүү Учрал энэ гөлгөнд хоол өгөх маш дуртай .Гөлөг хөөрхөн могжгор сүүлээ хөдөлгөн Учралыг дагаж гүйнэ .Хааяа хоол идээд цадчихаараа Учралтай тоглох гээд хөлнөөс нь зуураад уначихна.Тэр орой банхарын хоолноос идчихээд хашааны хаалгаар гарч явахы нь Өлзий харсан аж.Харин Маргааш  өглөө нь гудманд хоолойг нь төмөр утсаар боогоод алчихсан байсныг нь хичээлдээ явах замдаа Өлзий Учрал хоёр үзсэн билээ.Учрал учир зүггүй уйллан хайлан
-Миний гөлөг хэмээн ихэд харууссан .Гэхдээ гөлгийг алсан хүнийг Сүхээ гэдгийг Өлзий сайн мэдэж байлаа.Энэ тухай дүүдээ хэлээгүй аж.Харин шувууны үүрний тухай дүүдээ ч хэлсэнгүй .Тэр зөвхөн ганцаараа үүнийг мэдэхийг хүссэндээ бус шувууны өндөгт муу зүйл болох вий гэсэн дээ  хэлэхийг хүсээгүй аж. Нэг өглөө тэр амбаараасаа юм авахаар орохдоо одоо л өндөг хагарсан байгаа даа гэж бодоод амбаарынхаа араас авиран харвал нээрээ л өндөг хагарчихаж. Гурван улаан нялзрай ангаахай амаа ангайн шаагилдана.Өлзийд нэг болгоомжлон санаа зовоох зүйл бол Сүхээгийн ногоон муур энэ муур хөөрхий болжморуудыг өдрийн хэдээр нь барина. Сүхээ ногоон муур хоёроос хэрхэн хамгаалах вэ гэсэн бодол байнга л Өлзийд бодогдоно.Цаг мөч өнгөрөх тусам нөгөө гурван ангаахай чинь томроод л улаан нялзрай биен дээр нь сөрөвгөр үс урган байнга л шаагилдан амаа ангалзаж байдаг нь гайгүй болжээ. Нэг өглөө Өлзий дэгдээхэйнүүдээ үзэхээр амбаарынхаа орой дээр гарч иртэл нөгөө муу Сүхээгийн ногоон муур чинь яг хашааны орой дамжин мярааж байна шүү.Өлзий хашхиртал үсрэн хашааруугаа орчихов. Тэр нэг өглөө хичээлдээ явж байгаад Сүхээтэй зам нийлэх хэрэг гарав.Сүхээ ихэд л баясгалантай
-Чиний дэгдээхэйнүүд том болж байна уу гэж тавлангуй асуухад нь Өлзийг дургүй хүрч
-Чи л төмөр утсаар боогоод алчихгүй бол .Том болох байлгүй гэхэд Сүхээгийн царай хувьсхийж
-Чи ямар сүртэй юм.Нэг муу охин гөлөгний төлөө.Тэгж ярьвал  хүмүүс золбин нохойг  өчнөөн л алдаг биз дээ гэж өөрийгөө өмөөрөв.
Энэ Сүхээтэй ингээд маргалдаад байвал зодолдоно гэдгээ сайн мэдэх Өлзий түүнийг хаячихаад түрүүлээд алхлаа.Сүхээ Өлзийгээс нэг ах дөрөвдүгээр анги аж.Байнга л ангийхантайгаа Өлзийгийн ангийн гадаа ирчихээд Өлзийг шоглох гэж үзнэ.Харин Өлзий мөчөөгөө өгөхгүй.Сүхээ Өлзий хэд хэдэн удаа гар зөрүүлээд үзчихсэн аж. Өлзий гэр хорооллын хүүхдүүдийн адил модоо хагалах усаа авах зэрэг ажлыг тогтмол хийнэ.Өнөөдөр мөн усаа авахаар усны тэргэн дээрээ саваа тавиад худаг дээр иртэл Сүхээ гудамны хэдэн танхай хүүхдүүдтэй худаг дээр байж байлаа.Сүхээ эхлэн Өлзийг өдөж
-За манай гудамны амьтан хамгаалагч ирлээ.Энэ шумуул ч алдаггүй юм байх аа хэмээн тавлан хөхрөв.Өлзий эд нартай шөргөөлдөөд хэрэггүй гэдгээ мэдэж байсан ч уур нь хүрч
-Чам шиг л алуурчин биш гээд хэлчихэв.Сүхээ ч уурлан
-Чи муу юу гээд байгаа юм гээд Өлзийгийн цээжрүү түлхэв.Өлзий мөн л Сүхээгийн цээжрүү түлхтэл худгийн хүн гарч ирээд Сүхээ тэргүүтэй хүүхдүүдийг загнан явуулав.
Сүхээ заналтай нь аргагүй
-Харж байгаарай чи .Чиний тэр өндөгүүдийг чинь манай муур нэг л өглөө иднэ дээ.Харин танай муу банхарыг чинь  нохой алдаг хүмүүст  хэлж алуулна даа хэмээн занав.Өлзий юу ч хэлсэнгүй .Байдал түгшүүртэй болж байгаад Өлзий эмзэглэж байлаа.Сүхээгийн дагуул Хадхүү Сүрнээ зэрэг муу хүүхдүүд байдаг бөгөөд тэд чавхаар шувуу алах айлын нохойг хашааны гаднаас чавхаар харваж өдөх зэрэг хийж байнга л эцэг эхийнхээ чихийг халууцуулна.Сүхээгийн аав ээж хоёр нь наймаа хийдэг хүмүүс бөгөөд байхаасаа байхгүй нь их .Сүхээ голдуу эмээ өвөөтэйгээ хамт байна.Хөөрхий хоёр хөгшин Сүхээгийн явдлыг гүйцэхгүй.Хаа сайгүй дэмий тэнэж явна.
Сүхээг занаснаас  хойш Өлзий байнга л дэгдээхэйнүүдийг харж хандах ажилтай болсон бөгөөд тэрээр дүүтэйгээ хамтрахаас аргагүй болжээ. Өдөр гэртээ ирэн хувцсаа солиод амбаарынхаа орой дээр гарч дэгдээхэйнүүдээ харахаар гарч ирэхэд нь шувууны үүрийг нь газар унагаачихсан байв.Тэрээр яаран сандран бууж ирэн үүрийг нь үзтэл гурван дэгдээхэй гурвуулаа алга байлаа.Энэ мэдээж Сүхээ ногоон муур хоёрын хийж байгаа ажил гэдгийг мэдэх Өлзийгийн уур хүрч хашаан дээр гарч
-Сүхээ гэж дуудлаа.Өвөөгийнхээ гэрээс Сүхээ гараад ирлээ.Өлзий
-Чи яаж байгаа юм.Чи л тэр дэгдээхэйнүүдийг муураараа бариулсан биз дээ.Ямар өрөвдөх сэтгэлгүй юм гэтэл.Сүхээ үл тоон инээж
-Тэгээд яадгийн манай муур барьчихсан л биз хэмээн үл тоов.Харин Өлзий
-За чи ахиж манай хашааруу муураа явуулаад үзээрэй. Би нохойгоо тавилаа шүү  гэхэд .Сүхээ их л зэвүүнээр тавлангуй инээж
-Тэгээд тавиач дээ.Аягүй бол манай ногоон муур танай баасны халтарыг чинь барьчих байлгүй хэмээчихээд орчихов.Шөнө унтахдаа элдвийгг бодон нойр нь хүрэхгүй хэвтсэн Өлзий эргэж хөрвөөн хэвтэж байтал нохой хар хур хийн муур сэтгэл сэрхийлгэм муухай чарлаад явчихав.Өлзий ухасхийн босож гар чийдэн аваад гартал Банхар Сүхээгийн ногоон муурыг барьчихсан шилэн хүзүүн дээрээс нь тас хазаж байлаа.Өлзий очин Банхараас муурыг салгатал муур удалгүй үхчихэв.Муур банхарыг уяатай гэж бодон хашааруу орж ирээд бариулчихсан нь андашгүй.Маргааш өглөө нь л Сүхээ муураа нохойд бариулсаныг мэдчихэж .Сүхээг уурлах байх хэмээн Өлзий  бодсон ч Сүхээ хашааны завсараар харсанаа юу ч хэлсэнгүй гэртээ орчихов.Өдөр хичээлээ тараад Өлзийг гэрүүлгээ явж байтал араас нь Сүхээ Өлзийг дуудсаар гүйж ирлээ.Тэрээр Өлзийд хандаж
-За намайг уучлаарай .Миний буруу сая манай ангид багш муу үйлийн тухай ярьсан .Би маш их олон муу үйл хийсэн байна.Гөлгий чинь алсан дэгдээхэйнүүдийг муураараараа бариулсан олон болжмор чавхаар харваж алсан.Мөн олон айлын нохой хашааны завсараар чавхаар харваж гэмтээсэн . Би одоо маргаашнаас эхлэн сайн үйл хийх болно.Мөн боксын дугуйланд явж улсынхаа нэрийг гаргасан шилдэг тамирчин болохоор шийдсэн хэмээгээд Өлзийрүү мх чухал царан гарган гараа сунгаад
-За хоёулаа эвлэрцгээе хэмээн   гаргаа сунгавал Өлзий мөн гар барив.Харин Өлзий боксын дугуйланд яваад жил гаран болж буй бөгөөд хэд хоногоос анхныхаа тэмцээнд орохоор бэлдэж буй аж.Энэ явдлаас хойш жил өнгөрөв.Нэг багш дээр хамтдаа бэлтгэл хийдэг Сүхээ Өлзий хоёр сайн найзууд болжээ.Боксын дугуйландаа хамт явна .Ус түлээгээ хамт бэлдэнэ.Өглөө оройгүй хамт гүйнэ.Өлзий хоёр ч тэмцээнээс алтан медаль авлаа.Харин Сүхээ удахгүй  анхныхаа томоохон тэмцээнд орох гээд догдлон Өлзийгөөс туршлага судлаж байлаа.
Нэг өглөө хичээлдээ явахаар Өлзийгийнд орж ирсэн Сүхээ жигтэйхэн баяртайгаар
-Нөгөө амбаарын модон дээр чинь болжмор үүрээ засаад өндөглөчихөж хэмээсээр орж ирэв.Өлзий  Учрал хоёр  гэрийнхээ  хаалгаар багталзахгүй шахам чихцэлдэн гарч гүйлээ.Нээрээ л яг ноднингийн үүр байсан газар дээр болжмор үүрээ засаад гурван өндөг гаргачихсан байлаа.Харин Сүхээ
-Хүүеээ гурвуулаа энэ гурван өндөгийг заавал болжмор болтол нь харж хамгаална шүү гэж хэлэхэд Өлзий Уярал хоёр
-Тэгэлгүй яахав  гэж зэрэг  хэлээд инээлдлээ.
Багабанди овогт Намхайн Тайванжаргал 
2018.11.28

           

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...