Гэгээн сайхан бүхэн ээжтэй л холбоотой байдаг шиг л гэнэтийн баяр баясгалан хорвоогийн хиртээгүй гэмтээгүй элэг бүтэн сайхан бүхэн мөн л ээжийн хайр энэрлийн үр үндсэн дээр л үргэлжилж байдаг
Аливаа юм бүхэн үртэй үндэстэй байж цэцэглэдэг шиг үрсийнхээ аж жаргалтай инээдэнд ээж та минь л жаргалтай байж чадсан болов уу.Жамт орчлонгийн амьдралаас дэндүү эрт буцчихсан хайртай ээжийгээ санан дурсахын эрхэнд үзэг цаас нийлүүлж суухын учир нь энэ буюу .Нугалаат амьдралын нугачаан дундуур дундуур нуруун дээрээс нь буулгүй энгэрт нь эрхэлж өсөхдөө хатуу хөтүү цагийн жаварт хайранд нь дэндүү дулаан өссөнөө эргэн эргэн харж өмөрлөө.Борооны өмнөх тэнгэр шиг бүүдгэр тэнгэрийн доорхи жаварт хөндий дундуур бодлоо бэлчээхэд тэртээ холоос биш дэргэдээсээ таныхаа гэгээн дүрийг гаргаж ирээд харах шиг сэтгэлийн хөдлөл гэж хаа байхав.Мөчидхөн цагийн хэмнэл мөн төрхөө харуулсан тэр айдаст он цагаас хойш арван долоон жил болжээ.Магадгүй он цаг холдох тусам таныгаа улам санаж хүүхэд байх үеийн жаргалтай он цагруугаа сэтгэл зүрх минь хэдийн оччихсон байх юм.
Амин холбоо тасарсан ч амьсгалаа цэглэтэл минь надтайгаа хамт орших байхаа ээж минь.Миний хүү гэж зөөлөн дуудаад сэрээх ээжийнхээ дууг сонсон сонсон нойроо харамлан цай чанасан халуун галын илчинд нь унтахсан.Хэрвээ он цаг надад эргэж ирдэг бол гэж өдий насны хүнд баймгүй гэнэн бодлоор өөрийгөө чилээж явахдаа ээжийнхээ төлөө сайн сайхныг хийх хүсэл төрдөгийг хэлвэл нэн хожимдсон гэж адлагдсан ч гүйцээх хүслэнг минь үл хорьж дийлэхгүй.Жарны туулж ирсэн ээжийнхээ туулсан амьдралаас өчүүхэнг ч атугай мэдээгүй мэдэхийг ч хүсээгүй миний гэнэн ахархан бодол минь .Хожимдож ирсэн энэ цагаасаа эргэн санаж өөрийгөө зэмлэхээс цаашгүй.Хүмүүс ярих миний ээж сайхан хүн байсан .Дарга байсан, баатар байсан, аварга байсан гэж ярих .Гол нь хэн байсан нь хамаагүй ээ.Дарга байсан, цэрэг байсан нь үл хамаарах .Гагцхүү ээж гэж энэ эрхэм хүмүүний хорвоод хүн бүтээсэн гавъяаных нь хажууд тэр баатар ,аварга, дарга нь бол юу ч биш.Миний ээж монголын олон сайхан ээжүүдийн адил эгэл жирийн малчин хүн байсан.Үгийн сайхнаар тогтуухан дуугардаг тэр сайхан эгэлгүй ижилгүй үгийг нь ухаан суусан хойноо сонсоогүй нь харамсалтай ч тэртээд одсон гэгээн алсын замаас нь таныхаа хэлж байсан үгийг нь өмөртөл санан өвчүү цээжнийхээ чанадад санан санадаг.Цаг хугацаа сэтгэлийн шархыг эдгээдэг гэдэг ч харин миний ээжийгээ алдсан ээжийгээ санан санан сэдрээсэн шархыг эдгээсэнгүй он цаг улирах тусам улам сэдэрсэн байх юм.Ямар сайхан үнэртэй гэж санана .Ижий минь үнэр .Нэхэл хатуу орчлонгийн дэнснээс нисээд явчихсан ээжийнхээ хойноос мянган сайхан үгээр магтаад босоод ирэхгүй гэж хэн нэгэн тавлаж болох ч амь бие минь амьд сажилж яваа цагт ээжийн минь тухай бодлыг надаас хэн ч булааж чадахгүй ээ.Эрлэгийн үүдэн очсон ч эгшин тасарч амь одох үед л энэ бодол надаас холдном гэж л бодном.Үүлэн тэнгэрээс нар мэлтийхийн цагт амар амгалангийн буйд нэг л сайхан байдаг шиг л үргэлж ээжийгээ бодохын цагт надад мөн тийм сайхан амар амгалангийн сайхан бодол төрдөг.
2018 он 04.18
Багабанди овогт Намхайн Тайванжаргал
No comments:
Post a Comment