Тал хээрийн бут
бударгана ургасан уудам хөндий уруудан урсах ,голын эргээр
айлууд ярайтал буужээ.Ногоон өнгөөр давамгайлсан талын их бараан дунд нүд хүрэх
газар бүхэн мал бэлчиж ,цэцэг навч алаглан найгаж хорвоо дэлхийн
баян тансагийг гайхуулах мэт нэн сайхан харагдана.
Айлууд зусландаа
хэдийн буучихсан. Хонь ямаагаа саагаад зуны сааль сүүний ажил ид ундарч
хүүхдүүд бид ч таргандаа цадаад, цагаан идээгээр цалгисан сайхан үе байлаа.
Манай нутгаар хоёр
салаа болон урсдаг. Будангийн гол гэж хаа холын
хангайн нуруунаас эх аван урсаж ирдэг ширүүн урсгалтай энэ голын эргээр эгнэн
буусан айлуудын гадаах хүн малын дуу зуны
орой усны чимээтэй хамт тод цуурайтана .Салаа хоёр голын урд талыг
нь Өвөр Будан ар талыг нь Ар Будан гэнэ.Манайх хоёр голын дунд Зуун
хургатын аралд зусна.Зуун хурга хэмээх нэрний учир арал дээр жуун
хурга жуун хурга гэж шулагнан нисэх жижигхэн нүүдлийн шувуу их байдагтай
холбоотой ийнхүү нэршсэн аж.Манай доохно талд Юнрэн бааваа хэмээх дал гарч яваа
өвгөнийх хоёр хүүгийнхтэйгээ зусдаг байв.
Нохой гаслам
үдийн халуун ашгүй нэг холдож оройн зөөлөн сэвэлзсэн салхи хацар илбэх нэн
таатай.
Тэр орой
голын араар нэг хар машин нохойн хэвтэшний сондуул дундуур дондогнуулсаар
байгаад манай харалдаа голын ард ирээд зогсчихлоо
.Машинаас буусан цоохор цамцтай өндөр хүн гараа алдлан суниачихаад
гол даган алхаж байснаа голын урд ишиг хургаа хариулаад
явж байсан надаас
-Хөөе миний дүү
Юнрэн гэж айл хаана байна гэж хашхирч байна.
Би
ч уриалгахан нь аргагүй
-Тээр доод
талын гурван гэр гэж гараараа заалаа.Нөгөө ах
-Гол яаж хаагуур
гарч байна .Машин тэрэг гардаг юм уу гэв
-Гарнаа гарна Тээр
доор гарам байгаа гэж намайг хэлвэл
-Ахын дүү заагаад
өгөөч гэж байна.
Хэдэн хурга
ишигээ голын тохойруу шахчихаад ,өмдөө шуун гол гатлаад очлоо.Өндөр
биетэй хууз сахалтай нас тогтсон байрын хүн байлаа
-За дүү сайн уу
Хонь сайн хариулж байна уу гэж байна
-Сайн гээд би гол
захлан гүйж гарман дээр иртэл араас машин нь хүрээд ирэв.
Харин нөгөө ахын
хажуу талын хар тентэй хаалганыхоо цонхыг доошлуулж манай ээжийн үе
болов уу гэмээр эгч
-Гармаа шавартай
байж магад сайн үзээрэй гэснээ намайг нэвт шувт гүйлгэн
харсанаа
-За чи хэний
хүүхэд билээ гэж байна
-Сосор гэтэл нөгөө
эгч сүрхий танимхайрч
-Оюутын дүү Сосор
уу гэж байна тиймээ гэтэл
-Өө манай
ангижавын дүүгийн хүүхэд байна гээд инээмсэглэв.
Нөгөө ах намайг
даган явганаар гол гарч үзэхээр шийдэн жинсэн өмднийхээ шууг дээшлүүлэн битүү
халиурсан хар үстэй шилбээ гарган намайг даган голруу орохдоо
-Ий ий тий тий
ямар хүйтэн юм бэ ээ хэмээн ийм эр хүнээс гарамгүй дуу гаргахад нь би ихэд
гайхлаа.Цаад эрэг дээр нь гарчихаад буцаж ирэн машинаараа гарлаа.
Эрэг дээр гарахад нь би хурга ишигрүүгээ явахаар шийдэн шуусан өмдөө буулгаж
байтал
Нөгөө эгч
-Миний хүү нааш ир
гэж байна
Машинаасаа буугаад
арынхаа хаалгыг онгойлгон бор цүнхнээс баахан чихэр атган авч өгөв.
Би ч бөөн баяр гэхдээ нэг сонирхолтой нь шонхор хамартай нэг янзын шар царайтай
гадаад хүн машин дотор сууж байгаа нь харагдлаа.Намайг хараад байх юм.Жижигхэн
аппарат бололтой юм гарган миний зургийг чаг чаг хийн дуугарган баахан дарав.Би
хурга ишигрүүгээ явах замдаа чихэр жимснээс илүүтэй саяын харагдсан гадаад
хүнийг л бодож байлаа.
Маргааш орой нь
би Юнрэн баавайгийн хонинд хурга ишиг шүүхээр
дүүгээ дагуулан очив.Яаж шууд хоньруу очихов гэж бодоод Юнрэн баавайгийн гэрийн
гадна очоод уяан дээр нь буулаа.Үнэндээ бид хоёр хониор ороод явчих байсан ч
хүүхэд болсон юм хойно л чихэр горьдож бас нөгөө гадаад хүнийг харах гэж л айл
хэсэж яваа нь тэр шүү дээ. Гэрээс Юнрэн баавайн ач манай ангийн Чүлтэм
гарч ирэн нохой хорих зуураа
-Манай өвөөгийнд
гадаад хүн ирсэн.Нэрийг нь Жек гэдэг юм гэж мэдэмхийрэх аястай нь аргагүй хэлж
байна.Дүү бид хоёр гэж хурга ишиг шүүх нэртэй чихэр горьдсон хүмүүс л
Юнрэн баавайгийнд шууд яваад орлоо .
-За хүүхдүүд сайн
уу дээшээ сууцгаа гэв .Дүү бид хоёрын харц Юнрэн баавайн зүүн талын орон дээр
суух өндөр хамартай цэнхэр нүдтэй хүн дээр л төвлөрч байв. Юнрэн баавайн хөгшин
Нанжаа эмээ
-За манай Нямаа
Ганаа хоёр ямар тухай явна гэж байна.Би нэг их том хүн болох гэж хоолойгоо
шахан
-Танай хонинд мал
шүү.....х гээд дуугартал бүдүүн дуугарах гэсэн биш өгүүлбэрийн
төгсгөлдөө бүүр жонгиноод явчихав .Ичсэн гэж жигтэйхэн .Нөгөө өчигдөр манай Оюут
эгчтэй нэг анги гээд байсан эгч гаднаас орж ирээд намайг харсанаа
-Өө миний шинэ
танил хүрээд ирж .Танайхан сайн уу гэхэд
-Сайн гэж дуулдах
төдий хэлээд гарахын түүс болоод өндөс хийтэл нөгөө эгч
-Танай ээж
Гангаамаа ч уг нь дуучин удамтай хүн дээ.Та хоёр дуулдаг уу гэж байна .Гэтэл
хажуунаас Чүлтэм гэж нэг гай чинь харин
-Энэ Ганаа чинь
байрны дууны аварга ш дээ гэж хошуу нэмэрлэж
байна.Би дэмий л толгойгоо илэв .Тэр эгч хажуу талынхаа
гадаад ахад нэг юм гадаадаар хэллээ .Нөгөө гадаад хүн нь дээр үеийн
тааран уут шиг хар цүнхээ уудлан жижигхэн зургийн аппарат ч юмуу бүү мэд нэг
төхөөрөмж гаргаад ирсэнд
Нөгөө эгч
-За энэ ах чинь та
хоёрыг дуулуулж байгаад зургий чинь авна гээд бид хоёрлуу харахад нь
Ёстой нөгөө газрын
гаваар орчихмоор болов.Гэхдээ ямар дүүгээ дуул гэлтэй нь биш Юуны төлөө байрны
дууны аварга билээ гэж өөрийгөө зоригжуулав.Нөгөө эгч
-За та хоёрын хэн
нь дуулах гэж байна гэж байна
-Би дуулна гэвэл
-За дуул гэж байна
Бослоо .Ээжийнхээ
бага байхад минь зааж өгсөн .Манай нутгийн ардын дуу Өгөөмөр еэ хө гэдэг дууг
дуулахаар бэлдэж хоолойгоо засаж байгаад авч өглөө дөө.Жаахан өндөр өнгөөр
эхэлчихэж.
Өгөөмөр еэ хө
Зүсэр цагаан
борооны өнгө нь хө
Зүйлгүй цагаан
өгөөмөр еэ хө
Зүүдэн холоос санааширан
санах ээж нь хө
Зөвхөн наддаа
бурхан шиг өгөөмөр еэ хө
Өсгөж төрүүлсэн ач
нь
Өндөр уулаас ч
илүү өгөөмөр еэ хө
Өнөд жаргаах
сургаал нь хө
Үргэлж наддаа
өгөөмөр еэ хө
Нарны нандин өнгө
нь хө
Насаар минь
баясаах өгөөмөр еэ хөө
Намайгаа л гэх аав
минь хө
Нартын амьдралдаа
өгөөмөр еэ хөө
Сайхан буурал аав
минь
Санахын газраас ч
өгөөмөр еэ хө
Салхины үзүүр нь
бүлээхэн
Сайхан нутаг минь
өгөөмөр еэ хө
гэж
дуулчихаад суулаа .Нөгөө гадаад хүн ихэд баясан алгаа ташаад .Нөгөө
эгчид юм хэлээд байна аа.Тэр эгч надруу харж
-За Жек ах нь
чамайг сайхан дуулдаг хүү байна гэж байна.Энэ дууны чинь тухай асууж байна.Мөн
дүүгий чинь дуулахы чинь сонсмоор байна гэж байна гэв. Манай дүүг Нямаа гэдэг
юм.Энэ жил гуравдугаар ангид орно . Дүү бол бас авъяастай дуулна шүлэг уншина
.Би дүүрүүгээ хартал
Дүү ч жаахан
улайчихаж гэхдээ л Салхит хээр гэдэг дууг цангинуулж өглөө дөө.Ер нь
надаас илүү дуулчих шиг
Товор товор
алхаатай салхит хээр нь
Тогтож ядан
тэмүүлэх нь омголон юмаа хөө
Торгон дээлтэй чиний
минь
Торомгор нүдний
харц нь уяхан юмаа хөө
Салхит хээрээ
унаад гарсан байхад
Сарын газар нь юу
байхав дээ
Санахын эрхэндээ
дуулахгүй байж чадахгүй ч
Сайвар хээрээ
зориод очиход юу байхав дээ
Дэргэн дэргэн
хатирах салхит хээр нь
Дэндүү сайхан
хатираатай юмаа хө
Дэрэвгэр
сормуустай чи минь хө
Дэрээ нэвширтэл
мэгшээд юу хийнэ
Унаган хээрээ
унаад гарсан байхад
Уул хангайн өндөр
яамай юу даа хөө
Учирсан чинийхээ
байгаа газрын холд
Удахгүй яваад
очиход юухан байх вэ хө гээд дүү шингэн хоолойгоор цангинатал аваад хаячихлаа
даа.
Жек гэх тэр гадаад
ах их л сонирхон дүүг дуугаа дуулаад дууссан хойно. Нөгөө эгчид юм
хэлэв .
-Манай Жек дууны
утга санааг асууж байна .Би сайн тайлбарлаж өглөө.Мөн дүүг чинь чамаас илүү
сайн дуулдаг юм байна гэж байна хэмээн надруу харан хэлэхэд нь би
дотроо л энэ Нямааг хэрэггүй дагуулж ирж энэ муу Чүлтэм намар хичээл цуглахаар
намайг дүүгээсээ муу дуулдаг юм байна лээ гээд цуурч өгнө дөө гэж харамсан
бодов.
-За танилцъя эгчий
нь Надмид гэдэг Юнрэн баавайн охин нь байна гээд Жекийг зааж
-За энэ хүн бол
Жек гэдэг хүн .Австри улсын иргэн .Урлаг судлаач хүн байгаа юм.Та хоёрыг сая
сайн судалсан байхаа гээд инээв.Бид хоёр ч өвөр дүүрэн баахан чихэртэй баяртай нь
аргагүй Юнрэн баавайн уяан дээрээс мордлоо.
Энэ өдрөөс хойш
дүү бид хоёр зав л гарвал Юнрэн баавайгийнд очдог болов.Надмид
эгчийн ярих нь энэ Жек гэдэг хүн их олон газраар явсан гэнэ.Улс үндэстний
үндэсний урлаг болон амьдах хэв маягийг судалдаг хүн гэнэ.Манай монгол орон энэ
хүний 49 дэх орон гэнэ.
Бүүр манай Монгол
ардын язгуур урлагийн талаар томоохон ном гаргахаар ажиллаж байгаа .Та хоёр тэр
номон дээр гарна гээд бид хоёрлуу харсанаа
-Танай нагац нар
чинь манай нутгийн урдаа барьдаг дуучид даа.
Ээжтэй чинь
уулзахсан .Танай ээжийн чинь дуулахыг нэг сонсмоор байна гэв.Орой сааль сүүний
ажил дуусаад л дүү бид хоёр Юнрэн баавайгийнд очиж Надмид эгчээр сонин сайхан
юм яриулдаг байлаа .Дүү Надмид эгчээс
-Энэ Жек ахын тэр
Австри улс нь их хол уу гэж аминчлан асуулаа.Надмид эгч
-Хол байлгүй яахав
маш хол гэхэд
Дүү нүдээ
эргэлдүүлэн бодсоноо
-Улаанбаатараас
хол уу гэхэд Надмид эгч учиргүй инээж
-Хол байлгүй
яахав.Чи том болоод Австри улсад очин суралцаж, дуурийн сайн дуучин болоорой
гээд толгойг нь илэв.
Надмид эгчийн
нөхөр Гармаа гэх өндөр хүн их дуу муутай хүн. Өдөржин шахуу машиндаа л юм хийж
сууна.Хааяахан урт уурганы дэгээ аваад голын зах дээр очоод суучихна .Эсвэл нэг
зузаан ном тэврээд майхандаа ороод таг болчихно.Харин Надмид эгч Жек хоёр бол
Чүлтэм би манай дүү Нямаа зэрэг хэдэн хүүхэдтэй орой болохоор
сонин гоё юм ярина.Жекийг ярихаар Надмид эгч орчуулж өгнө.Жек
өөрийнхөө аялсан орныхоо зургийг үзүүлнэ.Африкийн Кени улсад
авхуулсан гээд баахан хар хүүхдүүдтэй авхуулсан зургийг Чүлтэм манай дүү хоёр их
сонирхлоо.Чүлтэм
-Энэ хүүхдүүд
нүүрээ угаадаггүй болоод ийм хар байдаг юм уу гэтэл
Манай Ням учиргүй
хөхөрч
-Энэ чинь байнга
сүүдэртэй байдаг газар тэгээд ийм хар байдаг юм гэхэд Надмид бүүр саваад
уначихав.
Тэгээд инээдээ
барьж ядан байж тайлбарлахдаа.
-Энэ африк хүмүүс
чинь нарны нөлөөгөөр ийм хар байдаг байхгүй гэж олон талаас нь Надмид
эгч бид гуравт сайн тайлбарлаж өглөө. Харин нөгөө гадаад хүн
Надмид эгч хоёр ээжийг минь дуулуулж бичлэг хийхээр болов.Ээж минь
миний л хувьд ойрд гаргаж ирэхий нь хараагүй гучийн хүрэн торгон
дээл эрээн пансан алчуур хоёроо авдраасаа гаргаж өмсөөд эвэр самаар үсээ самнаж
шүрэн шиштгээтэй мөнгөн үсний даруулгаараа үсээ дараад л бид дүү бид хоёрыг
дагуулан Юнрэн баавайгийнхруу явсан юм.Мөнхийн л ажилтай байдаг ээжийгээ ингээд
гоёод явахад би лав баяртай байв.
Юнрэн баавай
Нанжаа эмээ хоёр ээжийг минь дуу алдан тослоо.
Нанжаа эмээ
-Аргагүй аргагүй
бидний ажил ямар хүчрэгдэх биш .Уг нь манай хоёр шиг ойрхон айл алга .Даанч зав
болохгүй юм.Бие биенийхээ барааг хараад л зусчих шахах юм.
Ойрд хүүхдүүд
ирээд хөл хөдөлгөөн ихтэй л байна .Аан нөгөө гадаад хүүгийн чинь нэр хэн
билээ.Нэр нь орж ирдэггүй юм би зүгээр л холын хүн гэдэг юм .Их холоос ирсэн юм
гэсэн.
Дуулж хуурддаг
улсын зургийг их авах юм.Ийм л ажил хийдэг юм байх.Танай энэ хоёр хүү дуулж
байгаад л зургаа даруулаад байсан .Энэ Надмид л Гангаамааг дуулуулмаар
байна.Хүүхэд байхдаа их гоё дуулдаг байсан хэмээн амьсгаа авах завгүй
урсгалаа.Надмид эгч
-Ээжээ одоо болноо
.Энэ хүн ажлаа хийх гэж байна гэв.Жек нөгөө аппаратаа гаргаж ирэн бэлдлээ.
Надмид эгч
-Гангаамаа миний
дүү уртын дуу дуулах уу гэхэд
-Тиймээ гээд
ээж Талын хөх толгой хэмээх уртын дууг уянгалуулан дуулав
Уулсын бараанд нь
хөө
Унаган төрх нь
амилнаа ай хөө
Униартсан талын
бараанд нь ай хөө
Улам өндөрсөж
харагдана аа ай хө
Таанан толгой
нь налмал юмаа хөө ай хө
Талын жаврын үзүүр
хүрээ юу хөө ай хө
Тансар хилэн
газрын өнгөнөөс ай хө
Тасарч нийлэн
зэрэглээтэнэ ай хө
Харааны газрын үзүүр
нь ай хөө
Хаанаас ч харсан
сүрлэг еэ хөө
Хантай дархан
савдаг нь хөө
Хажуу бөөрөнд нь
үзэгдээ юу хөө
гээд л дуулахад нь
би ээжийгээ анх удаа ингэж сайхан дуулахыг сонссондоо итгэж ядан
байлаа.Хөөрхий муу ээж минь олон хүүхдэд дарагдаад ямар найр наадам гэж явах
биш .Яагаад дүү бид хоёрт ээж уртын дүү зааж өгдөггүй юм бол гэж гэнэт
бодогдлоо.Ээж минь мэргэжлийн дуучин хүн биш ч гэсэн хүүхдүүдийнхээ хоолойг
гамнаж байсан нь тэр юм билээ.Ээжид ч гэсэн Жекийн нэрийг хэлэхэд төвөгтэй
бололтой .Нанжаа эмээ шиг
-Нөгөө баавайгийнд
ирсэн холын хүн чинь хэн билээ гэж надаас асууна.Би
-Жек гэдэг юм
гэхэд
-Энэ хол ингээд
явж байдаг гүү мөн сонин хүнээ Хоол унд хэл ус нь таарахгүй л баймаар юм
гэж.Орсон гарсан хүнд ээж ихэд сонин болгож ярина.Нэг л мэдэхэд Жек Надмид эгч
Гармаа ах гурав явах болсон дуулдав.Явахын нь урд орой дүү бид хоёр давхиад
очлоо.Жек бид хоёрыг хараад инээд алдан
-Гийнаа Няамаа
хэмээн инээмсэглээд гэрийн гадаа бид хоёрыг тосов.Надмид эгч
-За та хоёр сайн
сураарай.Сайн дуучин болоорой .Австрийн Вена хотын дуурийн сургуульд заавал
суралцаарай гэж инээмсэглэн хэлээд бид хоёрыг үнсэв.Бид хоёр шөнө дөл болтол
Юнрэн баавайгийнд байж байгаад ирэв.Хүүхэд болсон юм хойно нам унтчихаж.Өглөө
сэрээд гэрээсээ гараад иртэл Юнрэн баавайн гадаа Гармаа ахын машин алга аль
хэдийн явчихаж.Жаахан сэтгэл дундуур үлдлээ.Тэр зун Гармаа ах Надмид
эгч Жек гурвыг явсанаас хойш нэг л эл хуль оргиод нэг л гунигтай
байсансан.Нээрээ намар хичээл эхэлсэн хойно намайг манай ангийнхан
-Чи дүүгээсээ муу дуулдаг
гэсэн үү асуугаад амар заяа үзүүлдэггүй .Уг нь урлагийн үзлэгт нэг номерт л
явдаг байсан би дуу дуулдаг өрсөлдөгч олонтой болчихов.Ер нь манай нутгийнхан их дуучин тэр дундаа манай
нагац нар их дуучин хүмүүс л дээ. Би дуучин болно гэж мөрөөдөж малын
бэлчээрт байнга дуулж байдаг хүн чинь тэр зунаас
хойш урлаг судлаач болно гэж мөрөөдөх болсон юм даа.Миний энэ мөрөөдлийг
өөрчилсөн хүмүүм бол мэдээж Жек Надмид эгч хоёр билээ.Дүү минь харин
дуучин болно гэсэн мөрөөдөлдөө үнэнчээр үлдсэн юм..Надмид эгч явахдаа та хоёрын
болон ээжийн чинь зураг хэвлэгдсэн номыг зураг бичлэгийн чинь хамт удахгүй өгч
явуулнаа гэсэн болохоор дүү бид хоёр байнгын л харуулдана.Машин тэрэг ирэхээр л
горьдоно. Багахан хугацаа буюу хориод хоноод явсан ч гэсэн Жек Надмид эгч хоёр
надад хорин жил хамт байсан юм шиг дасчихсан үгүйлэгдэж байсан юм.
Багабанди овогт
Намхайн Тайванжаргал
2017.11.15