Friday, December 15, 2017

Үүрд үлдмээрээ



Ханат монгол гэрийнхээ дулаан халуун голомтон дээрээ мөнх амьдармаараа
Хангал адуу булгисан юм шиг тарлан манханы таанын амтат уусмаараа
Харлаг тэх ч хальтирмаар хадан хавцлын орой дээр салхи сөрж үүрд зогсмоороо
Хаана ч байхгүй нутгийнхаа халуун элгэн дээр нь үүрд үлдмээрээ

Тэнгэрээр дүүрэн оддын дунд тэр чигтээ түгэж үлдмээрээ
Тэлмэн жороо морины тэнэгэр сайхан явдал дунд нь уусаж ундармаараа
Тэрлэгэн дээр туссан нарыг тэнд нь тогтоож үүрд тусгамаараа
Тэмээн дээрээс тэнгэрт тэмүүлж тэндээ шувуу шиг үүрд халин нисмээрээ

Үүдээр орж ирсэн нарыг өдөржин хоймороо тахиж шүтмээрээ
Үгийн сайханд урам үзэгний үзүүрийг үл амраамаараа
Үрээ морьд өтгөн ижил дундаа харагдах нь өвгөн адуучины сэтгэлийг үүрд хөглөмөөрөө
Үүлэн дээр нар сууж үзэсгэлэн төгөлдөр миний нутгийг үүрд гийгүүлмээрээ

Холын зэрэглээн дундаас адуу тодрон гарч ирэхийг үүрд хармаараа
Хот айлуудын хооронд хонхны дуутай алхаж явахыг өхөөрдмөөрөө
Хонь хотолсон үдшээр хоймор суух аав хүүдээ үлгэр ярихыг үргэлж сонсмоороо
Хорвоод ганцхан нутгаа хойшид ч гэсэн үүрд хайрламаараа

Н.Тайванжаргал


No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...