Friday, December 15, 2017

Мөнгөн долгиот Баяннуур




Дэвэн нисэх шувууд нь эргэж буухын хүслэнтэй
Дэнж дүүрсэн  их ус нь үүрдийн мөнгөн долгиотой
Орон зайнаас хальж орчлонг нөмрөхөөр зүтгэхдээ
Он цагийг хэдийн элээж ирээдүйг зорьсон

Мөнхийн давалгаа нь тэнгэрийн энтэй
Мөнгөн долгиот баяннуур аа
Энхийн цагийн төрх  нь
Ганган байгалийн өнгөтэй баяннуураа

Долгиот намуухан Баяннууранд минь шувууд нь жаргалтай
Домгийн азарга шилгээсэн газар нь унага төрж тэнцсэн
Амны цангаа тайлах их увьдас нь
Амьдралыг үл зогсоох мөнхийн рашаан амттай

Сурагт маргазаас гүйж ирсэн адуун сүрэг нь
Шувууды нь цочоолгүй шумбаж ундаалдаг
Шаргал манханы шанханд хүрсэн давалгаа нь
Сант хайрханы дүр туссан мөнгөн долгиотой
Н.Тайванжаргал

Эх






“Эх”
Эх хүн гэж
Миний ээжийг хэлдэг
Ээжээ гэж дуудах
Энхрий үр нь би байдаг 
Эх хүн бурхан биш ч
Элбэрэл хайр нь ид шид байдаг
Эмч домч биш ч
Эдгээх анагаах нь дом байдаг

Эх хүний
Сүү сэтгэл хоёр нь цагаан байдаг
Сүсэг бишрэл нь  гэгээн байдаг
Сүүдэр газар ч нартай байдаг
Сөгдөж суугаад залбирмаар байдаг 
Дуун аялгуу нь бүүвэй байдаг
Дундаа тасардаггүй аялгуу байдаг
Дуулж суугаа нь элбэрэл байдаг
Дууны дахилт нь сүү байдаг 

Эх хүний

Өнө мөнх хайр нь гэгээн байдаг
Өгөөмөр сэтгэл нь цагаан байдаг
Өглөө нар шиг ялгуун байдаг
Үргэлж санахад сайхан   байдаг
Төрүүлж өсгөсөн заяа нь эгэлгүй байдаг
Түшиж өндийхөд эх хүний хайр дэм байдаг
Түгдчиж алхахад урмын үг нь тэнцвэр болдог
Түгшиж айхад нөмөр нь ивээл байдаг


Эх хүний
Унаж бүдрэхэд сэтгэл нь газар зөөллөдөг
Уйлсаар очиход нулмис сэврээх шидтэй байдаг
Урмын үг нь бурам шиг байдаг
Ухаан тэгширүүлсэн үг нь сургаал байдаг
Ухаан сүү хоёр нь ундарч байдаг
Урсгал их мөрөн шиг дэвэрч байдаг
Урам шагнал хоёр нь дүүрэн байдаг
Уяхан сэтгэл нь хайр байдаг 


Эх хүний
Хайр ухаан хоёр нь хамт байдаг
Халамж энэрэл хоёр нь нар байдаг
Халуун сэтгэл нь хайр байдаг
Хамтдаа байхад бурхан шиг байдаг 
Хариу нэхээгүй сэтгэл нь сүү байдаг
Халамж хайр нь амь байдаг
Харж суухад бурхан байдаг
Хайрлаж санахад шүтмээр байдаг


Эх хүний
Үгийн үзүүрт нь сургаал байдаг
Өгүүлбэрийн төгсгөл нь ухаан байдаг
Үнсэлт бүхэн нь бурам байдаг
Үнэний төлөөх сэтгэл байдаг
Тэнгэр их заяа нь эгэлгүй байдаг
Тэвчээр хатуужил нь гайхмаар байдаг
Тэнцүү биш эр эмийн тавиланд
Тээж төрүүлэх их хувьтай байдаг



Эх хүн
Элбэрэл буяны даллага байдаг
Эцэг хүний хайр нь байдаг
Эндэх алдах нь үгүй байдаг
Ирээдүй цагийн эхлэл байдаг

Бараан нөмөрлөсөн ч гэгээн дүртэй байдаг
Бачимдаж орилсон ч тайвшруулах үгтэй байдаг
Баяр хөөрийн дээд нь байдаг
Байнгà бодогдох бурхан минь байдаг 
Эх хүн
Алдаа оноог ялгагч нь байдаг
Арга ухааны дээд нь байдаг
Аз жаргалын замыг заагч нь байдаг
Алив бүхний эхлэл нь байдаг
Энэ амьдралын эхлэл байдаг
Энэрэл хайрын ундарга байдаг
Эхлэл төгсгөлгүй үргэлжлэл байдаг
Эрхэм чанарын эх булаг нь байдаг 

Эх хүн
Үүрд ханийн түшиг байдаг
Үргэлж гэгээн саруул байдаг
Үдийн нарны илч шиг өгөөмөр байдаг
Үнэнч хайр нь дулаан байдаг 

Үхэл амьдралын зааг дээр
Үргэлж аврагч байдаг
Үрдээ биеэ хуваасан ачий нь
Үнэлж цэгнэх аргагүй байдаг


Эх хүн
Гаслан хяслант хорвоог гэтэлгэгч байдаг
Гайхамшигт ачлал нь элбэрэл байдаг
Гамшиг аюулыг туулах арга ухаан байдаг
Гал халуун сэтгэлийн булаг байдаг
Элэгдэж эмтэрсэн ч
Эцсийн ганц амьсгал нь үрдээ л байдаг
Ээдрээт амьдралын эсрэг
Ирлэж хурцалсан сэтгэл байдаг

Эх  хүн
Хол ойрын газрыг сэтгэлдээ багтаасан
Хорвоогийн амьдралын эхлэл байдаг
Хосоор амьдрах тавилангийн
Хоёр амины нэг нь байдаг 
Газар дээрхи
Ганц гэрэл гэгээ нь байдаг
Гарцаагүй үнэнийг олж хэлдэг
Гайхамшигт үгний эзэн нь байдаг 

эх хүн гэж
Энэрэнгүй сэтгэлийн дээд байдаг
Эгэлгүй нэгэн хосгүй заяа байдаг
Эхлэлээсээ аваад төгсгөл хүртэл
Эх авсан ундрага шиг байдаг 
эх хүн гэж
Энэ биеийн үндэс байдаг
Ирж буцах хорвоогийн
Ирээдүй цагийн гүүр нь байдаг

Н.Тайванжаргал

Номын дэлгүүр




Энд эрээний хог зардаггүй
Эрээн мяраан бараа ч байдаггүй
Хавтастай амьдралыг энд зардаг
Хамгийн үнэт өв номыг энд түгээдэг

Хаалганаасаа хоймор хүртэл мэдлэг өрсөн
Хамгийн гэгээлэг энэ газрыг номын дэлгүүр гэдэг
Хатавчнаасаа хоймор хүртэл ухаан цуглуулсан
Хамгийн ариун энэ газрыг номын өргөөгэдэг

Номын дэлгүүрт хоолны үнэр байхгүй ч
Номын дэлгүүрт хоол хийх аргы нь зардаг
Номын дэлгүүрт байшин байхгүй ч
Номын дэлгүүрт байшин барих ухааны нь зардаг

Ууж идэх юм зарж байгаа биш
Ухаан зарж байгаа хүнийг номын дэлгүүрийн худалдагч гэдэг
Ууж идэх дуртайг биш
Унших дуртай олныг цуглуулсан газрыг номын дэлгүүр гэдэг

Хураангуйлсан ухааныг номын дэлгүүрт зардаг
Хуримтлуулсан арга туршлагыг энд л түгээдэг
Багцалсан эрдмийг номын дэлгүүрээс лолдог
Бахархам мэдлэгийг эндээс л авдаг

Энд эрдэм ухааныг зардаг
Энд мэдлэг мэргэжил олгодог
Олж мэдэхийн хүслэнтэй хүн бүхнийг цуглуусан
Оюун ухааны газрыг номын дэлгүүр гэдэг

Н.Тайванжаргал



Үүрд үлдмээрээ



Ханат монгол гэрийнхээ дулаан халуун голомтон дээрээ мөнх амьдармаараа
Хангал адуу булгисан юм шиг тарлан манханы таанын амтат уусмаараа
Харлаг тэх ч хальтирмаар хадан хавцлын орой дээр салхи сөрж үүрд зогсмоороо
Хаана ч байхгүй нутгийнхаа халуун элгэн дээр нь үүрд үлдмээрээ

Тэнгэрээр дүүрэн оддын дунд тэр чигтээ түгэж үлдмээрээ
Тэлмэн жороо морины тэнэгэр сайхан явдал дунд нь уусаж ундармаараа
Тэрлэгэн дээр туссан нарыг тэнд нь тогтоож үүрд тусгамаараа
Тэмээн дээрээс тэнгэрт тэмүүлж тэндээ шувуу шиг үүрд халин нисмээрээ

Үүдээр орж ирсэн нарыг өдөржин хоймороо тахиж шүтмээрээ
Үгийн сайханд урам үзэгний үзүүрийг үл амраамаараа
Үрээ морьд өтгөн ижил дундаа харагдах нь өвгөн адуучины сэтгэлийг үүрд хөглөмөөрөө
Үүлэн дээр нар сууж үзэсгэлэн төгөлдөр миний нутгийг үүрд гийгүүлмээрээ

Холын зэрэглээн дундаас адуу тодрон гарч ирэхийг үүрд хармаараа
Хот айлуудын хооронд хонхны дуутай алхаж явахыг өхөөрдмөөрөө
Хонь хотолсон үдшээр хоймор суух аав хүүдээ үлгэр ярихыг үргэлж сонсмоороо
Хорвоод ганцхан нутгаа хойшид ч гэсэн үүрд хайрламаараа

Н.Тайванжаргал


Би гэнэн байсан


 

Би гэнэн байсан
Хонь хорсон үдийн нарнаар сүүдэр нэхэж уйлдаг эрх байсан би
Хорол тооноор туссан нараар тоглоё гэж гуйдаг томоогүй байсан би
Бүдэрсэн чулуун дээрээ нулимсаа асгачихдаг уйланхай байсан би
Бүрий нөмрөхөөр айж байна гэж уйлдаг аймхай байсан би

Би гэнэн байсан

Тэнгэрийн солонгыг тэвэртээ багтаах гэж тэмүүлдэг гэнэн байсан би
Тэмээн дээр гарчихвал тэнгэр хүрнэ гэж боддог томоогүй байсан би
Үдшийн бүрэнхийгээр нар нэхэж уйлдаг эрх байсан би
Үдийн нарнаас сүүдэр нэхэж уйлдаг томоогүй байсан би

Би гэнэн байсан

Аргалд явсан ижийгээ дагаж уйлдаг эрх байсан би
Адуунд явсан аавыгаа саначихдаг эмзэг байсан би
Сарны цагаан туяагаар тоглоё гэж эрхэлдэг гэнэн байсан би
Салхины өөдөөс ээжээ гэж дууддаг томоогүй байсан би

Би гэнэн байсан
Н.Тайванжаргал

Ачлалт аав ээж хоёр минь



Хаваржаа Догины минь уулс
Хаврын сардаа нөмөртэй дөө
Хайртай буурал ижий минь
Хамгаас илүү буянтай даа

Ачлалт аав ээж хоёр минь
Аминд минь ойрхон санагдана даа

Өвөлжөө Сүв нь улааны уулс минь
Өвлийн сардаа өнгө нь тодхон доо
Өвгөн буурал аав минь
Өнгөтийн уулан дээрээсээ дурандана даа

Буян
т ээж аав хоёр минь
Бурханаас илүү хүндлэгдэнэ дээ

Зуслан Хүнгийн гол минь
Зундаа сэрүүхэн тунгалаг даа
Зулаа өргөөд ээж минь
Зуурдын хорвоог аргадна даа

Ачлалт аав ээж хоёр минь
Аминд минь ойрхон санагдана даа

Намаржаа Баяннуурын ус минь
Намрын сардаа бүлээхэн дээ
Настай буурал аав минь
Нартын жамаар алхана даа

Буян
т ээж аав хоёр минь
Бурханаас илүү хүндлэгдэнэ дээ

Н.Тайванжаргал


Мод яг хүн шиг



Ургаж байгаа мод
Өсөж  буй хүүхэд эмзэгхэн
Уулын бэлээс дээшилж байгаа нь
Аавынхаа энгэрлүү зүтгэж буй хүүхэд шиг

Ургаагаараа байгаа мод
Цэл залуу хүн мэт цэх шулуун
Уулын хярд дүнхийж буй нь
Уул хангайн эзэн мэт

Унаж буй мод
Өтөл настай өвгөн мэт
Уулын оройгоос доошилж буй нь
Удахгүй бурхан болох өтөл настан мэт
Н.Тайванжаргал

2016.06.21

Ус





Амь хаана байна
Тэнд ус бий
Амьдрал хаана байна
Тэнд ус байдаг

Аз жаргал амьдрал хоёр
Устай газар л уулздаг
Амь бие хоёр
Усны дэргэд л бие биенээ олдог

Аархаж омгорхож явахад
Ус үнэргүй байдаг ч
Ангаж цангаж явахад
Усны үнэр содон байдаг

Аз жаргал хаана байна
Тэнд ус байдаг
Алив сайхан бүхэн
Устай газар л цуглардаг

Н.Тайванжаргал

Манай сумын төв


 
Харгана хошуурсан цагаан дэнжид
 Хүй дарсан бууцтай
Халхын сэцэн сартуул хошууны
 Үр хойчийн удамтай
 Байран суурин нутгаа олсон
Багавтар жижигхэн суурин

 Өчнөөн жилийг элээж энд ирэхдээ
Өргөн айлсалтыг өөрөөсөө эхлүүлэн
Баясгалант амьдрал нэгдэлийг удирдаж  
Баргын хүү нь тодорч явсан
Манай сумын төв
 Мандах наран доорхи жижигхэн суурин

Жаран жарныг алгасан
Жаргах наран доор оршихдоо  
Хот аймаг хоёроосоо
Холхон оршдог ч
Хөгжлийн замаа хүлээж буй
Хөдөөний нэгэн л сумын төв

  Алсхан хэрнээ ойрхон
Амьдралд намайг хүн болоход
Аав шиг минь ачилж
Ээж шиг минь энэрсэн
Энэ манай сумын төв
 Хорин ортой хүн эмнэлэг
Холбооны улаан дүнзэн байшин

Намайг хүн болгосон дотуур байр
Найман жил хоолны хэрүүл хийсэн  гал тогоо
Баяраа хийдэг цэнгэлдэх хүрээлэн
Байнга тэмцээн уралдаан болдог спорт ордон
Улаан будагтай дээвэртэй сумын сургууль
Улаан буландаа орой бүхэн бүжигтэй соёлын төв

Будагны үнэр ч гараагүй шинэхэн цэцэрлэг
Бууж мордоод үдэлдэг буудлын саарал байшин
Бүгд найрамдах улс байхад бүтээсэн
Бүрээ үлээж буй хүүхдийн баримал
Бүсгүй хүн сүүгээ бариад угтаж буй
Уурхайтын дөрөлжийн
Угтаж үдэгсэдийг тосдог баримал

 Төр  захиргааны ягаан байшин
Төрөхийн өмнөх ногоон байр
Таван хошуу малын баримал
Таван шарын барилгууд
Энэ манай сумын төв  

Нар тэнцсэн хөх тэнгэрийн доорхи
Амар амгалан суурин
Наадам болоход түмний хөлд дарагддаг
Чимээ шуугиантай суурин
Холбоо нуурын эрэг дээр мөнхийн буудалтай
Хорвоод Сантмаргаз нэрээрээ танигдсан дархан нэртэй

Арван арванаар түүхээ үр хойчдоо  үлдээж
Ардын засгийн дараахан   байгуулагдсан
Тунарсан бараан үүлний доороос өнгө ялгарч өндийсөн 
Туулсан түүхэндээ сэтгэл бардам энэ жижигхэн суурин
Манай сумын төв өө
Н.Тайванжаргал


Дургүй


Гаргаж өгнөө гээд архи бариад ирдэг хүнд би дургүй
Гары чинь цайлгаж байна гээд тамхи барьдаг хүнд би дургүй
Гадаад сайхан гэж гайхуулсан хүмүүнд би дургүй

Ашиг хийх гэсэн шуналтангуудад би дургүй
Авилга авч өгөх гэсэн аливаа муу хүмүүнд би дургүй
Албан тушаалд улайрсан хүмүүнд би дургүй

Таарсан газраа мэндийн хариуд мэндгүй хүнд би дургүй
Тааруулж хэрэглэж чаддаггүй тасарч унадаг хүнд би дургүй
Таарсан газраа тамхи татдаг хүнд би дургүй

Хов базаж суугаа эрэгтэй хүнд би дургүй
Хорон үгээр хорвоог бузарлаж явдаг хүнд би дургүй
Хоолоо булаалдсан ноход шиг нэгнийгээ хэмлэхэд би дургүй

Эрийнхээ урдуур орж ам булаадаг эмд би дургүй
Эцгийнхээ амьдад эрх мэдлий нь булаачихсан хүүд би дургүй
Эмэгтэй хүнд эр бяраа гаргадаг эр хүнд би дургүй

Ялгаж харьцдаг хүнд би дургүй
Ямба нь ихэдсэн дарга нарт ч дургүй
Ядарсан хүнийг доромжлох би дургүй

Ахмадын биш албан тушаалын хүндлэлд би дургүй
Андын биш архины найзад би дургүй
Аз жаргалы нь биш алдаагаар нь оролдоход би дургүй

Эр орондоо монгол хүн үнэгүйдэхэд би дургүй
Эрээний бараа энд үнэд хүрэхэд би дургүй
Эрлийз морьд эрийн гурван наадамд уралдахад би дургүй

Мориныхоо толгойруу цохидог хүнд би дургүй
Монгол гэр хоёр бүстэй байхад би дургүй
Моторт хүлгээ мориноос сайн гэж магтахад би дургүй
Н.Тайванжаргал

Би дургүй 2


Магтан дуулагчдын эгнээнд би байх дургүй
Матаж муулагсадын эгнээнд ч би байх дургүй
Ховоор хооллогсодын дунд би байх дургүй
Хорон үгтэй хутгагсадын дунд би байх дургүй
Хундага тулгасан сархад сөгнөгчдийн дунд би байх дургүй
Худлаа амлагч түшээдүүдийн бөгс долоогчдод би дургүй
Илүү харсан шуналын янтангууд дунд би байх дургүй
Эрх мэдлийн төлөө үхэгсэд дунд би байх дургүй
Ямба нь ихэдсэн дарга нарын бууны нохой нард би дургүй
Янхан хөөцөлдөж хормойгоо баясгадаг гаж донтонгууд би дургүй
Алт хараад амиа өгчихдөг эх нутгаа сүйдлэгчдэд би дургүй
Албан тушаалыг амьдралаа гээд бодчихсон хүнд сурталтангуудад би дургүй
Бурууд хүчгүй сохор хуулийн зүйл заалтанд би дургүй
Бурханаа эцэг эхээсээ илүү тахисан хүний үрд би дургүй
Эхнэрээсээ илүү хардаг эр хүний ийм занд би дургүй
Эр нөхрийнхөө эрх мэдлийг булаачихсан эмд би дургүй
Зовлон ихтийн гашуун нулмисыг тавлагсадад би дургүй
Зовлого зулгааж би ноход шиг бусдыг хэмлэхэд би дургүй
Н.Тайванжаргал

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...