Thursday, February 14, 2019

Би ижий шүтлэгтэн

     
                                              


      


Би аминаасаа амь хувааж амьдрал бэлэглэсэн хүнийг л шүтдэг ижий шүтлэгтэй хүн. Иймийн учир л хүйн холбооны заадсан дээрээс хүний ертөнцөд намайг төрөхөд хүйг минь боож хүү төрлөө гэж хорвоогоор нэг зарласан ижийнхээ тухай гэгээн хайлан бодлыг би өнгөтөөр зурж өөрийгөө чимж явдаг аа. Урсгал усны эхэн дээр ундарга сайтай булаг байдаг шиг уртаас урт амьдралын эхлэл дээрээс таниасаа амь өвлөсөн хүү нь таныхаа тухай зүрхнийхээ бичээсийг ийнхүү тунгаан сийрүүлнэм.
Би бурхан хайгаагүй ээ.Хайх ч хэрэггүй ээ би шүтлэггүй хүн . Амь биетэй бурханы алтан хэвлийд бүрэлдэж амьдралд хөл тавьсан азтай хүн болохоор алган дээрээ намайг дээдэлж амь биенд минь хайраа шингээсэн ээжийгээ л бурхан гэж шүтдэг би ижий шүтлэгтэн хүн. Намайг шүт гэсэн гэсэн бурхад нартад зөндөө байдаг ч надад ганцхан шүтээн бий .Энэ хүн бол эгэл гэхэд дэндүү эгэл жаргал зовлонтой өнгө алаг хорвоогийн буйд даруухан амьдрахдаа арван хүүхдүүддээ амиа хувааж жарны нарыг олон үзэлгүй жамтын орчлонгоос эрт буцсан ээж гэж энэ хүнийгээ өнгөрсөн цаг хугацаанаас авчирч өчнөөн удаа хайлан дуулан байж шүтдэг ээ. Бурхан биш ч бурханаас илүү буянтай үйл бүтээсэн магадгүй би алдарт Р.Чойном гуайн хэлсэн шиг бурхан багшаас эр чадлаараа давсан энэ хүнийг л шүтдэг юм. Биеийг минь бүтээж билэг оюуныг минь хурцлан өсгөчихөөд өр нэхэлгүй өчнөөн жил өөрийгөө элээж тэнгэрийн оронд заларсан хүн бол бурхан дүрээр бус буянтан дүрээр үрдээ харагддаг нь ээж минь билээ.Ээж минь та цагаан сүүндээ цадчихаад тарвалзах үрээ цагийн түүхий нь түрүүлж харахдаа эхийн зөөлөн сэтгэлээ хатуу газар нь дэвсэж эндэж алдах үедээ хазайхгүй энгүй ухаан суулгаж өсгөсөн. Хүү нь таныхаа арван амь бүтээсэн ачилж дуусахгүй гэгээн үйлийг тань л бурхантай ч үл харьцуулнам.Сүүгээр урссан зам мөрийн үргэлжлэл дээр чинь сөгдөж суугаад мэгшсэн үрээ ээжээ та чанадын газраас чадахаараа дэмнэснийг үр нь мэднээ.Хагацал зовлонгийн сүүдэр доор даарчихаад би бурханаас өчнөөн гуйсан.Харин намайг сонсоогүй ,сонсохыг хүсээгүй ,сонсдог ч үгүй тэр олон бурхадыг би үл дурснам. Бурхан намайг цагаан сүүгээр амлаагүй.Зөв буруугийн газраас зүрхээ автал айж зүгээ олохгүй төөрөхдөө бурханг би дуудаж үзсэн.Бурхан чихгүй юм байна лээ.Бурхан нүдгүй юм байна лээ. Буруугийн өмнө хүчгүйдэхэд итгэл хайрлаагүй бурханд үл итгэнэм.Би сүсэггүйдээ шүтлэггүйдээ ч бурханыг үл муулнам. Харин ээжээ та минь миний төлөө бүлээрсэн халуурсан хоногийн тоогоор минь бүсээ тайлаагүйг чинь мэднэ. Бүтэн нойртой ч олон хоноогүй бүдэрсэн чулуунаас намайг л өмөөрч хичнээн удаа домносныг нь ч мэднэ.Бүүр өөрөө өмнөөс минь өвдөж бүтэн биеэ хичнээн эмтэлснийг ч мэднэ.Жаврын хүйтэн өвөл ижийгээ бодоход дулаацдаг юм байна лээ.Жаргаж байгаа нарыг уулын орой дээрээс уяж чадах ухаан зөвхөн эх хүнд л байдаг юм байна лээ.Ачлал нэхээгүй эхийн сэтгэлээс л аз жаргал үр хүүхдэд нь түгдэг юм байна лээ.Аливаа сайхан эндээс ундаргатай юм билээ.
Амьдрал тэгш байдаггүй шиг аваад явсан хагацалд би үг хаяад хожимдсон ч араас чинь зөндөө дуудаж уйлсан.Эр хүний ховорхон нулмис эхийнхээ хойноос харин элбэг юм билээ Эрээнтэй бараантай энэ орчлон энэрэхээ мэдэхгүй ширүүн юм билээ.Хүмүүний амьдралын ороо бусгаа цагийн тохиол дээр хүүтэйгээ хамт хүний орчлонд хамт өтөлж чадаагүй ээжийгээ би зөндөө үгүйлсэн, үгүйлсэндээ би зүүднээсээ ижийгээ олчихоод ямар их баярласан гэж санана.Унтаад л босоход халуун гэрт халуун цайгаа чаначихсан урам ухаан хоёроороо дэвэрч суудаг ээжийгээ л санахад бодол амттай юм шиг бодоод байхад уйлмаар юм шиг ухаармаар юм шиг сэтгэл хөнгөрдөгийг нуух юун .Зүүд зөнтэй гэдэг ч гэхдээ нэгэнт хорвоогоос явсан хүн буцаж ирэхгүй ч зүрх сэтгэлдээ мөнхөд хадгалчихсан болохоор миний сэтгэлд мөнхөд байг гэж би ижийнхээ тухай бодлоор сэтгэлээ гагначихсан .Бодлоо сонсож сэтгэлээ чилээхдээ би ижийнхээ дэргэд нь байсан зуны цэцэг хагдрах мөч шиг зуурхан тэр мөчүүд надад ямар үнэтэй байсныг хэзээ хойно л ойлгохдоо ухаарсан.Ухаарал хэдий оройтсон ч ухаан суугаагүй байсан үрээ ижий минь уучлаарай.Цагийн түүх зузаарах тусам хүн өнгөрсөн элээсэн амьдралынхаа мөн чанараа дэндүү их мэдэрдэг юм байна.Жаргал зовлон хоёрын гаргасан замын аль нэгээр нь явж ирэх нь хүмүүний төөрөг учраас заяа тавилан хоёроосоо би зөрөн байж таныхаа хэлсэн хэдхэн сургаалын цагаан үгээр тань яваа шүү.Энэ л миний зам энэ замаар явбал би ижийдээ хүрнэ гэдгээ мэднээ.....
Хормойноос нь тань зүүгдээд хорол тоонотынхоо босгоор давж хөрстөд хөл тавихдаа хорвоогийн нар зөвхөн ээж бид хоёр дээр л тусчихсан юм шиг баярлаж талын уудамдаа хараагаа бэлчээж гүйцэхгүй үр нь таниасаа олон зүйл шалгаахад таанан толгойн тавагт цэцгийг хүртэл ч та надад тайрч болдоггүй юм гэж хэлж сургасан.Мэдэхгүй чадахгүй юм байгаагүй ээ ээжээ таньд.Амьдрал таныг ийм их мэдлэгтэй болгосон байх.Аль эсвэл та арван хүүхдийнхээ төлөө аливаа зүйлийг танин мэдсэн байх.
Би лав уулга алдахдаа унаж бүдрэхдээ ч бурхан минь гэхээсээ ээжээ л гэж дууддаг байсан.Магадгүй бүдэрч унасан хүүхэд ээжээ гэж дуудахаар өвчин нь намддаг байх.Магадгүй ямар нэгэн аюул зовлон тохиолдохоор ээжээ гэж дуудахаар аврагддаг байх.Магадгүй ямар нэгэн баяртай зүйл тохиолдохоор ээждээ л эхэлж дуулгадаг нь хамгийн сайн мэдээ сонсох буянтан учраас л тэр байх.Ээжтэй холбоотой холбоотой дурсамж бодол бүхэн элэг зүрх эмтлэм харуусал гуниг баяр байдаг ч бурхан хэлээгүй үгийг ээж л хэлдэг байх.Ээжээсээ эх хүнээс төрсөн мөртлөө бурхан хүнийг бүтээсэн гэж ярьдаг хүмүүсийг үл ойлгоном. Номлоод байгаа тэр арван цагаан буяныг хэн хийгээд байгаа юм.Магадгүй ээж нар л үрийнхээ төлөө ханийхаа энэ бүхнийг хийдэг байх.Төгс гэгээрсэн гэж шүтүүлээд шүтэгдээд байгаа хүмүүс минь .Төрүүлсэн ээж чинь та нараас илүү төгс гэгээрсэн байгаа ижийгээ шүү.Хаа холоос бурхан хайх хэрэггүй хажуудаа байгаа бурхан багшаас эр чадлаараа давсан бурханлаг хүн ижийгээ л сонс Үрийнхээ төлөө худлаа хэлдэг эх хүн гэж байдаггүй юм.Үхлийн өмнө ирсэн ч үнэнээсээ энэ хүн хэзээ ч урвахгүй ээ.Гагцхүү амьдралын эхлэл төгсгөл хоёрын хоорондох жаахан цаг хугацааг ээж минь л хорвоогоос булааж үрдээ өгсөн гэдгийг өнгөрсөн цагаасаа асуугаад үзээрэй. Амьдрал амь хоёрыг гагнасан ижий хүний ачлалыг юутай ч зүйрлэж үл болмоор .Ахиж заяахгүй ганцхан амиа бусдад хуваасан ижийнхээ ачлалыг бурхантай ч үл зүйрлэж үл болмоор .Хатуудсан хорвоогийн гачлантай тавилан халуухан гараас нь хөтлөөд хаа ч хамаагүй гүймээр санагддаг хүүхэд насны минь гэгээн дурдатгалыг хүйтэн хагацал салгасан ч мөнхөд үрийнхээ сэтгэлд нутагшсан таны минь бодлыг юу ч үргээж үл чаднам .Гагцхүү эх үрийн нандин холбоо гэж энэ зүйл бол цусаар холбогдож ясаар гагнагдсан зүйл юм билээ.Гайхалтай энэ амь халуун холбоо гангийн наранд ч халдагүй газрын нүдэнд хургасан жаварт ч хөрдөггүй бөх юм билээ. Дэндүү их нандигнасан энэ гэгээн хүмүүний бодол амийг минь тэтгэх цус шиг амь амьдралын нэгэн гэгээтэй зүйлийн учир буюу..Дэлхийн энтэй бодлын дайтай агуу энэ хүний хайрыг юугаар ч жиших билээ.Гунигийн бороо ганц нэгхэн хаялж гутлын улнаас хагацал чангаасан энэ хэдэн жилийг ээжийгээ эрхшээгүй ээжийгээ үгүйлээгүй хором бүрээ би нүгэл гэж тооцном.Хүрдний эргүүлгэ шиг цагийн хэмнэлийн салхин доороос хүү минь гэж дуудах шиг санагдаж чихэндээ итгэхгүй би таныгаа хайдаг байсан.Хүслээр болдоггүй хүмүүний энэ их ертөнцийн жамт амьдралын хатуухан төрхний хагацалд алгадуулж үлдсэн үр нь мөр бүтэн яваа ч сэтгэл дундуурхан явнаа.Он цагийн урт хүний сэтгэлийн шархыг эдгээдэг гэдэг ч орчлонд ирэхэд амиа өгч амьдралаа зориулсан ээжийгээ үгүйлэхгүй санахгүй гэвэл үр миний өчүүхэн сэтгэл нүүрлэх асар том бараан үүл мэт гэмшил буюу .Сэтгэл дүүргэх ээжийн минь тухай бодол дунд ч ганц бараан зүйл үгүй ч сэмэрсээр эмтэрсээр яваа миний зүрхний сэтгэлийн гүнд харуусал нөмөрсөн бодол надаас үл холдоно гэж хэзээ ч үгүй .Өнөд амьдрах цаг хугацаа өнөөдөр дуусахгүй нь мэдээж ч өчнөөн жилийн сэтгэлийн шаналан минь тэнгэрээс харж байгаа ээжийнхээ гэгээн дүрийг үзээд тэнгэрт хуралдсан үүлс тэгсхийгээд бороо болон асгардаг шиг хааяахан үзэгдэх миний нулмис харин ойрхон болчихож.Хэрвээ гэж байдаг бол...мөөмөндөө цаддаг балчирхан үедээ очихсон мөлхөж хойноос нь дагаж амьдралдаа анх үзсэн өндөр даваа босгон дээгүүрээ давж араг үүрэн үүрэн алсыг зорих ээжийгээ дагаж уйлахсан.Ханатын голомтоо тойрч хаа сайгүй хормойноос зүүгдэхдээ ээжээ гэж эхэлж дуудсан энэ үгээ дахин дахин хэлэхсэн.Харамсалтай нь хэрвээ гэж байхгүй нь үнэн.Буйд хорвоогийн чимээгүй энэ ариун газар бурханы хөл доор биш бурханы мэлмий дээр ээжийгээ би залсан. Салхины үнэр нь үл дарагдам саруул талын цээжин биеэс цагаан сүнсний бие нь намайг чиглэхүйд би баярлана. Энэ бол мэдээж ээж минь л наддаа ирж буй хэрэг.Хатуу оёдолд мойнийсон гараараа духы минь илбэж халуун амьсгааны үнэртэй үнсэх гэж ирэхдээ ханатын голомты минь цагаан аз жаргалаар дүүргэчихээд буцах байхаа ээж минь .Өмөлзөхийн түрүүнд сэтгэл нь хайлчихдаг үрийнхээ сэтгэлд нартай халуун бороо шиг цутгадаг ээж таныгаа санан санан нулмистай бодол нөмөрчихсөн зүрх сэтгэлийнхээ гүнээс бичиж суунаа үр нь . Сэтгэлээ чөлөөл гэж зүрхэн чанадаас намайг шавдуулах тэр цагаан эгшигт увьдас магадгүй ижий минь таны явуулсан эхийн нандин сэжим байх.Бодол урссаар ...л Бас сэтгэлээс задгайран гарах хайлан бодлын урсгал намайг дайрч бичгийн мөрт хөврөн давалгаалах нь нэн сэтгэл хөдөлгөм.
Би бурханы эрэлчин биш ээ .Би чанадаас нисэж ирсэн ээжийнхээ бодлыг харин үргээхгүйг хичээгч амь халуун үр сэтгэл буюу .Хорвоог эрхшээж ээжийгээ амилуулах сэтгэл нэгэн байвч өчүүхэнээ мэдрэх үрийн сэтгэл нэн балчир ажгуу.Хожмын цаг дээр ч таныгаа би тэргүүндээ залж тэвэртээ багтааж явнаа хүү нь ээжээ.Би бурханы зарц биш ээжийнхээ хүү л байх хувь тавилантайгаа дэндүү сайн мэдэхийн дээдээр мэдэхийн хувьд гэрэлт нарны өдөр шиг гэгээн зүсээр тань сэтгэлийн цангаагаа тайлж үгүйлдэг ээ .Иймийн учир л би амь шүтлэгтэй .Ижий шүтлэгтэн хүн .Галвын газар гайхалтай олон бурхад байдаг гэнэм .Гараас нь хөтлөхөд цэл хүйтэн чулуу, төмөр шавар байдаг бол .Гагцхүү миний ээжийн гар л гал мэт халуун байдаг нь ганцхан амь шүтлэгтэй шүншигтэй бурхан нь ээж минь л буюу. Би шүтлэггүй ч шүтээнтэй хүн .Сүүгээр урссан зам мөрөөр нь аз жаргал хөвөрдөг ч сүүдрээс хол байсан болохоор наран цацрагт халуун дулаан хайр нь бөхдөггүй байсан байх гэж ижийгээ боддог.
Би ижий шүтлэгтэн
Магадгүй эхийн сэтгэл шиг ариун тунгалаг сэтгэл хорвоо дэлхийд үгүй байх
Магадгүй эхийн хайр шиг өгөөмөр халуун дулаан хайр үгүй байх
Ээж гэж ид шид, элбэрэл хайр нь дуусашгүй
Эгэл нэгэн эх хүмүүний тухай бичээсээ ийнхүү жаргаанам.
Би ижий шүтлэгтэн хүн
Н.Тайванжаргал
2019 он

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...