Wednesday, November 28, 2018

Барилдаанч хүү Батаа/Хүүхдийн өгүүллэг /

   
Зуны урт өдрийн турш саахалт айлын хүүхдүүд болох Өлзийгийн Ганаа Хадаа хоёртой барилдаж,  цамцныхаа ханцуйг урчихсан хөлсөндөө халтартсан хүн гэртээ ирэхэд  хувцас хунараа урлаа гэж ээж нь Батааг  нэлээд сайн зэмлэв .Тэрээр орондоо ороод ахиад барилдахгүй юм шүү гэж бодсон ч  нэг  мэдэхэд л нам унтчихаж.
Гэнэт сэвхийн хөнжлийг хуу татан авахад амтат нойрноосоо цочин сэрлээ.
-Хүүе Батаа  босооч үд боллоо .Нөгөө хэдэн тугал бяруу тээр доошоо гүйчихлээ .Нүүрээ угааж цайгаа уучихаад яваарай.Битгий Өлзийгийн хүүхдүүдтэй барилдаад хамаг хувцас хунараа  ураад хаячихаарай гээд ээж нь гараад явчихав. Нүдээ нухлан боссон Батаа гадаа зоосон  гоожууранд нүүрээ  угаачихаад ээжийнхээ бэлдсэн нухаштай  холин боорцог суун босон идчихээд  тугал бярууныхаа араас гүйлээ. 
-Битгий тоглоод алга болчихоорой.Ямар юмаа дуурайсан гэхээрээ ийм байдаг байна аа.Олби оготно шиг л байх юм.Саяхан авч өгсөн өмд юу ч үгүй ураад хаячихсан байна лээ гэж ээж нь хойноос  үглэв. Авга ах Жамган ах нь дээр үеийн бөхчүүдийн тухай ярьсанаас хойш  Батаа улам бөхөд хорхойсох болов.Тугал бяруундаа хүрээд гол өгсөөгөөд туугаад явж байхдаа дээр үеийн даншигийн том бөхчүүд адуу малтай ноцолдож сайн бөх болдог байсан гэж дуулсанаа санасан  тэрээр хүрэн үнээнийнхээ мухар улаан бярууг  ухасхийн сүүлдэж автал цочсон бяруу “оог”  хэмээн орилоод Батааг хөөрч унатал нь цээжрүү нь тийрэв.Цээжээ тэврэн унасан тэр өвдсөндөө тэр арай л уйлчихсангүй .Тэр босож ирээд өөрийгөө мухар улаан бяруутайгаа үзэх арай болоогүй ойлголоо. Голын урдаас хонио хариулаад явж байсан Өлзийгийн хоёр хүү Ганаа Хадаа хоёр харчихаад хөхрөлдөн хашхирав.
-Батаа наашаа гараад ир хэмээн дуудаж  байна.Батаа ээжийнхээ хэлсэнийг санаад тээнэглзэнгүй байснаа  барилдахыг хүссэн хорхойссон зангаа хорьж дийлсэнгүй. Ноцолдсоор байгаад урж дууссан муу даавуун өмдөө шуучихаад гол гатлаад очлоо.Ганаа гэх Батаагаас нэг ах дүрсгүй  байрын төрхтэй хөдөлгөөнтэй шар банди
-Чи яаж тэр том бярууг хүчирдэг юм бэ.Алуулах шахлаа ш дээ хэмээн инээгээд
-Батаа чи энэ Хадаатай барилдаадах аа Би сая наадахад чинь гурав уначихлаа.Хүчирдэггүй ээ хэмээн амьсгаадан байж хэлээд голын захын торгон элсэн суулаа.
Батаа ч ухасхийн  Хадааг хав барьж аваад мушгих  гэтэл тэрүүхэндээ  хойшоо өөрөө бөгсөөрөө суучихав.Босохдоо өмдөндөө  наалдсан шороогоо унагаад Батаа
-Хадаа чи сая надад ямар мэх хийчихвээ хэмээвээс
Хадаа гэх мулзан түнтгэр том толгойтой цоохор нүүртэй сэргэлэн шар банди их л баясгалантайгаар
-Надад манай өвөө энэ мэхийг зааж өгсөн юм гэв.Өхийлдөх гэдэг юм хэмээн их л маадгар хэллээ. Батаа Хадаатай арваад барилдсан боловч ердөө ганц л давлаа.Гэрлүүгээ явах замдаа Батаа бодлоо. Уг нь Хадааг  даваад байдаг байсан даа.Одоо дийлэхээ байлаа.”Яаж сайн барилддаг болох вэ гэж бодолхийллээ.Харин авга ах Жамган нь бөхийн тухай ном авчирч өгөн өөрөө зааж сурган дасгалжуулсаны хүчинд Батаа овоо сайжрав.Авга ах Жамган нь залуудаа барилдаж явсан хүн  бөгөөд сумын начин цолтой хүн юм.Мөн олон жил бөх засаж байгаа засуул хүн тул ихийг Батаад заажээ.Хааяахан тугал бяруугаа эргүүлэх далимаарааГанаа Хадаа хоёртой барилдана .Ямар ч байсан энэ хоёртой өгөө аваатай болчихож. Одоо ганцхан Буянаатай л барилдахыг хүснэ.Буянаа нь Батаагаас нэг ах биерхүү  хүүхэд билээ.Батаа Буянааг ганц ч удаа давж үзээгүй аж.Буянаа байнга л Батааг  тохуурхаж
-Чи намайг хаядаг болтол өдий байна аа гэж даапаална.Энэ жил харин Буянаагийнх өөр газар зусаж байгаа тул энэ зун Буянаатай таарч барилдсангүй.Их сунгааны урд өдөр аавтайгаа хонины ноосоо тушаахаар төв оров.Ноосоо тушаачихаад аавтайгаа цуг  нь хамаатныхаа айлд очлоо.Харин Батаа ааваасаа хэдэн төгрөг аваад сумынхаа хэдэн дэлгүүрийг хэсэв.Зургаан сард амарснаас хойш төв орж ирээгүй тэр хэдэн төгрөгөөрөө чихэр жимс мөн ээжийнхээ захисан саван вок зэрэг ойр зуурын юм аваад аавынхаа буусан айлд иртэл үүдэн дээр хоёр морь уяатай байлаа.Гэрт ортол Буянаа аав Сэнгээтэйгээ ирчихсэн байлаа.Уулзаад л ноцолддог нөгөө л зангаараа Буянаа барилдъя гэж хэлэх болов уу .Тэгвэл чамайг даа гэж Батаа барилдах гэж адгаж байв. Батаа гэрээс гарч ирвэл араас нь Буянаа гараад ирлээ.Нөгөө аманцар хэнээрхүү Буянаа биш болжээ.Нүдэндээ хөнгөн гунигтай дотогшоо дуу муутай болжээ.Батаа ихэд гайхав.Тэр хоёр айлын хураалгаатай түлээний модон дээр зэрэгцэн хэсэг суулаа.Буянаа
-Гол дээр гоё байгаа биз хэмээхэд Батаа
-Тэгэлгүй яахав .Усанд шумбаад жагас жараахай хөөгөөд гоё ш ээ гэчихээд модны холтос хуулан авч хашааны буланлуу шидэв.Харин Буянаа
-Хагийн голоо л санаж байна.Худаг дээр зусна гэдэг чинь хэцүү юм байна.Шалавхан шиг л гол дээрээ очихсон.Энэ зуны амралт ёстой нэг бөөн уйтгартай байнаа хэмээн хэлээд бакиалныхаа түрийг оролдох зуураа ихэд санаа алдан хэллээ. Батаа модон дээрээс буухаар бостол 
-Батаа чи сумын хүүхдийн барилдаанд барилдах уу хэмээн Буянаа асуулаа.Батаа
-Тэгэлгүй яахав барилдана гээд Батаа Буянааруу харж
-Чи барилдана биздээ гэхэд Буянаа
-Аав харин юу гэх бол итгэл муутайхан хэмээн хариуллаа.Сумын төвөөс гэрүүлгээ явах замдаа Батаа Буянааг бодож байлаа.Урьдын хөгжилтэй сэргэлэн цовоо Буянаа биш болжээ.Ээж нь өнгөрөөд удаагүйг Батаа сая дөнгөж  ааваасаа дуулжээ.Хэрвээ Буянаа бид хоёр хүүхдийн барилдааны үзүүр түрүүнд үлдвэл яах бол гэж Батаа бодно.Хар багаасаа л бие биенээ мэднэ .Айл аймаг ойрхон нутаглаж ,барилдаж өссөн болохоор тэр Буянааг өрөвдөнө.Буянаагийн ээжийг нь сайн танина.Олон хоног догдлон хүлээсэн сумын баяр болж хүүхдийн барилдааны шөвгийн дөрөвт  Батаа Буянаа Ганаа мөн Батаагийн ангийн Өлзий хэмээх дөрвөн хүүхэд  үлдэв.Ганааг Батаа хав дөрвөлжин барьцнаас хутгаж дайрсаар  давчихав .Харин нөгөө барилдаанд нь Өлзийд Буянаа уначихав .Үзүүр түрүүний барилдаанд Батаа Өлзийг Жамган ахынхаа заасан халбагадаж цацах мэхээрээ давж түрүүллээ.Харин Буянаа царай муутайхан урамгүйхэн ирж дөрөвт үлдсэн шагналаа аваад эргэхэд нь Батаа өрөвдлөө.Наадам тарахын алдад Буянаа дээр Батаа очоод түрүү бөхийн бай шагнал болох цүнхтэй бичгийн хэрэгсэлээ өгчихөв.Харин Буянаа
-Би авахгүй чиний л шагнал шүү дээ гэхэд нь  Батаа
Үг дуугүй гарт нь бариулчихаад явчихав.Буянаа аав Сэнгэтэйгээ ихэд гайхсан царайтай үлдлээ.
 Хэзээ хойно нь  Сэнгэ Батаагийн аав ээжид энэ тухай хэлэхэд нь харин аав ээж хоёр нь Батаагаар бахархаж байлаа.Хувцас хунар урлаа гэж байнга зэмлэдэг байсан  ээж нь харин ааваас нь ч илүү Батааг барилдахад нь дэмжих болов. Батаа түрүүлсэндээ бус харин Буянаад тусалсандаа л баярлаж байлаа.


No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...