Thursday, January 03, 2019

ААВ ДУРСАМЖ /өгүүллэг/

Хүн бүхний үлгэр дууриалал бол аав байдаг .Магадгүй эрэгтэй хүүхдийн тухайд бол аав гэж хүн бол амьдралын мөн чанарыг сурах аливаа зүйлийн эхлэл байдаг билээ.Миний хувьд бол бусад хөдөөгийн хүүхдүүдийн л адил аавыгаа л харж үлгэр дууриалал ,үзэл бодлыг нь дууриаж өссөн юм.Хэдийгээр миний аав эрдэм боловсролтой эрх мэдэлтэй дарга  яваагүй ч гэсэн.Амьдралын ухаан гэж хэн хүн давж чаддаггүй их даваан дээр нэр нүүртэй явсан юм.

Би аавыгаа нүдэндээ нулмистай суухыг хараад их гайхаж билээ.
Эр хүн уйлдаг юм байх даа гэж.
Шалтгааныг нь мэдээгүй ч би тэгэхэд эр хүн ч гэсэн эмтэрдэг гэдгийг л мэдсэн юм.
Аав минь насаараа нэгдлийн адуу малласан тул би аавыгаа хад чулуу мэт санаж явсан үе бий 
Эрийг нас уулыг цас гэдэг шиг хүний ертөнцийн жамаар насанд дарагдаж өвчин зовлонд ороогдсон ч аав гэж хүний агуу орон зайг хэн ч дүүргэхгүй гэдгийг би тэр үед л  мэдсэн юм.
Би тэгэхэд наймдугаар ангиа төгсөөд хэсэг зуур мал дээр гарчихсан үе байлаа.Аавтайгаа хамт Бор хярын элсэнд отор хийж байсан юм .
Аав минь тэр өвөл гэнэт хэл яриа нь ээдрээд хөл гар нь өвдөөд сумын төв түргэн дуудаад явсан юм.
Хойно сонсох нь даралтаар тал харвасан байсан юм билээ.
Би цуг байхдаа анзаараагүй байж л дээ .Хүүхэд насны хөнгөн гэнэн бодол өвчин зовлонгоос хол явах юм шиг л аавыгаа бодож явж тэгэхэд би.
Эрүүл саруул нар салхинд хүлгийн нуруун дээр давхиж явдаг хүн гэнэт ийм өвчин зовлон тусахаар  сэтгэл санаа нь тогтворгүй болдог юм билээ. Галтай нүднийх нь цог буурч бодлогширон суух аавыгаа би ээжийгээ өвдөж байхад мөрөөдөж байсан шигээ
аюулт өвчинөөс нь аварч байна гэж хичнээн их мөрөөддөг байлаа. Гэхдээ миний мөрөөдөл биелээгүй ээ.
Ирж буцах хорвоогийн жамаар хоёр жил орчим болоод л аав минь өнгөрсөн юм. Ид хүйтэн нэгдүгээр сард аавын бие муу байна гэж цахилгаан аваад мянга гаран км цас ухан 4-5 хоног явахдаа энгэртээ нулмис нэвчүүлж уйлж яваагүй ч сэтгэл дотроо өдөр шөнөгүй хайлж явсан билээ.
Биднийг ирээд хэдхэн хоноод өнгөрсөн дөө аав минь  .Үртэй хүн үрээ заавал хүлээдэг юм билээ.
Ээж минь намар нь хүний нутагт өнгөрөөд аавыгаа нутагруу явуулж байхдаа би хүнд төрж өссөн нутаг ус ямар хэрэгтэй юм гэдгийг ухаарсан даа .Насаараа ханилсан ханиа хүний нутагт алдчихаад хүний гарт нутаг буцаж байгаа аавыгаа би хараад хичнээн ихээр өрөвдөж сэтгэл зүрхэн дундуураа харууслаа ямар ихээр урсгалаа .
Цаг хугацаа хэдий хэдэн арваныг элээсэн ч аавын тухай бодол сэтгэлд тунарахад нүдэнд нулмис аягаа даван мэлмэрэх аж .Аавыгаа уйлдаггүй өвддөггүй гэж бодож явсан тэр үеэ санахад даанч харамсмаар.
Аав минь өдөр тутам үглэж тэгж хий ингэж хий гэж заадаггүй ч үйл хөдлөл зан авираас нь аав хүний агуу мөн чанарыг олж хардаг байлаа.
Би энэ хүний буянд өвдөж зовохгүй сэтгэл амгалан гэдэс цатгалан эрдэм номтой болон өссөн ч ганц ч удаа "Ааваа би таньдаа хайртай та минь намайг эрүүл саруул элэг бүтэн эрдэм номтой хүн болгон өсгөсөнд баярлалаа "гэж хэлээгүйдээ өнөөдөр ч би харамсдаг.
Аав минь арван хүүхэд өсгөхдөө хэнд нь ч чи архи тамхи хэрэглэж болохгүй гэж хэлээгүй .Өөрөө энэ бүгдээс хол байсан учир зургаан хүү нь аавыгаа л дууриаж энэ хорнуудаас хол өссөн.
Ээж минь олон аяганд хоол аягалаад аавд дээжий нь барьж байгаа энэ гэгээн зураглал хүүхэд насны минь зураглал ч үл мартагдах аж .Харин улам дурсамж сэдрээж аавтайгаа байсан тэр сайхан цаг үе сэтгэл хөглөж аавынхаа алдар нэрээр овоглож яваадаа бахархаж хэний ч өмнө аавынхаа нэрийг бардам хэлдэг дээ .
Цаг үе улам алсарч холддог ч сэтгэл хэмээх бодьгал асаж байгаа цагт тэр тусмаа монгол хүнд аав ээжээ дурсах хүндлэх сэтгэлгээ мөнхийн ундарга гэлтэй үл тасалдан үргэлжлэх аж.Гэгээн мөрөөр туучиж гэгээн ертөнцөд мөр бүтэн гэдэс цатгалан яваа нь аавы минь ач шүү дээ.Нэгдлийн адууг олон жил хариулахдаа аав минь эр хүний ноён нуруу хүний сайхан сэтгэл мөн чанарын үлгэр дууриалал байсан гэдгийг нутгийн түмэн минь одоо ч ярьдаг юм.Цаг хугацаа ч хэзээ элээхгүй бодолд үүрлэсэн аавыхаа дурсамжиндаа би хайртай.Аав минь та жинхэнэ эр хүн байсан .Соц нийгмийн үеийн солиорсон олон нэр төрийн олон шагналд та шимтээгүй ээ.Тэр шагналаас илүүтэй таны минь ард олондоо хүндлэгдсэн адиа гэх авгайлга чинь аваргын бүүр баатрын дайтай хүндлэл юм шүү.Арван хүүхдээ бүгдийг нь хүний дайтай хүн болгочихоод айлын дайтай айл болохыг та минь харсан ч болоосой.Аав минь наран шингэх өвлийн наран доогуур битүү хүүрэгтсэн морьтой сахал үс нь цантчихсан  бөөн уур манан савсуулсаар уяан дээр бууж байдаг хүүхэд насны минь дурсамж минь тодхон хэвээрээ.Миний хүү гэж хошуу дэвсэхгүй ч аавынхаа хайр энэрлийг би мэдэрдэг байсан.Холын бодлыг нь тань ойлгохгүй гэнэн хүү чинь ойрхон явж дээ.

Ааваа би таныхаа 
Гэгээн мөрийг үргэлжлүүлэх 
Гэрэл ирээдүй надад байгаа
Үйлсийн гэгээн мөр тань
Үргэлж надад харагддаг шүү 
Тэнгэрээ та намайг харж байгаарай 
Тэвчээр алдвал урам өгч байгаарай 
Ааваа

Багабанди овогт Намхайн Тайванжаргал
2017 08/25

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...