Friday, November 01, 2019

ЗУН


         
                                    

Нөмгөн шөнөөр сар нь гэгээтэй ч юм шиг
Нүүж яваа үүлэн доор нь сүүдрий нь дагаж гүймээр ч юм шиг

Зун ямар зугаатай юм бэ

Даашинзаа өмссөн бүсгүй ч юм шиг
Далавчаа дэлгэсэн хун ч юм шиг


Зун ямар сайхан юм бэ

Нүдэнд дулаахан бүсгүй инээмсэглэж байгаа ч юм шиг
Нүргэлсэн чимээн доор нь бороо дусаж байгаа ч юи шиг

Зун ямар гэгээлэг юм бэ

Торгон дээлээ өмссөн ээж ч юм шиг
Тоорцог малгай хэлтгий тавьсан аав ч юм шиг

Зун ямар сэтгэлд ойрхон юм бэ

Эхээсээ унтаж хоцорсон унага ч юм шиг
Эрээн цэцгэнд эрхэлсэн эрвээхэй ч юм шиг

Зун ямар зугаатай юм бэ

Элгэн тараг сав дүүрэн байгаа ч юм шиг
Эсвэл таваг дүүрэн өрөм шаргалтаж байгаа ч юм шиг

Зун ямар элбэг хангалуун юм бэ

Шуранхайн дуунаас нь төвөргөөн сонсогдож байгаа ч юм шиг
Шувууд дагаж нисээд хурдан хүлгий нь гүйцэхгүй байгаа ч юм шиг

Зун ямар хийморьтой юм бэ

Үдшийн сарнаар морьтой хосууд дөрөө харшуулаад ч байгаа юм шиг
Үүлний цаагуур сар нуугдаад ч байгаа юм шиг

Зун ямар намуухан юм бэ

Долгиот намуухан голын эрэг дээр хүүхдүүд тоглоод ч байгаа юм шиг
Дорны намуухан тэнгэрт алтан гадас алтраад ч байгаа юм шиг

Зун ямар сайхан юм бэ

Н.Тайванжаргал

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...