Шоргоолжны үүрэн
дээр тонгойн сууж ажилсаг шоргоолжнуудыг нүдээ чилтлээ шохоорхон харж суусан
Хуягаа хургануудаа холдсоныг сая нэг
анзаарч хойноос нь чавхадлаа.Хөнгөн шингэн харсан зүгрүү гүйж харайж байдаг
Хуягаа хүү энэ жил долоон нас хүрч буй.Зуны турш л хурга хариулдаг тэр Хургачин хүү Хуягаа гэсэн дархан
нэртэй.Өөрөө ч энэ нэрэндээ дуртай. Ер нь энэ Хөх усны голын Цүнхэлийн буланд
зусаж буй энэ хот айлын дөрвөн гэрт
Хуягаа шиг шилбүүрийн үзүүрт уясан дарцаг шиг харсан зүгрүүгээ харваж
байдаг тусч хүүхэд байхгүй.Ямар сайндаа
л энэ хот айлын өндөр настан Буянт эмээ
-Ээ энэ Хуягаа гүү
мөн буянаа дэлгэрсэн хүүхэд шүү гэж магтана.Буянааг орох гарах тоолонд
хөлийнхөө бор авдрыг уудлан чихэр гаргаж өгнө.Өрөм боорцог гээд л юу
байгаагаараа дайлна.Арга ч үгүй дээ хөөрхий хөгшин хүн цайны сүүгүй цаг ч байж чадахгүй. Эмгэн Хуягаагийн буянд л тэр цайны сүүтэй
цагаан идээтэй байгаагаа сайн мэднэ.Тийм учраас Хуягаагаас юу ч харамлахгүй .
Буянт эмээ нь Хуягаагийн аавын нь холын хамаатан хүн юм.Буянт эмээгийн бага хүү
Сүххуяг гэж сэтгүүлч яруу найрагч бэлэн цэцэн үгтэй урт үс хар сахалтай идэрхэн
эр хотоос ирлээ.Ээждээ нэмэр болох гэж ирсэн биш нэрмээс болж үд болтол унтаж ,үмх
зөөхий атга ааруулнаас нь хороож байгаад удалгүй явах болсон дуулдав.Өглөө
хожуухан босоод өдрийн халуунд сүүдэр бараадаж үдшийн бүрий болтол том далбагар
зузаан хавтастай дэвтэр дээрээ юм бичиж
өнгөрөөх тэр явахынхаа өмнөх орой
Хуягааг дуудаад
-За Хуягаа ах нь дүүдээ баярладаг шүү .Эмээгийнхээ хэдэн тугал бярууг эргүүлж өгч байгаарай гээд Хуягаагийн дөнгөж
саяхан үсээ хусуулсан түнжгэр толгойг нь
илээд том хар цүнхээ уудлан тэвхийсэн
хүрэн хавтастай тэмдэглэлийн дэвтэр алтан шаргал хошуутай хар үзэг
хоёр гаргаж ирэн Хуягаад өгөөд
-За миний дүү том
зохиолч ,яруу найрагч болоорой гэж ерөөлөө.Хуягаа ч бөөн баяр дэвтрий нээвэл
эхний хуудсан дээр нь ийнхүү шүлэглэсэн байлаа.
Хургачин хүү Хуягаа
Хургачин хүү Хуягаа хурдан даа
Хуй салхи шиг шаламгай даа
Аав ээждээ тустай даа
Ахархан шилбүүрээ бариад гүйдэг дээ
Дэгдэж гүйхдээ хурдан даа
Дэндүү сайн тусч хүү дээ
Хуйвтай шилбүүрээ бариад гүйхээрээ
Хурдны морь шиг хурдан даа
Ажилсаг хүү Хуягаа хурдан даа
Адуу шиг хурдан гүйдэг дээ
Тусч зантай сайн хүү дээ
Тугал буруу эргүүлэхдээ дуртай даа
Хуягаа үргэлж Сүххуягийн өгсөн дэвтрий нь нээж энэ шүлгий
нь унших дуртай.Ер нь бараг цээжилчихсэн дээ. Уг нь Хуягаа малчин болно гэж боддог байсан бол саяханаас
Сүххуяг ах шиг яруу найраг ч сэтгүүлч ч болдог юм бил үү гэж бодох болов.Гэхдээ
тэр маландаа хайртай хэвээрээ хэдэн хургаа нэг бүрчлэн таних малд нүдтэй гярхай
хүүхэд юм. Хуягаа хүүгийн ажил барагдахгүй ээ.Өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл
малнаас малны хооронд гүйнэ.
Өглөө босоод
хотныхоо ноосыг түүчихээд хургаа хашаанаас нь гаргаж бэлчээрт аваад
гарна.Давхар мөн Буянт эмээгийн хэдэн тугал бярууг харна. Өнөө өглөө бусад
өглөө шиг л нэг л хэвийн үргэлжилж байсан ч тэнгэр нэг л бүүдгэр байсан бөгөөд хариугүй
усан бороо орох нь доо гэсэн байртай хар үүлс чинэрэлдэн байв.Сэрүүхэн байсан
болохоор хурга ишиг нь хөдөө бэлчин одов.Ахархан шилбүүрээ барьсан Хуягаа алсаас
нь харан Буянт эмээгийн тугал бярууг эгүүлж явтал гэнэт азарган бороо
асгачихав. Саяхан ноосолсон хурга хүйтэн бороонд уруудаж гүйгээд холджээ. Хойноос
нь гүйгээд гүйцсэнгүй.Цагаан бороонд ойр тойрны юм ч харагдахаа байв. Адуунд
явсан Хуягаагийн аав ч ирэв.Хуягаагийн аав хоёр хүнтэй Хуягаагийн хойноос явлаа.Хуягаа
заавал хурга олж байж гэртээ харина гэж эрс шийдсэн тул яваад л байлаа. Хувцас нь норж бөмбөлзтлөө чичирсэн тэр
үдшийн бүрий нөмөрснийг ч анзаарсангүй .Харин Хуягаагийн хойноос явсан аав нь
хурга ишигнүүд нь бороонд хөөгдөж яваад
дээд хот айлын хоньтой нийлсэнийг ялгаж аваад цуг явсан хүнээрээ туулгаад өөрөө Хуягаагийн эрэлд
гарав.Хуягаа харин хээр хонохоос бус
харин хургаа алдсандаа л айж байлаа.Тас
харанхуй нөмрөн авав.Хаана яваагаа ч мэдэхээ байлаа.Аав нь гэртээ Хуягааг ололгүй
очиж тэр шөнө тэр хавийхан бүгд л Хуягаагийн эрэлд мордов.Доор бүрнээ л гэрэл чийдэн барьж
хашхирч орилон дуудсан боловч Хуягаа олсонгүй.Харин Хуягаа энэ үед харганы
нөмөрт дагжин чичрэн сууж байлаа. Шөнөжингөө яваад олоогүй хүмүүс Ойролцоох
рашаанд орохоор ирсэн машин тэрэгтэй хүмүүсийг гуйлаа.Тэндээс дөрвөн машинтай
хүмүүс гэрэл тавин Хуягааг эрж хайх ажилд гарлаа.Хуягаагийн ээж л уйлж дуулан
хавь ойрын хүмүүсийг яаруулна.
Хуягаа цаашаа явж чадахгүйгээ ойлголоо.Ширүүн бороонд
норсон хувцас нь хүндэрч дагжтал чичирсэн тэрээр харганы нөмөр бараадан хэвтэх
гэж үзсэн ч чадсангүй .Нүдийг нь бүрхсэн нулмис айсных биш харин хурга ишгээ
алдсаны харуусал байлаа.Машин дуугаран
гэрэл гялбуулсаар дөхөхөд тэр боссонгүй.Машины гэрэлд орж ирсэн Хуягааг олсон
хүмүүс хашхиралдан оллоо хэмээн бусаддаа дуулгав..Бээртлээ хүйтэн бороонд
норсон түүнийг ээж нь тэврэн авч уйлан дуулан
-Миний хүү яаж байгаа юм бэ.Ээждээ ирээд хэлэхгүй хэмээн
үглэж дуулан зэмлэх сургах хоёрыг хослуулан байлаа.Гэртээ авчран хуурай хувцас
өмсгөн галын хажууд хөнжилд ороон хэвтүүлэв.Тэр даарч хямарснаас болж нэлээд
халуурч дэмийрэн хэсэг тэвдүүллээ..Үүрээр шахуу сая нэг тайвширч бие нь хөлрөөд
унтав.Угийн эртэч болохоор өглөөний хүн малын дуугаар сэрсэн тэр босох гэж
зүтгэхэд .Аав нь
-Миний хүү яагаад хургаа хол явуулчихав гэхэд тэрээр аавруугаа
дүрлийтэл харсанаа бодлогширч “За Буянт эмээгийн тугал бяруулуу явсан гэж
хэлэхээр болохгүй .Юу гэж хэлэх вэ гэж” бодолхийлснээ
-Би ширүүн бороонд хургаа дийлэлгүй явуулчихсан гэж хэллээ.Хэдийгээр тэр
худлаа ярьж сураагүй ч тэр Буянт эмээг нь ээж аав нь зэмлэж магадгүй гэж
бодсондоо ийнхүү худлаа хэлчихэв. Энэ үйл явдлаас хойш Буянт эмээ айл
саахалтыхандаа
-Хөгшин хонины насгүй би хүний нялх хүүхдийн амь насанд
хүрчих шахлаа хэмээн халуун зунаар тугал бяруугаа тавьчихав.Хот айлынхан нь
-Та яаж байгаа юм бэ .Энэ халуун зунаар цайны сүүгүй
гэхэд
-Өө миний хувь тавилан юм байлгүй дээ.Баахан сэхээтэн
дарга цэрэг болсон хүүхдүүдтэй.Ганц нь ч ирээд тугал бяруу эргүүлээд цайны
сүүгээр таслахгүй байя гэж бодохгүй юм байна ш дээ гэв.Цайны сүүгүй болсон
Буянт эмээд Хуягаагийн ээж өглөө оройд
цайны сүү өгнө.Өөрийнх нэртэй хэдэн хонин дээр нь Хуягаагийн аав нь хэдэн хонь саалгахаар болов.Хот айлынхан хонио холбохоороо хамгийн түрүүнд л Хуягаа Буянт эмээгийн ямааг
нь холболцож өгнө.Сааль сүүний дараахан бүгд оройн шаргал нарны нэгнийхээ үүдэн
дээр цуглан элдвийг ярихдаа бүгд л
-Манай энэ хөгшин хөвөө хоёр амь нэгтэй шүү .Энэ Хуягааг
хичээлдээ яваад Буянт эмээ хот явчихвал бид ер нь яах бол хэмээн ярилцана.Хангайн
намар харьцангуй эрт ирдэгийн адил намар хэдийн иржээ. Буянт эмээ гэр орноо
хураагаад хотод хүүхдүүд дээрээ очиж
өвөлжихөөр явав.Харин Хуягаа хичээлдээ суухаар сумын төв ороход л хүнийг тусыг явсан хойно айлын тусыг нүүсэн
хойно л гэдэг шиг л хот айлынхан байнга Буянт эмээ Хуягаа хоёрыг дурсан ярилцах аж..Харин нөгөө шүлгээ Хуягаа
нэг урлагийн үзлэг дээр уншсан чинь сургуулийн дуу хөгжмийн багш нь
-Энэ хөөрхөн шүлэг байна би ая хийнээ гээд авчихлаа.Хуягаа
хэдий хичээл номондоо шамдавч малчин хүний үр хүүхэд болохоор байнга л хөдөөрүүгээ
яаран яаран он цагийг туучин хичээлдээ
гүйж байгаа.Тэр мөдхөн зун болохоор
ахиад л хургаа л хариулан Хөх усны голоо
уруудаж өгсөн Цүнхэлийнхээ тохойд шумбан Буянт эмээгийнхээ хэдэн тугал бярууг
эргүүлэн гүйх нь мэдээж билээ.
Багабанди овогт Намхайн Тайванжаргал
2018 он11.25
No comments:
Post a Comment